Хүчний тэнцвэрт гарч буй шинэ эргэлт: “хүйтэн дайн” уу, яриа хэлэлцээ юу?
2018-05-15
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Холбооны хуралд хандаж гаргасан илгээлтийнхээ төгсгөлийн хэсгийг батлан хамгаалах асуудалд зориулж, стратегийн давшилтын шинэ зэвсгүүдийг танилцуулсан нь сүүлийн 20 гаруй жилд тогтсон хүчний тэнцвэрийг өөрчилж, ОХУ-ын олон улсын тавцан дахь байр суурийг өсгөсөн үйл явдал боллоо хэмээн Оросын болон бусад улсын аюулгүй байдал судлаачид, цэргийн шинжээчид үзэж байна. Эн тэргүүнд АНУын пуужингийн довтолгооноос хамгаалах системийг нэвтлэх хүчин чадалтай болсноор Балтийн орнууд, Польш, Румыны нутагт байрлуулсан болон БНСУ дахь THAAD, мөн Аляска муж дахь систем нь хамгаалалтын үүргээ гүйцэтгэх боломжгүй болж, Америкийн талд илүү хэлбийсэн стратегийн тэнцвэр Оросын талд ашигтайгаар өөрчлөгдөх нөхцөл бүрдэв. Ингэснээр 2002 онд Пуужингийн довтолгооноос хамгаалах тухай гэрээнээс дангаараа гарсан Ж.Бушийн засаг захиргааны шийдвэрийн утга алдагдаж, 2010 онд Прагад Д.Медведев, Б.Обама нарын байгуулсан Стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах тухай 3 дахь гэрээ (START III)-ний үйлчлэлийг өргөжүүлэх боломж буй боллоо гэж олонх ажиглагч үзэж байна.
Харин энэ мэдээнд Америкийн албаны хүмүүсийн эхний хариу үг, үйлдэл удаан, харилцан адилгүй, зөрчилтэй байгаа ба сүүлийн долоо хоногийн турш хийсэн мэдэгдлүүдээс харахад улс төржсөн өнгө аястай, хэт их чухалчлахгүй мэт харагдахаар тооцоолсон байгаа ч бодит байдлыг хүлээн зөвшөөрөх хандлага давамгайлж эхлэв. Үйл явдлын цаашдын өрнөлт АНУ -ыг Оросын стратегийн давшилтын зэвсгийн хүчин чадлыг тогтоон барих хамгаалалтын илүү боловсронгуй систем зохион бүтээх, өөрийн шинэ төрлийн давшилтын зэвсэг боловсруулах, үүнд шаардлагатай хөрөнгө оруулахад хүргэх ба энэ нь хоёр гүрний цэргийн технологийн өрсөлдөөнийг шинэ түвшинд гаргах магадлалтай. Гэхдээ энэ нь “зэвсэглэлээр хөөцөлдсөнөөр дэлхий дахин илүү тогтворгүй, аюултай орчинд шилжин орно” гэх өнгөц дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх шалтгаан биш юм. Зэвсэглэлийн шинэ үеийн өрсөлдөөн илүү хүн хүч, хөрөнгө оруулалт, судалгаа боловсруулалт шаардсанаар талууд илүү тэгш нөхцөлтэй яриа хэлэлцээнд шилжих, тохиролцоонд хүрэх, технологийн ололтыг иргэний эсхүл хоёрдмол зориулалттай үйлдвэрлэлд ашиглах, улам бүс мухардалд орсоор буй нэг туйлт ертөнцийг халах явц түргэсч, дэлхий даяарын стратегийн тогтвортой байдалд ч эерэг нөлөө үзүүлэх боломжтойг түүх харуулж байна.
Ямар мэдээлэл өмнө нь ил гарсан бэ?
2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Холбооны хуралд хандаж гаргасан илгээлтдээ стратегийн давшилтын зэвсэглэлд шинээр орж ирж буй цөмийн хөдөлгүүрт, газрын байрлалтай тив алгасагч баллистик пуужингийн “Авангард”, “Сармат” цогцолбор, дуунаас хэт хурдан авиацийн пуужингийн Х47М2 “Кинжал” цогцолбор, цөмийн цэнэгт жолоочгүй шумбагч зэрэг шинэ зэвсгийг танилцуулав. Эдгээрийн бодит хүчин чадал (хэт хурд, материалын физик шинж, траекторийн баллистик бус хөдөлгөөн) нь стратегийн хүчний тэнцвэрт шинэ эргэлт гаргаж байгаа боловч цөмийн тогтоон барих хүчийг халах цоо шинэ ай төрлийн зэвсэг биш юм. ОХУ 2018 -2027 он хүртэл зэвсэглэл, техникээ шинэчлэн сайжруулах улсын хөтөлбөрийг энэ оны эхээр баталсан талаар тус хүрээлэнгийн 5 дугаартай мэдээлэлд өгүүлсэн. Хөтөлбөрт ойрын арван жилд стратегийн тогтоон барих хүчнийг зузаатгах талаар хийхээр төлөвлөсөн алхмууд, Оросын зэвсэгт хүчний төрлийн цэрэг тус бүрт хийх зэвсэг, техникийн шинэчлэлийг тусгасан ба дээр дурдсан бодит хүчин чадлын талаарх өгөгдөл, тоон мэдээллийг ил гаргаагүй боловч зориулалтын талаарх баримт мэдээллийг агуулсан байв. Тухайлбал, “Авангард” газрын байрлалтай пуужингийн хөдөлгөөнт цогцолбор нь хэрэг дээрээ боловсруулалтын шатандаа РС-26 “Рубеж” нэртэй байсан тухай оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. “Рубеж” нь пуужингийн довтолгооноос хамгаалах системийг нэвтлэх зориулалт бүхий байлдааны удирдлагат блок шинээр байрлуулсан давуу тал болон цохилтын зайг 12 мянган км хүртэл гэж ЗУХ-т тусгасан байсан. Харин цохилтын зай, хурд (20 Махын тоо), хөндлөн ба гулд манёврын чадвар зэргийг чандлан нууцалж байсан бололтой.
Зарим мэдээллийг өнгөрсөн жилүүдэд Холбооны аюулгүй байдлын албаны хяналт дор гадаадын тусгай албадад зориуд “алдах” арга хэмжээ зохион байгуулж ирсэн тухай Оросын хэвлэлээр мэдээлсэн. Шинэ зэвсгийн туршилтыг ч багагүй задаргаатай гүйцэтгэж байна. 3 дугаар сарын 10-нд “Өмнөд” цэргийн тойргийн нутаг дэвсгэрт байрлах полигоноос хөөргөсөн Миг31 дуунаас хурдан сөнөөгч онгоцноос “Кинжал” пуужинг харван амжилттай туршсанаа хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дүрсжүүлэн харуулав. Харин “Авангард”-ыг 2017 оны 11 дүгээр сард Хойд мөсөн далайн Новая земля бүлэг арал дахь полигоноос туршсан бололтой байна. Үүнийг Норвегийн (НАТО-ийн гишүүн) тагнуулын хөлөг онгоц ажиглаж, тогтоосон гэх мэдээлэл бий. 3 дугаар сарын 13-ны байдлаар Архангельск муж дахь Плесецк сансрын буудлаас тив алгасагч “Сармат” пуужинг турших бэлтгэл бүрэн хангагдаад байна. Энэ бүхнээс үүдэн АНУ, бусад улс Оросын зэвсгийн шинэчлэлийн талаарх мэдээллийг шууд үгүйсгэж чадахгүй, хоёрдмол утгатай, эсвэл шууд хүлээн зөвшөөрсөн байдалтай мэдэгдлүүд хийж байна.
Харин 3 дугаар сард БНХАУ, Япон улс батлан хамгаалах төсвөө нэмэгдүүлэх тухай мэдэгдээд байгаа нь ОХУын зэвсгийн шинэчлэлтэй шууд холбоотой гэж үзэх үндэсгүй, тэдгээр улсын өөрсдийн гадаад болон аюулгүй байдлын бодлогоос үүдэлтэй юм. Мөн НАТО “цэргийн Шенген” буюу гишүүн улсуудын цэргийн алба хаагчид, зэвсэг, техникийг саадгүй нэвтрүүлэх процедурыг хурдасгах талаар гаргаж байгаа шийдвэр нь ч гэнэт сая гарсан биш, 2017 оны эхээс яригдсан, эвслийн хүчний харилцан ажиллагаа, манёврын чадавхийг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ гэж ойлговол зохино.
Америкийн албаны хүмүүсийн хариу мэдэгдлүүд
В.Путины мэдэгдлээс хойш АНУ-ын улс төрчид, албаны хүмүүс харилцан адилгүй мэдэгдэл хийсээр байна. Үндсэндээ нэг хэсэг нь Орост стратегийн давуу байдал үүсээд байгааг хүлээн зөвшөөрч байгаа бол зарим нь илт үгүйсгэхгүй ч ач холбогдлыг нь бууруулсан байдлаар хандаж байна. Америкийн хариу үйлдэл харьцангуй удаан, зөрчилтэй байгаа нь стратегийн санаачилгыг хэсэг хугацаанд алдсан, “сул” байдалтай байгааг харуулж байна.
3 дугаар сарын 3-нд Сенатын дөрвөн гишүүн (Ардчилсан намаас сонгогдсон Д.Файнстин, Ж.Мэркли, Э.Марки болон АН-ын бүлэгт багтдаг бие даагч Б.Сандэрс) төрийн нарийн бичгийн дарга Р.Тиллерсонд (3 дугаар сарын 13-нд албан тушаалаас нь өөрчлөх шийдвэрийг Д.Трамп гаргаад буй) хандаж захидал бичив. Тэд “… В.Путины илгээлтийн дараа АНУ, Оросын хооронд стратегийн яриа хэлэлцээ хийх шаардлага улам нэмэгдэж байна. START III гэрээний үйлчлэлийг өргөжүүлэх нь Оросын шинээр зохион бүтээсэн зэвсгийн үйлдвэрлэлд хязгаар тогтоох, цаашид хорогдуулах цорын ганц боломж юм. Иймд START III -ын хамрах хүрээг нэмэгдүүлэх, дунд болон ойр тусгалт пуужинг хорогдуулах тухай гэрээг ОХУ зөрчиж буй үйлдлийг хэлэлцэж шийдвэрлэх, стратегийн бус зэвсэглэлийн ил тод байдлыг нэмэгдүүлэх нь үүссэн нөхцөл байдлыг намжаагаад зогсохгүй АНУ цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээг зөрчиж байна гэсэн шүүмжлэлийг ч саармагжуулахад тустай …” гэсэн асуудал сөхөж тавьсан байна.
Энэ мэдээг ОХУ-ын Холбооны зөвлөлийн гадаад бодлогын хорооны дарга К.Косачёв “… Америкийн хууль тогтоогчид Оросын эсрэг хэдэн сар, жил дайрч довтолсны эцэст сая найдвар төрүүлж эхэлж буй эрүүл хандлага …” гэж блогтоо бичсэн байна. Хэдий тийм боловч АНУ-ын Сенатын дөрвөн гишүүний эл үзэл бодол хэт цөөнх бөгөөд тус улсын эрх баригчдын, ялангуяа засаг захиргааны байр суурийг илэрхийлээгүй нь тодорхой.
Батлан хамгаалахын тагнуулын агентлагийн дарга дэслэгч генерал Р.Ашли Сенатын батлан хамгаалах хорооны хуралдаанд 3 дугаар сарын 5-нд буюу В.Путины илгээлтээс дөрвөн өдрийн дараа мэдээлэл хийв. Тэрээр “… ОХУ нь АНУ-ыг өөрийн үндэсний аюулгүй байдал, геополитикийн санаархалд заналхийлж буй гол аюул хэмээн үзэж буй бөгөөд Орост учирч болзошгүй бүх аюулыг зайлуулах, гадаад бодлогын зорилтуудаа биелүүлэхийн тулд орчин үеийн зэвсэгт хүчнийг хөгжүүлж байна. Кремлийн зорилго нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудыг хамарсан нөлөөний бүс байгуулах, НАТО-ийн дорно зүгт тэлэлтийг зогсоох, улмаар олон улсын аливаа асуудлыг Оросын оролцоогүйгээр, эсхүл Оросын ашиг сонирхлыг хөндсөн байдлаар шийдэхгүй байх баталгаа гэж томъёолж байна. … Кремль стратегийн цөмийн хүчээ зузаатгахад тэргүүлэх ач холбогдол өгч, Зөвлөлтийн үеийн зэвсэглэлийг үндсэндээ бүрэн шинэчилж, АНУ-тай цөмийн хүчний тэнцвэр барих бодлого барьж байна. … Дуунаас хэт хурдан технологи нь пуужингийн довтолгооноос хамгаалах системийг нэвтлэх боломжтой боллоо гэж Кремль мэдэгдээд байна. …
… Сансрын уудамд стратегийн давуу тал олж авах нь Москвагийн хувьд ирээдүйн болзошгүй зэвсэгт мөргөлдөөний үр дүнд шийдвэрлэх нөлөөтэй байж, америкийн сансрын объектуудыг эрсдэлд оруулах боломжтой гэсэн тооцоог тэд хийсэн байна. Үүний дагуу газар, агаар болон сансрын байрлалаас хиймэл дагуул устгах зэвсгийг ч боловсруулж байна. Энэ нь цөмийн тогтоон барих зорилт бүтэлгүйтвэл хэрэгжүүлэх төлөвлөгөө юм. … Орос Арктикийг үндэсний аюулгүй байдлаа хангах, эдийн засгийн өсөлтөө дэмжихэд амин чухал хэмээн үзэж цэргийн хүчээ зузаатгаж байна.
… Ойрын хугацаанд Орос улс бүс нутгийн аюулгүй байдлын зохицуулагчийн үүргийг өөртөө хүлээх, АНУ-ын альтернатив хүч болох оролдлогыг тасралтгүй хийх болно. “Хүйтэн дайн”-ы дараах олон улсын дэг журам АНУ-д хэт ашигтай тогтсоныг өөрчилж их гүрний статусаа баталгаажуулахыг тэд эрмэлзэх болно. Ингэснээрээ биднээр болон манай холбоотнуудаар өөрийн аюулгүй байдлын ашиг сонирхлыг хүлээн зөвшөөрүүлэх, тэр ашиг сонирхлыг нь ямар нэг сөрөг үр дагаваргүйгээр хөндөх боломжгүй гэдгийг ойлгуулахад Оросын бүх үйл хөдлөл чиглэх болно. Орос хэдийгээр шинэ “Хүйтэн дайн” эхлүүлэх сонирхолгүй хэмээн удаа дараа мэдэгдэж байгаа ч Өрнө дахинтай харьцахдаа буулт хийхгүй, тал засахгүй гэдгээ тодорхой мэдэгдээд байгаа юм” гэв.
Тагнуулын төв газрын дарга М.Помпео (3 дугаар сарын 13-ны өдөр Төрийн нарийн бичгийн даргаар томилох шийдвэрийг Д.Трамп гаргаад буй) 3 дугаар сарын 12-нд хэвлэлийн бага хурал хийлгэж “Оросын шинэ зэвсэгт барих тохиромжтой хариуг АНУ бодож олох болно” хэмээн мэдэгдэв. Тэрээр “… Оросын ерөнхийлөгч үндэслэлгүй олон зүйл ярьсан … Америкийн тагнуулын нийгэмлэгийн хувьд цочирдоод байхаар зүйл огт байхгүй … ТТГ,Пентагон хоёр холбогдох бүхий л мэдээллийг анхааралтай хянаж, америкийн ард түмнийг аюулгүй болгох талаар бүх талын хүчин чармайлт гаргаж байна” гэв.
“Оросын шинэ зэвсэг дэлхий дахины хүчний тэнцвэрийг сууриар нь өөрчилж чадах уу? гэсэн сэтгүүлчийн асуудалд” тэрээр “Аль нэг цаг үед хэн нэг нь нөгөөгөөсөө дандаа түрүүлсээр л ирсэн” гэж хариулсан нь энэ цаг үе дэх Оросын технологийн давамгайллыг хүлээн зөвшөөрсөн хэрэг боллоо. Тэрээр цааш нь “АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөл ганц Оросын гэлтгүй аливаа улсаас ирж болох бүхий л аюул заналд барих тохирсон хариуг боловсруулж байна” гэв.
АНУ-ын Үндэсний тагнуулын нийгэмлэгийн захирал Д.Көүтс 3 дугаар сарын 5-нд мөн Сенатын байнгын хорооны хуралдаанд мэдээлэл хийхдээ “… Орос баавгай ичээнээсээ гарч, АНУ болон манай холбоотнуудад кибер болон бусад хэлбэрээр ноцтой аюул учруулахуйц хэмжээнд хүрлээ … В.Путины ачаар бид сэрүүлэгний дуугаар нойрноосоо сэрлээ …” гээд “… Одоо НАТО үүргээ гүйцэтгэх цаг болсон.
Ялангуяа хүн хүч, хөрөнгийн хувьд НАТО-д хамгийн их хувь нэмэр оруулах чадалтай улс болох Герман энэ үүргээ хангалттай хэмжээнд гүйцэтгэж чадахгүй байгаад урам хугарч байгаагаа” илэрхийллээ.
НАТО-ийн хүчний командлагч генерал К.Скапаротти “… тэдний (Оросын) шинэчлэлийн хурдыг харгалзан үзвэл бид ч зэвсэгт хүчнийхээ шинэчлэлийг хөхиүлэн дэмжиж, одоогоор давамгайлж байгаа чиглэлээ алдахгүй тэргүүлэх байр сууриа хадгалж үлдэх хэрэгтэй. Ялангуяа Арктикт бид илт хоцорч байна. Эс тэгвээс 2025 он гэхэд биднийг бүх чиглэлээр гүйцэж түрүүлэх төлөвтэй болов” гэж 3 дугаар сарын 8-нд мэдэгдсэнийг Defense One цахим сэтгүүл мэдээлэв.
Батлан хамгаалахын сайд Ж.Маттис 3 дугаар сарын 10-нд Оман руу нисэх замдаа сэтгүүлчдийн асуултад хариулж “Оросын шинэ зэвсгүүд боловсруулалтын шатанд байгаа … бүрэн ашиглалтад оруулахын тулд дахин хэдэн жил шаардагдана …
иймээс дэлхий дахины хүчний тэнцвэрийг өөрчлөх нөхцөл бүрдээгүй … манай зүгээс хэрэгжүүлж байгаа тогтоон барих бодлогыг ямар нэгэн байдлаар өөрчлөхөд хүргэхүйц нөлөө огтхон ч үзүүлээгүй” гэж хэлсэн нь “улс төржсөн дүгнэлт” гэж үзэж болно.
Тэрээр “… Оросууд өөрсдийнхөө эхлүүлсэн зэвсэглэлээр хөөцөлдөх ажилд хэдэн жил, хэр их хөрөнгө зарцуулах вэ, хамаг мөнгөө энэ төлөвлөгөөндөө урсгаж хаяад ч миний тооцоолж байгаагаар стратегийн тэнцвэрийг өөрчилж чадахгүй л болов уу. Эцэстээ асар их өртгөөр бүтэх ч юуг ч өөрчлөхгүй. Шумбагч пуужингаар манай нэг боомт хотыг устгах чадалтай боллоо л гэж байна. Чадах л байх. Манай пуужингаас хамгаалах системийг нэвтэлж чадахаар боллоо гэж байна. Гэхдээ бид Оросын пуужингаас халхалж чадна гэж хэзээ ч хэлж байгаагүй шүү дээ. Бид оросуудаас хамгаалах гээгүй. Манай хамгаалалтын системүүд бүгд үл бүтэх улсаас ирж болзошгүй пуужингийн довтолгооноос хамгаалах зориулалттай. Шуудхан хэлье. Иран, Хойд Солонгос хоёроос. Тэр зүүн Европт байгаа системийг ерөөсөө Оросын эсрэг байрлуулаагүй, Оросын пуужингаас хамгаалах хүчин чадалтай байлгахаар ч зориогүй. Тэгэхээр оросууд үнэндээ өөрсдөд нь огт хамаагүй зүйлийг сөрж ямар ч хэрэггүй хэмжээгүй их хөрөнгө зарцуулна, эцэст нь стратегийн хүчний тэнцвэрт огтоос өөрчлөлт орохгүй …” гэсэн нь нэг талаас бодит баримтыг хүлээн зөвшөөрсөн, гэхдээ эдийн засгийн хориг арга хэмжээгээ чангатгасны үр дүнд Оросын зэвсгийн шинэчлэлд шаардагдах хөрөнгө оруулалтыг боомилж, цаг хугацаа хожиж болно гэсэн санаагаар америкийн иргэдийг “тайвшруулах” оролдлого гэж үзэж болно. Нөгөө талаас Америкийн пуужингийн довтолгооноос хамгаалах систем хэрэггүй болсон гэсэн Оросын тайлбарыг няцааж (энэ нь мөн л Америкийн иргэдэд хандсан тайлбар), үүнд зарцуулж ирсэн хөрөнгийг зөвтгөх, цаашид “цөмийн шүхэр”-ээсээ татгалзахгүй үргэлжлүүлэх, боловсронгуй болгох бодлогыг илэрхийлсэн хэрэг гэж үзэж болно.
Стратегийн тэнцвэр тогтоох дараагийн алхам юу байх вэ?
Оросын зэвсгийн шинэчлэлийн үр дүнд дэлхий даяарын аюулгүй байдал, стратегийн хүчний тэнцвэрийг тогтоогч гол хоёр тоглогчийн байр сууриа ОХУ, АНУ хоёр дахин баттай тогтоолоо. Энэ нь улс төр, эдийн засгийн нөлөөгөөр бус, цэвэр цэрэгстратегийн хүчин чадлаар хэмжигдэх үзүүлэлт бөгөөд нэгэнт ОХУ эдийн засгийн чадавхиар бие даасан туйл болж хараахан чадахгүй тул шууд “Хүйтэн дайн” сэргэнэ, хоёр туйлт ертөнц дахин тогтоно гэсэн дүгнэлт өрөөсгөл юм. Юутай ч, олон улсын аюулгүй байдлын дэг журамд нэг туйлт ертөнц ганхаж эхэлсэн нь тодорхой болов. Орос, Америкийн хооронд стратегийн тогтоон барих хүчнийг зузаатгах, технологи шинэчлэх өрсөлдөөн эрчээ авлаа. Үүнтэй зэрэгцэн Америк, Хятадын хоорондын глобал эдийн засаг, улс төрийн нөлөөний төлөө өрсөлдөөн ч өрнөнө.
АНУ-ын албаны хүмүүсийн мэдэгдлүүд хэдий ялгаатай, хоорондоо зөрчилтэй байгаа ч “Хүйтэн дайн”-ы дараа тогтсон АНУын талд ялимгүй ашигтай стратегийн тэнцвэр алдагдаж эхэлснийг хүлээн зөвшөөрсөн, ойрын хугацаанд Оросын талд давуу байдал үүсч байгаад зовнисон нийтлэг өнгө аяс зонхилж байна. Харин Америкийн талаас хийх алхмаа тодорхойлсон нэгдсэн зөвшилцөлд тус улсын элитүүд хүрч чадаагүй байна. Оросуудын хүсч байгаачлан яаравчлан
хэлэлцээний ширээний ард сууж, 2002 онд дангаараа гарсан Пуужингийн довтолгооноос хамгаалах тухай гэрээнд эргэж орох асуудал ойрын үед тавигдахгүй. Харин ч Оростой бизнесийн болон хувийн харилцаагаар холбоотой Р.Тиллерсоныг илүү хатуу чиг шугам баримтлагч “харцага” гэгддэг М.Помпеогоор сольсноор буулт хийх магадлал улам багасна.
2018 оны 2 дугаар сарын 5-нд START III гэрээний хэрэгжилтийн талаарх мэдээлэлд дурдсанаар ОХУ-ын зэвсэгт хүчинд 527 нэгж тив алгасагч баллистик пуужин, ойрын тусгалтай баллистик пуужин, хүнд бөмбөгдөгч онгоцонд байрлуулсан 1,444 нэгж цөмийн цэнэгт хошуу байгаа нь Оросын тал 2010 оны гэрээний заалтуудыг зөрчөөгүй болохыг харуулна. Мөн 2,000 хүртэлх нэгж стратегийн бус цөмийн зэвсэг байгаа нь ч уг гэрээний босго дотор байгаа. Шинээр боловсруулж туршсан “Авангард” (3 дугаар сарын 11-нд ОХУ-ын БХЯ сери үйлдвэрлэлийн захиалга өгсөн), “Сармат”, “Кинжал” болон одоогоор оноосон нэр өгөөгүй байгаа атомын шумбагчийг зэвсэглэлд авахдаа ч Прагийн гэрээнд заасан тооны хязгаарыг Оросын тал эвдэхгүй байхыг эрмэлзэнэ.
Иймд Америкийн тал START III гэрээг тодотгох, тухайлбал, үйлчлэх хүрээг өргөжүүлэн нэгжийн тооноос гадна цохилтын зай, хурдыг тогтоох талаар хэлэлцэх санал тавьж болзошгүй.
Түүнчлэн зүүн Европ дахь пуужингаас хамгаалах систем болон THAAD-аас татгалзахыг АНУ зөвшөөрөхгүй, үндсэн зорилго нь Иран, Хойд Солонгосын зүгээс учирч болзошгүй аюулаас хамгаалах гэдэг байр сууриндаа зогсож, энэ хөтөлбөрөө үр ашиггүй байсан ч үргэлжлүүлэх улс төрийн шийдвэр гаргах нь бараг тодорхой болов. Харин Оросын стратегийн давшилтын шинэ зэвсгээс хамгаалах цоо шинэ үеийн систем боловсруулах ажилд Америкийн цэрэг-аж үйлдвэрийн нэгдлүүд Пентагоны захиалгын дагуу яаравчлан орно (өмнө авсан тагнуулын мэдээлэлд үндэслэн ийм боловсруулалтыг хийж эхэлсэн байх ч магадлалтай). Газрын болон тэнгисийн байрлалтай пуужингаас хамгаалах систем нь Оросын давшилтын зэвсгийг амдан устгах хүчин чадал хүрэлцэхгүй тул сансрын байрлалтай систем боловсруулах, дуунаас хэт хурдан пуужингийн баллистик бус траекторийг тооцон асар богино хугацаанд буюу харвах үед нь устгах хүчин чадлыг буй болгохыг зорино. Энэ талаар 2 дугаар сарын 14-нд АНУын Тагнуулын хамтын нийгэмлэгийн “Дэлхий дахины аюул заналын таамаглал”-д мөн дурдсан ба генерал Р.Ашлигийн Сенатад хийсэн мэдээлэлд ч уг санаа цухалзсан байна.
Юутай ч ОХУ, АНУ-ын хооронд стратегийн зэвсэглэлийн шинэ үеийн өрсөлдөөний үр дүнг нэг бол дэлхий дахины байдал өнөөгийнхөөс илүү хурцдана, нөгөө бол шууд яриа хэлэлцээнд шилжинэ гэж яаравчлан дүгнэхээс илүүтэйгээр цэрэг-стратегийн тэнцвэрийг хадгалахын төлөө судалгаа, боловсруулалт, үйлдвэрлэл, улс төрийн бодлогын уралдааны үе эхэллээ гэж дүгнэх нь зүйтэй.
Ангилал: Долоо хоногийн тойм
Өмнөх нийтлэл
Сири: системийн нуралтын илрэлСүүлд нэмэгдсэн
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02