Монгол-Туркийн харилцаа: стратегийн түншлэлийн түвшинд хүргэх боломжтой юу?
2018-06-18
Хагас зууны ойг угтах нь
МОНГОЛ УЛС, Бүгд Найрамдах Турк Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2019 оны 6 дугаар сарын 24-нд болно. Хоёр улсын түншлэлийг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц болохуйц давуу тал, боломжуудыг дараах байдлаар тодорхойлж байна.
- Түүхэн харилцааны өв. Хоёр улс эртний Евразийн их соёл иргэншлийн өвийг залгамжлан тээж буй хоёр бүрэн эрхт улс (Зөвлөлт Холбоот Улс задрах хүртэл алтай язгуурын хэлээр ярьдаг хоёрхон тусгаар улс байсан) болохын хувьд хоёр улс, ард түмнүүдийн хэлхээ холбоог чухалчилж, түүх, соёлын нийтлэг биет болон биет бус өвийг хамгаалах, судлах, хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж ирсэн. Монгол, Турк улс түүхээс улбаатай ямар нэгэн үл ойлголцол, зөрчил зэрэг бэрхшээл учруулахуйц асуудал огт байдаггүй нь хоёр орны харилцааг улам гүнзгийрүүлэхэд түлхэц өгч байдаг.
- Стратегийн сэтгэлгээний онцлог. Түүхэн болон газар зүйн хүчин зүйлсээс шалтгаалан хоёр улсын стратегийн соёл, сэтгэлгээнд соёл иргэншлүүдийг зааглагч, геополитикийн томоохон тоглогчдын (их гүрнүүд, макро бүс нутгууд, эсхүл соёл иргэншлүүд зэрэг) хооронд холбогч гэх байдлаар өөрийгөө үзэх хандлага тогтсон байна. Стратегийн энэхүү сэтгэлгээ нь үндэсний онцлог, уламжлал, шинэчлэлийн үнэт зүйлсийг үндэсний нэгдмэл үзэл санаа болгон нягтруулж буй үйл явцын тусгал юм. Хоёр улсын хувьд энэхүү төстэй үзэл санаа нь бүс нутгийн хэрэг явдалд идэвхтэй оролцох гадаад бодлогын төлөв хандлагыг тодорхойлж байна. “Бүс нутаг” хэмээх нь Туркийн хувьд Евро-Атлантын бүс нутаг болон Еврази/Ойрхи Дорнод гэсэн хосолмол утгаар, Монголын хувьд Ази-Номхон далай болон Еврази/Төв Ази гэсэн хосолмол утгаар ойлгогддог аж. Олон улсын асуудлаар хоёр улс ерөнхийлөө адил буюу төстэй байр суурь баримталж ирсэн нь ч үүнтэй холбоотой.
- Улс төрийн ижилсэл. Хоёр улс ардчилал, улс төрийн олон ургалч үзлийг адилхан тууштай баримтлахын сацуу өөр өөрийн уламжлалт үнэт зүйл, үндэсний ашиг сонирхлыг дээдлэн, хамгаалахыг эрмэлздэг. Хүний эрх, эрхэм чанарыг нийтээрээ хүндэтгэн хүлээн зөвшөөрдөхийн сацуу нийгмийн байгуулал, ардчилсан тогтолцооны үндсийг ганхуулж болзошгүй хэт либерал үзлийн нэвтрэлтийг шууд хориглох биш гэхэд хүлээн авахгүй байх нийгмийн зөвшилцөл үүсэн бүрэлдсэн нь адил байна. Үүгээрээ хүний эрх, эрх чөлөөний үзэл санааг нийгмийн либерализм, төрийн эсрэг либертарианизмын үзэл сурталтай хольж хутгахгүй байх дархлааг буй болгож, эдгээрийг адилтган үзэх улам бүр өсөн нэмэгдэж буй хандлагаас эрс зөрж байгаагаараа онцлог юм. Ардчилал бол нэг загварт бүхнийг хамруулсан нэгэн хэвийн цутгамал биш, харин хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг уламжлалт үнэт зүйл, үндэсний язгуур ашиг сонирхолтой зөв хослуулах боломжтой.
- Харилцан нөхөх ялгаа. Газар зүйн алслагдмал байдлаас үүдэлтэй зам тээврийн бэрхшээлээс шалтгаалан Монгол, Туркийн хооронд худалдааны эргэлт бага, эдийн засгийн хамтын ажиллагаа, солилцоо удаан байсаар ирсэн.
Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2019 оны 6 дугаар сарын 24-нд болно.
Турк улсаас Монгол руу далайн тээвэр хийх боломжгүйн дээр төмөр зам, авто замаар бараа, бүтээгдэхүүн тээвэрлэхэд цаг хугацаа их зарцуулах, дэд бүтцийн дорой хөгжлөөс шалтгаалан эвдрэл, гэмтэл гарах, чанар муудах зэрэг олон төрлийн эрсдэлтэй байсаар байгаа. Гэвч газар зүйн алслалт, байгаль, цаг уурын ялгаа нь зарим боломжийг ч бий болгох үндэстэй. Тухайлбал, талууд харилцан бие биеэ нөхөж нийлүүлэх бараа, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах боломж бий. Монгол Улсын Ерөнхий сайдын санал болгосон хоёр улсын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах саначилга хэрэгжсэнээр эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд таатай нөхцөл бүрдэнэ.
- Танин мэдэхүйн өсөлт. Хоёр улсын иргэдийн харилцан сонирхол, мэдлэг улам нэмэгдсээр ирлээ. Туркийн иргэдийн сонирхлыг зөвхөн Монголын түүх төдийгүй (гол төлөв монгол нутаг дахь эртний төр улсуудын үе дэх Түрэгийн хаант улсын түүх, түүнчлэн Их Монгол Улсын үе) Монголын тухай бусад мэдээлэл ч татах болсон. Харилцан танин мэдэхүйн орчин үежсэн хэлбэрийг хөхиүлэн дэмжих нь түүхийн мэдлэгээс ч дутахгүй, бүр илүү ач холбогдолтой байх болно.
Стратегийн түншлэлийг зорих нь
Манай хоёр улс хоёр талын харилцаагаа стратегийн түншлэлийн шинэ шатанд гаргахаар зориход өмнө дурдсан ололтоос гадна байгаа давуу талаа цаашид хөгжүүлэн учирч болох бэрхшээлүүдийг даван туулах нөөц хангалттай байна.
-
Улс төрийн хүрээ
Монгол, Турк улсын хоёр талын харилцаа 1969 онд албан ёсоор эхэлж, 1990-ээд оноос эхлэн хөгжиж, 1996 онд Улаанбаатарт Туркийн ЭСЯ, 1997 онд Анкарад Монгол Улсын ЭСЯ-дыг тус тус нээснээр улам гүнзгийрсэн. Өнөөг хүртэл зуу гаруй хоёр талын гэрээ, хэлэлцээрийг байгуулаад байгаа нь харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлж байна. Монгол Улс Турктэй тогтоосон харилцаандаа хэр өндөр ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл нь тус улсыг АНУ, Япон, БНСУ, Энэтхэг, Европын Холбооны нэгэн адил “гуравдагч хөрш”-ийнхээ нэг хэмээн тооцдогоос харагдана. Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд “гуравдагч хөрш” хэмээх нэршлийн дор дараах гурван шалгуурт нийцсэн улсыг ойлгохоор тусгажээ. Эдгээр нь ардчилсан засаглалтай байх, өндөр хөгжилтэй байх гэсэн болзлууд юм. Энэхүү томъёоллоос харахад, шалгуурууд үнэхээр стратегийн шинжтэй бөгөөд Монгол-Туркийн харилцааны зэрэглэлийг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх зорилт логикийн хувьд зөв зүйтэй болох нь эндээс харагдана.
-
Эдийн засгийн хамтын ажиллагаа
Хоёр талын харилцааны хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг нь эдийн засаг, худалдааны харилцаа байдаг. Хэдий тийм боловч сүүлийн хорь гаруй жилд эдийн засгийн харилцаа аль аль талын хүсэн хүлээж байсан хэмжээнд хүрээгүй. Худалдааны эргэлтийн хувьд харагдахуйц тоон өсөлт гарсан ч (1992 онд нэг сая орчим ам.долларын эргэлтээс өнөөдрийн байдлаар 30 орчим сая ам.долларт хүрсэн бөгөөд 2013 онд энэ үзүүлэлт хамгийн өндөр түвшиндээ хүрч 40 сая ам.долларт хүрсэн байна). Гэсэн хэдий ч хоёр орны хооронд хйигдсэн худалдааны дийлэнхийг нь Монголд нийлүүлсэн Туркийн экспорт эзэлж байгаа бөгөөд Туркийн талд Монголоос экспортоор нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний нэр, төрөл, тоо, хэмжээнд ямар нэгэн өсөлт гарсангүй. Цаашид худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд дараах гурван чиглэлээр хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлбэл зохистой байж болох юм. Нэгд, хөдөө аж ахуй, газар тариалан ба тэдгээрийн түүхий эдийг ашигладаг хөнгөн үйлдвэрийн салбар. Хоёрт, барилга, хот байгуулалт, зам, тээврийн салбар. Гуравт, олборлох үйлдвэрлэлийн салбар байж болно.
-
Аюулгүй байдлын салбар
Монгол, Турк хоёр улс дэлхий дахины аюулгүй байдлын гол асуудлуудаар нийтлэг санаа зовнилтой байдаг. Хоёр улс аюулгүй байдлын салбарт, түүний дотор цэрэг, хууль сахиулах, төрийн удирдлагын салбарт бүрэн харилцан ойлголцсон, идэвхтэй хамтын ажиллагаа, солилцоог хөгжүүлсээр ирлээ. Мөн НАТО, ШХАБ, ЕАБХАБ гэсэн олон улсын гурван хүрээнд хоёр улсын стратегийн түвшний хамтын ажиллагаа өрнөх өргөн боломж бий. Монгол, Турк хоёул ЕАБХАБ-ын оролцогч улс (бүрэн эрхт гишүүн), Турк НАТО-ийн гишүүн бол Монгол Улс тус эвслийн “дэлхий даяарын түнш”-ийн статустай, түүнчлэн ШХАБ-д Монгол Улс ажиглагчаар оролцдог, одоо гишүүнээр элсэх тухай хэлэлцүүлэг өрнөж байгаа бол Турк тус байгууллагын “яриа хэлэлцээний түнш”-ийн статустай. Ялангуяа манай хоёр улсын стратегийн анхаарал, хамтын ажиллагааны сонирхлыг төрүүлж буй байгууллага нь ШХАБ бөгөөд улс төр, аюулгүй байдлын асуудлаар байр сууриа уялдуулах нийтлэг сонирхол байж болно. Турк улс нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болох ОХУ (Хятадын нэгэн адил)-тай тэнцвэртэй харилцаа хөгжүүлж байгаа. НАТО-ийн гишүүн, оршин буй бүс нутагтаа АНУ-ын хамгийн чухал холбоотон болох Турк улс үүгээрээ рационал, бодит гаргалгаатай, прагматик, олон тулгуурт гадаад бодлого явуулж байна. Тиймээс олон улсын улс төр, аюулгүй байдлын голлох асуудлуудаар хоёр улс санал солилцож, байр сууриа харилцан танин мэдэж, уялдуулж байх нь стратегийн түншлэлийн харилцааны нэгэн шалгуур үзүүлэлт болно.
-
Боловсрол, соёлын солилцоо
Монгол, Турк хоёр бол 1923 болон 1924 онд Ази тивд бүгд найрамдах засгийг тунхагласан хоёрдахь болон гуравдахь улс юм. Эдгээр үйл явдлууд нь манай хоёр улсыг олон улсын тавцанд бүрэн эрхт улс болгоод зогсохгүй бүх нийтийн сонгуулийн эрх, иргэний эрх, иргэний боловсрол, орчин үеийн анагаах ухаан зэрэг олон дэвшлийг араасаа дагуулсан түүхэн эргэлт байлаа. Удахгүй зуун жилийн ой тохиох үндэсний хувьсгалууд хоёр улсад төстэй үр дүн авчирсан бөгөөд зөвхөн үндэсний тусгаар тогтнол, бүгд найрамдах засаг төдийгүй хоёр орны нийгэм, соёл, боловсрол, эрүүлийг хамгаалах болон нийгмийн амьдралын бүхий л салбарыг бүхэлд нь шинэчилсэн эрин үеийн томоохон өөрчлөлтийг авчирсан юм. Тйимээс манай түүхчид, ялангуяа шинэ үеийн түүх судлаачид манай хоёр орны нийгмийн хөгжлийн энэ түүхэн эргэлтийн үед өрнөсөн өөрчлөлт, шинэчлэлт, тухайлбал, эмэгтэйчүүдийн эрхэд гарсан дэвшил, бүх нийтээрээ бичиг үсэгт тайлагдахын төлөөх хүчин чармайлт, үүний хүрээнд хийгдсэн бичиг үсгийн шинэчлэл, орчин үеийн иргэний боловсролыг нэвтрүүлсэн байдал зэрэгт харьцуулсан судалгааг хамтран хийвэл үр өгөөжтэй байх болно. Орчин цагийн Туркийн талаарх мэдлэг, мэдээллийг монголчуудад, эдүгээгийн Монголын талаарх мэдлэг, мэдээллийг турк иргэдийн дунд түгээн таниулах явдал нь стратегийн түвшний харилцааны нэн чухал бүрэлдэхүүн байх юм.
-
Иргэд хоорондын хэлхээ холбоо
Хоёр улс аялал жуулчлалын боломжоо өргөтгөх бололцоо бий. Туркийн хүн амын 4-5 сая нь идэвхтэй аялал хийдэг, Турк улс өөрөө жилдээ хүн амынхаа талтай тэнцэх тооны жуулчин хүлээж авдаг гэсэн судалгаанаас харахад тус улс дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн аялал жуулчлалын гүрэн мөн гэдэг нь тод харагдана. Харин Монголын тухайд, манай орны талаарх сонирхол нэмэгдэж байгаа хэдий ч, аяллын замын алслалт, агаарын тээврийн тийзний үнэ, хуурай газраар хүрч очиход хүндрэлтэй, эрс тэс уур амьсгалаас шалтгаалсан тухтай аялах хугацаа богино, дэд бүтцийн хөгжил дорой, олон улсын нислэгийн тоо цөөн зэрэг хүчин зүйлс аялал жуулчлалын салбарын хөгжлийг чөдөрлөж байгаа нь үнэн. Хэдий тийм боловч Монгол нь харьцангуй аюулгүй, соёлын өвөрмөц, дахин давтагдашгүй шинжтэй, зорилтод чиглэсэн, сонирхолд чиглэсэн аялал жуулчлалын бизнес хүрээгээ тэлж байгаа зэрэг давуу талыг ч санал болгож бас чадах нь энэ салбарын хөгжилд хөтлөх эерэг хүчин зүйлс болно. Турк зочдын хувьд Монгол нь өвөг дээдсийн өлгий нутаг, Түрэгийн соёл иргэншил үндсээ тавьсан орон гэсэн онцгой таталцалтай. Үүнд садаа болж буй гол бэрхшээл бол хоёр улсын хооронд үйлдэж буй шууд нислэгийн давтамж, батгаамжийн хүрэлцээ юм. Монгол Улсын Засгийн газар агаарын тээврийн салбарыг либералчлах зорилт тавьж байгаа бөгөөд шууд нислэгийн тоог нэмэгдүүлж, өдөр тутам болгож чадвал хоёр улсын хооронд жуулчдын тоог эрс өсгөх бололцоотой. Туркийн давуу тал, Монголын сонирхол хоёр давхцах өөр нэгэн чиглэл нь эрүүл мэндийн салбар байж болохоор байна. Туркийн анагаах ухааны хөгжил дэлхийн түвшинд хүрсэн бөгөөд эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг өндөр зэрэглэлд ойртуулахад ахиц гаргаж, зөвхөн 2018 онд гадаад улсаас нэг сая “эмнэлгийн жуулчин” хүлээн авахаар тооцоо гаргасан байна. Иймээс шууд нислэгийн давтамж нэмэгдэж тийзний үнэ тодорхой хэмжээгээр хямдарвал монгол иргэд сайн чанарын эмнэлгийн тусламж, үйлчилгээг Турк улсаас авах боломж бүрдээд зогсохгүй эрүүл мэндийн салбар хооронд харилцаа холбоо тогтож, туршлага солилцох боломж илүү өргөн болно.
Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс улс төр, аюулгүй байдлын түншлэлээ гүнзгийрүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах замаар болон бусад арга хэмжээний үр дүнд хоёр талын худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх, боловсрол, соёл, хүмүүнлэгийн харилцаагаа идэвхжүүлэх, үүний тулд зохицуулалтын зарим арга хэмжээ авах зэрэг олон өргөн боломж байна. Энэ бүхний үндэс нь харилцан мэдлэгээ тэлэх, угсаа гарвал, эх түүхийн суурин дээр тулгуурласан оюун санааны түншлэлээ орчин цагийн шаардлагад нийцүүлэн өргөтгөх явдал юм. Өнгөрсөн 20 гаруй жилд их хурдацтай биш ч тууштай урагшлан буй иж бүрэн түншлэл болж төлөвшсөн хоёр талын энэхүү харилцаа хагас зууны ойг угтан стратегийн түншлэлийн түвшинд хүрэх боломжтой юм.
Ангилал: Долоо хоногийн тойм
Сүүлд нэмэгдсэн
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02