ОХУ-д энэ оны тавдугаар сард өрнөсөн онцлог үйл явдал

2018-06-05

https://niss.gov.mn/wp-content/uploads/2018/06/1034947890.jpg

ОХУ-ын дотоод, гадаад нөхцөл байдал дэлхий дахины анхаарлыг татсан хэвээр байна. Аугаа эх орны дайны түүхэн ялалтын 73 жилийн ойг зохион байгуулав. В.Путины ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа болов. ОХУ-ын шинэ Засгийн газар байгуулагдав, ерөнхийлөгч В.Путин улс орныхоо нийгэм-эдийн засгийн салбарын тэргүүлэх чиглэл, зорилтыг хэрэгжүүлэх зарлигт гарын үсэг зурав, Оросын тэнгисийн цэргийн флотыг шинэчлэхээр болов, Санкт-Петербургийн эдийн засгийн чуулга уулзалт зохион байгуулж, Германы канцлер А.Меркель, Энэтхэгийн ерөнхий сайд Н.Моди, Францын ерөнхийлөгч Э.Макрон, Японы ерөнхий сайд Ш.Абэ нар ОХУ-д ажлын айлчлал хийв. Эдгээр үйл явдлын явц, өрнөл, ач холбогдлыг эргэн харцгаая.

5 дугаар сарын 7-нд В.Путин ерөнхийлөгчийн тангараг өргөж засаглалынхаа дөрөв дэх үе рүү орлоо. Тангараг өргөх ёслолын үеэр ерөнхийлөгч В.Путин улс орны хөгжлийн хэтийн төлөвийг танилцуулан, хийх ажлынхаа гол чиглэлүүдийг дэлгэн тавьж, нийгэм-эдийн засгийн бүх чиглэлд үсрэнгүй дэвшил гаргахыг уриалсан нь дэлхий нийтийн анхаарлыг татлаа. Тэдгээр чиглэл нь оросын шинэ Засгийн газрын нэн тэргүүнд хийх ажил болж байна. Өнгөрсөн сард ОХУ-ын дотоод, гадаадад болсон үйл явдлууд шинэ санаа, шинэ зорилт шинэчлэлийн уур амьсгалыг байлдан дагуулсан Герман, Энэтхэг, Франц, Болгар, Итали, Япон, Хятад болон оролцоогоо зарлахыг хүсээгүй зарим улс орнуудтай хамтран ажиллах боломжийг нээж өгсөн үйл явдлууд асар богино хугацаанд болж өнгөрлөө.

ОХУ-ын эдийн засгийн байдал, цаашдын төлөв

АНУ, ОХУ-ын хооронд бий болсон геополитикийн хурцадмал байдал болон сүүлийн үед нефтийн үнэ өссөн зэргийг үл харгалзан гадаадын хөрөнгө оруулагчид Оросын зах зээлээс хөрөнгө оруулалтаа татах явц өнгөрсөн сард ч үргэлжлэв. Жишээлбэл, гадаадын хөрөнгө оруулагчид хувьцааны сангаас 4 удаагийн үйлдлээр 366 сая ам.долларын хөрөнгөө татсан гэж Emerging Portfolio Fund Research судалгааны байгууллага мэдээлэв. Ийнхүү Оросын зах зээлээс гадаадын хөрөнгө оруулагчид гарах болсон шалтгаан нь хөгжингүй орнуудын активын эрэлт хэрэгцээ буурах, мөн Оросын эдийн засгийн өсөлт БРИКС-ийн орнуудтай харьцуулахад доогуур үзүүлэлттэй байгаа зэрэгтэй холбожээ. Энэтхэгийн хөрөнгө оруулагчид 153 сая ам.доллар, Бразилын сан 57 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Оросын зах зээлээс татжээ. (Харин энэ үеэр Хятадын фондод гадаадын хөрөнгө оруулагч нарын урсгал эрчимтэй урсаж байгаа нь ажиглагдаж улмаар 2 миллиард ам.долларын хөрөнгийг төвлөрүүлж амжсан байна.)

Лавлагаа: Америкийн Merrill Lynch банкнаас явуулсан социологийн судалгаагаар ирэх 12 сарын хугацаанд Оросын эдийн засгийн өсөлт нэмэгдэх төлөвтэй дүн гарчээ. Харин 2018 онд Оросын макро эдийн засгийн зарим үзүүлэлтийг үндэслэн дэлхийн эдийн засгийн өсөлт өнгөрсөн оны мөн үеэс шууд хэлбэлзэх магадлал бага гэсэн дүгнэлт гаргажээ.

Дээр хэлсэнчлэн сүүлийн үед Оросын зах зээлээс хөрөнгөө татаж байгаа нь ОХУ, АНУ-ын геополитикийн сөргөлдөөнтэй холбоотойгоос гадна цаашид америкийн гадаад эдийн засгийн бодлого тааварлах боломжгүй байгаа, оросын эсрэг шинээр авч болох хоригууд нь зах зээлд нөлөөлж магадгүй хэмээн гадаадын хөрөнгө оруулагчдыг болгоомжлолд хүргэх нэг шалтгаан болж байна.

Өнгөрсөн сард 2014 оноос хойш өнөөг хүртэлх хугацаанд нэг баррель газрын тосны үнэ 80 ам.доллароос давсан хэдий ч дээрх нөхцөл байдалд нөлөөлж чадаагүй байна. Газрын тосны үнэ өссөн явдал АНУ Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрээс гарах болсонтой мөн Ираны газрын тосны нийлүүлэлт буурч болзошгүйтэй холбоотой байжээ. Гэхдээ Тегеран газрын тосны нийлүүлэлтийн хэмжээг тогтвортой баривал үнийн хэлбэлзлийг тэнцвэржүүлнэ гэж ажиглагчид үзэж байна.

Лавлагаа: ОХУ-ын макро эдийн засгийн 2018 оны төлөв
Энэ асуудлаар Оросын эдийн засагчид нэгдсэн ойлголтод хүрээгүй гэж үздэг. Хуучин Засгийн газар болон харьяа байгууллагууд нь энэ оны төлөвийг өөдрөгөөр харж байсан. Оросын төрийн бус байгууллагууд энэ онд макро эдийн засгийн нөхцөл тогтворжино гэж үзэж байхад гадаадын ажиглагчид оросын эдийн засгийн нөхцөл байдалд болгоомжтой хандахын зэрэгцээ өнгөрсөн үеэс сайжрах магадлал өндөр боловч хөгжлийн хурд аажуу байх болно гэж харж байна. Үүнийгээ Оросын гадаад зах зээлийн тогтворгүй байдал, дотоодын инфляц, эдийн засгийн бүтцийн өнөөгийн байдалд тодорхой ахиц гарахгүй байгаатай холбон үзжээ.

Эдийн засгийн хөгжлийн яамны (хуучнаар) шинжээчдийн үзэж буйгаар 2017-2019 онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хурд буурна, макро эдийн засгийн бүх үзүүлэлтээс зөвхөн инфляцын түвшин найдлага төрүүлж байна. 2018 онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 0.9 хувьтай байхаар таамагласан хэдий ч өнөөдрийн байдлаар эдийн засгийн өсөлтийн түвшин 1.2 хувьд хүрээд байгаа юм.

Энэхүү үзүүлэлтийг Төв Банкны гаргасан үзүүлэлттэй харьцуулан авч үзье. Тус банкнаас эдийн засгийн өсөлт 2017, 2018 онд 1.7-2.3 хувьтай байх таамаг дэвшүүлсэн. Үүнд нөлөөлөх гол хүчин зүйл нь хэрэглээ, дотоодын эрэлтийн өсөлт ажээ. Харин инфляцын түвшинг энэ оны сүүлчээр 4 хувь хүртэл буурна гэж таамаглав.

Харин ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин саяхан “Манай улсын хямралын үе 2015 онд дууссан. Өнөөдөр тогтвортой үзүүлэлттэй байгаа, цаашид ч өсөх хандлага өндөр байна” гэж мэдэгдэв. Гэхдээ оросын зарим эдийн засагчид “ямар ч нөхцөлд эдийн засгийн өсөлт дэлхийн тэргүүлэгч орнуудын түвшинд хүрч чадахгүй” гэж хуучинсаг үзлээр хандаж байгаа юм.

Өнгөрсөн сарын 26-нд Санкт-Петербургийн эдийн засгийн чуулган өндөрлөсөн. Уг чуулган “эдийн засгийн итгэлцлийн” уриан дор болсон нь онцлог юм. Санкт-Петербургийн эдийн засгийн форумд 143 орны (Европ, Ази, Латин Америк, НҮБ, ОУВС зэрэг байгууллага) 17 мянган бизнес эрхлэгч оролцсон томоохон арга хэмжээ болж өнгөрлөө. Чуулганы үеэр 2.4 их наяд рубль(38 тэрбум ам.доллар)-ийн өртөгтэй 500 гаруй гэрээ хэлэлцээр байгуулагдав.

Өнгөрсөн оноос эхлэн америкийн бизнес эрхлэгчид оросын эсрэг авсан хориг арга хэмжээг үл харгалзан чуулганд оролцох болсон бөгөөд энэ удаад ч 550 гаруй бизнес эрхлэгч оролцлоо. Чуулганы ач холбогдлын талаар ОУВС-ийн ерөнхийлөгч Кристина Лагард Германы канцлер Ангела Меркелтэй байр сууриа тохиролцож Европын холбоонд ОХУ оролцож байх нь чухал хэмээн хэлэв. Санкт-Петербургийн чуулганд оролцсон хүмүүсийн ярианаас харахад бүгд л хэвийн тайван нөхцөлд амьдрах, хамтарч ажиллах, олон улсын харилцааг тайван уур амьсгалд хөгжүүлэхийг хүсч байгаа нь харагдсан бөгөөд оролцогчид ОХУ-тай болон өөр хоорондоо хамтран ажиллах сонирхол давамгайлж буйн илрэл болсон байна. Японы ерөнхий сайд Ш.Абэ “эдийн засгийн нэгдсэн орон зайд амьдарч хоорондоо ойртон нягтрах арга зам хайж байхыг” чухалчилжээ.

Европын Banka Intesa банкны захирлуудын зөвлөлийн дарга Антонио Фаллико “Эксперт” сэтгүүлд ярилцлага өгөхдөө: “Бид геополитикийн аюултай хүнд нөхцөлд орсон байна. АНУ-ын дунд хугацааны төлөвлөгөө бол Оросыг ганцаардуулах явдал юм. Харин урт хугацааны зорилт нь Орос, Хятадыг сөхрүүлэхэд чиглэгдэж байна. Дэлхий хөдөлгөөнд орсон байна. Өнөөгийн хүйтэн дайн хэзээ дуусахыг бид мэдэхгүй гэхдээ хөдөлгөөний урсгал бол эцсийн шатандаа тайван байдалд хүрч тэр үед бүгдийг удирддаг зааж сургадаг орон байхгүй байх юм” гэж хэлсэн нь ойлгомжтой билээ. Гадаадын бизнес эрхлэгчид эрсдэлийг үл харгалзан оросын төлөө сэтгэл зовниж байгаа нь чуулганы үеэр харагдсанаас гадна бодитой хамтран ажиллах хүсэлтэй илэрхийлж байсан нь илүү тод, нээлттэй нөхцөл байдал хэрэгтэй байгаагийн шинж тэмдэг юм.

Санкт-Петербургийн эдийн засгийн чуулганы үеэр Орос, Францын ерөнхийлөгчид, Японы ерөнхий сайд, Хятадын төрийн зөвлөлийн орлогч нарын уулзалт болсон нь дэлхий хүн ам бараг л бүгд л оролцсон илэрхийлэл боллоо гэж ажиглагчид дүгнэж байна. Мөн дээрх орны төр засгийн тэргүүн нар чуулганд албан ёсоор хүрэлцэн ирсэн нь В.Путины эрч хүч, итгүүлэх чадвартайг үнэлсэн үйл явдал боллоо гэж Bloomberg-ийн ерөнхий редактор Жон Миклетвейт онцолсон байна.

Чуулганы явцад хориг арга хэмжээ, улс төрийн асуудлаар оролцогчид бараг үг хэлээгүй бөгөөд бүгд л итгэлцлийн дор хамтран ажиллаж, эдийн засгийн ашиг олж, хөгжиж дэвшихийн төлөө байгаа нь харагдлаа. В.Путин үг хэлэхдээ: “Гадна талаас нүүрлэж байгаа хоригийг даван туулахын зэрэгцээ бид өөрсдөөрөө байх хэрэгтэй. Бидэнд Европ болон дэлхий бусад оронтой, мөн АНУ-тай ч адил сайн харьцаатай байх нь чухал. Дэлхийн үйл явц өөрчлөгдөж байгаа тул институцууд болон дүрмүүд ч өөрчлөгдөх болно, гэхдээ бидний тоглоомын дүрэм ил тод бөгөөд бүгд тэгш эрхтэйгээр оролцдог байх ёстой” гэж хэлсэн байна. В.Путины хэлсэн үгийг чуулганд оролцогчид бүгд хүлээн авч зөвшөөрч байгаа нь бизнест өгч буй дохио гэж хуралд оролцогчид үзэж байна.

Цаашид хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэн төрөлжүүлэх болон нефть, байгалийн хийн эдийн засгийг хөдөлгөх шаардлагатай. Эрүүл мэнд, боловсролын салбарт хөрөнгө оруулалтыг бэхжүүлэх, дэлхийн эдийн засгийг интеграцчлах, ОУВС-ийн тэргүүн К.Лагард хэллээ. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд чуулгантай давхцан шинээр бүрэлдэн бий болсон ОХУ-ын Засгийн газар ажлаа эхлүүлж байгаа ба хөрөнгө оруулагчдад тогтвортой нөхцөл байдлыг бүрдүүлж бий болгохоос гадна татварын нөхцөлийг сайжруулах төлөвлөгөөтэй ажээ. Хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхийн тулд өндөр мэргэжлийн хөрөнгө оруулагч нарт “хаалгаа нээлттэй байлгана” бүхэлдээ эдийн засагт түлхэц өгч орос иргэдийн амьжиргааг ахиулна гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн энэ оны 5 дугаар сарын эхээр гаргасан зарлигт дэвшүүлсэн зорилтуудтай уялдан зохицож байна гэж үзжээ. Санкт-Петербургийн ХХII эдийн засгийн чуулган хүмүүст итгэл авчрах, шинэ технологи нэвтрүүлэх, харилцан хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талбар болж чадлаа.

ОХУ-ын шинэ засгийн газрын тухайд

Өнгөрсөн 3 дугаар сард ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд 77 хувийн үнэмлэхүй санал авсан В.Путин 5 сарын 7-нд ерөнхийлөгчийн тангараг өргөж үүрэгт ажилдаа орсон үйл явдал боллоо. Ерөнхийлөгч В.Путин шинэ засгийн газрын тэргүүнээр Дмитрий Медведевийн нэрийг дэвшүүлэн Төрийн Думд оруулж батлуулсан.

Ийнхүү ерөнхий сайдаар Д.Медведев дахин сонгогдох тухай өнгөрсөн оноос яригдаж байсан билээ. Д.Медведевийг ерөнхий сайдаар дахин сонгосон явдалд Карнегийн төв доорх дүгнэлтийг хийжээ. В.Путин, Д.Медведев нарын харилцаа өмнө нь төдийлөн нааштай биш байсан, ерөнхийлөгч засгийн газрын үйл ажиллагаа болон танхимын гишүүдийг шүүмжилсэн байр суурьтай байсан юм. ОХУ-д Арбитрын дээд шүүхийг 2013 онд татан буулган Д.Медведевийн дотны хамтран зүтгэгч Антон Ивановыг уг албан тушаалаас огцруулсан явдал ерөнхий сайдын В.Путинд хандах хандлагыг эерэгээр өөрчлөхөд хүргэсэн. Мөн ерөнхийлөгч болон засгийн газрын хоорондын харилцааг зөөлрүүлсэн. Энэ үйл явдал тухайн үеийн геополитикийн нөхцөл байдалтай ч уялдсан байж болох юм. Д.Медведевийн хүчин зүтгэл, итгэл болон алдаа дутагдлаа үг дуугүй хүлээн зөвшөөрч байсан байдал нь Путины анхааралд өртсөн байж мэднэ.

Үүнээс гадна Д.Медведевийг ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн нь түүнд улс төрийн аюул багатай албан тушаал олж өгөх, өнөөдрийн тогтсон засаглалын бүтцийн дунд дахин шинэ улс төрийн төвүүд бий болох вий гэхээс эмээн, ерөнхийлөгчийн хувьд хүнд асуудал байсантай ч холбон үзэж болох юм.

Одоо В.Путины ерөнхийлөгчөөр ажиллах энэ 4 дэх үеийг албан бусаар 2 хэсэгт хуваан авч үзэж болох байна. Үүнд:
1. Ерөнхийлөгчийн энэ оны 5 сарын эхээр дэвшүүлсэн улс орны хөгжил болон нийгэм, эдийн засгийг үсрэнгүй хөгжүүлэх зорилтыг эхний шатанд хэрэгжүүлэхэд Д.Медведевийг ерөнхий сайдаар томилуулах шаардлага байсан. Д.Медведев өнөөгийн нийгмийн хүнд асуудлыг шийдвэрлэх улс төрийн хариуцлагыг үүрэх боллоо. (ялангуяа тэтгэвэрт гарах насны хугацааг нэмэгдүүлэх асуудал г.м)
2. 2024 онд засгийн эрхийг шилжүүлэх бэлтгэл ажлын үе.

Дээрх байдлаас харахад ерөнхий сайд Д.Медведевийн улс төрийн цаашдын хувь заяаг тааварлахад одоогоор хүнд юм. Өнөөгийн байдлаар В.Путинд Д.Медведевтэй урт хугацаанд улс төрийн хувьд хамтран “амьдрах”-аас өөр арга зам харагдахгүй байна.

ОХУ-ын Шинэ Засгийн газрын танхимын гишүүдийг 5 сарын 18-нд ерөнхийлөгчийн зарлигаар баталгаажуулан үүрэгт ажилд нь оруулсан. Шинэ танхимын гишүүд нь ерөнхийлөгчийн тус орны нийгэм, эдийн засгийн голлох салбарыг үсрэнгүй хөгжүүлэх зорилт, даалгаврыг биелүүлж чадах эсэхийг цаг хугацаа харуулна гэж зарим шинжээчид үзэж байна. Улмаар засгийн газрын хийх ажлын зорилт тодорхой болсон ба харин томилогдсон сайд нар нь хэрхэн биелүүлж чадахаас тэдний цаашдын хувь заяа шийдэгдэнэ гэж Үндэсний стратегийн зөвлөлийн И.Дискин үзэж байна. Харин “Эксперт” агентлагийн ерөнхий редактор эдийн засагч А.Табах “шинэ танхимд боловсон хүчний өөрчлөлт оруулсан нь үнэлэх түвшин биш юм. Улс орны үндсэн чиг шугам хэвээрээ үлдсэн. Гэхдээ түвшинг тодорхойлох хүчин зүйлс бол төсөв, мөнгө-зээлийн бодлоготой холбон үздэг. Засгийн газрын эдийн засаг-санхүүгийн бүлэгт огцом өөрчлөлт хийгээгүй нь сүүлийн жилүүдэд тэдний хийсэн ажлыг үнэлсэн явдалтай холбоотой байна. Шинэ Засгийн газрын гишүүдийг сонгохдоо тодорхой асуудал шийдвэрлүүлэх зарчмаар сонголт хийжээ. Иймд засгийн газрын гишүүд голдуу мэргэшсэн гүйцэтгэгч нараас бүрдсэн гэж үзэж болно. Энэ бол Д.Медведевийн засгийн газар бус харин В.Путины дэргэдэх Д.Медведевийн засгийн газар гэсэн нэр томьёо ч гарчээ.

Мөн шинэ танхимын бүтэц хуучинтайгаа адилхан ч харин илүү улс төржсөн гэж харагдаж байгаа юм. Д.Медведевийн өмнөх засгийн газрын танхимыг оросын орчин цагийн түүхэнд байгаагүй илүү техник талыг баримталсан боловсон хүчнээр бүрдсэн гэж үздэг юм. Д.Медведев энэ удаад бүрэлдэхүүнээ сонгохдоо өөрийн сонирхлоо баримтлаагүй аль болох нөлөө бүхий бүлэглэл, гол тоглогчдод “таалагдах боловсон хүчнийг сонгоход анхаарчээ”.

Дээрх байдал нь ОХУ-ын ерөнхийлөгч засгийн газрыг байгуулах, түүний шийдвэр гаргах механизмд хэрхэн нөлөөтэй байдгийн жишээ юм.

Шинэ засгийн газарт үндсэн тоглогчдын нөлөө бүхий бүлэглэл, корпорацуудын нөлөө болон улс төрийн томилгоо болсон нь харагдаж байна. Харин улс төрийн төсөөллийн хувьд “хамгийн хүнд” гэж хэлж болох танхим болов. Засгийн газрын гол салбарт Сангийн яамны угшилтай боловсон хүчнээр толгойлуулав. (А.Кудринтай хамтран ажиллагсад) Жишээ нь: Сангийн сайд асан А.Силуанов ерөнхий сайдын нэгдүгээр орлогчоор, Т.Голикова ерөнхий сайдын орлогчоор тус тус томилогдсон жишээг дурдаж болох юм.

Үүнээс гадна танхимын гишүүдэд тухайн салбартаа мэргэшсэн, он удаан жил ажилласан технократууд ч оржээ. Эдгээр “ажлын морь” нь С.Голодец, М.Акимов, А.Гордеев, Ю.Трутнев нар байна. Харин М.Акимовын хувьд залуу технократ боловсон хүчин цаашид дэвших магадлал өндөр байгааг харуулав. Мөн засгийн газрын удирдлагад шинэ үеийн залуу төлөөлөл болох Дмитрий Патрушевийг (Н.Патрушевийн хүү) томилсон явдал болов. Д.Медведевийн хувьд А.Дверковичийг алдсан нь харамсалтай билээ. Гэвч түүний их сургуулийн дотны нөхөр хууль зүйн сайд А.Коновалов нь шинэ танхимд үлджээ. Мэдээж хэрэг засгийн газрын гишүүд ОХУ-ын ерөнхийлөгчтэй ажил төрлийн хамааралтай байдаг нь энэ удаагийн томилгоонд нөлөөлсөн.

Ийнхүү Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг томилохын сацуу бүс нутгийн амбан захирагчид ч бага зэрэг хөдөлгөөнд орсон нь анхаарал татав. Одоо Тюмень, Амар мужийн болон Ямало-Ненецкийн автономит зах хязгаар нутгийн амбан захирагч нарын орон тоо “хоосон” үлдээд байна. Д.Козакийг Оросын бүс нутгийн хөгжлийн бодлогоос “зайлуулсан” нь Кремльд тоглох талбайг дэлгэж өгсөн гэж үзэж болох юм. Одоо шинэ засгийн газраа бүрэлдүүлэх явц дууссан боловч эрх мэдлийн хуваарилалтын төлөө тэмцэл цаашид ч өрнөнө гэж ажиглагчид үзэж байна.

Оросын зэр зэвсэг болон тэнгисийн цэргийн флот

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин энэ сарын 16-нд Батлан хамгаалах яам, Батлан хамгаалах аж үйлдвэрийн цогцолборын удирдлагууд болон Засгийн газрын эдийн засгийн блокийн гишүүдтэй зэвсэгт хүчний асуудлаар II хуралдааныг хийв. Энэхүү хуралдааны үеэр нэгд, батлан хамгаалах улсын захиалга явц үр дүн, хоёрт, тэнгисийн цэргийн флотын өнөөдрийн бодит байдал, хэтийн зорилтыг хөндсөн байна. Тэнгисийн цэргийн байлдааны өндөр бэлэн байдал, үр дүнтэй ажиллагаа нь улс орны эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал хүчин зүйлүүдийн нэг болж байна. Мөн тэнгисийн цэргийн флотын шийдвэрлэж байгаа зорилтууд нь сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэхийн зэрэгцээ эрэлт хэрэгцээ нь ч газар зүйн хувьд тэлж байна. Тэнгисийн цэргийн флотын ач холбогдол нь өнөөдөр Газар Дундын тэнгис, Хойд Атлант, Ази-Номхон далайн бүс нутгийн далай тэнгисийн орон зайд ч өсч байгаа юм. Сири дэх байлдааны ажиллагааны үеэр тэнгисийн цэргийн хөлөг, шумбагч онгоцуудын хүчин чадал террористуудад амжилттай цохилт өгөх чадвартайг харуулсан. Улмаар флотын байлдааны хүчин чадлыг нэмэгдүүлэх, тэнгисийн хөлөг онгоцуудын алсын зайд хээрийн сургууль үргэлжлүүлэн явуулах, тэнгисийн цэргийн стратегийн цөмийн хүчийг улам бэхжүүлэх зорилтыг Сочид болсон II хуралдааны үеэр онцолжээ.

Лавлагаа: Санкт-Петербургийн цэргийн үйлдвэрт “Орион-Э” хэмээх дронын комплекс(UAV)-ын техникийн үзүүлэлтийг шалгах ажиллагаа энэ сард эхэлсэн бөгөөд цаашид 40 иж бүрдлийг цэргийн анги салбаруудад нийлүүлэх юм байна. “Орион-Э” нь дрон бөгөөд уулархаг газар нутагт байршиж буй объектуудыг ажиглах зорилготой. Мөн дронын комплекс нь радио-электрон бөмбөгөөр тоноглогдсон нь онцлог юм.

Номхон далай тэнгисийн явган цэргийн анги салбарт шинэ “БТР-82А” хуягт машины нийлүүлэлт хийх ажээ. Шинэ загварын техникийн үзүүлэлтийг Камчатск, Приморийн хязгаарын цэргийн хээрийн полигонд туршиж үзсэн байлаа. Улмаар 5 сарын 9-нд Ялалтын баярын цэргийн парадын үеэр анх удаа олон нийтэд харуулав.

Нисэх хүчний хувьд оросын Баруун цэргийн тойрогт “Ми-8АМТ-Ш”, “Терминатор” давшилтын болон ачаа тээврийн зориулалтын шинэ нисдэг тэргээр хангалт хийж эхэлсэн. Нисдэг тэргийг Улан-Үдийн үйлдвэрээс гаргаж байна.

Аугаа эх орны дайны Ялалтын 73 жилийн ойн цэргийн парадын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины Холбооны Зөвлөлд энэ онд илгээсэн илтгэлдээ танилцуулсан орчин үеийн техник технологийн амжилтын шинэ үе болох зэвсэглэлийг дэлгэн харуулсан нь олон нийтийн гайхшралыг төрүүлж чадлаа.

Улмаар оросын социологийн нэгэн байгууллагын саяхан явуулсан судалгааны үр дүнгээс харахад иргэдийн дийлэнх хувь нь Орос орныг “Их гүрэн” болсон гэж үзжээ. Судалгаанд оролцогчдын 30 гаруй хувь нь “Их гүрэн” болох үе шат руугаа явж байгаа гэжээ. Их гүрэн болсон нь нэгд, цэргийн салбар дахь ололт амжилт хоёрт, хүчтэй ерөнхийлөгчтэй улс гуравт, оросын ард түмэн ямар ч үед нэгдэж чаддаг зэрэгтэй холбон үзсэн байна.

Крымын гүүрний нээлтийн эхний хэсэг

Энэ сарын 15-нд Крымын гүүрний автозамын хэсгийн нээлтийн чухал үйл явдал болж өнгөрлөө. ОХУ-ын ерөнхийлөгчийн санаачилсан томоохон төслийн нэг хэсэг ашиглалтад орж цаашид ачаа тээврийн болон төмөр замын хэсгүүдийн бүтээн байгуулалтын ажил ч өрнөсөн хэвээр байна.

Крымын гүүрний барилга байгууламж нь Орос оронд өрнөсөн шинэ зам, гүүр, нисэх буудал зэрэг төслүүдийн анхных. Энэ гүүр Крымын Керченск хойгийг Краснодарскийн Таманскийг холбосон бөгөөд 19 км-ийн урт зам боллоо.

Украины хэвлэл мэдээлэл “оросууд гүүр барьж Крым руу бус Украин руу довтолж буйн илрэл” гэж шүүмжилж бичжээ. АНУ-ын Төрийн департаментын Хэвлэл мэдээллийн албаны дарга Хедер Науэрт “Крымын гүүр барьж байгаа нь тэнгисээр ачаа тээвэрлэхийн сацуу хөлөг онгоцуудын хөдөлгөөнд саад учруулах ба Крымыг хууль бусаар эзлэн авснаа бэхжүүлэх гэсэн оролдлого” гэв. Мөн америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч “В.Путины зэр зэвсгээ боловсронгуй болгох бодлого нь АНУ-ын агаарын довтолгооноос хамгаалах систем хөгжүүлэх гэсний хариу үйлдэл” гэж ч мэдээлжээ.

Крымын гүүрний эхний хэсгийг товлосон хугацаанаасаа өмнө амжилттай ашиглалтад оруулсан явдал америкийн Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан нөхцөлд болж байгаагаар онцлог төдийгүй оросын инженер-техникийн ажилчдын орчин үеийн технологийн шийдлийн амжилт гайхамшгийг харуулж чадсан үйл явдал болов. Харин крымчүүд “гүүр бол бидний эв нэгдэл, эрх чөлөөний бэлгэ тэмдэг юм” гэж үнэлсэн билээ.

Дүгнэлт

ОХУ нь АНУ-ын авч буй хориг арга хэмжээ, Крым, Украйны асуудлыг үл харгалзан улс төр, эдийн засгийн хүчирхэг гүрэн болсныг дээрх үйл явдлууд гэрчилж байна. Оросын ард иргэдийн дунд явуулсан санал асуулга (ВЦИОМ)-ын үр дүн ч гэсэн оролцогчдын дийлэнх хувь нь Оросын Холбооны Улсыг их гүрэн болсон гэж үзсэн билээ. Өнгөрсөн сард ОХУ-ын дотоод, гадаад бодлогод үсрэлтийн гэж хэлж болох улс төр, эдийн засгийн өөрчлөлт гаргах алхмыг хийлээ.

Улс төр, технологи судалгааны төвийн шинжээчид шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн нэлээн хуучинсаг агуулгатай боллоо гэж үзсэн. Учир нь нэгд, нийгмийн хэрцгий бодлого явуулах болсон хоёрт, Д.Медедевийн дэвшүүлсэн боловсон хүчнийг харахад мэдээлэл, үзэл суртлын салбарт ямар нэгэн өөрчлөлт гарахгүйг харуулж байна /Боловсрол, соёлын салбарт хариуцлагатай өөрчлөлт хийхээр яригдаж байсан боловч харин энэ удаад хуучин чиг шугам хэвээр үлдэж байгаа төлөв байна. Шинэ танхимд сангийн яамны нөлөө, байр суурь нэмэгдэх төлөвтэй байна/ гэж дүгнэжээ.

Флечерийн нэрэмжит эрхзүй, дипломатын их сургууль (Tufts Fletcher School)-ийн судлаачид өнгөрсөн сард Москвад айлчлал хийснийхээ дараа ОХУ-ын гадаад дотоод бодлогын талаар дараах дүгнэлтийг хийжээ. Үүнд:

1. ОХУ, АНУ өөр өөрийн талаас нэлээд хүнд алдаанууд гаргаж байна. Хүйтэн дайны он жилүүдийн адил талууд өөр өөрсдийнхөө боломжийг хэт дөвийлгөж байна.

2. Оросууд Ази тив руу бодлогоо чиглүүлж байна. Крымын үйл ажиллагааны дараах В.Путины стратегийн алхам бол Америкийн ерөнхийлөгч асан Б.Обамагийн Ази руу хандсан хандлагыг давтаж байна. Өнгөрсөн хугацаанд оросууд Евразийн эдийн засгийн холбоог бэхжүүлэх, Хятадтай холбоогоо зузаатгах болон Европын холбооноос зайгаа барих алхам хийсэн /ЕАЭЗХ бол ЕХ-оос эрх зүйн хувьд өргөтгөсөн хувилбар юм гэж Евразийн интеграцын шинжээч нар дүгнэсэн/. Хятадын хөрөнгө оруулалт ЕАЭЗХ-д нэмэгдэж байгаа боловч, санхүүжилт нь зөвхөн Оросын олборлох салбарт орж байна. Хятадын “Бүс, Зам” санаачилга Төв Азийн орнууд дахь Оросын чадавхыг сулруулах зорилготой юм. ОХУ-ын Засгийн газрын эдийн засгийн блок XX зууны арга барилаар бодлогоо явуулж байна.

3. ОХУ-д эдийн засгийн хүндрэл байгаа. Барууны орнуудын эдийн засгийн хоригуудыг амжилттай давж байна. Гэхдээ эдийн засгийн өсөлт гэж хэлээд байгаа үзүүлэлт нь үл ялиг мэдэгдэхүйц юм. Гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчид зогсонги байдалд орж байна. Хориг арга хэмжээнүүд нь оросын өндөр технологийн салбар дахь хөрөнгө оруулалтыг саармагжуулсан.


Ангилал: Долоо хоногийн тойм