Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Эхлэл хэсэг өмнөх дугаарт
Холимог дайны бүрэлдэхүүн хэсэг болох Мэдээллийн дайны концепц
1990-ээд онд Жон Аркилья, Дэвид Ронфельдт нар мэдээллийн дайн, сүлжээний дайн, мөргөлдөөний талаарх үзэл санааг нийгмийн түвшинд гаргаж ирсэн ба тэд “уг дайны ихэнх тоглогчид улс бус эсвэл харьяалалгүй тоглогчид байх ба холимог, симбиоз хэлбэртэй байх болно” гэх таамаглал дэвшүүлж байв.[1]
Хятадын Цэргийн шинжлэх ухааны академи, Стратегийн академийн захирал асан, хошууч генерал Ван Пуфөн АНУ-аас 1991 онд Иракт хэрэгжүүлсэн “Цөлийн шуурга” ажиллагааны дараа “Мэдээллийн дайны сорилтууд” хэмээх өгүүлэл нийтлүүлжээ. Тэрээр өгүүлэлдээ, “Мэдээллийн дайнд хэрхэн давуу тал олж авах вэ? . . . Зөвхөн буу зэвсэг бүхий байлдааны талбарт бус компьютержсэн тухайлбал, лаборатори, хяналтын өрөөнд. Тэнд маш олон шинэ асуудал байгаа бөгөөд бид олж судлах ёстой”[2] гэжээ. 1999 онд Хятадын цэргийн стратегичид болох Цяо Лян, Ван Сеньсүй нар сүлжээний дайны концепцт багагүй нөлөө үзүүлсэн гэгддэг “Хязгааргүй дайн” номоо хэвлүүлсэн юм. Тэд “дайн анхны утгаараа байхаа болино” гэж үзээд “хязгааргүй дайнд хамгийн их үр дүнд хүрэхийн тулд ямар ч хориг хязгаарлалтгүйгээр бүх аргыг нэгтгэн ашиглах болно” гэх санааг дэвшүүлжээ.[3]
Орчин үеийн дайны тухай Их Британийн судлаач Мари Калдорын үзсэнээр “шинэ дайн”-ы концепцын дагуу геополитикийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэх зорилгоор улс төрийн аргаар үндэстэн улсад хяналтаа тогтоох “шинэ дайн”-ы зорилтот бай нь зэвсэгт хүчин үү эсвэл ард иргэд үү гэдгийн ялгаа маш бага байдаг.[4]
Даниел Эбботт 2010 онд хэвлүүлсэн “Тав дахь үеийн дайны гарын авлага” хэмээх нийтлэлүүдийн түүвэртээ сүүлийн үеийн дайны онолын хандлагыг нэлээд системтэйгээр авч үзжээ. Уг номд тав дахь үеийн дайн нь “хүний ертөнцийг үзэх үзэл, зарчмыг манипуляцлах замаар өрнөх ёс суртахуун, соёлын дайн” юм гэжээ.[5] Онолын хувьд “дайны ажиллагаа маш өргөн цар хүрээг хамрах тул ялагдсан тал хэзээ ч ялагдсанаа ойлгохгүй бөгөөд ийм нууц далд байдал нь түүнийг судлахад хамгийн хэцүү болгож байна.”[6] Улмаар Эбботт “Тав дахь үеийн дайнд хүч хэрэглэхээс илүү дайсныхаа харах өнцөг, хандлагыг өөрчлөх замаар өөрөөр нь бидний зорилгыг биелүүлэхэд чиглүүлэх нь амжилт авчирна” гэж үзжээ.[7] Түүнчлэн энэ дайнд “хэнтэй тулалдаж байгаагаа мэдэхгүй төдийгүй ерөөс дайн болж байгааг ч мэдэхгүй байх боломжтой” аж.[8]
Цөөнгүй улс болон улс бус тоглогчид хэд хэдэн зорилгын үүднээс сөргөлдөгчийнхөө (зарим тохиолдолд холбоотныхоо) кибер болон мэдээллийн технологийг хянахыг оролдож байдаг.[9] Энэ оролдлогын нэгэн зорилго нь мэдээлэл, сэтгэл зүйн талбарт ажиллан зорилтот бүлэгт хүрэх мэдээлэл, ойлголтын мөн чанарыг өөрчлөх буюу мэдээлэл сэтгэл зүйн дайны ажиллагаа зохион байгуулах юм. Г.Позепцов мэдээлэл сэтгэл зүйн дайн нь стратегийн түвшинд энхийн үед зорилтот нийгмийг кнетик бус замаар хуваах, нураахыг зорьдог бол опертивийн түвшинд мэдээллийн арга хэмжээ зохион байгуулах, хуурамч мэдээлэл, суртал ухуулга тараах, улс төрийн эмзэг мэдээлэл цуглуулах, түгээх зорилготой гэж үзжээ.[10]
Зураг 1. Холимог дайн, мэдээлэл сэтгэл зүйн дайны харилцан хамаарал
Тиймээс орчин үеийн холимог дайны хамгийн аюултай, анхаарал татаж буй талбар нь хүний үзэл бодол, үнэт зүйлсийн хамгийн дээд түвшинд нөлөөлөх чадамжтай мэдээлэл, сэтгэл зүйн талбар болж байна. Ийм дайн явагдах нутаг дэвсгэр нь хүний тархи юм. Танин мэдэхүй, сэтгэл зүйд нөлөөлөх нь хүний бодит байдлын талаарх ойлголт, шийдвэр гаргах чадварт нөлөөлж зорилтот бүлгийг геополитикийн дайны хүссэн нөхцөл байдалд чиглүүлдэг.[11]
Мэдээлэл сэтгэл зүй, танин мэдэхүйн дайн нь хувь хүний болон нийгмийн ухамсарт чиглэсэн үнэт зүйлс, үзэл бодол, мэдлэг, оюун санааны орон зайд хяналттайгаар нөлөөлөх үйл явц гэж Жонс Хопкинсийн их сургуулийн судлаач Чад М.Бриггс үзжээ.
Мэдээлэл сэтгэл зүйн дайны бүрэлдэхүүн хэсэг бүр нь зохион байгуулагч, хөгжүүлэгч, өөрийн хэрэглэгчидтэй байдаг. Энэ дайныг удирдагчид тодорхой зорилтот бүлгийн болоод нийгмийн сэтгэхүй, сэтгэл зүйг гүн гүнзгий судалж мэдсэн, нийгмийн болон сэтгэцийн эмзэг байдал хэрхэн үүсдэгийг сайтар ойлгосон байдаг.[12] Базил Лиддел-Хартын “Шууд бус ажиллагааны стратеги” (“Strategy of Indirect Action”) номд дурдсанаар нийгэмд хяналттай хаос үүсгэх стратегийн үр дүнд төр засгийн нэр хүнд унаж, түүнийг оршин тогтнох чадваргүй, хууль бус гэдэг ойлголт нийгэмд тардаг. Улмаар энэ нь тухайн улсад тогтвортой байдлыг алдагдуулах бөгөөд ингэснээр тэдний арми тулалдаанд ялагдаж сүйрнэ гэжээ.[13]
Сэтгэл зүйн дайны ажиллагаа нь дижитал технологийг ашиглан хүний ертөнцийг үзэх үзэл, ашиг сонирхол, үнэт зүйлсийг удирдах замаар тухайн улсын бодит нутаг дэвсгэр, эдийн засаг төдийгүй иргэдийн оюун санааг хянах боломжийг олгодог. Мэдээлэл сэтгэл зүйн дайны ажиллагааг явуулж буй үндсэн чиглэл, уялдаа холбоо, хамрах хүрээний хувьд дараах ангилалд хуваан үзэж болно. Үүнд:
- Мэдээлэл холбооны технологи болон хатуу дэд бүтцийг хамруулан үзэх физик нөлөөллийн орчин
- Мэдээллийг боловсруулах, хадгалах, тараах кибер орон зай
- Хүний ухамсар, итгэл үнэмшил, ашиг сонирхол, үнэт зүйлс, үзэл бодлыг өөрчлөх үйл явц/ажиллагаа
- Үр дагавар[14]
Мэдээллийн хорлон сүйтгэх ажиллагаанд хуурамч болон төөрөгдүүлсэн мэдээлэл тараах үйл явцыг ардчилсан институц, эдийн засгийн төсөл хөтөлбөр, дэд бүтэц, мэдээллийн нөөц рүү чиглэсэн кибер халдлагатай хослуулан явуулдаг. Тиймээс мэдээлэл сэтгэл зүйн дайн нь төр засаг, аюулгүй байдал, санхүү, эмнэлэг, боловсрол, шинжлэх ухааны байгууллагууд зэрэг чухал институцуудын албан ёсны эх сурвалжид итгэх иргэдийн итгэл үнэмшлийг сулруулж байдаг. Улмаар иргэдийг уламжлалт албан ёсны мэдээллийн эх сурвалжаас холдуулан өөрсдийн үүсгэсэн мэдээллийн орчин руу чиглүүлснээр иргэдийн гадаад нөхцөл байдал, халдлага, гамшгийн үед зохих хариу арга хэмжээ авах чадварыг сулруулдаг аж.[15]
RAND-ын шинжээчдийн судалгаанд өмнө нь зөвхөн цэргийн хүчээр хүрч чаддаг байсан сөргөлдөгчийнхөө чадамжийг сулруулж, хямралд оруулах зорилгод кибер орон зайг ашиглан хэд хэдэн тоглогчид зэрэг нөлөөлж зорилгодоо хүрэх боломжтойг онцлон тэмдэглэсэн байна.[16] Энэ зарчмын дагуу шууд сөргөлдөхгүйгээр нийгмийн янз бүрийн түвшинд олон объектод идэвхтэй нөлөөлж, зорилтот хэсгийг хэсэгчлэн эсвэл бүрэн хянаж удирдах боломжтой. Энэ үйл ажиллагаанд жинхэнэ тоглогчид сүүдэрт нуугдан өөр гаднын болон дотоодын бүлгийг буруутан болгон харагдуулдаг. [17]
Нийгмийн итгэл үнэмшил, тэсвэр хатуужил сулрах шалтгаан нь хүний тархины лимпийн системтэй холбоотой энгийн л айдсаас үүдэлтэй бөгөөд рациональ сэтгэлгээнээс илүү сэтгэл хөдлөлөөр шийдэгддэг. Энэ зарчмын дагуу сэтгэхүйн дайныг үр дүнтэй хийх нэг арга бол сэтгэл хөдлөлөөр нь дамжуулан айдас түгшүүр үүсгэх юм. Ингэснээр ард иргэдийн хүсэл эрмэлзэл, үнэнч байдал, бусдын тухай ойлголтод нь нөлөөлөн удирдах нийгмийн бүлгийг үүсгэж цаашлаад тухайн бүлгийг хянан чиглүүлэх боломжтой болно.
Мэдээлэл харилцаа холбооны технологи, кибер орон зай нь хүний оюун санаа, ухамсрыг удирдах, хянах өргөн боломжийг нээж байна. Ингэхдээ хуурамч баримт зохиох, ташаа мэдээлэл түгээх замаар хүний үзэл бодол, хандлага, ойлголтыг төлөвшүүлэн бий болгож түүнийг байнга тогтвортой сурталчлан ухуулж байдаг. Түүнчлэн мөрийн хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдийг хэрхэн манипуляцлах, олон нийтийн санаа бодлыг хэрхэн төлөвшүүлэх, улс орны нийгэм, улс төрийн өвөрмөц байдлыг хэрхэн өөрчлөх, ямар нарратив буюу өгүүлэмжийг сурталчлан хоногшуулах, зорилгодоо хүрэхийн тулд хүний айдас болоод хүсэл тэмүүллийг хэрхэн ашиглах зэргийг нарийн төлөвлөсний үндсэн дээр хэрэгжүүлдэг. Үүний тулд тусгайлан боловсруулсан стратегийн алгоритмд суурилан тухайн нөхцөл байдлаас хамааран түүнийгээ өөрчлөн тохируулж хүний сэтгэл зүй, танин мэдэхүйг ухамсартайгаар удирдах боломжтой ажээ.[18]
НАТО-гийн 2021 онд анх танилцуулсан когнитив дайны концепц нь үндсэндээ тав дахь үеийн дайны концепцд суурилсан гэж Армин Кришнан үзжээ. Тодруулбал, танин мэдэхүйн дайны талбар нь хүний оюун ухаан бөгөөд зорилго нь зөвхөн хүний бодол санааг өөрчлөх төдийгүй сэтгэлгээ, хандлага, үйлдлийг өөрчлөхөд оршдог. Энэ нь экстрем хэлбэрээрээ нийгмийг хагалган бутаргах чадвартай тул дайсныг эсэргүүцэх хамтын хүсэл эрмэлзлийг үгүй хийдэг гэж НАТО тодорхойлсон байна.[19]
Дүгнэлт
Холимог дайны асуудал нь онолын хувьд маргаантай хэвээр байгаа ч тэрхүү маргаан нь ийм дайн байдаг эсэх талаар бус холимог дайны асуудлыг улс төрийн зорилгоор хэт өргөжүүлсэн нь академик талаас нь судлахад сөргөөр нөлөөлж буй тухай маргаан юм. 2014 оны Крымийн үйл явдлаас үүдэн хамгийн том улс төр, аюулгүй байдлын байгууллага болох НАТО холимог дайны асуудлыг кодчилж өгсөн нь үүнийг кнетик бус парадигмаар судлах шаардлагыг бий болгожээ.
Холимог дайны бүрэлдэхүүн хэсэг болох мэдээллийн дайны ажиллагаа нь хүний үзэл бодол, үнэт зүйлсийн хамгийн дээд түвшинд нөлөөлөх чадамжтай мэдээлэл, сэтгэл зүйн талбарыг онилдгоороо хамгийн аюултай ажиллагаа юм. Мэдээлэл сэтгэл зүй, танин мэдэхүйн дайн нь хувь хүний болон нийгмийн ухамсарт чиглэсэн үнэт зүйлс, үзэл бодол, мэдлэг, оюун санааны орон зайд хяналттайгаар нөлөөлөх үйл явц бөгөөд бүрэлдэхүүн хэсэг бүр нь зохион байгуулагч, хөгжүүлэгч, хэрэглэгчидтэй байдаг. Үүний үр дүнд хүний ертөнцийг үзэх үзэл, ашиг сонирхол, үнэт зүйлсийг удирдах замаар тухайн улсын бодит нутаг дэвсгэр, эдийн засаг төдийгүй иргэдийн оюун санааг хянах боломжийг олгодог болохыг анхаарах шаардлагатай.
Ашигласан эх сурвалж:
[1] Arquilla and Ronfeldt (eds.), In Athena’s Camp, 278
[2] Ван Пуфөн, “Мэдээллийн дайны сорилтууд”, Хятадын цэргийн шинжлэх ухаан, №1, 1995. THE CHALLENGE OF INFORMATION WARFARE Major General Wang Pufeng (fas.org)
[3] Qiao Liang and Wang Xiansui, Unrestricted Warfare (Beijing: PLA Literature and Arts Publishing House, 1999), 5-6.
[4] Mary Kaldor, New and Old Wars: Organized Violence in a Global Era (New York: John Wiley & Sons, 2013).
[5] Shane Deichman, “Battling for Perception: Into the 5th Generation?” in Abbott (ed.), The Handbook of 5GW, 12.
[6] Daniel H. Abbott, “Introduction,” in Abbott (ed.), The Handbook of 5GW, 10.
[7] Daniel H. Abbott, “The Terminology of xGW,” in Abbott (ed.), The Handbook of 5GW, 204.
[8] 0 Daniel H. Abbott, “Go Deep: OODA and the Rainbow of xGW,” in Abbott (ed.), The Handbook of 5GW, 180.
[9] Alexander Klimburg, “Mobilising Cyber Power.” Survival 53, no. 1 (2011): 41-60, https://doi.org/10.1080/00396338.2011.555595.
[10] Georgii Pocheptsov, “Cognitive Attacks in Russian Hybrid Warfare,” Information & Security 41 (2018): 37-43, https://doi.org/10.11610/isij.4103
[11] Margarita Levin Jaitner and Harry Kantola, “Applying Principles of Reflexive Control in Information and Cyber operations,” Journal of Information Warfare 15, no. 4 (2016): 27-38, https://www.jstor.org/stable/26487549.
[12] David Tayouri, “The Secret War of Cyber Influence Operations and How to Identify Them.” Institute for National Security Studies Cyber, Intelligence, and Security Publication 4 (2020): 5-22, https://www.inss.org.il/wpcontent/uploads/2020/03/Cyber4.1ENG_e-5-22.pdf
[13] Basil Liddell Hart, “Strategy. The Indirect Approach.” in Strategic Studies, edited by Thomas Mahnken, Joseph Maiolo, and Joseph A. Maiolo (London: Routledge, 2008), 101-104, https://doi.org/10.4324/9780203928462.
[14] Danyk, Yuriy and Briggs, Chad M.. “Modern Cognitive Operations and
Hybrid Warfare.” Journal of Strategic Security 16, no. 1 (2023) : 35-50.
DOI: https://doi.org/10.5038/1944-0472.16.1.2032 https://digitalcommons.usf.edu/jss/vol16/iss1/3
[15] Мөн тэнд
[16] Martin C. Libicki, Cyber deterrence and Cyberwar (Santa Monica, CA: RAND Corporation, 2009), https://www.rand.org/content/dam/rand/pubs/monographs/2009/RAND_MG877.pdf.
[17] Danyk, Yuriy and Briggs, Chad M.. “Modern Cognitive Operations and Hybrid Warfare.” Journal of Strategic Security 16, no. 1 (2023) : 35-50.
DOI: https://doi.org/10.5038/1944-0472.16.1.2032 https://digitalcommons.usf.edu/jss/vol16/iss1/3
[18] Danyk, Yuriy and Briggs, Chad M.. “Modern Cognitive Operations and Hybrid Warfare.” Journal of Strategic Security 16, no. 1 (2023) : 35-50.
DOI: https://doi.org/10.5038/1944-0472.16.1.2032 https://digitalcommons.usf.edu/jss/vol16/iss1/3
[19] “Countering Cognitive Warfare: Awareness and Resilience,” NATO website, https://www.nato.int/docu/review/articles/2021/05/20/countering-cognitivewarfare-awareness-and-resilience/index.html
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Дараах нийтлэл
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавхСүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23