АНУ, БНХАУ-ын хамтран ажиллах боломжит салбар фентанилтай хийх тэмцэл байж болох уу?
2023-08-04
АНУ-д хар тамхи, мансууруулах бодисоос болж хүмүүс амь насаа алдах нь нэмэгдсээр байна. 1999 оноос хойш хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болж 1 сая гаруй америкчууд амиа алдсан бол 2012 оноос эхлэн БНХАУ-аас гаралтай, нийлэг (синтетик) мансууруулах бодис АНУ-д хууль бусаар нийлүүлэгдэх болсноос хойш мансууруулах бодистой холбоотой үхлийн тоо эрс нэмэгдсэн байна.[1] Тус улсад 2019 онд 71000 орчим хүн хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барж байсан бол 2022 онд 107000 гаруй болж өсчээ. Өнгөрсөн онд хар тамхинаас болж амь насаа алдсан хүмүүсийн гуравны хоёр нь “фентанил” хэмээх нийлэг хар тамхийг хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой байв. Фентанил зэрэг нийлэг мансууруулах бодис хэрэглэснээс болж АНУ-д өдөр бүр 150 гаруй хүн хорвоог орхиж байна.[2]
АНУ-ын Хүнс, эмийн газраас фентанилыг өвчин намдаах, мэдээ алдуулах зорилгоор хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрсөн байдаг. Энэхүү нийлэг бодис нь морфиноос 100 дахин, героиноос 50 дахин хүчтэй өвчин намдаах үйлчилгээтэй. Фентанил болон бусад нийлэг мансууруулах бодисын тунг нь хэтрүүлэн хэрэглэх нь үхэлд хүргэдэг. Бага тунгаар ч гэсэн хэрэглэх нь үхлийн аюултай. Эмчийн жороор фентанилыг өвчин намдаах зорилгоор хэрэглэхэд тариа, арьсан дээр наах наалт, ханиадын хүхэлдэг эм шиг шахмалаар өвчтөнд өгч болно. Харин хүмүүсийг үхлийн аюултай, өндөр тунгаар хэрэглэхэд хүргэдэг хууль бус фентанилыг лабораторид гаргаж авдаг. Ийм нийлэг фентанилыг нунтаг хэлбэрээр эсвэл уудаг цаасан дээр тусаасан байдлаар үйлдвэрлэдэг. Мөн нүдний дусаагуур, хамрын цацлага хэлбэрээр эсвэл эмчийн жороор олгодог эмтэй төстэй байдлаар шахмал байдлаар үйлдвэрлэж, хууль бусаар зах зээлд нийлүүлдэг.[3] Зарим хар тамхины наймаачид фентанилыг героин, кокаин, метамфетамин, (метилэндиоксиметамфетамин) зэрэг бусад бодистой хольдог. Үүнээс болоод өвчтөн аль бодист нь донтсон болохыг тогтооход хүндрэлтэй байдаг учраас фентанилын донтолтыг эмчлэхэд төвөгтэй. Фентанилын агууламж өндөртэй бодисыг үйлдвэрлэхэд маш бага хугацаа шаардагддаг учраас бусад бодистой харьцуулахад үнэ нь хямд байдаг. Хятадаас АНУ-д хууль бусаар орж ирсэн шахмал эм үйлдвэрлэх төхөөрөмж нь 1 цагт фентанил болон бусад төрлийн сэтгэцэд нөлөөт бодисын 3000-аас 5000 шахмалыг савлах хүчин чадалтай. Энэ шалтгаанаар фентанилын хэрэглээ хурдтай нэмэгдэж байна.
АНУ-ын Мансууруулах бодистой тэмцэх газрын мэдэгдснээр, тус улсад “үндэсний аюулгүй байдлын асуудал” болоод байгаа фентанил нь Мексикийн хар тамхины бүлгүүдээр дамжин Хятадаас АНУ-д орж ирсээр байгаа юм.[4] БНХАУ-д фентанилын тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдол төдийлөн бүртгэгдээгүй учраас тус улсын эрх баригчид фентанилын үйлдвэрлэл, экспортод хяналт тавихад төдийлөн ач холбогдол өгдөггүй байна. Хятадын химийн бодис үйлдвэрлэгчид фентанилын түүхий эд, бэлдмэл, хувилбарууд, фентанил агуулсан оксикодон зэрэг эмчийн жороор олгодог эмийн хуурамч хувилбар, шахмал эм үйлдвэрлэх төхөөрөмж болон фентанил үйлдвэрлэхэд шаардлагатай бусад тоног төхөөрөмж зэрэг бүтээгдэхүүнийг АНУ руу экспортолдог. Хятадаас эдгээрийг АНУ-д байгаа мансууруулах бодис жижиглэнгээр худалддаг хувь хүмүүс, гэмт хэргийн бүлэглэлүүд рүү илгээж, тэд савлаж, борлуулдаг. АНУ-ын Мансууруулах бодистой тэмцэх газрын мэдээлснээр, сүүлийн жилүүдэд Хятадаас зарим нь үхлийн аюул учруулахуйц хэмжээний фентанил агуулсан хэдэн зуун мянган хуурамч эм болон тодорхойгүй тооны бусад төрлийн фентанилын бүтээгдэхүүн АНУ-д тээвэрлэгдэн орж ирж байна. Өмнө нь 2006 онд АНУ-д фентанилын хэрэглээ огцом нэмэгдэж, аюулын харанга дэгдээж байсан боловч Мексикт байрлах нэгэн нууц лабораторид фентанилыг үйлдвэрлэн нийлүүлж байсан учраас эх үүсвэрийг нь хөөж, таслан зогсооход хялбар байсан. Гэтэл өнөөдөр АНУ-д зарагдаж буй фентанилын худалдааг таслан зогсооход нэн хүндрэлтэй байгаа нь Хятадаас оруулж ирсэн фентанилыг хувь борлуулагчид дор бүрнээ борлуулж, улс орон даяар тарааж байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, АНУ-ын хууль сахиулагчид олон жижиг, энд тэндгүй тархсан хар тамхины наймаачидтай тэмцэхэд хүч хүрэлцэхгүй байгаа юм. АНУ-ын хууль сахиулагчид 2016 оны 1 дүгээр сард Нью-Йоркийн нэгэн орон сууцны барилгад 6000 шахмал фентанил агуулсан эм болон тоног төхөөрөмжийг хураан авч, хууль бус үйлдвэрлэлийг таслан зогсоосон байна. Үүнээс 2 сарын дараа Лос Анжелес хотод дээрх төстэй схемээр ажилладаг, шахмал эм үйлдвэрлэх 3 төхөөрөмж бүхий сүлжээг илрүүлж, таслан зогсоосон байна. Хууль бус фентанил үйлдвэрлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, материалыг Хятадаас хялбархан олж авах боломжтой байгаа нь хууль бус үйл ажиллагаа явуулахад хялбар болгож, фентанил болон бусад төрлийн сэтгэцэд нөлөөт бодисын олдоцыг ихэсгэж байгаа юм.[5]
АНУ-ын Мансууруулах бодистой тэмцэх газрын мэдээлснээр, БНХАУ-аас эксторлосон фентанилын зарим нь Канад, Мексикт байгаа хувь хүмүүс, гэмт хэргийн бүлэглэлүүдэд очдог. Мексик нь фентанилын хууль бус тээврийн эцсийн цэг биш юм. Мексикт очсон фентанил бүтээгдэхүүнүүдийн ихэнхийг дахин савлаж, АНУ руу хууль бусаар нэвтрүүлдэг. Мексикийн гэмт хэргийн бүлэглэлүүд Хятадад үйлдвэрлэсэн фентанилыг АНУ руу тээвэрлэх гол суваг болдог.[6] Тэд энэхүү бодисыг бөөнөөр нь тээвэрлэж авчирч, дангаар нь эсвэл героин зэрэг бусад мансууруулах бодистой хольж, АНУ-ын хилээр нэвтрүүлдэг байна. Фентанилыг Мексикээр дамжуулан, АНУ-ын баруун өмнөд хилээр юмуу эсвэл шуудангаар хууль бусаар авчирч худалдаалддаг учраас нийт хэмжээг нь тодорхойлоход хүндрэлтэй байдаг.[7]
Олон улсын харилцааны дэг журмаас авахуулаад худалдаа, технологи гээд олон асуудлаар АНУ, БНХАУ хоорондоо сөргөлдөж байгаа боловч энэ хоёр их гүрний хамтран ажиллах боломжит салбар нь фентанилтай хийх тэмцэл байж болох юм. Хоёр тал энэ чиглэлд хамтран ажиллаж байсан туршлага бий. Тухайлбал, БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2017 оны 4 дүгээр сард АНУ-д айлчлах үеэр хоёр улсын ерөнхийлөгч нар 4 өндөр түвшний харилцааны механизм үүсгэхээр тогтож, хоёр улсын засгийн газар хоорондын “Хар тамхи, кибер гэмт хэрэгтэй тэмцэх яриа хэлэлцээ”-ний эхний уулзалт 2017 оны 10 дугаар сард болсон.[8] Түүнчлэн БНХАУ, АНУ хар тамхи, мансууруулах бодис нэн ялангуяа нийлэг мансууруулах бодистой тэмцэх чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болсон. 2017 онд АНУ-ын Хар тамхитай тэмцэх газар Хятадын Гуанжоу хотод төлөөлөгчийн газраа шинээр нээж, тус байгууллагын тэргүүн Хятадад айлчилж холбогдох албан тушаалтнуудтай уулзав. Мөн АНУ-ын Хар тамхитай тэмцэх газар Шанхай, Хонг Конгод төлөөлөгчийн газраа нээсэн. БНХАУ-ын Хар тамхинд хяналт тавих товчооны төлөөлөгчид Милваки, Бостон, Вашингтон Д.С-д айлчилж, туршлага судалж, АНУ-тай ярилцаж, хэлэлцсэний үндсэн дээр 2017 оны 6 дугаар сард U-47700[9] хэмээх хар тамхи, бусад 3 төрлийн фентанил орлуулагчийг хоригложээ. АНУ, БНХАУ-ын эрх баригчид хамтран ажиллах боломжтойг харуулж, БНХАУ-ын шүүх фентанил хууль бусаар хил давуулдаг гэмт хэргийн бүлэглэлийн 9 гишүүнд 2019 онд ял оноож байв.[10]
Дээр дурдсанчлан АНУ, БНХАУ хар тамхи, мансууруулах бодис, түүний дотор фентанилтай тэмцэхэд хамтран ажиллаж байсан боловч АНУ-ын Төлөөлөгчдийн Танхимын дарга Нэнси Пелоси 2022 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Тайваньд хийсэн айлчлалын хариуд БНХАУ-ын ГХЯ хар тамхитай тэмцэх зэрэг 5 салбарт АНУ-Хятадын хамтын ажиллагааг албан ёсоор зогсоож байгаагаа зарласан. Улмаар АНУ-ын талаас үүсээд байгаа асуудалд БНХАУ-ыг буруутгаж, шүүмжлэх өнгө аяс давамгайлах хандлагатай байна. Тодруулбал, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нийлэг мансууруулах бодистой тэмцэхэд дэлхий нийтийг уриалан дуудах зорилгоор “Нийлэг мансууруулах бодистой тэмцэх дэлхийн эвсэл” байгуулснаа 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдөр зарлаж, Сайд нарын түвшний анхдугаар (виртуал) уулзалтыг зохион байгуулсан. Энэхүү уулзалтыг зохион байгуулснаар “дэлхийн эвсэл” байгуулах үндэс суурийг тавьж, хууль бус нийлэг мансууруулах бодисын үйлдвэрлэл, худалдаанаас урьдчилан сэргийлэх, шинээр гарч буй мансууруулах хэрэглээний хэв маягийг тодорхойлох, нийгмийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахад хариу арга хэмжээ авах зэргээр улс орнуудын олон улсын хэмжээнд хамтран ажиллах нөхцөлийг хангах юм.[11] Тус виртуал уулзалтад 84 орны гадаад хэргийн сайд нар оролцсон бөгөөд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен уулзалтад оролцож, үг хэлэхдээ тус уулзалтад оролцоогүй Хятадыг үүсээд буй асуудалд буруутгасан байна.[12] Цаашид АНУ-ын зүгээс дараагийн буюу биечлэн уулзалтыг 2023 оны 9 дүгээр сард хуралдах НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр зохион байгуулахаар ажиллаж байна.
Түүнчлэн, 2023 оны 5 дугаар сард АНУ-ын засаг захиргаанаас Хятад, Мексикийн 10 гаруй компанийг хуурамч эм үйлдвэрлэдэг тоног төхөөрөмжийг тээвэрлэж, худалдан борлуулж байна хэмээн буруутгаж, хориг тавьжээ. Хоригт орсон аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийг царцааж, АНУ-ын Гадаадын хөрөнгийн хяналтын газар (Office of Foreign Assets Control)-т мэдэгдсэн бөгөөд Америкийн иргэд эдгээр компанитай харилцаа тогтоохыг хориглосон байна. Хоригт орсон компаниудын нэг болох, шахмал эмний тоног төхөөрөмжийг үйлдвэрлэгч БНХАУ-ын Youli Technology Development компанийг АНУ-д хуурамч эм үйлдвэрлэдэг хувь этгээдүүдэд тоног төхөөрөмж нийлүүлсэн хэрэгт АНУ-ын Сангийн яамнаас буруутгасан. Мөн Хятадын Yason General Machinery компанийг Мексикийн ханган нийлүүлэгчтэй хамтран ажиллаж, өмнө нь Синалоа бүлэглэлд эм бэлдмэлийн тоног төхөөрөмж нийлүүлж байсан этгээдтэй холбоо тогтоосон хэрэгт буруутгажээ.[13]
АНУ нь БНХАУ-тай “стратегийн өрсөлдөөн”-д орсныг хоёр улсын хооронд өрнөсөн “худалдааны дайн”, цаашлаад “технологийн дайн” гэрчилнэ. Гэсэн хэдий ч АНУ-БНХАУ-ын харилцааг дан ганц өрсөлдөөн тодорхойлно хэмээн дүгнэж болохгүй юм. АНУ-ын Төрийн бичгийн дарга Э.Блинкен хоёр талын харилцааны тасалдсан механизмуудын ажиллагааг сэргээх зорилгоор 2023 оны 6 дугаар сард Бээжинд айлчлах үеэрээ “үхлийн аюул таригч фентанилын тархалтыг хязгаарлахад БНХАУ-тай хамтран ажиллана” хэмээн мэдэгдсэн.[14] Хэдийгээр энэ чиглэлийн хамтын ажиллагаа зогсонги байдалд ороод байгаа боловч АНУ-ын зүгээс БНХАУ-д хамтран ажиллах сонирхлоо өндөр түвшинд илэрхийлээд байгаагаас үзэхэд “найдвар” байгааг харуулж байна.
Монгол Улстай холбогдох нь
Монгол Улс Мансууруулах бодисын тухай 1961 оны конвенцид 1990 онд, Сэтгэцэд нөлөөт бодисын тухай НҮБ-ын 1971 оны конвенцид 1999 онд, Мансууруулах бодис ба сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн эсрэг НҮБ-ын 1988 оны конвенцид 2001 онд, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцид 2008 онд тус тус нэгдэн орсон бөгөөд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр олон улсын өмнө үүрэг хүлээдэг байна.
Монгол Улс 2002 онд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийг баталж, 2002 онд баталсан Эрүүгийн хуульд дээрх төрлийн гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг бий болгожээ. Монгол Улсын засгийн газрын 2017 оны 77 дугаар тогтоолоор “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж байна.
Монгол Улс 2005 онд дамжуулан өнгөрөгч орон байсан бол НҮБ-ын 2014 оны тайланд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглэгч орон болсон. Иймээс мансуурах бодисын хэрэглээтэй тэмцэх үйл ажиллагаанд илүү анхааран, бусад улс орнуудаас сайн туршлагыг нь авч хэрэгжүүлэх нь манай улсад чухал ач холбогдолтой юм.
Нийслэлийн эрүүл мэндийн газар болон бусад байгууллагуудтай 2010 онд хамтарч хийсэн “Өсвөр үе, хүүхэд залуучуудын дундах хар тамхи, мансууруулах бодисын ойлголт, хэрэглээ”-ний талаарх тандалт судалгааны дүнгээс үзэхэд, архи, тамхины хэрэглээ өсвөр үеийнхний дунд өндөр байсан бөгөөд бусад төрлийн мансууруулах эм бодисыг тодорхой хэмжээгээр хэрэглэдэг гэжээ. Тодруулбал нийт судалгаанд хамрагдагсдын 44.6 хувь нь архи, 40.3 хувь нь тамхи, 2.9 хувь нь бензин, цавуу, 1.8 хувь нь каннабис, 0.9 хувь нь экстаси хэрэглэж үзсэн гэж хариулсан байна. 2012 онд Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгээс НЭМГ, СЭМҮТ болон бусад байгууллагуудтай хамтарч мансууруулах бодис хэрэглэгч 100 хүний дунд хийсэн “Мансууруулах болон сэтгэц идэвхит эм, бодис хэрэглэгчдийн хэрэглээ, тэдний мэдлэг хандлага, хор уршгийн талаарх тандалт судалгаа”-ны үр дүнд хэрэглэгчдийн 56% нь 16-25 насандаа анх мансууруулах болон сэтгэц идэвхит эм, бодисыг хэрэглэж эхэлсэн нь мансууруулах сэтгэц идэвхит бодис хэрэглэх нь хүүхэд, залуучуудын дунд зонхилж байгааг харуулж байна.[15]
Сүүлийн жилүүдэд БНХАУ, ОХУ болон Зүүн өмнөд Азийн орноос амфетамин, метамфетамины төрлийн болон мансууруулах ургамлын гаралтай бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан, зарж борлуулсан гэмт хэрэг, зөрчлийн тоо ихсэх болсон бөгөөд цагдаа, хил, гаалийн байгууллагаас ирүүлсэн мэдээллээс үзэхэд БНХАУ-аас ихэвчлэн амфетамин, метамфетамины төрлийн мөс (ICE) болон мансууруулах ургамлын гаралтай шавар (Hаshish), ОХУ-аас сэтгэцэд нөлөөт анданте зэрэг эм хууль бусаар нийлүүлэх болжээ.
Жил ирэх тусам хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг нэмэгдэж байна. Тодруулбал, 2006 онд Хар тамхитай холбоотой 6 хэрэгт 33 иргэн холбогдож байсан бол 2019 оны байдлаар, 276 гэмт хэрэгт 415 иргэн холбогджээ.[16] Улсын хэмжээнд анхан шатны шүүхээр 2016-2018 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, хэрэглэх орон байраар хангах, завших, мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалах 293 гэмт хэрэгт 461 хүн холбогдож ял шийтгүүлж, эрүүгийн хариуцлага хүлээсэн байна. Энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдийн дийлэнх буюу 64,9 хувь нь 18-29 насны, 56.8 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй, сургуульгүй иргэд байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасан судалгаанд дурдсан байна.
Дүгнэлт
Хар тамхи хэмээх энэхүү үндэстэн дамнасан аюултай тэмцэхэд Монгол Улс юун түрүүнд хөрш орнууд, ялангуяа БНХАУ-тай хамтран ажиллах шаардлагатай. Учир нь манай улсын хилээр хар тамхи, мансууруулах бодис гол төлөв БНХАУ-аас орж ирж байна. Нөгөөтэйгүүр, АНУ, БНХАУ олон асуудлаар санал зөрөлдөж, сөргөлдөж байгаа ч гэсэн хамтын ажиллагаа өрнүүлэх боломжтой нэг салбар нь хар тамхитай тэмцэх асуудал юм. Иймд АНУ, БНХАУ дээрх хамтын ажиллагаанд тулгуурлан Монгол Улсад хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх “гурвалсан” хамтын ажиллагааг бий болгох боломжтой. Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр “гурвалсан” хамтын ажиллагаа бий болгож чадвал энэ туршлагадаа тулгуурлан гурван улс уламжлалт бус аюулгүй байдлын сорилтуудыг шийдвэрлэх тухайд яриа хэлэлцээ, уулзалтын тогтмол механизм үүсгэн, харилцан мэдээ, мэдээлэл солилцох боломж үүснэ.
Их гүрнүүдтэй хамтын ажиллагааны механизмд нэгдэн орсноор зарим тохиолдолд тулгалтад орох, асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд барьцаанд орох, Монгол Улсын ашиг сонирхолд нийцэхгүй асуудлаар буулт хийх эрсдэл байдгийг харгалзахад илүүдэхгүй юм.
Ашигласан эх сурвалж:
[1] Brookings “China’s role in the fentanyl crisis” https://www.brookings.edu/articles/chinas-role-in-the-fentanyl-crisis/
[2] NCHS, National Vital Statistics System. Estimates for 2020 are based on provisional data. Estimates for 2015-2019 are based on final data (available from: https://www.cdc.gov/nchs/nvss/vsrr/drug-overdose-data.htm).
[3] American Academy of Pediatrics Committee on Drugs, Transfer of drugs and other chemicals into human milk, Pediatrics, 2001:108(3):776-789
[4] The Guardian “Opioid crisis: US and China at odds over influx of fentanyl” https://www.theguardian.com/world/2023/jul/12/opioid-crisis-us-and-china-at-odds-over-influx-of-fentanyl
[5] Keegan Hamilton, “America’s New Deadliest Drug Is Fentanyl,” Vice News, August 30, 2016. https://news.vice.com/article/americasnew-deadliest-drug-fentanyl
[6] U.S. Drug Enforcement Administration, U.S. and Chinese Drug Enforcement Agencies Meet on Synthetic Opioid Efforts, September 29, 2016. https://www.dea.gov/divisions/hq/2016/hq092916.shtml
[7] Kristin Finklea, “Heroin Trafficking in the United States,” Congressional Research Service, August 23, 2016, 9. http://www.judicialwatch.org/wp-content/uploads/2016/08/HeroinTraffickingInTheUS.pdf
[8] Global Times “China, US vow closer cooperation counter-narcotics, cybersecurity, repatriation” (Oct 7, 2017) http://www.globaltimes.cn/content/1069178.shtml
[9] Дээрх дурдсан U-47700 хар тамхийг хэрэглэсний улмаас 2016 онд Нью Йорк, Хойд Каролайнад хэдэн арван хүн амь насаа алдсан.
[10] DW “China jails Fentanyl smugglers after US tip” https://www.dw.com/en/china-jails-fentanyl-smugglers-after-joint-probe-with-us/a-51145095
[11] The U.S. State Department “Global Coalition to Address Synthetic Drug Threats” https://www.state.gov/globalcoalition/
[12] DW “US, China clash over international fentanyl coalition” https://www.dw.com/en/us-china-clash-over-international-fentanyl-coalition/a-66159497
[13] CNN “US sanctions Chinese and Mexican firms over fentanyl making equipment” https://edition.cnn.com/2023/05/31/economy/us-sanctions-china-fentanyl-intl-hnk/index.html
[14] The Guardian “Blinken will seek China’s cooperation in curbing fentanyl at high-stakes visit” https://trone.house.gov/2023/06/18/blinken-will-seek-chinas-cooperation-in-curbing-fentanyl-at-high-stakes-visit/
[15] Эрүүл мэндийн яам “Хар тамхи нь эрүүл мэндэд нөлөөлөөд зогсохгүй сэтгэцэд нөлөөлж өөрийгөө хянах чадваргүй болгодог” https://moh.gov.mn/news/2981
[16] Монгол Улсын Их Хурал “Хар тамхи, мансууруулах бодисын хяналт, хууль, эрх зүйн орчны талаарх ерөнхий хяналтын сонсгол боллоо” (2019-12-03 — Албан мэдээ) https://www.parliament.mn/nn/9745/
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Инфляц гео-эдийн засгийн зэвсэг болох ньДараах нийтлэл
Сансрын орон зай дахь Хятадын хүчин чадавхСүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23