2023 оны 3 дугаар сарын 5-аас 13-ны өдөр 14 дэх удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (БХАТИХ)-ын анхдугаар чуулган, 13 дахь удаагийн Хятадын Ардын Улс төрийн зөвлөлдөх зөвлөл (УТЗЗ)-ийн хурал боллоо. “Хоёр чуулган” хэмээн нэрлэгддэг эдгээр хуралд БХАТИХ-ын 2900 гаруй гишүүн, УТЗЗ-ийн 2100 орчим гишүүн Бээжинд цугларч жилд нэг чуулдаг бөгөөд нийгэм эдийн засгийн хөгжлийн томоохон зорилтууд, гадаад харилцааны талаар баримтлах бодлогоо тодорхойлж, Төрийн зөвлөлийн засгийн газрын ажлын тайланг сонсон хэлэлцдэг. БХАТИХ-ын гишүүд гол хууль тогтоомж, шинэчлэлийн асуудлаар мөн санал хураалт явуулдаг. Улмаар ерөнхий сайдын хэвлэлийн бага хурал хийснээр “Хоёр чуулган” өндөрлөдөг.
2022 оны намар болсон ХКН-ын ХХ их хурлаар Ши Жиньпин нам талын дээд эрх мэдэл болох Ерөнхий нарийн бичгийн даргын суудлаа хадгалсан бол энэ удаагийн “Хоёр чуулган’-аар төр талын дээд албан тушаалаа үргэлжлүүлж, БНХАУ-ын даргаар гурав дахь удаагаа сонгогдлоо[1] Түүнчлэн Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын нэгдүгээр орлогч сайд асан Хань Жөн улсын дэд даргаар сонгогдов.[2] ХКН-ын ХХ их хурлаар Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн болсон Жао Лөжи[3] энэ удаагийн чуулганаар БХАТИХ-ын Байнгын хорооны дарга, УТТ-ны Байнгын хорооны гишүүн Ван Хунин[4] УТЗЗ-ийн даргаар сонгогдлоо. Ерөнхий сайд асан Ли Көчян албан тушаалаа өгч, УТТ-ны Байнгын хорооны гишүүн Ли Чян залгамжлан авснаар Төрийн зөвлөлийн ерөнхий сайд болов.
Ли Чян өмнө нь Шанхай хотын Намын хорооны дарга байсан бөгөөд Бээжинд төв дээр ажиллаж байгаагүй анхны Төрийн зөвлөлийн ерөнхий сайд болж байна. Гэвч түүнийг Жөжян муж, Шанхай хотод ажиллах хугацаанд Алибаба группын нэр хүнд дээшилж, Тесла компани Хятадын зах зээлд нэвтэрсэн зэрэг бизнесийн орчин сайжирч байсан. Зарим судлаач 63 настай түүнийг Ши Жиньпиний бодлогыг “хэрэгжүүлэгч’ л байж магадгүй гэж онцолж байгаа бол зарим шинжээчид Ши Жиньпиний ойрын холбоотон, итгэгдсэн хүний хувиар тэрээр эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд улсын даргад нөлөөлж чадах байх гэж харж байна.
Үүнээс гадна нийгмийн хөгжил, эдийн засгийн бодлогод голлох нөлөө үзүүлэх албан тушаалд дараах эрхмүүд томилогджээ. УТТ-ны гишүүн Хө Лифөн Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогчоор томилогдов. Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны даргаар Фүжянь, Жөжян, Аньхуй мужид удирдах албан тушаал хашиж байсан Жөн Шаньже томилогдсон байна. Хятадын Ардын банкны ерөнхийлөгч И Ган, Сангийн сайд Лю Кунь, Худалдааны сайд Ван Вэньтао нар албан тушаалдаа хэвээр үлдэв.
Хятадын эрх баригчид шинэ засгийн газар бүрдэх бүрд бүрэн эрхийн хугацааны эхэнд нь Хятадын хөгжилд тулгарч буй чухал болон шинэ тутам тулгарч буй асуудлуудын засаглалыг сайжруулахын тулд засгийн газрын институцийн шинэчлэлийг ихэвчлэн дэмждэг. Ийм шинэчлэл нь гол төлөв аж үйлдвэржилтийг зохицуулах эрх бүхий байгууллагуудыг нэгтгэх болон шинээр байгуулах замаар хэрэгждэг. Тухайлбал, 2008 онд Үйлдвэр, мэдээллийн технологийн яам, Хүний нөөц, нийгмийн хамгааллын яам, Зам тээврийн яам, Байгаль орчныг хамгаалах яамыг байгуулсан бол 2018 онд Байгалийн нөөцийн яам, Экологи, байгаль орчны яам, Хөдөө аж ахуй, хөдөөгийн яам, Соёл, аялал жуулчлалын яам, Зах зээлийн зохицуулалтын газар зэрэг хэд хэдэн яам, газрыг байгуулж байсан юм.
Энэ жилийн институцийн шинэчлэл нь санхүүгийн тогтвортой байдал, технологийн бие даасан байдал, мэдээллийн аюулгүй байдлын засаглалыг сайжруулах зорилгоор санхүү, технологид голчлон анхаарч байгаа бөгөөд эдгээр нь Хятадын эдийн засгийн хурдтай өөрчлөлт, барууны орнуудтай өрсөлдөөн ширүүсч байгаа энэ цаг үед хөгжлийн тэргүүлэх чиглэл болж байна.
Шинжлэх ухаан, технологийн яамыг шинжлэх ухаан, технологийн инновацыг ахиулахад Хятадын “бүх нийтийн үндэстний” тогтолцоог ахиулах стратеги төлөвлөлтийг нэн тэргүүнд тавьж, өөрчлөн байгуулна.
Хятадын Банк, даатгалын зохицуулах хороог татан буулгаж оронд нь Үндэсний Санхүүгийн зохицуулах газар байгуулахаар болов. Үндэсний Санхүүгийн зохицуулах газрын гол чиг үүрэг нь Хятадын Ардын банк болон Хятадын Үнэт цаасны зохицуулах хорооноос өмнө нь удирдаж байсан санхүүгийн холдинг компаниуд болон хөрөнгө оруулагчдыг нийтэд нь хянан шалгах болно. Хятадын Үнэт цаасны зохицуулах хороог Төрийн зөвлөлийн шууд хярьяаны агентлагийн статустай болгож, аж ахуйн нэгжийн бонд гаргах, тэр дундаа орон нутгийн засгийн газрын санхүүжилтээр (LGFV) босгосон бонд гаргах эрх бүхий байгууллага болгохоор болов.
Хятадын Хөгжил, шинэчлэлийн хорооны хярьяанд Үндэсний дата мэдээллийн агентлаг мөн байгуулагдана. Тус агентлаг хятадын дата хөрөнгийн ашиглалт ба хяналтыг сайжруулах, дижитал эдийн засгийг дэмжих, стратеги төлөвлөлтийг хянахаас гадна дата мэдээллийн асуудлаарх яам агентлаг хоорондын уялдаа холбоог сайжруулах юм. БНХАУ-ын Интернэт сүлжээний мэдээллийн алба нь кибер аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдал, нууцлалын хамгаалалтыг хариуцах болно. Шинэ Үндэсний дата мэдээллийн агентлаг нь дижитал эдийн засгийг хөгжүүлэх, Хятадын дижитал дэд бүтцийг зохицуулах, ухаалаг хотуудын стратегийг боловсруулах, Хятадын дижитал дэд бүтцийг төлөвлөх зэрэг тодорхой үүрэг хариуцлагыг Хөгжил, шинэтгэлийн хороо болон Интернэт сүлжээний мэдээллийн албаас авч хэрэгжүүлэхээр байна.
Эдийн засаг ба гадаад бодлогын талаар
2023 онд Хятад улс эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нь нэн тэргүүний зорилт хэвээр байна. Дэлхийн болон дотоодын эдийн засгийн сорилтууд, тэр дундаа эрэлт буурч байгаа тул Хятад улс ирэх онд эдийн засгийн өсөлтийг дэмжих арга хэмжээг чухалчлан хэрэгжүүлэх болно. Үүнд хэрэглээг сэргээх, өргөжүүлэх, санхүүгийн эрсдэлийг бууруулах, бизнесийн итгэлийг нэмэгдүүлэх бодлого багтана.
2023 оны эхээр Ковид-19-ийн дэгдэлт нэмэгдсэн ч Хятадын цагаан сарын үеэр 2 дугаар сарын сүүлээс хойш эдийн засгийн идэвхжил сэргэж байгааг харгалзан томоохон санхүүгийн байгууллагууд Хятадын ДНБ-ий өсөлтийг 5.5%-6% хүртэл байх болно гэж таамаглаж байна. Хятадын эдийн засаг 2022 онд ердөө 3%-ийн өссөний дараа 2023 онд ДНБ-ий өсөлтийг “5 орчим хувь” байхаар тогтоосон. Ковид-19-ийн дараах эдийн засгийг сэргээх тухай албан ёсны харьцангуй консерватив төсөөллөөр засгийн газраас 2023 онд макро эдийн засгийг тогтворжуулахад тэргүүлэх ач холбогдол өгөхөөр байна. Энэ талаар өнгөрсөн оны 12 дугаар сард болсон НТХ-ны Эдийн засгийн ажлын хурал дээр мөн онцолсон юм.
Засгийн газар тогтвортой өсөлтийн зорилт тавив. 2022 онд эдийн засаг 3 хувийн өсөлтэй байсан нь хагас зуун жилийн хамгийн доод үзүүлэлтүүдийн нэг болжээ. Хятадын засгийн газар 2023 онд ДНБ-ийг “5 орчим хувиар” нэмэгдүүлэхээр зорьж буй бөгөөд “тэг Ковид’ бодлогоос татгалзаж, хэвийн амьдрал сэргэснээр өсөлтийн үзүүлэлтүүдэд эерэг шинж тэмдэг илэрч байгаа тул 5 хувийн энэ зорилтод хүрч болохуйц гэж үзэж байна.
Ковид-19-ийн эсрэг хатуу хөл хорио нь хятадын эдийн засгийг царцааж, бизнесийн итгэлийг бууруулсан. Өдгөө Хятад улс дотооддоо “тэг Ковид’ бодлогоос татгалзсан ч олон улсад геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж байгаатай холбоотойгоор бизнесийн хандлага болгоомжтой хэвээр байна. Ерөнхий сайдын орлогч асан Лю Хө 2023 оны Давосын чуулганд хэлсэн үгэндээ “Хятад улс гадаадад хаалгаа улам бүр нээлттэй болгоно’ хэмээсэн нь Хятад дахь гадаадын хөрөнгө оруулагчдыг тайвшруулах оролдлого юм. Засгийн газрын ажлын тайланд цаашид гадаадын хөрөнгө оруулалтыг татах, ашиглахын чухлыг онцолж, сөрөг жагсаалтыг цаашид богиносгож, орчин үеийн үйлчилгээний салбарыг нээх замаар зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх амлалт өгсөн.
Бодлого боловсруулагчид аюулгүй байдлыг хангахын тулд илүү сайн зохицуулалтыг эрэлхийлж байна. Хятад улс цар тахлаас үүдэлтэй өрийн хуримтлал, хүн ам зүйн сорилтууд, хөгшрөлт, ажиллах хүчний хомсдол, геополитикийн дарамтаас шалтгаалж дотоод болон гадаад аюулгүй байдлын олон эрсдэлтэй тулгарч байна. Иймд тогтвортой байдлыг хангахын тулд засгийн газар аюулгүй байдлаа бэхжүүлэхийг хичээх ажээ.
Хятад улс орчин үеийн шинэчлэл, цахимжуулалт, ногоон хөгжлийг тууштай баримталсаар байна. Хятад улс үйлдвэрлэлд гол анхаарлаа хандуулж, нөөц баялгаа нэгтгэж, голлох салбаруудад технологийн дэвшил гаргахын тулд хамтын хүчин чармайлт тавихын сацуу уламжлалт үйлдвэрүүдийг дижитал болгох, дижитал эдийн засгийг хөгжүүлэхэд ч засгийн газраас дэмжлэг үзүүлсээр байх аж.
Энэ жилийн “Хоёр чуулган”-аар Хятад улс ногоон хөгжлийн амлалтаа засгийн газрын гол зорилтуудын нэг гэдгийг дахин онцлосон хэдий ч тус улс эрчим хүчний аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой өсөлтөд илүү их ач холбогдол өгч байгаа тул нүүрс ойрын ирээдүйд эрчим хүчний гол нөөц хэвээр байх төлөвтэй байна.
Өрсөлдөөн ширүүсэхийн хэрээр АНУ-Хятадын харилцаа хурцадсаар байна. Стратегийн өрсөлдөөн, хуваагдал эрчимжихийн хэрээр Бээжин Вашингтоныг Хятадыг дарангуйлж, хязгаарлахыг эрмэлзэж байна гэж шүүмжлэх болсон. Чинь Ган Гадаад хэргийн сайдын хувиар хийсэн анхны хэвлэлийн бага хурал дээр “хэрэв АНУ “тормозоо дарахгүй’ бол сөргөлдөөн улам ширүүсэх болно” гэж анхааруулжээ.
Хилээ нээснээр Хятад улс дипломат ажиллагаагаа идэвхжүүлж байна. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чинь Ган “Хоёр чуулган”-ы үеэр сэтгүүлчдэд хэлэхдээ “Хятад улс Ковидын хөл хориог сулласнаас хойш дипломат бодлогоо “хурдасгаж’ байна. Гэсэн хэдий ч цаашдын төлөв хандлага улам бүр бүрхэг болж байна” гэжээ.[5] “Гадаад орчинд тодорхойгүй байдал нэмэгдэж байна’ гэж ерөнхий сайд асан Ли Көчян анхааруулж, “Хятадыг дарах, хязгаарлах гадны оролдлого улам бүр нэмэгдсээр байна’ хэмээв.[6] Дээд түвшний удирдагчдын ижил төстэй мэдэгдэл нь АНУ-ын Хятадын талаар баримталж буй стратегид сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, дэлхийн итгэл үнэмшил, нөлөөллийн төлөөх өрсөлдөөнд үүнийг эсэргүүцэх хүсэлтэй байгааг харуулж байна.
Ашигласан эх сурвалж:
[1] 第十四届全国人民代表大会第一次会议于2023年3月10日选举习近平为中华人民共和国主席。http://www.npc.gov.cn/npc/kgfb/202303/46c7fc67d08844b0bd3292c3223a7599.shtml
[2] 第十四届全国人民代表大会第一次会议于2023年3月10日选举韩正为中华人民共和国副主席。http://www.npc.gov.cn/npc/kgfb/202303/5e7fbc7387714f8184111518cf5f7de8.shtml
[3] 中华人民共和国全国人民代表大会公告 http://www.npc.gov.cn/npc/kgfb/202303/fa47f23e636f465ba76b3ecc4dbb020a.shtml
[4] 王沪宁当选全国政协主席 http://lianghui.people.com.cn/2023/n1/2023/0311/c452482-32641678.html
[5] Foreign Minister Qin Gang Meets the Press (fmprc.gov.cn)
[6] Full Text: Report on the Work of the Government (www.gov.cn)
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Молдав улсад өрнөж буй үйл явдалСүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19