Эдийн засгийн тогтворжилт хийгээд санхүүгийн сорилт

2018-03-14

https://niss.gov.mn/wp-content/uploads/2018/05/270318-china-trade-boat-in-usa_1200_674_80.jpg

БНХАУ-ын 13 дахь удаагийн Бүх Хятадын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн хурал 2018 оны 3 дугаар сарын 3-нд, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал (БХАТИХ) 3 дугаар сарын 5-нд эхэллээ. Энэ удаагийн их хурлаар нийгэм, эдийн засгийн хөгжлийн явц, улсын төсөв зэрэг агуулгыг багтаасан Засгийн газрын ажлын тайланг авч хэлэлцэх, Үндсэн хуульд оруулж буй өөрчлөлт шинэчлэлтийг хэлэлцэн батлах, Хяналт шалгалтын тухай хууль батлах, Улсын хяналт шалгалтын зөвлөл байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

БХАТИХ-ын нээлтийн 3 дугаар сарын 5-ны өдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян “Засгийн газрын ажлын тайлан”-гаа илтгэж, Хятадын эдийн засаг, нийгмийн өнгөрсөн 5 жилийн байдал, ирэх онд явуулах бодлогын зорилтоо таницуулж, хэлэлцүүллээ.

Хятадын эдийн засаг, нийгмийн байдал өнгөрсөн 5 жилд

Ололт: Хятадын эдийн засаг өнгөрсөн 5 жилд дундажаар 7.1 хувиар өссөн бөгөөд дэлхийн эдийн засгийн 15 хувийг эзэлж буй ч нийт өсөлтөд оруулах хувь нэмэр 30 хувиас давжээ. Үйлдвэрлэлд дулдуйдсан бүтцээс хэрэглээг дэмжсэн бүтцийн өөрчлөлт нь үр дүнгээ өгч, үйлчилгээний салбарын ДНБ-д эзлэх хувь 45.3-аас 51.6 хувь болон эдийн засгийн гол хөдөлгүүр болов. Онцлох өсөлтөд инновацийн ололтыг дурдаж болох бөгөөд нийгмийн судалгаа хөгжүүлэлтийн хөрөнгө оруулалт жил бүр 11 хувиар өсөж, цар хүрээгээр дэлхийд 2 дугаарт орох болжээ.

2017 оны тухайд ДНБ 6.9 хувиар, иргэдийн орлого 7.3 хувиар, ажлын байр 13.5 саяар нэмэгдсэн байна.

Ажилгүйдэл олон жилийн хамгийн доод түвшинд хүрсэн. Бараа бүтээгдэхүүний гадаа худалдааны хэмжээ 27.79 их наяд юаньд (4 их наяд 386 тэрбум ам.доллар) хүрч өнгөрсөн оны мөн үеэс 14.2 хувиар нэмэгдэв. Үүнд экспорт нь 15.33 их наяд юаньд (2 их наяд 419 тэрбум ам.доллар) хүрч, 10.8 хувиар өссөн бол импорт 12.46 их наяд юаньд (1 их наяд 966 тэрбум ам.долаар) хүрч, 18.7 хувиар өсөн, нийт гадаад худалдаа ашигтай гарсан зэрэг амжилтуудтай.

Гадаад бодлогодоо Хятад улс олон талт хамтын ажиллагааг онцложээ. “Бүс ба зам” санаачилга, АПЕК, 20 -ийн бүлэг, БРИКС-ийн уулзалтыг Хятад улс амжилттай зохион байгуулсны зэрэгцээ НҮБ, дэлхийн уур амьсгал, дэлхийн эдийн засгийн чуулга, Зүүн Азийн хамтын ажиллагаа гэх мэт хурал чуулганд идэвхтэй оролцсон байна. Гадаад худалдааны тухайд 2017 онд нийт хэмжээ 27.7 их наяд юань хүрсэн нь өмнөх оныхоос 14.2 хувиар өссөн дүн агаад өсөлт саарсан байсан сүүлийн 2 жилийн хандлага ийнхүү эргээд өсөх төлөвт оржээ.

Бэрхшээл: Хот хөдөөгийн зөрүү, орлогын хуваарилалтын ялгаа, банк, санхүүгийн зах зээлийн тодорхой бус эрсдэл, боловсрол, эмнэлэг гэх мэт нийтийн үйлчилгээний хангалтгүй байдал, төрийн үйлчилгээн дэх хүнд суртал зэрэг бэрхшээл оршиж байна гэжээ.

Эдийн засаг, нийгмийн талаар 2018 онд явуулах бодлого

2018 онд Хятад улс эдийн засгаа 6.5 хувиар өсгөнө, үнийн өсөлтийг 3 орчим хувьд барина, 11 сая ажлын байр нэмж, ажилгүйдлийг 5.5 хувьд барина гэсэн гол зорилт тавиад байна. Хятад улс бодлогоо явуулахад гадаад талд дэлхийн эдийн засаг сэргэх хандлагатай таатай боломж бүрдэж буй хэдий ч худалдааны хамгаалах бодлого, геополитикийн эрсдэл мөн нэмэгдэж байна гэж үзжээ.

2018 онд эдийн засаг, нийгмийн хөгжлийг урагшлуулахаар дараах чиглэлээр ажиллана. Үүнд: Нийлүүлэлтийн талын бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх, Инновацлаг улс болох бүтээн байгуулалтаа сайжруулах, Өөрчлөлт шинэчлэлтийн 40 жилийн ой тохиож буй жил шинэчлэлтийг улам гүнзгийрүүлэх,Эрсдэлээс сэргийлэх, ядуурлыг бууруулах, экологи хамгаалах гурвалсан бодлого хэрэгжүүлэх, Санхүү, эдийн засгийн нээлттэй бодлогыг цаашид хэрэгжүүлэх, Хөдөө орон нутгийг хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлэх, Уялдаа бүхий бүсчилсэн хөгжлийн стратегийг урагшлуулах, Хэрэглээг тэлэх, үр ашигтай хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх, “Бүс ба зам” төслийг хэрэгжүүлэхүйц бүрэн нээлттэй байдлыг урагшлуулах, Иргэдийн амьжиргааг дээшлүүлэх гэсэн гол зорилтуудыг дэвшүүлсэн байна.

Хандлагыг ажиглахуй

Тогтворжих хандлага бий болов: Хятад улс 30 орчим жил хөрөнгө оруулалт, экспортод тулгуурлаж эдийн засгаа хурдтай өсгөсөн боловч 2011 оны 9.5 хувийн өсөлтөөс хойш огцом 7 хувь руу бууж тэр үеэс хойш дундаж өсөлтөө өнөөг хүртэл хадгалж байна. Өсөлт саарсны улмаас тооноос чанарт шилжих шаардлага урган, хэрэглээг дэмжсэн үйлчилгээний салбарт түшиглэсэн эдийн засгийн бүцтийн өөрчлөлтийг хийж эхэлсэн ба энэ шижилтийн үйл явцыг “Шинэ хэвийн байдал” (New Normal) хэмээн нэрийдэв. Тухайн үед эдийн засагчид Хятадын эдийн засгийг “хатуу газардах уу?” гэсэн асуултыг тавьж янз бүрээр хариулж байсан ба үнэхээр ч 2016 оны сүүл, 2017 эхээр юанийн ханш огцом хэлбэлзэж, 2016 онд эдийн засгийн өсөлт 6.7 хувьтай гарч, тэр нь сүүлийн 26 жилийн хамгийн доод үзүүлэлт болж байлаа. Үүний дараа ерөнхий сайд Ли Көчян яг жилийн өмнө Ардын их хурал дээр 6.5 хувийн өсөлтийг амласан ч2017 оны эцэст 6.9 хувиар өссөн дүн гарч, эдийн засаг тогтворжих хандлага бий болов.

Нээлттэй эдийн засгийн бодлого үргэлжилнэ: Хятад улс өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй эдийн засгийн бодлого явуулаад 40 жил болж буй энэ хугацаанд үсрэнгүй амжилт олсон улсын хувиар цаашид дэлхийн эдийн засгийг нээлттэй хөгжүүлэх чиглэлээр санаа тавихаа илэрхийллээ. Эдийн засгийн нээлттэй бодлогыг Хятад улс их гүрнүүд, хөрш орнууд, хөгжиж буй орнуудтай хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар хэрэгжүүлэхийн зэрэгцээ Боаогийн чуулга, ШХАБ, Хятад-Африкийн хамтын ажиллагааны форум гурвыг онцлосон нь “Бүс ба зам” санаачилгатай түлхүү уялдаж байна. Мөн дотоодын санхүүгийн зах зээлийг бодлогын хэмжээнд нээлттэй болгож гадаадын хөрөнгө оруулалт, үйлдвэржилтийг дэмжих татварын таатай орчинг дэмжиж байна. Үүнээс гадна банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангаж санхүүгийн даяаршлыг эрчимжүүлэхэд анхаарал хандуулж байна.

Хилийн чанад дахь эрх ашгаа хамгаалах тухай: Ли Көчян илтгэлдээ хилийн чанад дахь эрх ашиг, аюулгүй байдлаа хамгаалах системийг сайжруулах тухай дурдав. Хилийн чанад дахь эрх ашгийн талаар 2016 оноос хойших илтгэлдээ дурдах болсон бөгөөд 2016 онд хамгаалах чадавхиа сайжруулах, 2017 онд хамгаалах механизмыг сайжруулах гэж байсан бол 2018 оны илтгэлд хамгаалах системийг сайжруулах хэмээн заасан нь “хилийн чанад дахь эрх ашиг”-ийн шаардлага нь өсөж, мөн бэхжиж байна гэж харж болно. 2017 оны байдлаар хилийн чанад дахь хятадын ААН-ийн тоо 30 мянга, иргэд 1 сая давсан байна. Хятад улс хилийн чанад дахь эрх ашгаа хамгаалахдаа бусад улсын дотоод хэргийг хөндөхгүй байж чадах уу, хамгаалах систем нь чухам ямар янзтай бүрэлдэж буй талаар олон улсад асуулт үлдэж байна.

Санхүүгийн салбарын сорилтоос сэргийлэх тухай: Хятад улсын санхүүгийн зах зээл сүүлийн хэдэн жил хөрөнгө гадагш урсах, орон нутгийн өр нэмэгдэх, үл хөдлөх хөрөнгийн хөөс хагарах, ААН-ийн чанаргүй зээл, сүүдрийн банк гэх мэт сорилтуудтай тулгарч буй. Тодруулбал, хятадын мөнгөний нөөц дэлхийд хамгийн их буюу 21 их наяд ам.доллар хүрсэн, гэтэл сүүлийн жилүүдэд эдийн засаг саарч байгаагаас үүдэн хятадууд мөнгөө гадаад валют болгох, хилийн чанадад хөрөнгө ихээр оруулах сонирхолтой болсноос хөрөнгийн гадагш чиглэсэн урсгал ихээр нэмэгдэж, энэ нь юанийн ханш хэлбэлзэхэд хүргэн, ханш унах чинээгээр хөрөнгөө гадагш гаргах сонирхол улам нэмэгдэх зэргээг тойрог үр дагаварыг хязгаарлах арга хэмжээ Төв банкнаас хэрэгжүүлж, юанийн хилийн чанад дахь үйл ажиллагааны бодлогын мэдэгдэл гаргаж зохицуулах оролдлого хийж байна. Орон нутгийн засаг захиргааны өрийн таазыг 100 хувиас хэтрүүлэхгүй байхаар тогтоосон ч Гуйжоу муж 189%, Ляонин, Юньнань, Өвөр Монголын ӨЗО-ы өр 157%, 121%, 106% болж давжээ. 2016 оны 4 дүгээр улирлаас орон нутгийн өрийг хумих чиглэлээр Төрийн зөвлөл, Сангийн яам, Өөрчлөлт шинэчлэлтийн хороо, Хуульзүйн яамнаас шинэ бодлогуудыг гаргасан. Энэ мэтчилэн асуудал тус бүрээр тодорхой арга хэмжээ авахын зэрэгцээ санхүүгийн салбарын дээрх сорилтын эсрэг 2017 онд ХКН-ын 19-р их хурлын дараа Төрийн зөвлөлөөс “Санхүүгийн тогтвортой хөгжлийн хороо”-г байгуулж, цогц шийдэл хийхүйц механизм бий болголоо.

Цаашдын гол арга хэмжээ

2018 онд Хятадын эдийн засгийн бодлогын гол хандлага: (1) тогтвортой орчинд өсөлтийг эрэлхийлэх чиглэл хэвээр байна, (энэ бодлого цаашид ч удаан үргэлжилэх хандлагатай), (2) чанартай хөгжил бол хөгжлийн гол шаардлага юм, (3) орон сууцны тогтолцооны шинэчлэлт, үр ашигтай механизмыг бүтээн байгуулах, (4) хөдөөгийн хөгжлийн стратегийг тосгоны гол ажил болгох, (5) бүх талаар нээлттэй байдлын шинэ хандлагыг урагшлуулах, (6) төрийн өмчийг хүчирхэг, чанартай байлгах гэсэн үндсэн чиглэлийг 2017 оны 12 дугаар сард хуралдсан НТХны эдийн засгийн ажлын хурал дээр тогтоосон юм.

Эндээс харахад Хятад улс сүүлийн хэдэн жил эдийн засгийн өсөлт саарсан энэ орчинд тогтвортой өсөлтөө хадгалахыг нэн эрмэлзэж, санхүүгийн салбараас үүсч болзошгүй тогтолцооны шинжтэй эрсдэлээс сэргийлэхээр оролдож байна. Тоон өсөлтөөс илүүтэй чанарын өсөлт гаргахын тулд бүтцээ сайжируулж, инновацийг дэмжин, ногоон хөгжлийг зүтгүүлж байна. Хятад улс 40 жил өөрчлөлт шинэчлэлт нээлттэй бодлого хэрэгжүүлсэн атал нээлттэй байдлын шинэ хандлага ярих болсон нь 2013 оны 10 дугаар сараас “Шанхайн чөлөөт худалдааны бүс”-ийг байгуулсантай холбоотой ба өдгөө 11 мужийг чөлөөт худалдааны бүсээр зарлаад буй дотор эх газрын гүн дэх мужууд ихээр багтаж байгаа нь улмаар “Бүс ба зам” стратегитэй уялдана.

Хятадын эдийн засгийн орчин 2018 онд тогтвортой байхаар байгаа нь Монгол Улсын гадаад худалдааг ашигтай байх эерэг хандлага ажиглагдаж байна. Тус улс орон сууцны тогтолцооны шинэчлэлт, үр ашигтай механизмыг бүтээн байгуулахаар төлөвлөж байгаа нь ган, төмрийн хүдэр, коксжих нүүрсний зах зээлийг саарахгүйг илтгэж байна. Иймээс манай улс нүүрсний экспортын бодлогоо нэг цонхны стратегийг баримталж ажиллах нь зүйтэй юм.

Харин геополитикийн тодорхой бус эрсдэл бий болох магадлалтай байгаа нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлөх таамаглалтай байна. Хятадын хувьд эдийн засгийн гадаад хүчин зүйлээс илүүтэйгээр дотоод хүчин зүйлээс үүдэх банк, санхүүгийн салбарын эрсдэлд түлхүү санаа зовинож байгаа тул салбарын шинжээчид нь анхаарлаа хандуулах шаардлагатай байна.

 


Ангилал: Долоо хоногийн тойм