МОНГОЛ, ОРОС, ХЯТАД ГУРВАН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОРЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦ /төгсгөл/
2020-05-08
Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөр, БНХАУ-ын “Нэг бүс, нэг зам” санаачилга, ОХУ-ын “Евразийн эдийн засгийн холбоо” хэмээх тус тусын бодлогоо Монгол, Орос, Хятад гурван тал хооронд нь уялдуулан холбож, эдийн засгийн хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр 2016 онд тохиролцсон билээ. Үүний дагуу эдийн засгийн коридор (ЭЗК) байгуулах хөтөлбөр байгуулсан ба тус хөтөлбөрийн гол биежилт нь ЭЗК-ын 32 төсөл билээ. Даяаршил хумигдах хандлагатай өнөөгийн нөхцөл байдалд бүс нутгийн эдийн засгийн үйл ажиллагаа илүү чухал байх хандлагатай. Иймээс манай улсын хоёр хөрштэйгөө хэрэгжүүлж буй ЭЗК-ын төслийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийлээ.
Төмөр замын коридорын төслүүд ба хэрэгжилтийн явц
ЭЗК-ын хөтөлбөрт тусгагдсан 32 төслөөс 7 нь төмөр замын тээврийн дэд бүтцийн чиглэлийг хамаарч буй.
Төмөр замын төв коридор: Төв коридор хамгийн өндөр эдийн засгийн ашиг өгөх тооцоотой гарсан. Одоогийн байдлаар төмөр замын төв коридорыг иж бүрэн шинэчлэн хөгжүүлэх ажил судалгааны шатанд явж байна. Тээврийн дэд бүтцийн ажлууд дотор төмөр замын төв коридорын шинэчлэлийн ажил хөрш хоёр улсын дэмжлэгийг авч байгаа. Коридорын Монголын нутаг дэвсгэр дэх хэсгийг шинэчлэн хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж дуусгасан. Төмөр замын төв коридорыг иж бүрэн шинэчлэн хөгжүүлэх нь Монгол, ОХУ, БНХАУ-д тус бүр тус бүрдээ өөр эерэг үр дүнг эдийн засагт авчирна хэмээн тооцоолж байна.
Монгол Улсын хувьд төмөр замын төв коридорыг иж бүрэн шинэчлэх нь дамжин өнгөрөх ачаа тээврээс олох орлогыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ дотоодын эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахад чухал ач холбогдолтой. Тээврийн өндөр өртөг Монголын бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг бууруулж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хумиж байна.
ОХУ-ын хувьд нэг талаас Сибирийн бүс болон тухайн газар нутаг дахь түүхий эдийг илүү дөт замаар БНХАУ-д нийлүүлэх сонирхолтой. Мөн ОХУ-д БНХАУ-аас гаралтай Европ руу чиглэсэн ачаа барааг дамжуулан тээвэрлэх сонирхол бий.
БНХАУ-ын гол сонирхол бол ОХУ гэхээс илүү Европын Холбооны зах зээл юм. БНХАУ-ын хувьд ЕХ-ны зах зээлд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх тээврийн маршрутыг олшруулах, мөн өртгийг бууруулах сонирхолын үүднээс энэ төсөлд зохих хэлбэрээр оролцох боломжийг эрэлхийлж байна.
Төмөр замын Хойд коридор: “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд нэн тэргүүнд хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад “Хойд” болон “Зүүн” коридорын төслүүдийг оруулах саналыг монголын талаас дэвшүүлж ирсэн. Хэрэв хойд коридор ашиглалтанд орвол төв коридорын ашиглалт нэмэгдэж, ашигт ажиллагаа сайжирна. Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр Майнинг” компанийн охин компани болох “Northern Railways” компани Эрдэнэт-Овоот чиглэлийг төмөр замын төслийг хэрэгжүүлэх 30 жилийн Концессийн гэрээг Үндэсний хөгжлийн газартай 2018 онд байгуулсан. Хойд коридорын ач холбогдол Сибирийн Холбооны Дүүрэг (Сиби́рский федера́льный о́круг)-т хамгийн өндөр байна. Хойд коридор ашиглалтад орсноор Сибирийн бүс дэх хот, мужийн Монгол Улстай харилцах гадаад хамтын ажиллагаа идэвхжинэ.
Төмөр замын Зүүн коридор: Төмөр замын зүүн коридорыг Монгол Улс эдийн засгийн ач холбогдлоороо Төвийн коридорын дараа орно гэж үзэж байгаа. Төмөр замын зүүн коридор одоо буй ОХУ, БНХАУ-ын төмөр замын шугамаас 320 км дөт. Гэхдээ өрсөлдөх чадвартай байхын тулд ачаа бараанд тавьж буй хяналт, хил нэвтрэх хугацаа, нарийн цариг өргөн цариг хоорондын шилжилт, шилжүүлэн ачих дамжлага зэрэг хүчин зүйлсийг шийдэх шаардлагатай. Тиймээс бусад хүчин зүйлсийг сайжруулж байж зүүн коридорын өөрийн өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.
Бүтээн байгуулалтын нэг, хоёрдугаар үе шатны ажлыг гүйцэтгэхээр “МТЗ” ТӨХК 2017 онд шалгарсан. “МТЗ” ТӨХК концессоор авсан төмөр замаа барихад 2,5-3 жилийн хугацаа шаардлагатай. Япон улсын “Ниппон коэй” компаниар ТЭЗҮ-г хийлгэсэн. Харин зүүн бүсийн эдийн засгийн тооцоог Хятадын “Байшинь төмөр зам” хийсэн. Хөрөнгө оруулалтын асуудал тодорхойгүй байна.
Төмөр замын Баруун коридор: Одоогийн байдлаар Баруун коридорын эдийн засгийн нарийвчилсан судалгааг хийгээгүй байгаа. Уг баруун коридорын эдийн засгийн ач холбогдлын асуудлыг Засгийн газар, УИХ дээр дахин ярилцаж, байр сууриа нэгтгэх шаардлагатай. Бидний зүгээс баруун коридор ашиглалтанд орсноор Монголд ирэх дотоод өгөөж бага гэж үзэж байна. Учир нь баруун коридор дайрч өнгөрөх нутагт хүн амын тоо цөөн, коридор нээгдснээр эдгээр хүн амын нэмүү өртгийн сүлжээг өргөтгөх чадавх буюу “know-how” бага, уг бүсэд одоо байгаа аж үйлдвэрлэл, уул уурхайн суурийг авч үзэхэд нэмүү өртгийн сүлжээг тэлэх хэмжээнд хүрэхээр түвшинд байхгүй гэж үзэж байна. Мөн Баруун коридорын санхүүжилтийг шийдвэрлэхэд илүү хүндрэлтэй байж болох талтай.
Төмөр замын бусад төслүүд: Дээрх төслүүдээс гадна ЭЗК-ын хөтөлбөрт төмөр замын гурван төсөл бий. Нэгд, Төмөр замын тээврийн “Далайн эрэг-1” төсөл. Хоёрт, “Далайн эрэг-2” төсөл. Эдгээр төсөл судалгааны шатанд явж байна. Гуравт, Москва-Бээжин чиглэлийн өндөр хурдны төмөр замын шугамыг Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих хэтийн боломжийг судлах төсөл бий. Энэхүү төсөл мөн адил судалгааны шатанд явж байгаа болно.
Төслүүдийг урагшлуулах боломжит хувилбарууд, сорилтууд: “УБТЗ” ХНН-ийн2030 он хүртэлх техникийн шинэчлэлийн хөтөлбөрийг Оросын “Мосгипротранс” ХНН-ээр хийлгэсэн тул орос, монголын тал хүлээн авч болохуйц урьдчилсан ТЭЗҮ бэлэн болсон гэж үзэж болох талтай. Гагцхүү гурван талаар хамтарч хэрэгжүүлэхээр ярилцаж байгаа тул энэхүү хөтөлбөрийн агуулгыг Хятадын тал дэмжих эсэх, нийт коридорын Хятадын нутаг дэвсгэр дэх хэсгийн төлөвлөгөө, хөтөлбөртэй хэрхэн уялдуулах зэрэг талууд Хамтарсан ажлын хэсэг байгуулах замаар шийдэх асуудлууд хүлээгдэж байна.
Санхүүжилт: Төслийн хэрэгжилтэд тулгарч буй гол бэрхшээл болох санхүүжилтийн асуудлыг олон улсын банк, санхүүгийн байгууллага, гуравдагч улсын аж ахуйн нэгжүүдийн оролцоотойгоор шийдвэрлэх боломж бий ч уг төслийг сонирхох Орос, Хятадын оролцоогүй банк, санхүүгийн байгууллага, гуравдагч орны аж ахуйн нэгж тийм ч олон гарахгүй байх магадлалтай.
Ашиг сонирхлын зөрүү: “Төмөр замын төв коридор”-ын төслийг талууд нэн тэргүүнд хэрэгжүүлэх төслүүдийн эхний төсөл гэдэг дээр санал нэгдсэн хэдий ч төвийн коридорыг шинэчлэх ажил ахиц багатай байгаа нь талуудын ашиг сонирхол өөр өөр байгаатай холбоотой. Монголын тал төслийг аль болох хурдан урагшлуулах сонирхолтой хэдий ч шаардагдах санхүүжилтийг дангаар шийдвэрлэх боломжгүй нь гол хүндрэл юм. Оросын тал “УБТЗ” ХНН-ийн хувь нийлэгчийн хувьд коридорын тээвэрлэлтийн хүчин чадлыг дээшлүүлэх замаар ашиг орлогыг нь нэмэгдүүлэх сонирхолтой хэдий ч шинэчлэн хөгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг дангаар гаргах сонирхолгүй. Хятадын хувьд төслийн хэрэгжилтэд оролцох эдийн засгийн сонирхол байгаа ч санхүүжилтийг шийдвэрлэх боломжтой давуу талдаа түшиглэн геоэдийн засгийн ашиг сонирхолоо тодорхой хэмжээнд урагшлуулах боломжийг хайж байх талтай. Тиймээс Орос, Хятадын эдийн засгийн болон геополитикийн сонирхлыг харгалзсан, оросын талын хүлээн зөвшөөрөхүйц, хятадын талын сонирхолыг татахуйц санхүүжилтийн болон үйл ажиллагааны хувилбарыг олох, тохиролцох амаргүй зорилт манай улсын өмнө тулгарч байна.
Бусад төслүүд
Төмөр замын төв коридорыг шинэчлэх 7 төслөөс бусад 25 төслийн хэрэгжилтийг харахад гурван талт хамтын ажиллагаагаар амжилттай хэрэгжиж байгаа 10 төсөл байгаа, хэрэгжих явц эхлээд буй 4 төсөл байна. Харин хэрэгжилт хоцрогдолтой 11 төсөл бий. Гурван талын механизм бүрдсэн зам тээврийн, аялал жуулчлалын, шинжлэх ухааны салбарын төслүүд амжилттай урагшилж, харин гурван талын уулзалтын механизм хараахан бүрдээгүй аж үйлдвэр, хорио цээрийн чиглэлийн төслүүд зөвхөн хоёр талын харилцаанд тулгуурлан урагшилж байна. Тиймээс нэгэнт тохирсон төслүүд ялангуяа харилцаа холбоо, гааль, мэргэжлийн хяналт, хорио цээрийн стандарт гэх мэт зөөлөн дэд бүтцийн чиглэлээр цаашид гурван тал илүү нягт хамтран ажиллах шаардлагатай.
Байгалийн хийн хоолой: Гурван улсын эдийн засгийн коридорын хөтөлбөрийн 32 төсөл дотор байгалийн хий дамжуулах хоолойн төсөл тусгагдаагүй. Гэхдээ сүүлийн хоёр жил гурван талт хамтын ажиллагаанд идэвхтэй яригдаж буй нэг сэдэв болж байна. Энэ талаар АБСХ өмнөх дугаартаа дэлгэрэнгүй өгүүлсэн билээ.
32 төслийн хэрэгжилтийн талаарх дүгнэлт
Монгол, Орос, Хятад гурван улсын ЭЗК-ын хөтөлбөрт туссан 32 төслөөс 18 нь хэрэгжсэн болон хэрэгжиж байгаа төслүүд болно. Харин 14 төсөл нь хэрэгжээгүй болон хоцрогдолтой байна. Нийт төсөл 56.25 хувийн хэрэгжилттэй явж байна.
Гурван талын механизм бүрэлдэж, гол үүрэг гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар гурван талын хамтын ажиллагааны 10 эргэм механизм бүрдээд ажиллаж байна. Гурван талын механизм байгуулж ажиллах нь хамтын ажиллагааг урагшлуулах гол хөдөлгүүр болно. Тиймээс аж үйлдвэр, хорио цээр мэргэжлийн хяналт, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааны гурван талын механизмыг байгуулж ажиллах нь зүйтэй.
ЭЗК-ын төслүүдийн хэрэгжилт хараахан бодит үр дүнгээ өгөөгүй байна. ЭЗК-ын хөтөлбөрт тусгагдсан төслүүдийг хэрэгжүүлэх үйл явц эхлээд дөрвөн жил болж буй боловч Монгол Улсын эдийн засагт үзүүлэх шууд үр нөлөө нь хараахан гараагүй байна. Үүнийг механизм бүрдүүлэх, яриа хэлэлцээ хийх, улмаар төслүүдээ эхлүүлэх эхний үе шатанд явж байгаатай холбоотой гэж үзэж байна.
Хатуу дэд бүтцийн төсөл урагштай, зөөлөн дэд бүтцийн төслүүд хоцрогдолтой байна. Хэрэгжилт хоцрогдолтой төслүүд дотор харилцаа холбоо, мэргэжлийн хяналт, хорио цээрийн стандарт гэх мэт зөөлөн дэд бүтэцтэй холбоотой төслүүд голдуу орж байна. Тиймээс зөөлөн дэд бүтцийн төслүүдээ хатуу дэд бүтцийн төслийн хамт зэрэг урагшлуулахад анхаарч, энэ чиглэлээр гурван тал цаашид илүү нягт хамтран ажиллах шаардлагатай.
Санхүүжилтийн эх үүсвэрийг олон төрөлжүүлэх шаардлагатай байна. ЭЗК-ын дагуу хэрэгжүүлж буй төслүүдийн санхүүжилт гол төлөв Монгол Улсын төсөв, олон улсын санхүүгийн байгууллага, Хятадын банк, Хятадын хөнгөлөлттэй зээл, тусламж гэсэн төрлөөр хэрэгжиж байна. Одоог хүртэл Хятадын Торгоны зам сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, төр-хувийн хэвшлийн түншлэлийн загвараар санхүүжсэн төсөл алга. Цаашид дээрх байгууллагуудаас санхүүжилт авч чадаагүй, эсвэл санхүүжилт олгоогүй шалтгааныг цаашид нарийвчлан судлууштай юм.
ЭЗК-ын дагуу шинэ тутам том төсөл хэрэгжих боломж нэмэгдэж байна. 2016 онд ЭЗК-ын 32 төсөл дотор ороогүй байсан боловч сүүлийн хоёр жилээс төрийн тэргүүн нарын түвшинд хөндөгдөж эхэлсэн нэг том төсөл бол Орос, Хятадыг холбосон байгалийн хий хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан татах боломжийг судлах асуудал юм. Монголын талаас 30 жил дэвшүүлж буй уг саналд сүүлийн хоёр жилд хоёр хөршийн байр суурь нааштайгаар өөрчлөгдөх хандлага ажиглагдаж байна.
Ангилал: Долоо хоногийн тойм
Сүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23