Аюулгүй байдал судлалын хүрээлэн 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотноо “Европын аюулгүй байдлын тулгамдсан асуудлууд” сэдвээр шинжээчдийн хэлэлцүүлгийг ХБНГУ-ын Конрад-Адэнауэр Сантай хамтран зохион байгуулсан билээ. Тус хэлэлцүүлэгт ХБНГУ-ын Олон улс, аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн ахлах шинжээч, Германы Холбооны зэвсэгт хүчин (Бундесвер)-ийн чөлөөнд байгаа хурандаа Вольфганг Рихтер манай урилгаар оролцож, Европ тив дэх зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ өрсөлдөөний талаар илтгэл хэлэлцүүлсэн юм. Монгол Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын оролцогч улс болохын хувьд хэдий газар зүйн хувьд болон стратегийн ашиг сонирхлын хувьд хол сэдэв мэт боловч аюулгүй байдлын асуудлыг сонирхогч уншигч Танд хэрэгтэй мэдлэг, мэдээлэл агуулсан гэж үзэн зохиогчийн өөрийнх нь зөвшөөрлөөр орчуулан цувралаар нийтэлж байна. Илтгэлийн санааг гүйцэд тодотгох үүднээс англи эхэд байгаагүй зарим үгийг дөрвөлжин хаалт дотор нэмж оруулсныг анхаарна уу. Энэхүү өгүүлэлд дэвшүүлсэн санаа, дүгнэлтүүд нь зөвхөн зохиогчийн өөрийнх нь үзэл бодол, судалгааны үр дүн бөгөөд Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн байр суурийг илэрхийлээгүй болно.
Юуны өмнө энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, намайг урьж оролцуулж буй Аюулгүй байдал судлалын хүрээлэн, Конрад-Адэнауэр сангийн нийт ажилтнуудад талархлаа илэрхийлэхийг зөшөөрнө үү. Өнгөрсөн тавдугаар сард Берлин хотноо эхлүүлсэн санал бодлоо солилцох уулзалтын үргэлжлэл болсон энэхүү арга хэмжээнд оролцох завшаан тохиож буйд баяртай байна. Энэхүү хурлаар ОХУ-ын аюулгүй байдлын бодлогоос үүдэн гарч буй бодит байдал, өөрчлөлт, хөдөлгөөний талаар хэлэлцэх, дүн шинжилгээ хийх зорилго агуулж байгаа ажээ. Үүний хүрээнд намайг Европт дахин зэвсэглэлээр хөөцөлдөхөөс урьдчилан сэргийлэх арга замын талаар илтгэхийг та бүхэн хүссэн билээ. Оросын бодлогын тухай ярихаасаа урьтаж, нийт “Өрнөд”-ийн доторх аюулгүй байдлыг хангах үйл явцын талаар өгүүлж, олон улсын харилцааны шинэ нөхцөл байдал гэж хэлж болохоор үзэгдлийг тодорхойлох зарим чухал хүчин зүйлсийг шинжилье. Миний бие үүнийг хэлэхдээ “дэлхийн шинэ дэг журам” гэх томъёоллоос зориуд зайлсхийж байгааг анзаарна уу.
АНУ өөрийн үүсгэн байгуулалцаж, хагас зууны туршид давамгайлж ирсэн олон улсын дэг журмаа сахиулах үүргээ гүйцэтгэхээс бага зэрэг туйлдах болсон нь ажиглагдаж байна. Харин ч эсрэгээрээ, АНУ нь НҮБ-ын хүрээн дэх олон талт хамтын ажиллагаанд эргэлзэж, хилийн чанад дахь цэргийн оролцоогоо бууруулж, зэвсэг хураах болон улс төрийн бусад гэрээ, хэлэлцээрээс гарсаар байна. [Баяжуулсан ураны нөөцийг бууруулах] Үйл ажиллагааны иж бүрэн нэгдсэн төлөвлөгөө, Дунд болон ойр тусгалын пуужинг хориглох тухай гэрээ тус тус хүчингүй болсноос хойш, Афганистан дахь цэргийн оролцоог зогсоох оролдлого хийхтэй зэрэгцэн умард Сириэс америкийн хэдэн зуун цэргийн алба хаагчийг татан гаргасан явдал бол үүний хамгийн сүүлийн жишээ болно. Үүгээрээ гарсан хоосон орон зайг нөхөх бололцоог Турк, Орос хоёрт тавьж өгөв. Хэдий тийм боловч эдгээр үйлдэл нь шинэ үеийн “Америкийг тусгаарлах” бодлогын илрэл, дохио гэж үзвэл ташаарсан хэрэг болно. АНУ-ын улс төрийн элит, олон нийтийн хооронд гүнзгий хуваагдал үүссэн төдийгүй төр, засгийн хүрээнд ч Америкийн гадаад болон аюулгүй байдлын бодлого цаашид хэрхэн замнах ёстой талаар хурц зөрчил ажиглагдаж байна. Тиймээс, дээр дурдсан үйлдлүүд нь дэлхий дахинд үүрч буй ачаагаа хөнгөлөх, Энэтхэг-Номхон далай, Зүүн Ази зэрэг хүндийн шинэ төвүүдэд анхаарлаа төвлөрүүлэхэд чиглэсэн тактикийн шилжилтийн алхам ч байж болох юм. Энэхүү шилжилт ерөнхийлөгч Б.Обамагийн үед хэдийнээ эхэлсэн ба тухайн үед “Ази руу чиглэсэн эргэлт” хэмээн нэрийдэж байсан. Үүний сацуу ерөнхийлөгч Д.Трампын үед АНУ цөмийн зэвсэгтэй Хойд Солонгосыг тогтоон барихад чиглэсэн үйл ажиллагааг илүү эрчимтэй явуулах болсон ба үүний үг дүн хэр байгаа нь харин эргэлзээтэй юм.
Ойрхи Дорнодын хувьд, АНУ уг бүс нутгийг орхин гарах ямар ч шинж тэмдэг үгүй. Америкийн цэргийн зарим хүч умард Сири дэх курд хүн ам зонхилсон нутгаас гарч байгаа ч, Саудын Араб руу илүү олон тооны цэргийн хүч нэмж илгээх замаар бүс нутаг дахь давамгай байдлын төлөө Ирантай сөргөлдөх тэмцлээ эрчимжүүлж байна. Ираны талаарх Д.Трампын бодлого нь Ираны цөмийн хөтөлбөрийг зогсооход чиглэж байсан Б.Обамагийн эвлэрэнгүй бодлогоос огцом эргэсэн шинжтэй. 2016 онд баталсан Үйл ажиллагааны иж бүрэн нэгдсэн төлөвлөгөөг Европын холбоо (ЕХ)-ны гурвал, Б.Обамагийн засаг захиргаа, Орос, Хятад зуучлан боловсруулсан юм. Үүнийг зогсоосноор Ираны цөмийн хөтөлбөрийг сэргээх эрсдэл дагуулаад зогсохгүй нөхцөл байдлыг цаашид тогтворгүйжүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгийг хагалан бутаргах уршигтай. Тухайлбал, АНУ Ирантай худалдаа хийж буй өөрийн холбоотнуудынхаа эсрэг авах болсон “хоёрдагч хориг арга хэмжээ” хэмээгч нь ЕХ-г өөрөөсөө түлхээд зогсохгүй дүрэмд суурилсан олон улсын дэг журмыг сахиулагч гэх нэр хүндийг нь ганхуулах магадлалтай. Үүний зэрэгцээ Д.Трампын засаг захиргаа Европ дахь холбоотнуудаа НАТО-ийн батлан хамгаалах төсөвт оруулах хувь нэмрээ ихэсгэж ДНБ-ийхээ хоёроос доошгүй хувийг зориулахыг шаардах болсон. Энэ асуудлын хүрээнд Д.Трамп НАТО-ийн батлан хамгаалах үйл хэрэгт АНУ-ын оролцоог хумих, Германаас цэргээ гаргах зэргээр сүрдүүлсэн юм. Гэсэн хэдий ч чухам Европт л Америкийн язгуур ашиг сонирхол оршиж байдаг билээ. Ийм учраас ч Д.Трампын багийн зарим өндөр албан тушаалын хүмүүс, ялангуяа батлан хамгаалахын удирдлагаас өөр хоорондоо зөрчилдсөн гэмээр мэдэгдлүүд үе үе гарч, тэдгээрийг нь Төрийн департаментын зүгээс заримдаа эерүүлэн залруулж байгаа нь харагддаг.
АНУ-ын дотоод улс төрийн бужигнаантай үе нь хоёр туйлт дэг журам хэдийнээ үгүй болоод удсан, хагас зуун илүүтэй хугацаанд оршсон Амеркийн давамгайллыг сөрөн зогсох хүчний шинэ төвүүд өндийж буй цагтай давхцав. Хятад улсад бүс нутагтаа давамгайлах, дэлхий дахинаа тэнцвэр барихын төлөө тэмцэхэд шаардагдах эдийн засгийн хүчин чадал ба улс төрийн хүсэл зориг байгаа бол Оросын хувьд стратегийн тэнцвэр хадгалахад шаардагдах цэргийн хүчин чадалтай хэдий ч эдийн засгийн чадавх нь дунд зэргийн түвшинд байна. Өрнөдөөс хөндийрсөн Орос, адил хүчин чадал бүхий дөрвөөс таван хүчний төв бүхий олон туйлт дэг журмыг тогтоох стратегийн нийтлэг зорилтынхоо төлөө Хятадтай ойртон нэг тал болж байна. Ийнхүү дэлхийн геополитик, их гүрнүүдийн өрсөлдөөний үе эргэн ирлээ. Дэлхий дахинд болон Европ, түүний хаяа хязгаарт чиглэсэн Оросын гадаад болон аюулгүй байдлын бодлого, мөн эн тэргүүнд Сирид явуулж буй үйл ажиллагааг нь тайлбарлахын тулд дээр өгүүлсэн ерөнхий зураглалыг сайтар ойлгох нь чухал. Орос өөрийгөө АНУ-тай стратегийн өрсөлдөөнд орсон гэж харж байгаа ч Европтой өрсөлдөж байгаа гэж төдийлэн үзэхгүй байгаа юм. Орос Европыг АНУ-аас бодлогын хувьд хамааралгүй, стратегийн хувьд бие даасан байлгахыг хүсэж байгаа. Ийм өнцгөөс харж байгаа тул Орос нь НАТО-г Европт хамааралтай байгууллага гэж харахгүй, Европ дахь Америкийн цэргийн нөлөөг хадгалах зориулалттай эвсэл гэж үзнэ. НАТО дорно зүгт өргөжин тэлж буй нь Москвагийн нүдэнд Америкийн цэргийн оролцоо төдийгүй цөмийн хүчин чадлыг Оросын хил рүү тулган байрлуулах алхам болж харагдана. Тиймээс Оросын цэргийн номлолд НАТО-г шууд заналхийлэх аюул хараахан биш ч гэсэн аюулгүй байдлын эрсдэл мөн хэмээн тодорхойлж, ялангуяа Балтийн болон Хар тэнгисийн бүс нутагт Оросын хилийн ойр АНУ, түүний холбоотны хүчин байрлахыг [ашиг сонирхлоо хөндөж буйд] тооцжээ.
Украины мөргөлдөөний хувьд, Москва өөрийгөө “ах дүү Украины ард түмэнтэй” биш, АНУ-ын стратегитай тэмцэж буй гэж харж байна. 2014 онд Оросын талыг баримтлагч ерөнхийлөгч В.Януковичийг түлхэн унагасан “Майданы хувьсгал”-ыг Өрнөдөөс зохион байгуулсан гэж тэд үздэг. Киевт тогтсон шинэ түр засгийн газар эхнээсээ Украиныг НАТО-д элсүүлэх чиг шугам баримтлахаа зарласан нь Москвад Хар тэнгисийн эрэг дагуух стратегийн байр сууриа алдах түгшүүр төрүүлсэн юм. Тухайлан, Крымийн хойг, Севастополь хот дахь Оросын тэнгисийн цэргийн 80 орчим баазын асуудал хөндөгдөнө гэж үзсэн. 1997 онд байгуулсан [Орос-Украины] хоёр талын гэрээ ёсоор ОХУ 17 мянга хүртэлх цэргийн алба хаагчдаа тэнд байрлуулах эрхтэй байсан юм. Үүнээс 10 мянга орчим нь 2014 оны гуравдугаар сард В.Янукович Киевийг орхиж гарсны дараа Кремль уг хойгийг өөртөө нэгтгэхээр шийдэх үед тэндээ байсан. Харин Крымд байрлаж байсан Украины цэргийн хүч тоогоор илүү атлаа улсынхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалж чадаагүйгээр барахгүй, зарим нь Оросын талд дүрвэн гарсан байдаг. Бүр 2008 онд Гүрж дэх дайны үеэр Оросын Хар тэнгисийн флот Гүржийн эргийг бүслэн хааснаас үүдэн Украины ерөнхийлөгч В.Ющенко Оросын флотыг нутгаасаа хөөн гаргахаар заналхийлснээс үүдэн ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабт Крымийг цэргийн хүчээр өөртөө нэгтгэх төлөвлөгөөг боловсруулж эхэлсэн байх ч магадлалтай. Хэдий тийм байлаа ч Крымийг нэгтгэсэн явдлаа Москва “ойрхи хилийн чанад дахь эх орон нэгтнүүдээ хамгаалах үүргээ биелүүлсэн” гэх тайлбарыг олон нийтэд зориулан гаргасан юм. Крымийг нэгтгэсэн явдлаа улс үндэстнүүдийн өөртөө засан тохинох эрхийг эш татан зөвтгөсөн ч зүүн Украины Донбассын бүс нутагт зэвсэгт бүлэглэлүүдийг зөвхөн далдуур дэмжсэн юм. Өрнөдийн бүх улс эдгээр үйлдлийг олон улсын эрх зүйг зөрчсөн хэмээн буруушаасан. Хамтын аюулгүй байдлын гэрээний байгуулллага дахь Оросын ойр холбоотнууд нь хүртэл Крымийг нэгтгэсэн явдлыг хүлээн зөвшөөрөөгүй. Харин Беларусь Донбассын мөргөлдөөний эрчмийг бууруулах, гал зогсоох хэлэлцээг өөрийн нийслэл Минскт явуулан зуучлахыг санал болгосон. Минскийн хэлэлцээ, Донбасс дахь Оросын стратеги хоёр нь Крымийн хэрэг явдал үүнээс огт өөр зорилготой байсныг илчлэн харуулсан юм. “Эх орон нэтгнүүдээ хамгаалах” хэмээн томъёолсон үндэсний, “хүмүүнлигийн” зорилт нь эцэстээ Крмыийг цэргийн хүчээр нэгтгэх стратегийн зорилтыг дэргэд хоёрдагч ач холбогдолтой байсан нь нэгэнт тодорхой болжээ.
Олон улсын эрх зүйг зөрчиж байгаа байдал нь өөрөө, мөн “эх орон нэгтнүүдээ хамгаалах” хэмээн тайлбарлаж буй албан ёсны үндэслэл нь хөрш оруудад, тухайлбал, Латви, Эстонид тэдгээр улсын хүн амын 26-30 хувийг бүрдүүлдэг орос хэлт хүмүүсийн эрхийг хамгаалах нэрээр үүнийгээ давтаж болзошгүй гэсэн түгшүүр төрүүлээд буй. Литва, Польш ч Оросын Калининград мужтай шууд хиллэх тул дээрх болгоомжлолыг хуваалцаж байна. Үүний хариу болгож НАТО-ийн Уэльс (2014), Варшав (2016), Брюссель (2018)-д болсон дээд хэмжээний уулзалтуудаар Балтийн улсууд ба Польшийг цэргийн хүчээр дэмжих хэд хэдэн арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн. Эдгээрийн хамгийн дорвитой нь НАТО-ийн Түргэн байрлах хүчний бэлэн байдал, хүчин чадлыг дээшлүүлэх, гишүүн улсуудын болон олон улсын агаарын орон зайд үйлдэх агаарын эргүүлийг тогтмолжуулах, том хэмжээний цуврал хээрийн сургууль зохион явуулах, тус бүр нь 1,100 алба хаагчаас бүрдсэн сэлгэн байрлах байлдааны дөрвөн бүлгээс бүрдсэн Дэмжлэгийн зузаатгасан хүчийг Балтийн гурван улс ба Польшид байрлуулах, Румынд сургалтын бригад байрлуулах зэрэг болно.
Дээр дурдсан арга хэмжээнүүдийг НАТО-ийн бүх гишүүн орнууд бүрэн санал нэгтэйгээр дэмжин шийдвэрлэсэн юм. Хэдийгээр уг эвслийн “хязгаар дагуух” орнууд илүү олон тооны, илүү хөдөлгөөнтэй цэргийн хүч байрлуулахыг хүсэж байсан ч Герман, Франц болон Баруун Европын хэд хэдэн улс 1997 онд байгуулсан НАТО-Оросын харилцааны үндсэн гэрээгээр хүлээсэн үүргээ сахин биелүүлэхийн тулд Оросын хилд тулгаж байрлуулах холбоотны цэргийн хүчийг хязгаарлах ёстой гэсэн байр сууриа хатуу хамгаалсан юм. Уг баримт бичгээр, НАТО шинэ тутам гишүүн улсуудын нутаг дэвсгэрт том хэмжээний байлдааны анги, нэгтгэлүүдийг байнга байрлуулахгүй гэсэн улс төрийн амлалт өгсөн байдаг. Орос ч энэхүү томъёоллыг өөрийн зүгээс сахиж, Калининград, Псков мужид, түүнчлэн Норвег улстай байгуулсан хоёр талын тохиролцооны дагуу Хойд Европт томоохон нэгтгэл байрлуулахаас татгалзаж ирсэн байдаг. Энэ мэтийн хязгаарлалтыг сахиснаараа Баруун Европын улсууд Украины хямралыг шийдвэрлэсний дараа мөргөлдөөний эрчмийг бууруулах, аюулгүй байдлыг хамтын ажиллагааг сэргээх үүд хаалгыг нээлттэй үлдээнэ гэсэн найдвар тээсэн юм. Энэ хүрээнд Герман “Нормандын дөрвөл” хэмээх форматад мөн оролцож байна. Энэ нь Орос, Украин, Францын ерөнхийлөгч нар болон Германы канцлерийн бүрэлдэхүүнтэй, зүүн Украин дахь мөргөлдөөнийг зохицуулах зорилготой юм. Герман улс 2016 онд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ыг даргалах хугацаандаа Европ дахь ердийн зэвсэглэлд хяналт тавих механизмыг сэргээх нөхцлийг судлах, үндэс суурийг тавих зорилго бүхий “Загварчилсан яриа хэлэлцээ”-г санаачилсан. Орос 2014 онд Украинд нэвтэр орсноос үүдэн НАТО Оростой “өмнөхийн адилаар харьцахгүй” хэмээн тунхаглаж, Москватай хийж байсан улс төр, цэргийн аливаа яриа хэлэлцээг зогсоосон тул [Германы дээрх санаачилга] зайлшгүй шаардлагатай байв. Ойр орон зайд цэргийн үйл ажиллагааны давтамж нэмэгдсэн, улс төрийн сөргөлдөөн хурцадсан хямрал бүхий цагт цэргийн аливаа үйл ажиллагааг талууд харилцан буруу ойлгох, цаашид даамжрахаас сэргийлэх үүднээс яриа хэлэлцээ зайлшгүй шаардлагатай юм. Хэрэг дээрээ аюул заналын талаарх хоёр талын төсөөлөл, “Хүйтэн дайн” дууссанаас хойших хамгийн ноцтой хямралын уг сурвалжийн талаарх харилцан зөрчилдсөн үнэлгээ нь улс төрийн аливаа шийдлийг хүчгүйдүүлж байна. Москвагийн үзэж буйгаар, энэхүү хямрал 2014 оноос бүр өмнө, АНУ болон түүний холбоотнуудын Косово (1999), Ирак (2003), Ливи (2011)-д хийсэн хууль бус цэргийн ажиллагаа, 2011 оноос хойш Сирийн исламист босогчдод үзүүлж ирсэн дэмжлэг, Пуужингийн довтолгооноос хамгаалах системийг хязгаарлах тухай зэрэг зэвсэг хураах гэрээ, хэлэлцээрүүдээс АНУ дангаараа гарсан явдал, Европт ердийн зэвсэглэлийг хязгаарлах тухай гэрээг хэрэгжүүлэх хэлэлцээрт тавьсан хориг, НАТО-Оросын харилцааны үндсэн гэрээ болон ЕАБХАБ-ын хүрээнд харилцан тохиролцсон стратегийн хязгаарлалтын зарчмуудыг үл тоомсорлож ирсэн байдал зэргээс үүдэлтэй аж. АНУ нь дээр дурдсан үүрэг амлалтуудаа зөрчин Оросын хил рүү НАТО-г тэлэн өргөтгөх замаар Оросын аюулгүй байдлыг эмзэг болгож өөртөө геополитикийн давуу тал буй болгохыг зорьсон гэж Москва нотолдог.
Энэ бүхний зэрэгцээ эрсдэлийн талаарх хоёр талын харилцан [адилгүй] төсөөлөл нь геостратегийн тэгш хэмгүй [зорилтуудыг] тодотгож байна. НАТО хэдий цэргийн хүчин чадлын хувьд ерөнхийдөө давуу боловч Балтийн тэнгисийн салбар бүс нутаг дахь стратегийн тэнцвэрийг хадгалахыг зорьж байгаа бол Оросын хувьд, АНУ-тай дэлхий дахины стратегийн тэнцвэрийн төлөө өрсөлдөхийг урьтал болгож байна. Гэхдээ хоёр тал цэргийн сонор сэрэмж, бэлэн байдлаа дээшлүүлж байгаа хэдий ч, сөргөлдөөнийг санамсаргүйгээр даамжруулахыг эрмэлзэхгүй байгаа юм. Одоо үйлчилж буй зэвсэглэлд хяналт тавих гэрээ, хэлэлцээрүүд болон итгэлцэл, аюулгүй байдлыг бэхжүүлэх арга хэмжээнүүд нь зэвсэглэлээр хөөцөлдөхөөс сэргийлэхэд шаардлагатай цэргийн ил тод байдал, урьдчилан тааварлахуйц байдал, стратегийн хязгаарлалтыг бүрэн дүүрэн тогтоож чадахгүй байгаа юм.
Үргэлжлэл бий.
Ангилал: Долоо хоногийн тойм
Өмнөх нийтлэл
“БАЯЛГИЙН ХАРААЛ”-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН БУС ҮР ДАГАВАРСүүлд нэмэгдсэн
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02