Хосолмол дайн – Технологийн хувьсгалын “найрал хөгжмийг” удирдах нь – I
2019-08-23
Йохан Шмидт1, Ральф Тиеле2
ӨНӨӨГИЙН технологийн 4-р хувьсгал хөгжил, дэвшлийг бий болгохоос гадна хосолмол (hybrid) гэх дайны шинэ эрин үед ашиглагдаж шинэ аюул заналыг бий болгож байна. Улс орны улс төр, нийгэм, эдийн засаг, аюулгүй байдалд цэргийн болон цэргийн бус хосолмол арга хэрэгсэл, технологи хэлбэрээр өргөнөөр хэрэглэгдэж эхэллээ.
Технологийн хувьсгал дэвшилтэт олон технологиудыг бий болгож, тэдгээр нь хоорондоо “найрал хөгжим” мэт уялдан хоршиж шинэ эриний хэмнэл, аяс, өрнөлийг бий болгож байна. Ялангуяа тэдгээр нь хосолмол дайнд цогцоор хэрэглэгдэн хиймэл оюун, 5G интернет, хиймэл дагуулын “торон бүрхүүл”-д суурилсан хувь хүн, нийгмийг хянах, үзэл бодол, оюун санаанд нөлөөлөх, агаар сансар, кибер орчинд тагнан турших, цэрэг техникийг удирдах шинэ систем, нисгэгчгүй төхөөрөмж, робот техник бүхий зэвсэгт хүчнийг бий болгож Цэрэг дайны шинэ 5-р хувьсгалын суурь болж байна. Ийм хосолмол дайнд ашилагдаж буй технологийн хувьсгалын цэргийн ”найрал хөгжмийн” онцлог , удирдаач, удирдан хөтлөх асуудлыг хөндсөн ХБНГУ-ын аюулгүй байдал судлалын нэрт стратегич, эрдэмтдийн өгүүллийг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр орчуулан цуврал хэлбэрээр хүргэж байна. Зохиогчдын үзэл бодол, өгүүллийн агуулга манай хүрээлэнгийн байр суурийг илэрхийлэхгүй болно.
1. Хосолмол дайны сорилт
ХОРИН нэгдүгээр зуунд улс орнуудын аюулгүй байдал, хөгжил дэвшилд хосолмол дайны аюул занал тулгарч байна. Хосолмол дайн гэдэг нь цэргийн болон цэргийн бус талбарт хослон явагдаж, цэрэг, улс төр, нийгэм, эдийн засаг, кибер орчин, оюун санааны бүх чиглэлд, бүс нутаг дамнан, нарийн төвөгтэй, цогц ажиллагаа хэлбэрээр зарим улс орнуудын төр, төрийн бус бүлэглэл, этгээдүүд өдөөн, хөтлөн явуулж эхлээд байна.
Оросын зүгээс Умард болон Балтын тэнгисийн бүс нутаг, мөн тухайлбал Украйнд худал мэдээлэл тарааж, цахим халдлага хийж, цэрэг зэвсгийн хүчээр аюулгүй байдалд нь сорилт учруулсаар байна. Тухайлбал, стратегийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд Орос улс хөрш орнууддаа хүч, эрх мэдлийн элдэв арга хэрэгслийг ашиглан хосолмол дайны үйл ажиллагааг бараг л нээлттэй зарласан дайны хэмжээнд явуулж байна.
Мөн улам хүчирхэгжиж буй Хятад улс Европын улсуудын хүндэрсэн эдийн засгийг хөрөнгийн эх үүсвэрээр хангаж, боомт, нисэх буудал, үйлчилгээний байгууллагуудын хувьцааг авч эзэмших замаар газар зүйн стратегийн байршил, эдийн засгийн салбаруудад нөлөөлөл, байр сууриа бэхжүүлж байна. Орос, Хятад улсууд өөрсдийн хүч, нөлөөгөө улам нэмэгдүүлэхийн тулд харилцаа, хамтын ажиллагаагаа уялдуулан идэвхжүүлж байна.
Украйны жишээ заналхийлэгч улстай нягт холбоотой, дотно харилцаатай, илүү их харилцан хамааралтай байх тусам хосолмол дайнд өртөх эрсдэл их байдаг нэгэн чухал уялдааг харуулж байна.
Энэ эгзэгтэй үед Европын хил хязгаар, тухайлбал, өмнөд хэсгээрээ сул, задгай байна. Европын нийгэм дэх хагарал нэмэгдэн гүнзгийрч буй нь эмзэг байдлыг бий болгож, үүнийг зөвхөн Орос гэлтгүй хосолмол халдлага хийж болох бусад бүх этгээдүүд ч ашиглах боломжтой болж байна. Хүч, зэвсэг хэрэглэхгүй байсан ч цэргийн хүчин чадал өөрөө хосолмол дайны арга хэрэгслийг хэрэглэхэд нэмэлт боломжийг олгодог байна. Учир нь цэргийн хүчээр сүрдүүлэн далайлгах, давамгайлах, хурцадмал байдал бий болгох чадамж нь өөрөө улс төр, нийгэм, сэтгэл санаанд нөлөөлж, бүх төрлийн хосолмол халдлага хийж амжилтад хүрэхэд нь дэмжлэг болдог байна.
Украйны жишээ нэгэн чухал уялдааг харуулж байна. Заналхийлэгч улстай нягт холбоотой, дотно харилцаатай, илүү их харилцан хамааралтай байх тусам хосолмол дайнд өртөх эрсдэл их байдаг, ийм дайны арга хэрэгсэл хэрэглэхэд дөхөм, нийгэм, эдийн засагт нь хохирол учруулах боломжийг нэмэгдүүлж байдаг байна. Үүнээс үзэхэд даяаршил, олон улсын нягт харилцаа, харилцан уялдаа, холбоо нь хөгжил дэвшлийн эерэг, урьтал хүчин зүйл байдаг боловч хосолмол дайны арга хэрэгслийг хэрэглэх нэмэлт барьцыг олгодог байна. Украйн, Орос гэх мэт ойр, дотно байсан орнуудын хувьд улс хоорондын зөрчилдөөн үүсч, ялангуяа иргэний дайн болох үед хосолмол дайны арга замыг сонгох нь тохиромжтой байж болох юм.
Украйны тулалдааны талбарт хэрэгжүүлсэн хосолмол дайны тэр хэлбэр нь Европын орнуудын эсрэг хэрэглэгдэх аваас Европ тивд, цаашлаад Европын холбоо, НАТО-гийн аль алиных нь аюулгүй байдлаа хангах, ийм төрлийн халдлагыг сөрөн зогсох чадавхид нь онцгой сорилт болохоор байна. Өнөөгийн өнцгөөс харахад НАТО-гийн батлан хамгаалах хүчтэй шууд тулалгүй, сөргөлдөөнд хүргэхгүй заналхийлэх нь боломжгүй байж ч магад. Жишээ нь байнга суртал, нэвтрүүлэг хийж олон нийтийн сэтгэл санаанд нөлөөлөх, жагсаал, цуглаан өдөөж тогтворгүй байдал бий болгож тухайн улсад дотроос нь аюул үүсгэж, бүр цэрэг дайны заналхийллийг ч бий болгож болох юм. Батлан хамгаалах бодлого нь гаднаас ирэх заналхийлэлд чиглэгдсэн байдаг НАТО, ЕХ-ны аль алины хувьд аюулгүй байдлын ийм шинэ төрлийн, учир битүүлэг, үл таних дотоод болон гадаад орчинд дээрх сорилтуудаас өөрийгөө болон гишүүн улс орнуудаа хүлээсэн үүргийн дагуу хамгаалахад бэлэн бус байгаа бөгөөд бүр хамгаалж ч чадахааргүй байна.
Хосолмол дайны аюул занал, хор уршиг, мөн чанарыг технологийн хөгжлийн шинэ хандлагууд огцом нэмэгдүүлж байна. Шинээр үүсч буй технологийг хосолмол дайнд ашиглах боломж, үүнээс үүсч болох шинэ төрлийн аюул заналыг мэдэрч, ач холбогдол өгч байгаа боловч тэдгээрийн үнэмлэхүй чадавх, чадамжийн талаар цөөхөн хүн л төсөөлж байна. Улс төр, нийгэм, батлан хамгаалах салбарын шийдвэр гаргагчид хосолмол дайны онцлог, энэ төрлийн сөргөлдөөнд хүч хэрэглэх, хүчирхийллийн шинэ төрлийг бий болгох боломж бүхий технологийн шинэ хандлагын хор уршгийн тухай илүү мэдлэгтэй болох шаардлагатай нь тодорхой болов. (Schmid 2019a). Тэд хосолмол аюул заналыг үр дүнтэй сөрөн зогсоход зайлшгүй шаардлагатай бүх хүч хэрэгслийг ашиглах, итгэл төгс, бие даасан шийдвэр гаргаж, удирдлагаар хангах чадвартай болох хэрэгтэй байна. Учирч буй шинэ сорилтын мөн чанарын тухай ард иргэд ч бодит мэдлэг, нийтлэг ойлголтод хүрэх нь чухал юм.
Хосолмол дайнд давшингуй байх стратеги, тактикийг илүүд үздэг бөгөөд өөрөөс давсан сөргөлдөгчийн эсрэг ч гэнэтийн үр дүнтэй цохилт хийх өргөн боломж байдаг.
Хэрэв өнөөгийн технологийн хувьсгал дэвшилтэт олон технологиудыг бий болгож, тэдгээр нь хосолмол дайнд цогцоор хэрэглэгдэж байгаа бол тэр үйл явцыг хэн, хэрхэн удирдан хөтлөх вэ? Гэсэн асуудал чухал болж байна. Орос, Хятад шиг авторитар улсуудад удирдан хөтлөх асуудал эрх зүй, улс төр, ёс суртахууны аль ч талаас асуудалгүй. Харин ардчилсан улсад энэ бол нэн бэрх, огт өөр зүйл. Хосолмол дайныг сөрөн зогсоход бүр ч их зүйлс дэнсэнд тавигдаж, НАТО-гийн хэвшсэн номнол, “бэлэн байж, тодорхой болгож, хамгаал“ гэсэн уламжлалт хандлагыг шинэчлэх шаардлагатай болж байна.
2. Хосолмол дайны номлолын асуудлууд
ЕР нь бүх л дайныг хосолмол гэж хэлж болно, гэвч дайн хийх тусгайлсан хосолмол арга зам гэж бас байна. Цэргийн ажиллагаа төвт дайнаас ялгаатай нь түүний гол зангилаа зэвсэгт хүчинд төвлөрдөггүй (Schmid 2017a). Хосолмол дайн хэдийгээр мөн чанарын хувьд нэг их шинэ зүйл биш боловч гарч буй тохиолдол бүр нь ялгаатай, цоо шинэ илрэлтэй байна. Ийм хосолмол дайн нарийн учигтаа стратегийн агуулгатай бөгөөд хосолмол дайныг удирдан хөтлөх асуудлын хувьд дараах гурван гол шинж чанараар тодорхойлогдоно.
Нэгдүгээрт, дайн, тулалдааныг шийдвэрлэх гол анхаарлыг цэрэг, зэвсгийн бус салбарууд руу төвлөрүүлэн чиглүүлэх.
Хоёрдугаарт, дайн ба энх, анд ба дайсан, дотоод болон гадаад аюулгүй байдал, иргэний болон цэргийн, төрийн болон төрийн бус байгууллага зэргийн зааг дахь бүрхэг нөхцөл байдлуудад ажиллагаа явуулах.
Гуравдугаарт, дайн хийх зэвсэгт болон зэвсэгт бус, ердийн болон ердийн бус, ил болон далд “цоо шинэ” арга зам, тактик, стратеги ба үзэл санааг ямагт зэрэгцүүлэн, бүтээлчээр хослуулж, удирдан хөтлөх ажиллагааг хэрэгжүүлэх.
Хэдийгээр хосолмол дайн хийж буй талууд зэвсэгт хүчин болон дайны ажиллагааг хязгаарлагдмал хэмжээнд явуулахад чиглэсэн шууд бус болон шинэлэг стратегиудыг баримтлахыг эрмэлздэг боловч хосолмол дайн, дайн, тулалдааны номнол, дүрмээр явагдаж, бүх үе шатуудыг агуулдаг байна. Цэргийн хүч хэрэглэхийг хязгаарлагдмал хүрээнд удирдан зохицуулж болно гэж санагдаж байсан ч хүндрэл, бэрхшээл тулгарч, байдал хяналтаас гарч, зэвсэгт мөргөлдөөнд ч хүрч болох юм.
Хосолмол дайн цэргийн бус талбарт төвлөрөн явагдаж, урт удаан хугацаанд үргэлжилж, шууд ялан дийлэх гэсэн улс төрийн зорилгодоо заавал хүрэхийг цэргийн шийдвэр гаргагчид нь шаарддаггүй. Мөн тухайн улсын цэргийн хүч чадал нь сөргөлдөгч талын удирдлага, нийгэмд хүчтэй нөлөөлж, шууд дайтах шийдвэр гаргахаас зайлсхийж, цэргийн бус ажиллагаанд төвлөрөхөд хүргэхэд хангалттай хэмжээнд байх ёстойг Донбасс болон Вьетнамын хоёрдугаар дайн харуулсан юм. Энэ утгаараа үзэл санаа, итгэл үнэмшилд нөлөөлж чадах хосолмол дайны арга хэрэгсэл нь хүчтэй зэвсэг болох боломжтой. Хосолмол дайнд ерөнхийдөө л давшингуй байх стратеги, тактикийг илүүд үздэг бөгөөд өөрөөс давсан сөргөлдөгчийн эсрэг ч гэнэтийн үр дүнтэй цохилт хийх өргөн боломж байдаг.
Хосолмол дайн хийгч талын стратеги, арга хэрэгслийг урьдчилан, бүрэн дүүрэн илрүүлэхгүйгээр хариу арга хэмжээ авах бараг боломжгүй. Иймд урьдчилан сэргийлэх нь хосолмол дайны сорилтуудыг сөрөн зогсох урьтал нөхцөл юм.
Мөн сөргөлдөөнд өөрийн зорилго, оролцоог далдалж эсвэл бүр үгүйсгэхийн хамт шаардлагатай бол хязгаарлагдмал хүч хэрэглэх, эсрэг талын (улс төр, эдийн засаг, нийгэм, кибер орчин г.м) байгууламжийн завсрын давхаргуудад далд ажиллагаа явуулж төөрөгдүүлэх, тодорхойгүй байдал үүсгэх боломжийг олгоно. Үндэсний эв нэгдэл, ард иргэд, нутаг дэвсгэр, нийгмийг шууд бус, далдуур хэсэглэн хуваах “салами тактик”-ийг зугуухан хэрэглэж, эсхүл бүр эсрэгээр, огцом, гэнэтийн довтлох ажиллагаа явуулж барьц алдуулж, дайсны талд хохирол учруулж, ихээхэн чармайлт гаргаад ч өөрчилж чадахааргүй хүнд нөхцөл байдалд оруулдаг байна. Хосолмол дайралтанд өртөж буйгаа ихэнх тохиолдолд хохирогч тал мэдрэхгүй байдаг бөгөөд хэт оройтож гэнэт мэдэхэд хүргэхүүц тийм сорилтыг довтолж буй тал бий болгодог. Ийм байдалтай нүүр тулсан жижиг, буурай орнууд болон Умард Солонгос, Иран зэрэг террорист улсуудад хосолмол дайны ажиллагаа нь гарцаагүй татагдан орохоос өөр сонголт үлдээдэггүй байна.
Хүчирхэг улсуудад ч улс төрийн сонирхлоо эрсдэл багатайгаар гүйцэлдүүлэх таатай хэрэгсэл байж болох юм. Ийм учраас байнга өөрчлөгдөх, олон талт, ихэнхдээ далд, бүрхэг нөхцөл байдлыг бодитойгоор үнэлж, эсрэг талын стратегийн зорилгыг илрүүлж, танин мэдэх явдал нь хосолмол халдлагыг сөрөн зогсох, тэмцэх ажиллагааны гол хэсэг байх ёстой. Хосолмол дайн хийгч талын стратеги, арга хэрэгслийг урьдчилан, бүрэн дүүрэн илрүүлэхгүйгээр хариу арга хэмжээ авах бараг боломжгүй юм. Иймд урьдчилан сэргийлэх нь хосолмол дайны сорилтуудыг сөрөн зогсох урьтал нөхцөл юм. Нөхцөл байдлын олон талт үнэлгээ хийхийн тулд эсрэг талын үйл ажиллагаа, идэвхжлийн хүрээг бүрэн хамрах шаардлагатай. Шийдвэр гаргагчид бүрэн дүүрэн төсөөлөл, ойлголттой байх шаардлагын үүднээс нөхцөл байдлын урьдчилсан үнэлгээний хамрах хүрээг цэрэг, дайны нөхцөл байдлаас гадна, нийгэм, эдийн засаг, үзэл бодол, ухамсар, кибер орчин, шинэ технологиудын нөлөөлөл зэрэгт өргөтгөх шаардлагатай. Үүний тулд хосолмол дайны ажиллагааны хүрээг нь бүрэн ойлгох судалгаа, мэдээлэл, дүн шинжилгээний шинэ арга хэрэгсэл, технологи ашиглахыг шаардах бөгөөд ингэснээр л зөв шийдвэр гаргах боломжтой болно. Тухайн цаг үеийн дүн шинжилгээ, хэвийн бус байдлыг мэдэрч чадах нь хосолмол халдлагыг илрүүлэх ажиллагааны чухал бүрдэл болно. Халдлага, ээдрээт үйл явдал, өрнөлийг дохиолон илтгэж болох цахим мэдээ, мэдрэгч, хүн, нийгэм, бүртгэл, өгөгдлийн систем, хөдөлгөөнт холбоо, байршил зүйн мэдээллийн тасралтгүй, үлэмж урсгалыг боловсруулах чадавх нь нөхцөл байдлын үнэлгээ хийхэд нэн чухал болж байна.
Дүгнэлт
ХЭДИЙГЭЭР зэвсэгт хүчин, цэргийн хүч хэрэглэх нь хосолмол дайн болон түүний ажиллагаанд чухал үүрэгтэй боловч ердийн буюу цэрэг төвт дайныг бодвол хосолмол дайны стратегийн цохилтын төвлөрөл зэвсэг, техникт тулгуурладаггүй, цэргийн бус арга хэрэгслээр хийдэг үүнд технологийн хувьсгалын ололтуудыг өргөнөө ашиглах боллоо. Энэ нь ардчилсан улс орнуудын улс төр, нийгэм, батлан хамгаалах салбарын удирдлагуудын анхаарууштай зүйл юм. Хосолмол дайн, түүнийг өдөөгчид, тэдгээрийн стратегийн тухай ул суурьтай дүн шинжилгээг тогтмол хийж байх нь хосолмол дайны арга хэрэгсэлтэй тэмцэх, хариу арга хэмжээ авах гол чадавх болж байна. Хосолмол дайны тухай иж бүрэн мэдлэгтэй болох, үнэлэлт дүгнэлт хийж сурах нь байдлыг хэт үнэлэх, илүү үйлдэл хийхээс сэргийлэх бөгөөд энэ нь шийдвэрлэх ач холбогдолтой юм.
(үргэлжлэл дараагийн дугаарт)
1 Dr. Johann Schmid, Director COI Strategy and Defence, European Centre of Excellence for Countering Hybrid Threats
Ангилал: Долоо хоногийн тойм
Өмнөх нийтлэл
Бээжин далайд хүчирхэгжихийг эрмэлзэж байнаСүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19