Гурван их гүрний сонирхлын зөрчил хүчний тэнцвэрийг тогтоон барьж, дорвитой өөрчлөлт гарах боломжийг хааж байна
Аюулгүй байдал судлалын хүрээлэн ОХУ, АНУ, БНХАУ болон нөлөө бүхий бусад улсын шинжээчид, бодлого боловсруулагчид нөгөө талынхаа бодлого, стратегийг хэрхэн ойлгож, түүнд тохирсон ямар арга хэмжээг өөрийн төр, засгийн удирдлагад санал болгож байгааг мэдээллийнхээ зарим дугаараар тоймлон хүргэж эхлээд байгаа билээ. Энэ оны нэгдүгээр сард АНУ-ын “Хэритэйж” сангийн шинжээч Мартин Мөрфигийн бичсэн Оросын цэргийн номлолын талаарх өгүүллийг орчуулан нийтэлсэн бол энэ дугаараар Оросын “Регнум” мэдээллийн агентлагийн олон улсын тоймч Александр Халдейн 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн нийтлэлийг орчуулан хүргэж байна. Зохиогчийн хэл, найруулгын онцлог, ашигласан нэр томъёог ямар нэг өөрчлөлтгүйгээр шууд буулгасан ба монгол хэлээр илүү ойлгомжтой, тодорхой болгох үүднээс нэмж оруулсан үгийг дөрвөлжин хаалтад хийв. Уг нийтлэл дэх аливаа дүгнэлт, дэвшүүлсэн үзэл санаа нь зөвхөн зохиогчийнх бөгөөд Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн байр суурь биш болно.
ДЭЛХИЙ нийтэд АНУ, Хятадын хоорондын зөрчил эн тэргүүнд тавигдаж байгаа мэт харагдавч үнэн хэрэгтээ Орос, АНУ-ын зөрчил голлох үүрэг гүйцэтгэсээр байгаа. [Америкийн хувьд] Хятадтай зөрчилдөж байгаа нь Оростой зөрчилдсөний үр дагавар бөгөөд Хятадын эдийн засаг хэчнээн аварга том хэдий ч өнөөг хүртэл түүний дэлхий дахины үүрэг нөлөө Орос, АНУ хоёрын хооронд тогтсон хүчний хуваарилалтаас хамаарсаар буй. “Москва-Бээжин-Вашингтон” гурвалжин гурван хөлт сандлын тэнцвэрийн дүрмийн дагуу тогтвортой бүтцэд нэгэнт шилжжээ.
Энэ гурвалжингийн аль ч тал нөгөө хоёртойгоо ашиг сонирхлын зөрчилтэй. Чухам энэхүү зөрчил нь уг бүтцийг бүхэлд нь тогтворжуулж, хүчний тэнцвэрт бодитой өөрчлөлт гаргахгүй барьж байна. Уг зөрчлийн эх сурвалж ч тодорхой. АНУ [тухайн үедээ] ЗХУ-тай тэмцэлдэхдээ Хятадыг эдийн засгийн хувьд бэхжүүлсээр өнөөдөр өөртөө нэн ашиггүй байдал үүстэл нь өндийлгөсөн.
Хэдий тийм боловч АНУ-аас Хятад руу чиглэсэн капиталын дайжилт ашигтай байдаг нь дэлхийн хэмжээнд бүтээгдэхүүний өөрийн өртгийн 30-аад хувьд хүрдэг ажиллах хүчний үнэлэмж [Хятадад] үлгэрийн мэт хямд байдагтай холбоотой. Азид хийх ямар ч хөрөнгө оруулалт Өрнөдөд тогтсонтой харьцуулахад заавал хямд өртгөөр зардлаа нөхөх тул глобал эдийн засагт заавал ашигтай тусч байдаг. Ази татгалзахын аргагүй саналыг Өрнө дахинд тавьсан [гэсэн үг].
Хятадыг ардчилалгүй хэмээх АНУ-ын шүүмжлэл нь худал яриа юм – чухам Азид ардчиллын уламжлал байхгүй явдал нь тэнд хөдөлмөрийн хэт мөлжлөгийг орлогын эх үүсвэр болгож ашиглах нөхцөлийг бүрдүүлж байгаа. Азид Өрнөдөд байдагтай адил үйлдвэрчний эвлэл, парламентын ардчилал байсан бол цалин хөлсний хамгаалалт Өрнө, Дорнын хоорондын ялгааг аль хэдийн арилгачих байсан. Капиталын экспортоос олох ашиг үгүй болж, орлогогүй хоцрох байсан. Чухам Азийн олон түмний улс төрийн соёлын хэвшмэл, уламжлалт загвар л өрнөдийн глобализмыг оршин тогтнуулж байгаа билээ.
Дэлхийн төв, хязгаар хоёрын хоорондох хүчин чадлын ялгаа бол хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүчин зүйл мөн. Үүний үр дүнд төвөөс хязгаарт шилжих шилжилт явагдана – энэ бол бүх цаг үе, бүс улс түмэнд нэгэн адил үйлчлэх томъёо. Төв өөрийн эрх ашгийн үүднээс хязгаарыг хөгжүүлнэ, тэр нь эргээд [төвийн] өөрийнх нь эрх мэдлийг мөхөөнө. [Улмаар] шинэ төв, шинэ хязгаар бүхий шинэ тогтолцоо үүсч, бүх үйл явц хуучнаараа, гэхдээ шинэ тоглогчидтойгоор дахин өрнөдөг.
Орос, АНУ, Хятадын хоорондох ашиг сонирхлын зөрчил дараах агуулгатай. Хятадыг АНУ дахь глобалист хүчнүүд өндийлгөсөн, мөн тэд гаргаж болох бүхнийг АНУ-аас Хятадад гаргаж, тэнд хямдаар үйлдвэрлэн глобал банк, [санхүүгийн] байгууллагуудаар дамжуулан өөрсдөө хянаж байдаг дэлхийн зах зээл дээр борлуулж байгаа статус-квог хэвээр хадгалах сонирхолтой.
АНУ-ын эрх баригчдын глобалист жигүүр Трампыг байнга оролдож, Москватай хэлэлцээ хийлгэхгүй байх, өөрсдийн хяналтан дахь бүтцээр [дамжуулан] Оросын эсрэг өдөөсөн зөрчилдөөнд татан оруулахыг зорьж буй.
Трамп глобализмын эсрэг, америкийн үндэсний хөрөнгөтнийг [төлөөлж буй] удирдагч болохын хувьд АНУ-ыг бэхжүүлэхийг зорьж байгаа. Үүнийг зөвхөн глобалистуудын ноёрхлын бааз суурь болсон Хятадыг доройтуулснаар гүйцэтгэж чадна. Худалдааны дайн, дайсагнасан үг хэллэг, харилцан ажиллагааны эдийн засгийн хүчин зүйл рүү тасралтгүй довтолж буй зэрэг [бүгд] үүнээс үүдэлтэй.
Харин энэ нь Америкийг хүч мөхөстөж буй төвийн байранд тавьж, хязгаараа өөрийн гараар өндийлгөснөөр АНУ-ын статусыг үгүй хийж байгаа явдал тэдэнд огт хамаагүй –глобалистууд өөрсдийгөө АНУ-тай холбож ойлгодоггүй, суугаа орноо зөвхөн нөлөөгөө бэхжүүлэх хэрэгсэл гэж хардаг. Ийнхүү өнөөгийн Хятадын талд Трампыг эсэргүүцэгч америкийн глобалист хүчнүүд зогсож байна.
Бодитойгоор [дүгнэвэл] хятадын тал баримтлагч америкийн глобалистууд л пост-зөвлөлтийн орон зайд нөлөөгөө сэргээн тогтоох замаар үндэснийхээ сэргэн мандалд тэмүүлж буй Оросын гол дайсан юм. [Сайхь орон зайг] глобалистууд өөрийн нутаг дэвсгэр хэмээн өмчилж, Орост буулт хийн өгөх бодолгүй байгаа. Чухам энэ л Трампыг Оросын жам ёсны холбоотон болгож байна – глобалистууд хэмээх нийтлэг дайсны [өнгөн дээрх] ашиг сонирхлын нэгэн цаг үеийн давхцал нь “Их наймаа”-г дэндүү аз сорьсон хэрэг болгож байна. Трамп өөрөө ч үүнийгээ шууд хэлсээр ирсэн ба үүгээрээ ч Москвагийн сонирхлыг татсан.
Үүнийг ойлгосон АНУ-ын эрх баригчдын глобалист жигүүр Трампыг байнга оролдож, Москватай хэлэлцээ хийлгэхгүй байх, өөрсдийн хяналтан дахь бүтцээр [дамжуулан] Оросын эсрэг өдөөсөн зөрчилдөөнд татан оруулахыг зорьж буй. Хятад Трамптай Оросоос илүүтэйгээр тааламжгүй харилцах нөхцөл ийнхүү бүрдсэн. Оросын хувьд АНУ дахь гол зөрчил нь Трамптай биш, либерал жигүүр дэх түүний дайснуудтай байгаа [бол] Хятадын хувьд зөрчил нь Трамптай, харин холбоотнууд нь Трампын дайснуудын лагерьт байна.
Үүний сацуу Орос, Хятадын хувьд Америкийн дотоод дахь эвлэршгүй дайсан болсон фокус бүлэг нь өөр өөр байгаагаас үл хамааран Трампын засаглал тогтворгүйтэх нь АНУ-ыг Хятадын хувьд ч, Оросын хувьд ч бүхэлдээ цэргийн аюул болж хувиргана. Орост глобализмыг эсэргүүцэгчид, Хятадад глобалистууд ашигтай. Энэ нь АНУ-ын талаарх Орос, Хятадын хоорондын ашиг сонирхлын зөрчлийг үүсгэж байгаа юм. [Түүнчлэн энэ нь] олон улсын бүхий л томоохон асуудлаар [хоёр улсын ашиг сонирхол] зөрнө гэсэн үг.
Трамп энэ зөрчил дээр тоглож болох бөгөөд тэгэх ч гэж улайрч байгаа, харин глобалистууд боломж олгохгүй байна. Трамп зөвхөн глобалистуудыг үг дуугүй буулгаж авсан нөхцөлд л Орос, Хятадын хооронд амжилттай яс хаяж чадах ба одоогоор энэ нь боломжгүй зүйл. Хэрвээ Трамп үнэмлэхүй ялалт байгуулсан бол АНУ Орос хоёр Хятадгүйгээр наймаалцах боломж хавьгүй илүү байх байсан.
Ингэх нь ч зүйтэй байх басан – Хятад өөрт нь л ашигтай бол АНУ-тай Оросын эсрэг юу ч болоогүй юм шиг тохиролцож чаддаг байхад Орос өөртөө ашигтай нөхцөлд мөн тэгж болохгүй нь юу гэж? Харин ийм ашиг одоогоор байхгүй байгаа нь өөр хэрэг. Геополитикийн зорилго давхцахгүйгээс шалтгаалан Оросын хувьд Хятадтай гүнзгий эвсэх нь ашиггүй, [уг харилцаа нь] америкийн эсрэг чиглэсэн цэргийн болон эдийн засгийн бүрэн гүйцэд холбоотон бололгүйгээр нэлээд өнгөц хэлбэртэй. Чингэх нь эн тэргүүнд Хятадад хэрэггүй, Орост ч мөн хэрэггүй. Гар чөлөөтэй байхыг бүгд эрмэлзэнэ. Хожуу ЗХУ-ын үед Хятад бол бүр ч манай эсрэг талд байсан түүхтэй, харин үүний буруутан нь Сталины гэрээслэлээс урвасан зөвлөлтийн удирдлага байсан ч хамаагүй.
Чухам Оросын нутгийг Хятад залгихаас сэрэмжилсэн явдал нь АНУ 1990-ээд онд Оросыг бүрэн задлахгүй үлдээх [нөхцөл болсон юм]. Чухам энэ нь тогтоон барих сэдэл болсноос биш АНУ ямар нэгэн зүйлийг алдаад өнгөрөөчихсөн явдалгүй. Америк хэзээ ч, юуг ч алдаж өнгөрөөдөггүй ба ийм юманд итгэх нь аюултай төөрөгдөл. АНУ 1990-ээд онд Оросыг нэгмөсөн сөхрүүлээгүй нь Сибирь, Алс Дорнодыг Хятадад өгөхгүй гэсэн тов тодорхой үндэслэлтэй. Харин Орос орон цаг хугацааг өөрийнхөө хөгжилд ашигтайгаар эргүүлэн тулган хүлээлгэсэн тоглоомын дүрмээс хүчлэн гарч эхэлсэн нь өөр асуудал юм.
Оросыг хүчирхэгжүүлэх, доройтуулахын аль аль нь Хятадад ч, АНУ-д ч ашиггүй. Яг үүн шиг Хятадыг ч, АНУ-ыг ч, хүчирхэгжүүлэх, доройтуулахын аль аль нь Орост мөн ашиггүй.
Оросыг хүчирхэгжүүлэх эсхүл доройтуулах нь Хятадад ч, АНУ-д ч ашиггүй. Яг үүн шиг Хятадыг ч, АНУ-ыг ч, хүчирхэгжүүлэх эсхүл доройтуулах нь Орост мөн ашиггүй. Сул дорой Орос тэдний гарт ашиглагдахгүй, хүчихрэг [Орос] саад тотгор, аюул занал болно. Гурван тал гурвуул харилцан бие биедээ хамгийн их нөлөөлөхийг эрмэлзэнэ, [бусдыгаа] доройтуулах нь хүчний аюултай вакуум [орон зай] үүсгэж, хүчирхэгжүүлэх нь сөргөлдөөний мухардалд хүргэнэ гэдгийг ойлгож байгаа.
Орос, Хятадын цэргийн хамтын ажиллагаа нь АНУ-ыг хэн толгойлохоос үл хамааран тогтоон барих нэгдмэл зорилгод үйлчлэх ба мөн адилаар НАТО ч Орос, Хятадыг тогтоон барих зориготой. Хятадтай эдийн засгийн талаар хамтран ажиллах нь одоогоор зэвсэглэл, түүхий эдээр л хязгаарлагдаж байна. Орост хийх Хятадын хөрөнгө оруулалт бүхэлдээ унаж байгаа, ашиггүйгээс өсгөх хүсэлгүй байна. Харин Хятад өөрөө тэргүүлэх глобалист болох санаатай глобалистуудтай эвсэн хөгжиж байгаа бол Оросын хувьд глобалистуудын ялалт мөхөлд хүргэнэ. [Тэр цагт] Америк, Хятадын хэн тэргүүлэх нь ямар ч ялгаагүй.
Гол нь – энэ хуваарилалтад [Орост] тэргүүлэх байр суурь олдохгүй. Гадаад зах зээлд найдах боломжгүй. Тиймээс хөгжлийн эх үүсвэр нь цэвэр дотоодынх байна. Үүгээрээ [Оросын] байр суурь америкийн дотоод нөөц бололцоонд тулгуурлаж буй Трампынхтай адил юм. Харин Хятад Трамп болон глобализмын эсрэг хүчнийхнээс болгоомжилж, борлуулалтын зах зээл, санхүүжилтийн эх үүсвэрээ алдахаас айх тул хөгжлийнхөө суурь нөхцөлийг мөн л дотоодоосоо эрэлхийлнэ.
Энэ бүхнээс үүдэн глобализм үхээгүй юм аа гэхэд үхлүүт байна гэж хэлж болохуйц мэт. Гэхдээ мэдээж тийм биш. Глобализм дэлхийн тавцанд дахин гарч ирэхээр хүчээ нягтруулж, төвлөрүүлж байна. Дэлхийд хүчний хэд хэдэн төв байгаа тохиолдолд глобализм арчигдахгүй. Гагцхүү түүний агуулгын төлөө – энэ үйл явцыг хэн залах вэ гэдэг тэмцэл л явагдана. Таталт, түрэлт харилцан солигдох тул глобализм бол бодит хандлага бөгөөд түүнтэй тэмцэх нь тэнэглэл гэж үздэг хүмүүсийн зөв. Глобализмын эсрэг биш, харин глобализмд өөрийн байр суурийг эзлэхийн төлөө тэмцэх ёстой.
Ийнхүү Трампыг эсэргүүцэгчидтэй [хийх] Оросын тэмцэл, Хятадын талынхантай [хийх] Трампын тэмцэл нь Орос, Хятадын холбоог нэлээд өвөрмөц болгож байгаа юм. Орос Хятадтай харилцаа цогцлуулснаараа АНУ-ын доторх Хятадын түшиглэдэг бүлгийг сулруулахыг эрмэлзэнэ. Харин Хятад Оростой харилцаа цогцлуулснаараа АНУ дахь Оросын түшиглэх боломжтой хүчнийг сулруулахыг эрмэлзэх болно.
Үүний сацуу АНУ-ын доторх глобалистууд болон глобализмыг эсэргүүцэгчдийн хооронд гадаад бодлогын бүхий л хүрээний асуудлуудаар хатуу тогтоосон зааг байхгүй, тэдгээрийн үзэл бодлын давхцал их, зөвхөн [үзэл санаагаа] хэрэгжүүлэх арга барилын хувьд ялгагддаг зэрэг нь Орос, Хятадын ойртолтыг зүй ёсных болгодог.
Ингэж дэлхий дахин дахь хүчний харьцааны нэлээд тогтвортой дүр зураг бий болсон ба аливаа үйлдэл түүнд тохирсон эсрэг үйлдэлтэй тулгарна. Байр суурийн мухардал түүнийг даван туулах арга хэрэгслийг ямагт шаарддаг. Зарчмын хувьд гурван их гүрэн чухам үүнийг л хийж байгаа бөгөөд өөрийн хүчинд тулгуурлах бодлогын чиглэлийг хэсэг зуур сонгон авч, хүчээ төвлөрүүлж, шинээр давшилтад бэлтгэхэд шаардагдах алхмуудыг хийхэд өнөөгийн шатанд саад болж буй дотоод дахь глобалистуудаа тусгаарлах чиглэл барьж байна.
Одоогоор талууд харилцан эмзэг, бие биеэ саармагжуулж байгаа бол дэлхий дахины үйл явц шаварт суусан гурван трактор хий эргэсээр, үүнтэй зэрэгцээд тэднийг танк болгон хувиргаж буйтай зүйрлэж болно.
Хэдий тийм боловч глобализмыг үзэгдлийнх нь хувьд үгүйсгээгүй тул гурван их гүрний дотоод дахь глобалистуудын хүчийг бүрэн бут цохихгүй, тэднийг нөөцөд авч байгаа. Одоо тэднийг зөвхөн тактикийн зорилгоор түр сулруулах л зорилт тавигдаж байгаа, харин стратеги өөрчлөгдөхгүй. Глобалистууд одоогоор глобализмыг эсэргүүцэгч хүчнийхний хэрэгжүүлж буй манёврыг явуулахад туслах ёстой. Гэхдээ глобалистуудын хувьд чингэх нь мөн чанартай нь зөрчилдөх тул [тэдний үзүүлж чадах] хамгийн сайн дэмжлэг бол хэсэг зуур зайгаа барьж, саад болохгүй байх явдал. Харин тэд үүнийг албадлагагүйгээр хийж чадахгүй тул глобалистууд болон глобализмыг эсэргүүцэгчдийн хооронд зөрчил байсаар байх болно.
Зарчмын хувьд хэлэлцээ бол бүх талууд бие биенээ эмзэг газраас нь атгасан нөхцөл байдал юм. Ийм нөхцөл байхгүй бол хэлэлцээ хийхгүй, дайн болно. Хэрэггүй цагт дайн гарахаас сэргийлж, шинэ дайны нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө л хэлэлцээ хийдэг.
Хэлэлцээ бол ямагт дайнд бэлтгэхийн халхавч байдаг. Харин одоогоор талууд харилцан эмзэг, бие биеэ саармагжуулж байгаа бол дэлхий дахины үйл явц шаварт суусан гурван трактор хий эргэсээр, үүнтэй зэрэгцээд тэднийг танк болгон хувиргаж байгаа мэт. Энэ нь бидэнд хэчнээн тэсвэрлэмээргүй санагдавч, улс төрийн үйл явцын өнөөгийн үе шат бусад бүх хувилбартай харьцуулахад хамгийн нийцэмжтэй нь гэж хэлж болно.
Ангилал: Долоо хоногийн тойм
Сүүлд нэмэгдсэн
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02