Даяар шинжтэй Хятадын гадаад стратеги

2018-07-09

https://niss.gov.mn/wp-content/uploads/2018/07/1200x674-1.jpg

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2012 онд эрх барьснаас хойш хятадын гадаад бодлого эрс идэвхэжсэн билээ. Ши Жиньпиний бүрэн эрхийн эхний хугацаанд 2014 онд Хятадын Коммунист Намын төв хорооны (НТХ) Гадаад ажлын анхны хурлыг хөрш орнуудын бодлогоор явуулсан. Энэ нь ямагт их гүрнүүдтэй харилцах харилцааг чухалчлан анхаарч ирсэн өмнөх үеэс өөр, үүгээрээ ч сонирхолтой байсан.

Ши Жиньпиний бүрэн эрхийн хоёр дахь хугацаа эхлэхэд 2018 онд НТХ-ны Гадаад ажлын эхний хурлыг 6 дугаар сарын 22, 23-ны өдөр зохион байгууллаа. Тус ажлын хурал дээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин илтгэл тавьж, гадаад бодлогын шинэ чиг хандлагыг илэрхийллээ. Энэ сарын тоймд Шинэ эрин үеийн Хятадын гадаад харилцааны үзэл санаа, бодлого, чиг хандлагыг тоймлон хүргэж байна.

Хятадын гадаад бодлогын үзэл санааны 10 зүйл

Хятадын Коммунист намын төв хорооны Гадаад ажлын хурал дээр Ши Жиньпин тавьсан илтгэлдээ “Шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын гадаад харилцааны үзэл санаа”-г дараах 10 зүйлд багцлан тодорхойллоо. Үүнд:

  1. Намын төв хороогоор удирдуулсан нам гадаад ажлыг нэгтгэн зангидаж чиглүүлнэ,
  2. Хятад үндэстний сэргэн мандлыг эрхэм үүрэг болгож, Хятадын онцлогтой их гүрний гадаад харилцааг урагшлуулна,
  3. Дэлхийн энх тайван, хамтын хөгжлийг эрхэм зорилго болгон хүн төрөлхтний нийтлэг хувь заяаг бататгана,
  4. Хятадын онцлогтой социализмыг үндэс болгон стратегийн итгэлээ бэхжүүлнэ,
  5. Хамтын зөвшилцөл, хамтын бүтээн байгуулалт, хамтын үр ашиг гэсэн зарчмаар “Бүс, Зам”-ыг бүтээн байгуулна,
  6. Харилцан хүндэтгэж, хамтдаа хожсон энх тайванч хөгжлийн замаар замнана,
  7. Гадаад харилцааны ажлын царааг харгалзан дэлхий даяар түншлэл байгуулна,
  8. Эрх тэгш, шударга ёсыг эрхэмлэн даян дэлхийн засаглалын системийн өөрчлөлтийг түүчээлнэ,
  9. Үндэсний язгуур ашиг сонирхлыг дээдлэн улсын бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаална,
  10. Дипломат ажлын шилдэг уламжлал хийгээд цаг үеийн онцлогийг хамтад нь чиглэл болгон Хятадын гадаад харилцааны онцлог загварыг бий болгоно,

2012 оноос хойш хятадын гадаад бодлогод гарсан шинэчлэлтийг энэ 10 зүйлээс харж болохын сацуу цаашид баримтлах чиг шугамыг мөн баримжаалж болно.

Эдгээр 10 зүйл бол Ши Жиньпиний эрх барих ирэх 5 ба 10 жилээр зогсохгүй түүнээс удаан баримтлах хятадын гадаад бодлогын жанжин шугам гэж ойлгож болно.

Учир нь дээрх 10 зүйл бол шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын гадаад харилцааны үзэл санаа юм. “Шинэ эрин үе” хэмээх ойлголтыг Ши Жиньпин 2017 оны 10 дугаар сард хуралдсан Коммунист намын 19 дүгээр их хурал дээр тавьсан илтгэлдээ анх дэвшүүлсэн. “Шинэ эрин үе”-ийн хамарч буй цаг хугацааг харвал “Хос 100 жилийн зорилт”-ын хэрэгжилтийн хугацаа буюу 2021 онд ХКН байгуулагдсаны 100 жилийн ой, 2049 онд БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ой тус тус тохиохуйд хятад үндэстнийг сэргэн мандуулсан байх “Хятадын мөрөөдөл”-ийг биелүүлэх үе хийгээд барианд оруулах угтвар энэ үеийг “шинэ эрин үе” гэж хамруулан ойлгож болохоор байна. Өөрөөр хэлбэл дээрх 10 зүйл бол Ши Жиньпиний эрх барих ирэх 5 ба 10 жилээр зогсохгүй түүнээс удаан баримтлах хятадын гадаад бодлогын жанжин шугам гэж ойлгож болно. Тэгвэл шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын гадаад харилцаа гэдэг нь чухам юу вэ, ямар зарчим баримтлах вэ, гол чиглэл нь юу вэ гэдгийг харахын тулд дээрх 10 зүйлийг задлан авч үзье.

Нэг. Намын төв хороогоор удирдуулсан нам гадаад ажлыг нэгтгэн зангидаж чиглүүлнэ.

Хятадад гадаад бодлогын шийдвэрийг хэн гаргадаг вэ? Зөвхөн гадаад бодлого төдийгүй ерөөс улс орны бүхий л чиглэл дэх дээд түвшний төлөвлөлтийг 70 жил эрх барьж буй Коммунист нам гаргадаг. Нам, Намын төв хороо, тэр дотроо НТХ-ны Байнгын гишүүд гадаад бодлогыг дээд түвшинд төлөвлөх ба үүнийг Ши Жиньпин дээрх байдлаар “нам гадаад ажлыг нэгтгэн зангидаж чиглүүлнэ” хэмээн томьёолжээ.

2012 онд Ши Жиньпин эрх мэдлээ авснаас хойш гадаад бодлогыг боловсруулах механизмыг сайжруулахаар Төрийн зөвлөл, ГХЯ-аас гадна хэд хэдэн шинэ байгууллага, бүтцийг бий болгохдоо голдуу Намын төв хорооны харьяанд төвлөрүүлсэн юм. Үүнд,

  • НТХ-ны Үндэсний аюулгүй байдлын зөвлөл: Гол функц нь гадаад, дотоод ерөнхий нөхцөлийг цогцоор нь төлөвлөж, үндэсний аюулгүй байдлын стратегийг боловсруулна.
  • НТХ-ны Интернэт ба мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын бүлэг: Гол функц нь бүх салбарын интернетийн аюулгүй байдал, мэдээлэлжилтийг цогцоор нь зохицуулж, хөгжлийн стратеги, макро төлөвлөлт, эрхзүйн зохицуулалт зэргийг судлан боловсруулна.
  • НТХ-ны Далайн эрхийн удирдлагын бүлэг: Далайн хүчирхэг гүрэн болох хөгжлийн стратегийг боловсруулах нь тус бүтцийн гол ажил юм.
  • НТХ-ны Цэргийн зөвлөлийн Цэргийн шинэчлэлтийг гүнзгийрүүлэх удирдлагын бүлэг.
  • Судалгааны байгууллагуудыг хөгжүүлэх удирдлагын бүлэг: Хятадын шинэ эрин үе дэх олон улсын стратегийн уураг тархи, оюуны талбарыг бий болгохоор 50-100 тинктанк байгууллагыг хамруулах ажээ.

Ийнхүү гадаад бодлогын шийдвэр гаргах гол функцийг Намын төв хороонд төвлөрүүлж, албан ёсны механизмыг бүрдүүлснээр намын бүтцийг гадаад бодлогын чиглэлээр илүү бэхжүүлэв. Гадаад бодлогын шийдвэр гаргах үйл явцад НТХ-оос гадна Төрийн зөвлөл, Гадаад харилцааны яам, хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд гол үүрэгтэй оролцдог, тэдгээрээс ирүүлсэн мэдээлэл дүн шинжилгээнд үндэслэн гол том шийдвэрийг НТХ-ны Байнгын хороон дээр гаргадаг. Хятадын гадаад харилцааны жанжин шугам, үндсэн чиглэл, бодлого, үзэл санааг мэдээж НТХ-ны Байнгын хороо тодорхойлдог юм.

Хоёр. Хятад үндэстний сэргэн мандлыг эрхэм үүрэг болгож, Хятадын онцлогтой их гүрний гадаад харилцааг урагшлуулна.

Ерөөсөө “Хятад мөрөөдөл”-ийг биелүүлэхэд хятадын гадаад харилцааны ажлын гол үүрэг чиглэхийг дээрх өгүүлбэрээс харж байна. Тэгвэл Хятадын онцлогтой их гүрний гадаад харилцаа гэдэг нь юу вэ, хятадын онцлог гэдэг нь юугаараа өөр вэ?

Гадаад хэргийн сайд Ван Игийн 2013 онд тайлбарласнаар Хятад ба бусад улсын эрх ашгийн нийцлийг олж, идэвхтэй санаачилгатай гадаад харилцаа явуулах болно хэмээсэн юм. Хятадууд эрх ашгийн зөрчилд биш, харин нийцэлд анхаарч байгаагийн зорилго нь олон улсын харилцаанд хүчний шилжилт явагдахад мөргөлдөөн, дайн гарцаагүй үүснэ гэж үздэг “төмөр хууль”-ийг эвдэх, өөрөөр хэлбэл Хятадын хүч чадал өсөж дэлхийн супер гүрэн болох явцдаа бусад их гүрэнтэй дайн, мөргөлдөөнд орохоос зайлсхийх арга сүвэгчлэхэд гол анхаарч, эндээс урган дэвшүүлж байгаа үзэл санаа, бодлого нь хятадын гадаад харилцааны онцлог болж байна. Ши Жиньпин эрх барьснаас хойш буюу 2012 оноос эхлэн Хятад улс их гүрний гадаад харилцааг ярих болсон ба мөн үеэс зэрэгцэн шинэ шинэ үзэл санааг дэвшүүлж эхэлсэн нь цөм мөргөлдөөн сөргөлдөөнөөс зайлсхийх, харилцан ашигтай хамтран ажиллахад чиглэсэн. Тухайлбал, Хятадын онцлогтой их гүрний гадаад харилцаа нь “харилцан хүндэтгэх, эрх тэгш шударга, хамтдаа хожсон хамтын ажиллагаа” бүхий шинэ төрлийн олон улсын харилцааг хөгжүүлж, хүн төрөлхтний нийтлэг хувь заяаг цогцлооно гэх мэтээр тунхаглав. Хятад улс их гүрэн боллоо ч дэлхийн түүхийг давтахгүй, хятадын соёл иргэншил, ёс суртахуунд суурилсан өөрийн гэсэн замналаар явна хэмээн тунхаглаж буй нь товчхондоо хятадын их гүрний гадаад харилцааны онцлог талыг бүрдүүлнэ гэж хэлж болно.

Хятад улс их гүрэн боллоо ч дэлхийн түүхийг давтахгүй, хятадын соёл иргэншил, ёс суртахуунд суурилсан өөрийн гэсэн замналаар явна хэмээн тунхаглаж буй нь товчхондоо хятадын их гүрний гадаад харилцааны онцлог тал гэж хэлж болно.

Гурав. Дэлхийн энх тайван, хамтын хөгжлийг эрхэм зорилго болгон хүн төрөлхтний нийтлэг хувь заяаг бататгана.

“Хүн төрөлхтний нийтлэг хувь заяа”-г цогцлоосноор дэлхий дахин мөргөлдөөн сөргөлдөөн дайн дажнаас зайлсхийж чадна гэж хятад үзэж байна. Нэг ёсондоо хүн төрөлхтөн бүгд нэг завин дээр сууж байгаагаа умартахгүй байх явдал аж. Хүн төрөлхтний нийтлэг хувь заяаг цогцлоох тухай ойлголт нь Хятадын их гүрний гадаад харилцааны гол үзэл санаа, хятадын дэвшүүлж буй нийтлэг үнэт зүйл юм. Хятад улс хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхдэг шугуйн хууль бүхий уламжлалт их гүрнүүдийн замаар замнахгүй, том жижиг орнууд эрх тэгш байх хятадын уламжлалд суурилах болно хэмээж буй. Тиймээс агуулгыг нь тодорхойлохдоо хүн төрөлхтний нийтлэг хувь заяаг “өнө удаан энхтайван, даяар аюулгүй, хамтдаа хөгжсөн, нээлттэй ууч, цэвэр сайхан” дэлхийтэй холбоно хэмээн ХКН-ын 19 дүгээр их хурлын илтгэлд онцложээ. Хятад улс “Хүн төрөлхтний нийтлэг хувь заяаг цогцлоох” үзэл санааг 2018 оны “Үндсэн хууль”-даа шигтгэж оруулсан, мөн Ши Жиньпин 2017 онд НҮБ-ын чуулганд тавьсан илтгэлдээ “хүн төрөлхтний нийтлэг хувь заяаг цогцлоож, хамтдаа хожин, нийтээр хүртдэг байх” тухай хятадын төслөө олон улсад танилцуулсан юм.

Дөрөв. Хятадын онцлогтой социализмыг үндэс болгон стратегийн итгэлээ бэхжүүлнэ.

Ши Жиньпиний хэлсэнчлэн Хятад үндэстний сэргэн мандал тун ч амаргүй бэрх бөгөөд нөр их ажил, хичээл зүтгэл гаргаж байж сая хэрэгжинэ. Хятад улс өөртөө бүрэн дүүрэн итгэлтэй байж гэмээ нь дэлхийн энх тайвныг бүтээн байгуулагч, глобал хөгжилд хувь нэмэр оруулагч, олон улсын дэг журмыг хамгаалагч байж чадна гэжээ.

Хятад улс XIX зууны дунд үеэс эхлэн 100 гаруй жил барууны орнуудын колончиллоос амссан “үндэсний гутамшиг”-аас гарч, БНХАУ байгуулагдсанаас хойш сүүлийн 40 жилд үсрэнгүй хөгжин, улсын хүч чадал бэхэжсэн энэ үед стратегийн итгэл нэн чухал байх бололтой. Өөрөөр хэлбэл энэ нь илүү дотооддоо чиглэсэн агуулга гэж болно. Хүчирхэгжин буй Хятад улс өдгөө дэвшүүлээд байгаа үзэл санаа, бодлого, үйл ажиллагаандаа гүн итгэлтэй, гуйвашгүй бат зогсох нь чухлыг гадаад харилцааны салбартаа уриалжээ.

Тав. Хамтын зөвшилцөл, хамтын бүтээн байгуулалт, хамтын үр ашиг гэсэн зарчмаар “Бүс, Зам”-ыг бүтээн байгуулна.

Ази, Африк, Европ гурван тивийг холбох асар том амбицтай “Бүс, Зам” санаачилга бол шинэ эриний хятадын их стратеги. Олон улс орныг хамарч буй “Бүс, Зам”-ын дагуу хэрэгжих төсөл хөтөлбөрийн хүрээнд оролцогч улс бүрийн эрх ашгийн харилцааг эвтэйхэн зохицуулах шаардлага ургана. Эрх ашгийг зохицуулахдаа хамтын зөвшилцөл, хамтын бүтээн байгуулалт, хамтын үр ашиг хэмээх зарчмаар хэрэгжүүлэх ажээ. Хятадын эрдэмтэн Ван Ивэйгийн дэлгэрүүлэн тайлбарласнаар хамтын зөвшилцөл гэдэг нь “Бүс, Зам” дагуух орнууд хятадтай хийх бүтээн байгуулалтыг зөвшөөрч дуртай байх явдал, улмаар хамтарч ажиллахаар тохиролцоонд хүрч чадсан тохиолдолд хятадаас санхүү, технологийн хөрөнгө оруулалт, хүний нөөцийн бэлтгэл зэргээр дэмжлэг авч бүтээн байгуулалт өрнүүлээд, эцэст нь үр ашгаа хамтдаа хүртэх гэсэн үйл явц байх ажээ.

Зургаа. Харилцан хүндэтгэж, хамтдаа хожсон энх тайванч хөгжлийн замаар замнана.

“Хятад улс энх тайванч хөгжлийн замаар явж чадах эсэх нь ерөөс бид дэлхийн боломжийг Хятадын боломж болгож, Хятадын боломжийг дэлхийн боломж болгон хувиргаж чадах эсэх, Хятад улс дэлхийн бусад улстай эерэг, харилцан ашигтай хамтдаа хожсон харилцааг урагшлуулж чадах эсэхээс шалтгаална” хэмээн Ши Жиньпин хэлснээс үзвэл Хятад улс энх тайванч хөгжлөөр замнах нь урьдач нөхцөлтэй байна. Хятадууд шинэ төрлийн олон улсын харилцааг хөгжүүлэхдээ харилцан хүндэтгэх үндсэн дээр хамтдаа хожсон хамтын ажиллагааг өрнүүлснээр сая энх тайванч хөгжил нь биеллээ олох нигуртай ажээ. Улс орнууд эрх ашгийн зөрчлөө хэрхэн гэтэлж, хамтдаа хожих хамтын ажиллагааг яаж өрнүүлэх вэ, аль нэг улс хамтдаа хожихгүй байна гэж гомдолловол яах вэ, энх тайванч хөгжил нь үнэхээр биелэх боломжтой юу гэсэн асуулт гарна. Хятадуудын хариулт бол “алив улс өөрөө аюулгүй байя гэвэл бусад улсыг ч аюулгүй амгалан байлгах ёстой, өөрөө хөгжмөөр байвал бусдыг ч бас хөгжүүлэх хэрэгтэй” гэх агаад ийм сэтгэлгээнд үндэслэн өөрөө хөгжихдөө бусдын хөгжлийг ч эрэлхийлснээр энх тайван аюулгүй өсөж дэвжиж болно гэсэн өөдрөг лоозонтой байна. Өдийг хүртэл дэлхий дээр баян улс улам баяжиж, буурай улс улам ядуурч байж таарахгүй буюу өнөөг хүртэл явж ирсэн дэлхийн хөгжлийн загварыг хятадууд шүүмжлэн, өөрсдийн хувилбарыг дэвшүүлж буй нь мөнөөх хятадын онцлогтой их гүрний гадаад харилцааны нэг хэсэг болой.

Улс орнууд эрх ашгийн зөрчлөө хэрхэн гэтэлж, хамтдаа хожих хамтын ажиллагааг яаж өрнүүлэх вэ, аль нэг улс хамтдаа хожихгүй байна гэж гомдолловол яах вэ, энх тайванч хөгжил нь үнэхээр биелэх боломжтой юу гэсэн асуулт гарна. Хятадуудын хариулт бол

Долоо. Гадаад харилцааны ажлын царааг харгалзан дэлхий даяар түншлэл байгуулна.

Нэгэнт Хятад улс жанжлагч их гүрнүүдийн хуучин замыг давтахгүй гэж буй бол холбоотны харилцааг үүсгэх учиргүй, ялангуяа уламжлалт цэргийн холбоо байгуулахгүй гэсэн үг. Үнэхээр ч Хятадад албан ёсны холбоотон улс гэж байхгүй. Хятад улс “холбоотонгүй, гэхдээ хамсаатантай байх” бодлого баримталж, сүүлийн жилүүдэд түншлэгч орнуудынхаа тоог асар идэвхтэй нэмж байна. Өдгөө Хятад дэлхийн 97 улс, олон улсын байгууллагатай янз бүрийн хэлбэрийн түншлэл тогтоож, “хамсаатны хүрээ”-гээ улам өргөжүүлсээр буй. Хятад улс глобал түншлэлийг хөгжүүлснээр олон улсад тогтвортой орчин бий болгоход хүчин зүтгэл гаргаж байна гэж үздэг.

Найм. Эрх тэгш шударга ёсыг эрхэмлэн даян дэлхийн засаглалын системийн өөрчлөлтийг түүчээлнэ.

Дэлхийн II дайны дараа бүрэлдсэн өнөөгийн дэлхийн засаглалын систем цаг үетэйгээ хөл нийлж амжихгүй байна гэж хятадууд үзэж буй. 19 дүгээр их хурлын илтгэлд “аль ч улс хүн төрөлхтний өмнө тулгараад буй сорилтыг дангаараа давж чадахгүй, аль ч улс өөөрийгөө тусгаарлах боломжгүй болжээ” хэмээн үзсэн бөгөөд Хятадын олон улс дахь байр суурь, нөлөө нэмэгдэж буйг дагаад дэлхийн засаглалын системийн өөрчлөлтөд идэвхтэй оролцох нь зайлшгүй шаардлага гэж харах болов. Ингээд 2018 онд Гадаад хэргийн сайд Ван И “бид үндэсний эрх ашгаа хамгаалахын сацуу дэлхийн энх тайвныг бүтээгч, дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулагч, дэлхийн дэг журмыг хамгаалагч болов” хэмээн итгэл төгс мэдэгдэж, хятадын их гүрний идэвхтэй гадаад бодлого нь тодорхой хэмжээнд биежиж эхэлснийг илтгэсэн юм. Хятадынхаар тэгвэл дэлхий ямар байх ёстой вэ? Ямартаа ч одоо байгаа дэлхийн дэг журмыг хятадууд үгүйсгэгч бол биш, гэхдээ шүүмжлэгч. Дэлхийг засаглагч субъект нь цөөн хэдэн улс биш олон байх ёстой гэж үздэг учраас олон туйлт дэлхийг дэмждэг, иймд НҮБ болон 20-ийн бүлгийг илүү үүрэг гүйцэтгэх ёстой гэж үздэг. Засаглалын объект нь хүн төрөлхтний өмнө тулгарч буй том жижиг бүхий л асуудлууд юм. Юутай ч өнөө цагт даяаршлыг улам гүнзгийрүүлж, улс орнууд нээлттэй худалдаа өрнүүлж, глобал сорилтыг НҮБ-ын зохицуулалт дор нийтээр шийдвэрлэх, улс хооронд тулгарч байгаа зөрчил асуудлаа эв зүйгээр шийдье гэсэн байр суурийг Хятад баримталж байна.

Хятад улс “холбоотонгүй, гэхдээ хамсаатантай байх” бодлого баримталж, сүүлийн жилүүдэд түншлэгч орнуудынхаа тоог асар идэвхтэй нэмж байна.

Ес. Үндэсний язгуур эрх ашгаа дээдлэн улсын бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо хамгаална.

“Бид энх тайванч хөгжлийн замаар явна. Гэвч зүй ёсны эрх ашгаа хэзээ ч хөсөр хаяхгүй, үндэсний язгуур ашиг сонирхлоо хэрхэвч золихгүй. Ямар ч улс бидэнтэй эрх ашгаар маань наймаалцана гэж саналтгүй, бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашигт маань хохиролтой зүйл хийлгэнэ гэж найдалтгүй” хэмээн Ши Жиньпин удаа дараагийн хурлын индрээс эрс хатуу мэдэгддэг. Хятадууд бусад улстай эрх ашиг нийцэж буй талыг аль болох олж хамтарна гэж илэрхийлдэг боловч хэрэв ашиг сонирхол зөрчилдвөл, тэр нь аюулгүй байдал төдийгүй хөгжлийн эрх ашигтай холбоотой байвал Хятад улс эрс хатуу байр суурь баримталж, эрх ашгаа тууштай хамгаалах нь тодорхой. Тэгвэл эндээс үүсэх хурц зөрчил, цаашлаад болзошгүй мөргөлдөөнөөс хэрхэн сэргийлэх вэ, мөнөөх олон сайхан үзэл санаануудаа хий хоосон лоозон болгохгүйн тулд Хятад улс яах ёстой вэ гэдэг нь хятадын гадаад бодлогын өмнө тулгарах том сорилт байх болно.

Арав. Дипломат ажлын шилдэг уламжлал хийгээд цаг үеийн онцлогийг хамтад нь чиглэл болгон Хятадын гадаад харилцааны онцлог загварыг бий болгоно.

Хэрэвзээ Хятад улс их гүрэн болохдоо бусад их гүрний жанжлах замыг давтахгүй гэвэл олон улсын харилцааны цоо шинэ замналыг гаргах шаардлагатай гэсэн үг. Тэр зам Ши Жиньпиний хэлсэнчлэн үнэхээр амаргүй байх болно. Практик дээр биелүүлж нотлох, онолын түвшинд боловсруулах ч шаардлага гарна. Хятад улс дээр дурдсан есөн зүйлд дэвшүүлсэн Хятадын онцлогтой их гүрний гадаад харилцаа, шинэ төрлийн олон улсын харилцаа, энх тайванч хөгжил, харилцан хүндэтгэж, хамтдаа хожсон хамтын ажиллагаа, “Бүс, Зам”-ын бүтээн байгуулалт, эрх тэгш шударга ёс бүхий дэлхийн засаглал зэрэг үзэл санаа, бодлого, зарчим нь цөм нийлэн хятадын гадаад харилцааны онцлог загварыг бүрдүүлэх бололтой.

Ийнхүү дээрх 10 зүйлд өнгөрсөн 5 жил хийгээд ирээдүйд баримтлах хятадын гадаад бодлогын гол концепц цөм багтжээ. Концепцын гол санааг хялбарчлан ойлговол: “Хятад улс их гүрэн болж байна. Гэлээ ч өмнөх их гүрний алдааг давтахгүй гэж үзнэ, энэ нь хятадын онцлог болно. Давтахгүй байхын тулд харилцан хүндэтгэж, хамтдаа хожих зарчим баримтлан, дэлхий даяар түншлэл тогтооно. “Бүс, Зам”-аар холбогдон нягтарна. Улс хоорондын энэ харилцааг “шинэ төрлийн олон улсын харилцаа” гэж нэрлэнэ. Энэ харилцааны дүнд Хятадын энх тайванч хөгжил хэрэгжиж чадна. Их гүрэн энх тайвнаар хөгжиж, том жижиг бүх улс хамтдаа хожсоноор “хүн төрөлхтний нийтлэг хувь заяа” цогцлон бүрэлдэнэ. Үүнийг хэрэгжүүлэхэд олон туйлт ертөнц бүрдсэн байвал тохиромжтой. Хятадын идэвхтэй оролцоо бүхий дэлхийн дэг журам ингэж шинэчлэгдэн хөгжинө. Энэ бүх явцад хятадын гадаад харилцааны онцлог загвар бүрэлдэж бий болсон байх болно. Зарцуулах хугацаа лавтайяа Ши Жиньпиний эрх барих ирэх 5 ба 10 жил, цаашлаад “Хос 100 жилийн зорилт”-ыг биелүүлэх 2049 он, магадгүй түүнээс цааш байх болно. Энэ гадаад ажлыг удирдан чиглүүлэгч нь Хятадын коммунист нам байх юм” гэж товчхон ойлгож болно.

Ажиглахуй

Хятадын гадаад бодлогын шинэчлэлт, идэвхжилийг “жанжин шугам – үндсэн чиглэл – бодлого” гэсэн гурван түвшинд харвал хэр хэмжээний ямар далайцтай өөрчлөлт болж буйг тодруулахад дөхөм болно.

Гадаад бодлогын жанжин шугамаа өөрчилсөн

Хятад улс 1978 оноос өөрчлөлт шинэчлэлтийн бодлого хэрэгжүүлж эхэлснээс хойш дотоодын эдийн засгаа хөгжүүлэхэд зориулсан гадаад таатай, тайван орчин бүрдүүлэхэд чиглэсэн прагматик гадаад бодлого явуулсан билээ. Ялангуяа 1989 оны Тяньаньмэний талбайн оюутны бослогыг нухчин дарснаас хойш барууны орнуудаас ирсэн шахалтыг сөрөн гадаад бодлогодоо “даруу байж хүчээ нөөх, хумсаа нууж ирлэх” жанжин шугам баримтлах болж, түүнийгээ 20 гаруй жил өөрчлөөгүй даган мөрдсөн юм.

Харин 2010 оноос хятадын эдийн засаг дэлхийд хоёрдугаарт орох болсны дараа хятадын дотоодод их гүрний гадаад бодлого явуулах цаг ирсэн байж болох юм гэсэн санаа зарим эрдэмтэн судлаачдаас гарч, хэрэв “хумсаа нууж ирлэсэн” хэвээр байвал бусад улсын хардлага сэжгийг төрүүлж ч мэднэ, улсынхаа хүч чадалтай дүйцсэн гадаад бодлого явуулах нь зөв гэх мэт хэлэлцэж байхад зарим хэсэг нь цаг хараахан бүрэлдээгүй байна зэргээр мэтгэж байлаа.

Өөрчлөлт шинэчлэлтийн бодлого хэрэгжүүлж эхэлснээс хойш Хятад улс дотоодын эдийн засгаа хөгжүүлэхэд зориулсан гадаад таатай, тайван орчин бүрдүүлэхэд чиглэсэн прагматик гадаад бодлого явуулж ирсэн нь өдгөө өөрчлөгдөж байна.

Хятадын гадаад бодлого дотоодын хөгжилдөө үйлчилдэг, гэтэл эдийн засаг нь дэлхийд тодрон гарах үеэс тэрхүү дотоод нөхцөл байдал ч өөрчлөгдөж эхэлсэн хэрэг. Хятадын эдийн засгийн 30 орчим жил үргэлжилсэн 10-аас дээш хувийн өсөлт огцом саарч 2009 оноос 6.5 хувь руу унаснаар эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийх шаардлага урган гарсан, зарим орон нутгийн хөгжил нь аж үйлдвэржилтийн дараах үе шат руу орсон зэрэг нөхцөл байдал хятадыг уламжлалт загвараа өөрчлөхөд хүргэсэн. Хямд ажиллах хүч бүхий масс үйлдвэрлэлд түшиглэсэн бус орчин үеийн өндөр технологид тулгуурласан эдийн засгийн өсөлтийн дараагийн шинэ шат руу аажим шилжиж эхлэв. Хятадын дотоодын энэ том өөрчлөлт бүс нутгийн хөдөлмөр хуваарилалтад ч нөлөөлж, хямд ажиллах хүчид түшиглэсэн масс үйлдвэрүүд нь Өмнөд Азийн орнууд руу шилжиж эхэлсэн бол түүхий эд олборлодог жижиг уурхайнуудыг олноор хааж, хүрэн эдийн засгаа ногоон болгох шилжилт хийснээр голдуу Төв Азийн орнууд руу хүрэн эдийн засгаа шилжүүлэх болсон билээ. Үүнээс гадна 2000 оноос хойш хэрэгжүүлсэн ААН-ийн “гадагш гарах” стратегийн үр дүнд хятадын хилийн чанад дахь хөрөнгө оруулалт, үйл ажиллагаа дэлхий даяар тархан тэлсэн юм.

Хятадын эдийн засаг ийнхүү өсөн тэлэхийн зэрэгцээ, чанарын шинэ шатанд гарч эхэлсэн нь дотоодын хөгжилд таатай гадаад орчин бүрдүүлэх үүрэгтэй гадаад бодлогын үүрэг функцийг мөн тэлэхэд хүргэжээ. Хятад улс гадаад харилцаандаа асар том алхмууд хийж эхлэв. 2013 оноос “Бүс, Зам” санаачилга дэвшүүлж, Ази, Африк, Европ гурван тивийг холбосон хэлхээ холбоог бий болгох асар том амбицтай төслүүд эхлүүллээ. “Бүс, Зам” санаачилгыг хэрэгжүүлэхэд дэмжлэг болох Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хэмээх олон улсын санхүүгийн механизмыг анх удаа байгуулав. 2014 онд “Ази тивийн аюулгүй байдлын шинэ үзэл”-ийг дэвшүүллээ. Энэ мэтчилэн Хятадын хүч чадал өсөхийн хирээр гадаад бодлогодоо сүүлийн 30 орчим жил баримталж байсан “даруу байж хүчээ нөөх” жанжин шугамаа өөрчилж, Ши Жиньпин “хүн төрөлхтний нийтлэг хувь заяаг цогцлоох”-оор идэвхтэй, санаачилгатай жанжин шугам баримтлах боллоо.

Гадаад бодлогын үндсэн чиглэлийн агуулга өргөжив

Жанжин шугам өөрчлөгдсөнийг дагаад үндсэн чиглэл өөрчлөгдөх логик ёсоор Хятадын энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчим бүхий бие даасан энхтайванч гадаад бодлого баримтлах үндсэн чиглэл нь агуулгаараа тэлж баяжив. Тодруулбал, Хятад улс энх тайванч хөгжлийн замаар гуйвашгүй замнаж, харилцан ашигтай хамтдаа хожсон нээлттэй стратеги баримтлах төдийгүй эрх ашиг хийгээд ёс зүйн үзэл (Эрх ашгийн харилцаан дахь ёсзүйн хэм хэмжээг илэрхийлэх үзэл. Эрх ашиг ч байх ёстой, ёс зүй ч байх ёстой. Зарим улс өөрийн эрх ашгийн төлөө ёс зүйг уландаа гишгэдэг. Харин Хятад улсын санал болгож буй эрэмбэ нь ёс зүй тэргүүнд, эрх ашиг удаахид нь байх ажээ) болон шинэ аюулгүй байдлын үзлийг баримталж байгаа ажээ. Хятадын Гадаад хэргийн сайд асан, өдгөө НТХ-ны Улс төрийн товчооны гишүүн, НТХ-ны Гадаад ажлын зөвлөлийн Ажлын албаны дарга Ян Жиечи “Хятад улс бусад улсын эрх ашгийг хохироон байж өөрийгөө хөгжүүлнэ гэж байхгүй, бусад улс ч хятадын эрх ашгийг хохироохыг зөвшөөрөхгүй. Хятад яаж ч хөгжсөн жанжлахгүй, өргөжин тэлэхгүй, эхнээсээ эцсээ хүртэл дэлхийн энх тайвныг хамгаалагч, хөгжилд хувь нэмэр оруулагч, дэлхийн дэг журмыг хамгаалагч байх болно. Энэ бол Хятадаас дэлхийд өгч буй андгай, шинэ эриний хятадын гадаад бодлогын гол мөрдлөг болно” хэмээсэн юм.

Хэрэв хоёр улс хоёулаа хөгжих сонирхолтой байгаад хамтран ажиллах нь аль алиндаа ашигтай тусаж байвал хятадын санал болгож буй хамтын ажиллагааны зарчим, үзэл санаа, загвар хэрэгжих боломжтой. Гэтэл ашиг сонирхол зөрвөл яах билээ? Хэлэлцээ хийж хамтын шийдэлд хүрэхээр оролдож болох байх. Эсвэл тухайн асуудлыг түр хойш тавиад ашиг сонирхол нийцэж байгаа хэсэгт анхаарал хандуулж болох байх. Тэгтэл хоёр улсын язгуур ашиг сонирхол давхцаж, хэн хэн нь эрх ашгаа хамгаалах шаардлагатай тулгарвал яаж шийдэх вэ? Хятад улс язгуур ашиг сонирхлоо хэрхэвч хөсөр хаяхгүй гэж байгаачлан өөр бусад улс ч мөн адил тэгж хичээнэ. Жишээ нь газар нутгийн бүрэн бүтэн байдалтай холбоотой Өмнөд Хятадын тэнгисийн арлын маргаан, хятадын хөгжлийн ашиг сонирхлыг хөндсөн Худалдааны дайн гэх мэт төвөгтэй асуудалд яаж ёс зүйг тэргүүнд, эрх ашгийг удаахид тавих вэ. Энэ мэтчилсэн гадаад харилцааны үндсэн чиглэлд тулгарах сорилтыг үзэл санаа зарчмаа зөрчихгүйгээр шийдвэрлэж чадах эсэх нь цаашид сонирхол татаж байгаа юм.

Гадаад бодлого идэвхжиж даяар шинжтэй болов

Хятадын гадаад бодлогын жанжин шугам “даруу байж хүчээ нөөх” биш “хүн төрөлхтний нийтлэг хувь заяаг цогцлоох”-д чиглэж глобал түвшинд очсон тул бодлого нь ч мөн адил олон улсыг хамарсан даяар шинжийг олж идэвхжив. Хамгийн тод жишээ нь “Бүс, Зам” санаачилга. Түүнчлэн юанийг олон улсын валют болгох, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хэмээх олон улсын санхүүгийн механизм байгуулах, БРИКС, ШХАБ, 20-ийн бүлэг гэх мэт олон талт хамтын ажиллагааг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрт голлох зэргээс харж болно.

Ийнхүү Хятадын гадаад бодлогын сртатеги бүхэлдээ шинэчлэгдэж, гадаад харилцааны салбарт баримтлах жанжин шугам, үндсэн чиглэл, бодлого нь даяар шинжийг олж өөрчлөгдөж буйг “Бүс, Зам” стратегид хийсэн нэгэн анализаас тодруулбал сонирхолтой. Өмнөд Солонгосын “Төвийн өдрийн сонин”-д гарсан дүн шинжилгээнд “Бүс, Зам”-ыг хятадын уламжлалт го даамны стратегитай холбон тайлбарлажээ:

Го даам тоглоход хэрвээ өрсөлдөгчийнхөө гаргасан замаар хөтлөгдөж явбал чи хожигджээ гэсэн үг. Хятад улс Ази тивийн тавцан дээр АНУ-тай тулгарахаас аль болох зайлсхийж байгаа. Хэрвээ АНУ Ази тивд төвлөрвөл Хятад улс сэм сэмхэн Азиас гараа татаж, дэлхий рүү гарах болно. Хэрвээ АНУ Ази тивд Хятадыг бүслэх гэвэл Хятадын стратеги нь Төв Азиар дайран Орос, Европ тив хүртэлх “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийг (Бүс), Зүүн өмнөд Ази, Энэтхэгээр дайран Африк тив хүртэлх “21 дүгээр зууны далайн торгоны зам” (Зам) бүтээн байгуулах замаар илүү өргөн бөмбөрцгийн хэмжээнд АНУ-ыг бүслэх болно. Барууны шатарт ноёныг нь мад тавих нь чухал, өөрөөр хэлбэл бүрэн гүйцэд ялалтад чиглэдэг. Харин го даам бол эсрэг талаасаа илүү олон байршил эзэлж авах буюу харьцангуй давуу тал олж авахыг эрмэлздэг. Х.Киссенжерийн хэлсэнчлэн хэрвээ шатарчны зорилго нүүр тулан довтолж эсрэг талын морийг устгах явдал байдаг бол го даамчин хүн хөлөг дээрх “хоосон” орон зай руу тасралтгүй нүүж, харьцангуй давуу тал олж авдаг. Зарим барууныхан Хятадын “Бүс, Зам” төлөвлөгөөнд багтаж буй Төв Ази, Зүүн өмнөд Азийн орнуудын ядуу буурай, улс төрийн тогтворгүй байдлаас болоод амжилтгүй болно гэж таамагладаг. Гэвч Хятадын харж буйгаар эдгээр орон бол газрын зураг дээрх хоосон зай билээ. Барууны цэргийн онолд хүн ам нягтаршсан бүс, нийслэл хот эсвэл эдийн засгийн төв рүү хийх дайралт, хамгаалалтыг онцолдог. Гэтэл го даам дээр төвийг тойрсон бүслэлтийн стратегийг чухалчилдаг. Ши Жиньпиний “Бүс, Зам” стратегийн үзэл санаа “гурван талаас төвийг нэвтлэх нь гарцаагүй ялалтад хүргэдэг” гэдэгт үндэслэсэн, өөрөөр хэлбэл гурван тал өөр өөрийн талаас төвийг нэвтэлбэл найдвартай ялдаг го даамны аргыг ашиглаж байгаа юм. Тийм учраас Ази, Европ, Африк эх газрын гурван тивийг “Бүс ба Зам” төлөвлөгөөгөөр холбовол зайлшгүй ялна. Го даамны нэг онцлог нь сунжирсан урт тулаан хийдэг юм. Хятадууд цаг хугацаа өөрөө давуу тал хэмээн үздэг билээ.

Дүгнэлт

Ши Жиньпин эрх барьснаас хойш хятадын гадаад бодлогын жанжин шугам, үндсэн чиглэл, бодлого өөрчлөгдөв. Өнгөрсөн таван жилд эхлэл сууриа тавьж, үзэл санааны түвшинд боловсрон, бодлогод тусгалаа олон хэрэгжээд эхэлжээ. Энэхүү “Шинэ эрин үеийн хятадын гадаад харилцаа” бол цаашид удаан үргэлжлэх стратеги, одоогоор цаг хугацааны шалгуурт хараахан ороогүй байна гэж хэлж болно. Цаашид Хятад улс дэвшүүлсэн үзэл санаагаа хэрхэн гуйвшгүй баримтлах, тулгарах сорилтыг зарчмаа зөрчихгүйгээр яаж шийдэх зэрэг олон асуулт хүлээгдэж байна.

 


Ангилал: Долоо хоногийн тойм