Францын Батлан хамгаалах хөтөлбөр – 2030 (II)

2023-09-22

https://niss.gov.mn/wp-content/uploads/2023/09/Webp.net-resizeimage-24-e1548245312839-718x523-1.jpg

Францын цэргийн шинэчлэлийн геополитикийн нөлөө

Францын уламжлалт ба шинээр бий болж буй геополитикийн хэрэгцээ шаардлагуудад тус улсын улс төр-дипломатын хүч, эдийн засгийн хүч, зөөлөн хүчний чадамж нь XXI зууны ширүүн өрсөлдөөнт орчинд хүч тарамдаж, зарим салбарт хоцорч эхэлсэн. Францын дуу хоолой, байр суурь, нөлөөллийн чадамж АНУ, БНХАУ, Энэтхэг, ОХУ, Их Британи, ХБНГУ, Япон, БНСУ-тай харьцуулахад олон чиглэлд суларсаар байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, “Их 7”-ийн бүлэг, “Их 20”-ийн бүлэг, Европын холбоо, NATO, Газар дундын тэнгисийн холбоо зэрэг форматуудад Франц улс өөрийн байр сууриа дахин тодорхойлох шаардлага үүсээд байна.

Францын уламжлалт геополитикийн хэрэгцээ, шаардлагууд:

  • Өрнөд Европт хамгийн хүчирхэг тоглогч байх (улс төрийн хувьд Германаас илүү нөлөөтэй байх, эдийн засгийн талбарт Германтай өрсөлдөх, шаардлагатай үед Их Британитай эвсэх)
  • Өрнөд Европын хамгийн хүчирхэг зэвсэгт хүчинтэй байх (Дэлхийн II дайны дараа Германы цэргийн нисэх хүчний салбарыг бүрэн нурааж, харин хуурай замын техник, танкийн үйлдвэрлэлийг хөндөлгүй орхисон. Шлиффений төлөвлөгөө дахин хэрэгжих боломжийг агаарт ноёрхох замаар хаах стратегийг 1946 оноос хойш Франц улс хэрэгжүүлж байна)
  • Европт Герман дахин эрс хүчирхэгжих боломжийг хаахын тулд 1991 оноос хойш Польш, Их Британитай холбоотны харилцаагаа эрчимжүүлэх, Герман – Оросын аливаа түншлэлд мониторинг хийж тэнцвэр үүсгэх
  • Олон улсын тавцанд АНУ-ын дангаар жанжлах оролдлогыг аялдан дагалдахгүй, бие даасан бодлого явуулах чадамжтай байх
  • Африк – Ойрх Дорнод дахь хуучин колониуддаа нөлөөгөө хадгалах
  • Ази – Номхон далай, Америк тив, Энэтхэгийн далай дахь газар нутаг, усан хил, ашиг сонирхлоо хамгаалах
  • Язгуур эрх ашиг нь нийцэхгүй тохиолдолд NATO-гийн эвслээс гарах (1966 – 2009 онд NATO-гийн цэргийн бүтцээс гарч байсан), энэ тохиолдолд бусдаас хамааралгүй бие даасан батлан хамгаалах (ялангуяа цөмийн чадамж) чадамжтай байхад урьдчилан бэлтгэх
  • НҮБ-ын хүрээнд, бүс нутгийн хүрээнд олон улсын харилцааны нөлөө бүхий тоглогч байх

Зураг–3. Францын Зэвсэгт хүчний дэлхий даяар тархан байрладаг байнгын байршил, цэргийн тоо (2020–2023 оны цикль)[1]

Уламжлалт онцлогууд дээр нэмэгдэж шинээр бий болсон геополитикийн хэрэгцээ шаардлагууд:

  • Энэтхэг – Номхон далайн бүс нутагт гол тоглогчийн нэг байх, бүх талуудын дунд зуучлагч нь байх
  • Францын эдийн засгийн ашиг сонирхлыг хангах
  • Технологийн өрсөлдөөнд оролцох
  • Зэвсгийн экспортын зах зээл дээр өрсөлдөх
  • БНХАУ, ОХУ, БНЭУ, Бразил зэрэг өрнөдийн эвслийн бус орнуудтай харилцаагаа нээлттэй байлгах

Олон улсын харилцааны динамик орчинд дутуу талаа нөхөхөд хатуу хүчний чадамж буюу зэвсэгт хүчний үүрэг оролцоо ямар байх тухай Парисын стратеги төлөвлөгчдийн төсөөлөл, тооцоо нь “Батлан хамгаалах хөтөлбөр 2024 – 2030” болж гарч ирлээ. Зөвхөн Франц улс төдийгүй дэлхийн ямар ч их гүрний хувьд хүчирхэг зэвсэгт хүчинтэй байх нь улсаа батлан хамгаалах зорилгоос цаашлаад хилийн чанадад үндэсний ашиг сонирхлоо хамгаалах, олон улсын тавцанд байр сууриа бэхжүүлэх, нөлөөллөө хамгаалах, бодлогоо тулгах ч боломж олгодог. Цэргийн хүчээ ашиглан хатуу хүчний бодлого явуулж геополитикийн хэрэгцээгээ хангадаг их гүрнүүдийн бодит жишээ нь АНУ, ОХУ бөгөөд цаашид энэ эгнээнд БНХАУ нэмэгдэн орж болзошгүй гэж судлаачид үздэг. Харин Францын хувьд одоо байгаа байр сууриа алдахгүй хамгаалах, бэхжүүлэхэд зэвсэгт хүчний шинэчлэлийн хөтөлбөр, төсвийн нэмэгдэл зайлшгүй хэрэгтэй болсноороо ялгаатай.

Францын цэргийн шинэчлэлийн хөтөлбөрийн дагуу илүү томорч хүчирхэгжсэн зэвсэгт хүчин нь цаашид Европ тив, бусад бүс нутгууд, дэлхийн тавцанд тус улсад ямар боломж, давуу талууд олгох тухайд дараах хэдэн сценарийг зураглаж болно:

  • Орос–Украины дайны дараах Европын аюулгүй байдлын архитектур шинээр тогтоход Франц улс Евро-Атлантын эвсэл (NATO, Европын холбоо) дотроо нөлөө бүхий гүрний хувьд, ялангуяа цэргийн хүчирхэг гүрний хувьд чухал үүрэг оролцоотойгоор тоглолт хийх боломжтой.

(2023 оны 9-р сарын байдлаар Дорнод Европын хил дагуу NATO-гийн дуудлагаар Францын 2,000 цэрэг, хуягт-танкийн рот, сөнөөгч нисэх бүлэг хүч нэмэгдүүлэн байршиж байгаа бол Газар дундын тэнгис, Балтийн тэнгис, Умард тэнгист Францын тэнгисийн хөлгүүд байлдааны эргүүл хийж байна. Ирээдүйд Украинд гал зогсох үед Францын армиас 1–3 бригад хүртэл хүч ирж нөхцөл байдлаас хамааран тодорхой үүрэг, зорилго биелүүлж тус бүс нутагт байрших боломжтой)

Зураг–4. Дорнод Европын хил дагуу байршсан Францын хуурай замын цэрэг, агаарын хүч, тэнгисийн цэргийн байдал (2023 он)[2]

  • Африк–Ойрх Дорнодын бүс нутагт өрнөж болзошгүй геополитикийн эргэлт өөрчлөлт, үйл явцад Франц улс цэргийн интервенц хийх, энхийг сахиулах, тогтворжуулагч хүч болох боломжтой.

(2013 – 2015 онд Франц улс Сирид цэргийн интервенц хийхээр Холбоотнууддаа олон удаа санал тавихад АНУ, Их Британи дэмжээгүй. Франц улс дангаараа урт хугацааны цэргийн интервенц хийх боломжгүй байсан тул Холбоотнуудынхаа амыг харж цаг алдсан гэж үздэг. Удалгүй Оросын цэрэг Ассадыг дэмжиж Сирид байршиж эхэлснээр Францын тал интервенц хийж болох цонх үе хаагдсан)

  • Энэтхэг–Номхон далайн бүс нутагт үүсэж болзошгүй аливаа сөргөлдөөнд тус бүс нутагт байршиж буй Францын цэргийн хүч, нисэх онгоц, байлдааны хөлөг, цэргийн бааз, боомт, дэд бүтцүүд чухал үүрэгтэй болно. Хятад – Америкийн сөргөлдөөн Тайваний хоолой, Өмнөд Хятадын тэнгист хурцдах тохиолдолд Франц улсын байр суурь ямар байх нь талуудын хүчний харьцаа, стратегийн тооцоололд нөлөөлнө. Франц улс талуудын хүчний тэнцвэрт нөлөөлж чадах энэ байр сууриа ашиглан аль аль талтай яриа, хэлцэл өрнүүлэх давуу тал үүснэ.

(Парисын бодлогын ерөнхий чиглэл бол Хятад – Америкийн сөргөлдөөнд аль болох хутгалдан оролцохгүй, аль ч талтай худалдаа, эдийн засгийн харилцаагаа хадгалах, хөгжүүлэх явдал гэж ил зарладаг тул АНУ, БНХАУ аль аль нь хүчний харьцаагаа тооцохдоо Францыг харгалзан үзэх шаардлага үүснэ)

Зураг–5. Энэтхэг–Номхон далайн бүс нутаг дахь Францын зэвсэгт хүчний байдал (Pégase-2023 агаарын хүчний 11,000 км зайд зогсолтгүй нислэгийн сургуулилт)

Францын зэвсэгт хүчний хүчин чадал өссөнөөр үүсэх геостратегийн 2 дам нөлөөлөл глобал түвшинд байж болно. Үүнд:

  1. Францын зэвсэгт хүчин Европын театрт (Франц-Польшийн хоршил байж болно) аюулгүй байдлын илүү үүрэг, ачаалал өөртөө авч эхэлснээр одоогийн байдлаар Европ тивд байршиж буй АНУ-ын 100,000 цэргээс үлэмж хэсгийг чөлөөлж болно. Тухайлбал: 2025 – 2030 оны хугацаанд Америкийн 8 – 12 бригадыг (40,000 – 70,000 хүртэл цэрэг, байлдааны техник, нисэх онгоц, хөлөг онгоц) Европын стратегийн театраас чөлөөлж, энэ хүчийг Энэтхэг–Номхон далайн бүс нутагт Хятадын эсрэг хаях, шилжүүлэн байршуулах боломж олгоно. Энэ маневрийн үр дүнд Энэтхэг–Номхон далайд хүчний харьцаа АНУ-ын талд ашигтайгаар эргэж, БНХАУ-ын эрх баригчид Тайваний асуудлыг цэргийн хүчээр шийдэхээс түдгэлзэхэд хүргэж болно.
  2. БНХАУ – АНУ-ын хооронд мөргөлдөөн үүссэн тохиолдолд хэрвээ Умард Америк, Европын бүс нутагт шууд цохилт хийгдээгүй л бол NATO-гийн гэрээний V заалтын дагуу эвслийн орнууд дайнд орох үүрэг хүлээхгүй. Гэхдээ хоёр талт холбоотны хувиар АНУ дэмжлэг хүссэн тохиолдолд дэмжих эсэх, дэмжсэн тохиолдолд хэрхэн яаж? гэдэг асуултад холбоотон улс болгон нь хариулт өгөх ёстой. Хятад – Америкийн мөргөлдөөнд Францын хариу үйлдэл ямар байх талаар Парис ямар нэг ил байр суурь илэрхийлдэггүй нь стратегийн таавар юм. Мөргөлдөөний эхэнд Гуам арал, Хавай руу Хятад улс пуужингийн цохилт өгч болзошгүй. Гэвч 1949 онд NATO-гийн гэрээний V заалт батлагдах үед Хавай нь АНУ-ын бие даасан муж улс болоогүй (1959 онд АНУ-ын 50 дахь муж улс болсон) байсантай холбоотой үүссэн эрх зүйн тодорхойгүй байдал өнөөг хүртэл үргэлжилж байгаа. Бээжингийн стратегчид Европын цэргийн хүчнүүд, ялангуяа Франц улсыг Тайваний асуудлаар АНУ-ын талд бүрмөсөн гаргахгүйн тулд эдийн засгийн арга хэрэглүүрээр өөртөө ойр барих бодлого барьж буй (Монгол–Франц, Монгол–Франц–Хятад гэсэн харилцааны тэнхлэгүүд бүрэлдэх шалтгаан). Францын байр суурь ямар байх тухай таамаглал, тооцоо нь АНУ, БНХАУ талуудыг ямар нэг эрс шийдэмгий хөдөлгөөн хийхгүй байлгах (болзошгүй мөргөлдөөнөөс сэргийлэх) хүчин зүйл болохыг үгүйсгэхгүй.

Дэлхийн зэвсгийн экспортын зах зээлд Франц улс 2023 оны байдлаар Топ-3 экспортлогчийн нэг болсон (1.АНУ 40%   2.ОХУ 16%,  3.Франц 11%)[3] ба 2026 онд ОХУ-ыг гүйцэж түрүүлж 2-р байранд дэвшинэ гэж SIPRI институтийн илтгэлд дурджээ. 2023 оны 6 дугаар сарын 26 нд Франц улс шинэ төрлийн VmaX гиперсоник пуужин амжилттай туршсан бөгөөд тун ойрын ирээдүйд цөмийн цэнэгт хошуу тээгч агаар-газар ангиллын ASMPA пуужингаа 2030 оноос ASN4G гиперсоник пуужингаар солихоор бэлтгэж байна. Мөн Европын дараа үеийн сөнөөгч онгоцны төсөл SCAF (Le système de combat aérien du futur), дараа үеийн танкны төсөл MGCS (The Main Ground Combat System), шинэ нисэх онгоц тээгч PANG (Le porte-avions de nouvelle génération) төслүүд нь 2030 – 2035 онд бодит үйлдвэрлэлд шилжиж зэвсэглэлд орж эхлэнэ. Францын цөмийн хүчний гол бүрэлдэхүүн болох ёстой нэн шинэ үеийн Barracuda ангиллын цөмийн шумбагч 6 ширхэгийг барихаар төлөвлөснөөс эхний “Suffren” хөлөг 2022 онд зэвсэглэлд орсон ба 2031 он гэхэд бүх 6 хөлөг зэвсэглэлд нэвтэрч дуусна. Зэвсгийн технологийн хөгжүүлэлтийн чиглэлд Франц нь Европтоо тэргүүлэгч бөгөөд дэлхийд АНУ, ОХУ, БНХАУ-тай өрсөлдөж байна.

2030 он хүртэлх Франц улсын батлан хамгаалах шинэчлэлийн хөтөлбөрийн явц, бодлогын хувьсал, зэвсэглэлийн хөгжүүлэлт нь аюулгүй байдал судлаач, стратеги төлөвлөгч, штабын мэргэжилтнүүдийн хувьд анхааралтай ажиглах, тогтмол мониторинг хийх, харьцуулсан судалгаа хийх боломжтой сонгомол талбар байх болно.

Ашигласан эх сурвалж:

[1] Forces prépositionnées

https://www.defense.gouv.fr/operations/forces-prepositionnees

[2] Renforcement du flanc Est de l’OTAN   |  

https://www.defense.gouv.fr/operations/operations/otan/renforcement-du-flanc-est-lotan

[3] US and French arms exports increase as Russian exports decline   |   13 March 2023

https://sipri.org/media/press-release/2023/surge-arms-imports-europe-while-us-dominance-global-arms-trade-increases


Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА