Монгол Улсын эдийн засгийн хямралууд

2018-03-23

https://niss.gov.mn/wp-content/uploads/2018/05/GDP.jpg

Монгол Улсын эдийн засаг гадаад болон дотоод хүчин зүйлийн нөлөөтэйгөөр төсвийн орлого татарч, гаднаас авсан өр төлбөрөө төлж хүчрэхгүй, дотоодын эдийн засаг тогтвортой өсөлтөө хангаж чадахгүй, хэрэглээ ба үйлчилгээнд суурилсан эдийн засаг руу аажим шилжиж байгаа зэрэг нь шинэ хямралын эхлэл болох магадлалтай байна. Манай эдийн засаг улс төрөөс хамааралтай, том төсөл засгийн газартай татварын маргаантай, түүхий эдийн мөчлөгийн уналт дахин давтагдах шалтгаан байгаа учраас энэ мэдээллийг бэлтгэв.

Монгол Улс чөлөөт зах зээлийн тогтолцоонд шилжээд 26 жил болжээ. Энэ хугацаанд гурван удаа эдийн засгийн хямрал болсон байна.

Эдийн засгийн хямрал

Анхны хямрал 1991-2000 оны хооронд тохиосон бөгөөд хамгийн урт хугацаанд үргэлжилсэн. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу хийсэн шилжилт, эдийн засгийн тогтолцоог сууриас нь эхлэн цоо шинээр байгуулсан явдал энэ үеийг тодорхойлно. Хуучин Коммунист гэгдэх системийн бүх улс ийм шилжилт хийсэн бөгөөд эдийн засгийн чадавх, хөгжил сул байсан манай орны хувьд хамгийн хүнд туссан гэж зарим судлаач үздэг билээ.

Монгол Улсын банкны систем нь Монголбанк, арилжааны банкууд гэсэн 2 шатлалтай тогтолцоонд шилжиж орсон. Тухайн үеийн эдийн засгийн хямралыг давахын тулд Монголбанк 1990-ээд оны дунд үеэс 2006 оны хооронд мөнгөний агрегатыг зорилт болгон ажиллаж байв. Энэхүү арга хэлбэрийн хүрээнд Төв банк үйл ажиллагааны зорилтоор нөөц мөнгөний өсөлтийг завсрын зорилтоор мөнгөний нийлүүлэлт М2-ийг, эцсийн зорилгоор үнийн тогтвортой байдлыг сонгож ажиллаж байсан нь үр дүнгээ үзүүлж хямралыг сааруулж чадаж байсан юм. Тухайн үед мөнгөний хомсдол, инфляц, валютын ханшийг тогтворжуулахын тулд гаднаас тусламж зайлшгүй шаардлагатай байсан тул анх удаа ОУВС-ийн нэн хямдралтай ECF (Extended Credit Facility) зээлд хамрагдсан. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр санхүүгийн систем тогтворжиж, 1998 он гэхэд инфляцийн түвшинг жилд 6 хувь хүргэж багасгаж чаджээ.

Энэ үед Монгол Улсын төсвийн бүрдүүлэлтийн 60-70 хувийг дан ганц Эрдэнэт үйлдвэр бүрдүүлж байсан нь манай улсын хөгжилд уул уурхайн хөгжил ямар ач холбогдолтой болохыг харуулсан.

Хоёр дахь хямрал 2008-2010 оны хооронд бараг хоёр жил үргэлжилсэн. Энэ хямралыг бүтцийн шинжтэй хямрал гэж үзэж болно.

2000 – 2008 онд эдийн засгийн бүтцийн хувьд онцлог өөрчлөлт гарсан юм. Эхэн үедээ хөдөө аж ахуй, үндсэндээ мал аж ахуйн салбарт тулгуурлаж байв. Уул уурхайн салбар ДНБ-ийн дөнгөж 10 орчим хувийг эзэлдэг байснаа 2004 он гэхэд  20 хувьд хүрчээ. 2003-2005 оны хооронд энэ салбар 34 хувиар гэнэт өсөв. Тухайн үеийн Ерөнхий сайд Н.Энхбаяр “1990 оноос эхэлсэн шилжилтийн үе үүгээр дууслаа” гэж хүртэл мэдэгдэж байлаа.

Манай эдийн засгийн бүтэц шинэ шатанд гарсан боловч эрсдэл ч мөн шинэ шатанд гарсан юм. Нийт эдийн засаг уул уурхайн салбараас шууд хамаарна гэдэг бол дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнээс шууд хамаарна гэсэн үг юм. Тиймээс түүхий эдийн үнэ өсвөл эдийн засаг дагаж өсдөг, үнэ буурвал дагаж хямардаг болжээ.

Тун удалгүй 2008 онд дэлхийн эдийн засгийн хямралаас шалтгаалан монголын уул уурхайн олборлох үйлдвэрлэл хумигдаж, эдийн засаг дахин 2008, 2009 онд уналтад орсон байдаг. Өөрөөр хэлбэл монголын эдийн засгийн савлагааны гол нөхцөл, хүчин зүйлийн эхлэл болсон. Нөгөө талаар манай уул уурхайн өсөлт, тэлэлт тодорхой бодлого зохицуулалтгүй байснаас шалтгаалан эдийн засгийн голланд өвчинд нэрвэгдэх нөхцөл байдлыг бүрдүүлсэн билээ.

2006-2007 оноос эхлэн эдийн засаг дахь мөнгөжих явцтай уялдан мөнгөний эргэлтийн хурд, мөнгөний эрэлт, мөнгөний үржүүлэгч тогтворгүй болж мөнгөний агрегат болон инфляцийн хоорондох хамаарал алдагдаж эхэлсэн байна.

Мөнгөний агрегатуудыг онилох явцад бий болсон дээрх хүндрэлүүдээс шалтгаалж Монголбанк 2007 оноос эхлэн инфляцийг онилох мөнгөний бодлогын арга хэлбэрт аажмаар шилжих дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулжээ. Инфляцийг онилох мөнгөний бодлогод шилжсэн явдал инфляцийг  зохих түвшинд барих, харин эцсийн зорилго нь үнийн тогтвортой байдал юм. Ийнхүү Монголбанк хямралын үед инфляцийг тогтоон барихад мөнгөний хатуу бодлогыг хэрэгжүүлж чадсан юм. Харин гадаад валютын ханш гадаад хүчин зүйлээс ихээхэн хамааралтай байдаг тул валютын ханшид нөлөө үзүүлж чадаагүй байдаг.

Хоёр дахь хямрал нь бүтцийн буюу гадаад зах зээлээс шууд хамааралтай эдийн засгийн өрөөсгөл бүтцээс үүдэлтэй хямрал. Өөрөөр хэлбэл ганц уул уурхайн бүтээгдэхүүний үнийн огцом уналтаас шалтгаалж төсөвт дарамт учруулж, валютын нөөцийн бүрдүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлж байсан. Ийм учраас валютын хомсдлоос гарахын тулд 2009 онд “Stand-by” хөтөлбөрт хоёр дахь удаагаа хамрагдсан.

Хоёр дахь хямралын үед түүхий эдийн үнэ унаж, худалдааны түнш орнуудын эдийн засаг удаашран гадаад  эрэлт муудснаас шалтгаалан ГШХО буурч, эдийн засаг уналтад орсон байна.

Гэвч “Оюу-Толгой” үйлдвэрийн гэрээ зэрэг томоохон гэрээ үзэглэснээр эдийн засаг сэргэх нөхцөл болсон байна. Мөн хямралын дараа удалгүй түүхий эдийн үнэ сэргэсэн нь хямрал хэт гүнзгийрэхгүй байхад нөлөөлсөн.

Гурав дахь хямрал 2014 оноос үргэлжилж байгаа валют зээлийн үүдэлтэй санхүүгийн хямрал гэж үзэж болно. Өнөөгийн санхүүгийн хямралын үндэс урьд өмнөх хямралын суурь алдааг завсарлаж чадаагүйгээс үүдэлтэй гэж хэлж болно. “Оюу Толгой”-н гэрээ эхний хямралаас хохирол багатай гарахад шууд нөлөө үзүүлсэн боловч манай эдийн засгийн өрөөсгөл тогтолцоог улам лавшруулсан, өөрөөр хэлбэл, уул уурхайгаас шууд хамаардгийг улам ужигруулж өгсөн юм. Нөгөө талаар, “Оюу Толгойн” хөрөнгө оруулалтаас үүдэлтэй хэт тэлсэн эдийн засаг гэнэт огцом агшсан явдал шууд нөлөөлсөн. Дотоодын улс төрөөс гадна, дэлхийн зах зээлийн савалгааг даван туулах гэсэн Рио Тинто компанийн стратеги зэрэг олон хүчин зүйл ийнхүү агшихад нөлөөлсөн билээ.

“Оюу Толгой”-н хөрөнгө оруулалтаас болж хэт халж, хэт тэлсэн эдийн засаг огцом агшихад манай эдийн засаг үндсэндээ “хатуу газардах” аюултай байсныг “зөөллөх”-ийн тулд олон төрлийн бондыг Засгийн газраас гаргасан явдал валют-зээлийн хямралын шалтгаан болсон. 2014 оноос Хөгжлийн банкны Самурай бонд болон Монголбанк Хятадын Ардын банктай валютын своп хэлцлээ 5 тэрбум юаниар сунгаж гэрээний дүнгийн хэмжээг 15.0 тэрбум юаньд хүргэсэн.  Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг салбараар нь авч үзвэл үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, уул уурхай гэсэн гол салбарын бүтэц аажим суларч үйлчилгээ хэрэглээнд суурилсан эдийн засгийн бүтэц улам өрөгжиж байгаа нь гадаад валютын хомсдол, ажилгүйдэл, ядуурал бий болоход голлон нөлөөлж байна гэж хэлж болохоор байна. Хэдийгээр эдийн засгаа төрөлжүүлэх алхам хийж байгаа ч халамжийн бодлогоос татгалзаж чадахгүй байгаагаас өөдлөхгүй байна. Эдийн засагт төдийлөн эерэг өөрчлөлтийг авчраагүй, энэ нь гурав дахь эдийн засгийн хямрал үүсэхэд нөлөөлсөн гэж үзэж болох юм.

Дөрөв дэх эдийн засгийн хямрал хэзээ вэ?

Манай улсад 1992-2017 оны хооронд нийт 3 удаагийн эдийн засгийн хямрал бий болжээ. Эдийн засгийн хямрал үүсгэгч үндсэн хүчин зүйлс нь дэлхийн зах зээл дэх эрдэс бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл, макро эдийн засгийн бодлогод халамжийн бодлогыг түлхүү хэрэгжүүлсэн байдал, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлцэлд гарч буй өөрчлөлтөөс шалтгаалсан.

Түүхий эдийн үнийн хэлбэлзлээс дотоодын эдийн засгийг хамгаалах зорилгоор хямрал сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлэх оролдлогыг 2010 оноос хийж эхэлсэн боловч институцийн чанар болон төсвийн сахилга бат сул байгаагаас шалтгаалан энэ бодлого бодит байдалд хэрэгжиж чадаагүй өдий хүржээ.

Манай улсын бондын эргэн төлөлт 2021-2024 он хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа бол 2020 оноос БНХАУ-ын Ардын банканд 15 тэрбум юанийг эргүүлэн төлөхөөр төлөвлөж байна. Дээрх их хэмжээний эргэн төлөлт Монгол Улсын гадаад валютын нөөцөд шууд нөлөөлөхөөс гадна валютын хомсдол үүсгэх, импортын хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрэх эрсдэлтэй.

Өрийн хэмжээ нэмэгдэж байгаа ч төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2018 онд 2.42 их наяд төгрөг буюу ДНБ-д эзлэх хувь 8 хувьд хүрэх бол 2019 онд 6.9 хувь, 2020 онд 5.1 хувь хүргэнэ гэсэн таамаглалыг Сангийн яамнаас гаргасан 2018 оны төсвийн төсөөлөлд тусгасан байна. Гэвч Манай улсын төсвийн зарлага сонгуулийн жил болон сонгуулийн өмнөх жилүүдэд нэмэгддэг сөрөг талтай бөгөөд 2016 онд төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 3.67 орчим их наяд төгрөг буюу ДНБ-д эзлэх хувь 15.4 хувьд хүрч байсныг анхаарах томоохон эрсдэл болж байна.

Харин манай улсын засгийн газрын өр парламентын сонгуулийн жилийн дараа хурдан өсөж байгаа нь зээлжих зэрэглэлд шууд нөлөөлдөг бөгөөд 2020-2021 оноос дахин нэмэгдэх хандлагатай байна.

Монгол Улсын гол түүхий эд болох нүүрсний үнэ 2020 оноос саарах төлөвтэй. Манай нүүрсийг голлон хэрэглэдэг Хятад улс 2020 он гэхэд зөвхөн Бээжин орчмоос гадна ихэнх хөдөө тосгоны нүүрсний хэрэглээг зогсоохоор зорьж байна. Мөн 13 дугаар таван жилийн төлөвлөгөөнд уул уурхайн салбар, тэр дундаа металлурги болон нүүрсний чиглэлд төрийн бодлогодоо багагүй өөрчлөлт оруулахаар болж байна. 2020 он гэхэд улсын хэмжээнд нийт 4300 уурхай хаахаар төлөвлөж байгаа бөгөөд Хятадын Эрчим хүчний удирдлагын зүгээс 2019 он хүртэл шинээр нүүрсний уурхай нээх эрх олгохгүй байхаар тогтсон. Харин тус улсын Байгаль хамгаалах газрын үзэж буйгаар агаарыг бохирдуулж буй утааны 60 хувийг  нүүрсний шаталтаас эхтэй гэж үзэж буй тул нүүрсний хэрэглээг бууруулахаар төлөвлөж байна. Энэ нь нүүрсний үнийг аажим буурахад голлон нөлөөлөх хандлагатай байна.

Нүүрсний зах зээлийн одоогийн сэргэлт түр зуурынх байх магадлалтай байгаа бөгөөд БНХАУ дотоодын зах зээл дээрх олборлолт болон эрэлтийн хэмжээгээ бууруулж, яваандаа нүүрснээс татгалзах стратегийг баримталж байгаа нь нүүрсний үнэ аажим буурах хандлагыг харуулж байна.

Харин зэсийн ханш түүхэн дэх дээд цэгтээ хүрэх хандлага руу орж байгаа талаар түүхий эдийн шинжээчид таамаглаж байгаа боловч Дэлхийн банкны гаргасан тайланд зэсийн ханш 2022 он хүртэл тогтвортой байх хандлагатай байна гэж таамаглаж байна.

Гэвч Монголын улс төрийн тогтворгүй байдлаас болж “Оюу толгой” бүтээн байгуулалт зогсох, цаашлаад хөрөнгө оруулалтаа татах магадлал үүсэх эрсдэлтэй байна.

Дээрх нөхцөлүүдээс дүгнэж үзэхэд Монгол Улсын дараагийн эдийн засгийн хямрал 2020 оноос хойш үүсэх магадлалтай байна. Иймээс хямрал болохоос урьтаж төсвөө алдагдалгүй болгох, валютын нөөцийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч алтны олборлолтыг дэмжих, аж үйлдвэрийн парк байгуулах замаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох стратегийг баримталж, гадаад худалдааны хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Мөн хэрэглээ ба үйлчилгээнд суурилсан эдийн засгийг дэмждэг халамжийн бодлогоос татгалзаж, хөдөө аж ахуй, уул уурхай, аж үйлдвэрлэлд суурилсан эдийн засгийн бодлогыг дэмжих нэн шаардлагатай байна. Ингэснээр ажилгүйдэл, ядуурлыг бууруулахаас гадна дотоодын эдийн засаг түргэн сэргэж, урт хугацаанд тогтвортой байх эерэг талтай юм.

 


Ангилал: Долоо хоногийн тойм