Эрдэнэт-Овоот, Овоот-Арцсуурь-Кызыл, Курагино-Кызыл чиглэлийн төмөр замын төслийн тухай
2018-03-05
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачилсан Монгол, Орос, Хятад гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтын үр дүнд гурван тал худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын чиглэлээр түлхүү хамтран ажиллахаар тохиролцсон. Гурван улсыг дамнасан эдийн засгийн коридорын нэг чиглэл болох Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын төслийг Монгол Улсад бүртгэлтэй “Нордэрн рэйлвэйс” ХХК (Northern Railways LLC, “НР”) хариуцан ажиллаж байна. “НР” нь Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспаир майнинг” компани (Aspire Mining Ltd., “АМ”) уг төслийг хэрэгжүүлэх зорилгоор хөрөнгө оруулж байгуулсан аж ахуйн нэгж юм.
“АМ” нь Сингапурт бүртгэлтэй “Нөүбл групп” (Noble Group, “НГ”), Хятадын төмөр замын “20 Буре” групп (China Railways 20 Bureau Group, “20 Буре”), Хятадын төмөр замын судалгаа, загварчлалын нэгдүгээр групп (China Railway First Survey and Design Institute Group, “I групп”) –тэй тус тус хамтран ажиллаж ирсэн. Харин 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр “АМ” Хятадын “Гэзоуба интернэйшнл энжиниринг” групп (China Gezouba Group International Engineering, “Гэзоуба”)-тэй нэгдэх тухай хэлэлцээр байгуулаад байна. “Гэзоуба”-гийн 40,8%-ийг БНХАУ-ын засгийн газар эзэмшдэг бөгөөд сүүлийн жилүүдэд цахилгаан станц, хурдны зам, төмөр зам, гүүр далан, хот төлөвлөлт, тэсэлгээний ажил зэргээр олон улсад үйл ажиллагаа явуулдаг дэлхийн шилдэг 20 компанийн нэгээр тодорсон. Ийнхүү нэгдсэнээр Азийн хөгжлийн банк, Азийн дэд бүтцийн хөгжлийн банк, Хятадын хөгжлийн банк, Торгон зам сан болон хөрөнгө оруулалтын бусад томоохон банк уг төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулах боломжтойгоо мэдэгдээд байна. 2018 оны 2 дугаар сарын 15-нд болсон уулзалтаар “НР” өөрийн мэдлийн 51%-ийн хувьцааг “Гэзоуба”-д төмөр зам барих концессын гэрээг дуусгавар болтол шилжүүлсэн. Харин 2018 оны 2 дугаар сарын 28-нд болсон хөрөнгө оруулагчдын илтгэлд “Гэзоуба” 4.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх нь тодорхой боллоо. “Гэзоуба” 2 дугаар сард багтаан Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг эцсийн хувилбараар хүлээлгэн өгөхөөр болсон ч хөрөнгө оруулалтын төслийг 5 дугаар сарын 18 хүртэл гурван сараар сунгажээ. Энэ хугацаанд талууд төслийг эцсийн байдлаар боловсруулан хувьцаа эзэмшигчдэд танилцуулж, дараа нь Хятадын хөгжлийн банк болон бусад хөрөнгө оруулагчтай тохиролцох ёстой юм.
ОХУ-ын ашиг сонирхол
ОХУ-ын Тувагийн нутаг дахь Улуг-Хэмийн бүлэг ордод багтах коксжих нүүрсний дөрвөн том уурхайн нөөц үлэмж боловч түүнийг тээвэрлэх асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй байна.
Элегест (одоогоор тогтоогдсон нөөц нь 895 сая тонн), Межегей (765 сая), Центральный (639 сая), Каа-Хем (200 сая) уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд нийт 47 сая хүртэл тонн коксжих нүүрс олборлоно гэж тооцдог. Харамсалтай нь, Тувад тийм хэмжээний тээвэр хийх төмөр зам огт үгүй.
Тиймээс Монголын хил рүү Кызыл-Арцсуурь-Овоот-Эрдэнэт чиглэлийн төмөр зам барьвал эдийн засгаа өсгөж, гадаад худалдаагаа нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Харин нөгөө тийш нь Курагино-Кызыл чиглэлийн төмөр замыг барья гэвэл Баруун Саяны нурууг бүхэлд нь нүхлэх хэрэгтэй болно. Газар зүйн энэ хүндэрлийг орчин үеийн техник, технологийн хүчээр шийдэж болох боловч өнөө үед санхүүжилтийн бэрхшээлтэй, удах төлөвтэй байна. Иймд Оросын тал Кызыл-Арцсуурь-Овоотын 330 км шулуун төмөр замыг богино хугацаанд эхлүүлэх сонирхолтой байж магадгүй. Тува улсын тэргүүн Ш.Кара-Оолын зүгээс ийм сонирхлыг удаа дараа илэрхийлж байснаас үүнийг харж болно.
БНХАУ-ын ашиг сонирхол
2017 оны сүүлийн хагас жилийн байдлаар Хятад, Европын хооронд ачаа тээврийн 1800 гаруй галт тэрэг зорчиж, 18 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн тээвэрлэжээ. Харин Хятадын хөгжил шинэтгэлийн хорооноос гаргасан төлөвлөгөөнд 2020 он гэхэд Хятадаас Европ руу жилдээ нийт 5000 галт тэрэг явуулна гэсэн зорилт тавьсан байна. Энэ нь Хятад-Европын хооронд төмөр замын тээврээр жилд дунджаар 50 тэрбум ам.долларын ачаа тээвэрлэнэ гэсэн үг юм.
Өсөн нэмэгдэх энэхүү ачаа тээврийн нэг чиглэл нь Монгол, ОХУ-ын Тувагийн нутгаар дайрах бололцоотой боловч Кызыл-Курагиногийн төмөр замын бүтээн байгуулалтаас шууд шалтгаалах юм.
Мөн ОХУ-ын Тувад үйл ажиллагаа явуулж байгаа Хятад улсын 100%-ийн хөрөнгө оруулалттай “Луншин” (Longxing) болон бусад уурхайн бүтээгдэхүүн манай улсаар дамжин тээвэрлэгдэх нь Хятадын ашиг сонирхолд мөн нийцнэ.
Монгол Улсын ашиг сонирхол
Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр зам Монгол Улсын хөгжилд үлэмж нөлөөтэй. Замын дагуу байрлах Орхон, Булган, Хөвсгөл аймгийн эдийн засаг, үйлдвэрлэлийн бүтэц бэхжинэ. Баруун бүсийн аймгууд дахь эрдэс баялаг олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн хөгжилд түлхэц болно. Овоотын коксжих нүүрсний ордыг тойрон оршдог Нүүрстэй, Хүрэнчулуут, Баян-Айраг болон Могойн голын стратегийн орд эдийн засгийн эргэлтэд орно. Төмөр зам баригдвал Монгол Улс хөрш орнуудтайгаа хийх гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимжихийн зэрэгцээ төмөр замын сүлжээг өргөтгөх, манай улсын эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулна.
Эрдэнэт-Овоот төслийн үйл ажиллагааны явц
Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын төслийн ТЭЗҮ-ийг анх 2012 оны 2 дугаар сард “Оптимал прожект” компани (Optimal Project Co.) боловсруулжээ. Уг ТЭЗҮ Монгол Улсын төмөр замын стандартад нийцсэнийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Төмөр замын газар баталгаажуулж, байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг хийжээ. Үүнээс жил гаруйн дараа “Снөү маунтайн энжиниринг” компани (Snow Mountain Engineering Co., СМЭК) ТЭЗҮ-д анх тусгасан маршрутыг дахин шинэчилж, харьцангуй дөт болгон, нийт зайг 547 км болгожээ. Үүгээрээ нийт капитал зардлыг хамгийн хэмнэлттэй хувилбараар тооцож, 1,3 тэрбум ам.доллар болох тооцоо хийж баталгаажуулсан байна.
Монгол Улс 2014-15 онд эдийн засгийн хүндрэлийг давахын тулд хэд хэдэн баримт бичигт нэмэлт оруулжээ. Тухайлбал:
УИХ-аас баталсан “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого” баримт бичигт: Улаанбаатар-Эрдэнэт чиглэлийн төмөр замыг Монгол, Оросын хилийн Арцсуурь-Цагаантолгой боомт хүргэж хойд чиглэлийн Эрдэнэт-Овоот-Арцсуурь-Кызыл коридор байгуулах; Засгийн газрын 2015 оны 111-ээр тогтоолоор батлагдсан концессын жагсаалтад, Засгийн газар, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын төслийг “НР” хэрэгжүүлэх нэмэлтийг тус тус оруулсан.
Концессын гэрээнд хөрөнгө оруулалтын хэмжээ нь урьдчилсан ТЭЗҮ-ээр байхаар зааж, төмөр замыг концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор бий болгосон хөрөнгөөр таван жилийн дотор барьж дуусгах, барьснаас хойш 30 жилийн турш 100 хувь эзэмшиж ашиглах, гэрээний хугацаа дуусгавар болоход төмөр замын суурь бүтцийг төрийн өмчид шилжүүлэхээр заажээ. Гэвч эдийн засгийн хямралаас үүдэн 2014-16 онд Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын төслийг хөдөлгөж чадаагүй юм.
Харин 2016 оны 9 дүгээр сард ТЭЗҮ-ийг үргэлжлүүлэн инженерчлэл, барилга угсралтын ажлын тооцоог +/-10%-тайгаар тооцоолон, барилга угсралтын ажлын график төлөвлөгөө гаргах, ажлын тоо хэмжээг боловсруулах, угсралтын болон төмөр замын өртөг зардлын тооцоо бүхий санхүүгийн дүн шинжилгээ хийх ажлыг “НР”, “20 Буре” хамтран гүйцэтгэж эхний шатны судалгааны тайланг эцэслэн гаргасан байна. 2017 оны 1 дүгээр сарын 9-нд “I групп” Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын төслийн эхний шатны тайланг хүлээн авч:
- Санхүүгийн хувьд хэрэгжих болмжтой; 2. Төмөр замын дэд бүтцийг өргөжүүлэх замаар эрдэс баялгийн ашиглалтыг нэмэгдүүлэх Монгол Улсын төрийн бодлогод нийцсэн;
- Бүс нутаг, нийгмийн хөгжилд түлхэц өгөхүйц;
- Иймд төслийг нэн даруй хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргажээ.
Сүүлийн үед Оросын компаниуд Курагино-Кызыл чиглэлийн төмөр замаас илүүтэйгээр Эрдэнэт-Овоот, Овоот-Арцсуурь-Кызыл чиглэлийн төсөлд оролцох сонирхол нэмэгдэж байна. Тухайлбал, Оросын “Госгипротранс” компани (захирал И.В.Мицук нь ОХУ-ын Холбооны төмөр замын тээврийн агентлагийн орлогч дарга асан, “УБТЗ” ХНН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга, хяналтын зөвлөлийн даргаар ажиллаж байсан) Хятадын компанитай хамтарч оролцох хүсэлтээ илэрхийлсэн мэдээлэл байна.
Дүгнэлт
Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын төслийн хөрөнгө оруулалт энэ оны хоёрдугаар хагаст бүрэн шийдэгдэж, 2019 оны хавраас ажил эхлэх төлөвтэй. Төсөл хэрэгжсэнээр Хятадын тал манай төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон анхны амжилттай алхам болно. Улмаар манай улсын зүүн бүсийн эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад ч хамтран ажиллах боломж нээгдэнэ. “УБТЗ-ыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-т туссан энэ төмөр замыг байгуулснаар уул уурхайн түүхий эд төдийгүй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, зорчигч тээвэрлэж, ашиг нэмэгдэнэ. Төмөр зам дагуу зөрлөг, өртөөний байгууламж баригдаж, 1000-1200 ажлын байр шинээр бий болно. Баруун бүсийн аялал жуулчлал, тэр дундаа Хөвсгөл нуурыг чиглэх аялагчдын тоо нэмэгдэнэ. Уг замыг цааш нь Овоот-Арцсуурь-Кызыл-Курагино чиглэлийн төмөр замтай холбосноор ОХУ, БНХАУ-ын хооронд төдийгүй Европын улсуудтай хамгийн дөт холбосон эдийн засгийн коридор үүсэх юм.
Санал
Эрдэнэт-Овоот, Овоот-Арцсуурь-Кызыл чиглэлийн төмөр замын төсөл нь Монгол Улсын хувьд стратегийн чухал ач холбогдолтой төдийгүй, ТЭЗҮ батлагдсан даруйд Засгийн газрын зүгээс богино хугацаанд танилцаж УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулах нь зүйтэй.
Учир нь Кызылээс Курагино хүрэх төмөр замаас түрүүлж барьсанаар Тувагийн нутаг дахь Улуг-Хэмийн бүлэг ордын түүхий эдийг Хятад руу экспортлох, Монгол Улсын дэд бүтцийг ашиглан Орос, Хятадын худалдааны шинэ коридор бий болгох давуу талтай. Хэрэв Кызыл-Курагино төсөл богино хугацаанд эхэлж ашиглалтад орвол Монгол Улсаар дамжин өнгөрөх Орос, Хятадын хоорондох тогтвортой ачаа тээврийн урсгалыг алдах эрсдэлтэй байна.
Монгол Улсын Засгын газрын зүгээс төмөр замын гэрээ хэлэлцээ хийхэд хөндлөнгийн зөвлөхүүдийг татан оролцуулах нь зүйтэй болов уу.
Ангилал: Долоо хоногийн тойм
Сүүлд нэмэгдсэн
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02