АНУ-ЫН ДАРААЧИЙН ЗАСАГ ЗАХИРГААН ДАХЬ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН САЛБАРЫН УДИРДЛАГЫН ТАЛААРХ ТААМАГЛАЛУУД (Төрийн департамент, Пентагон, Тагнуулын нийгэмлэг)
2020-11-13
АНУ-д саяхан болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуульд нийт ард түмний санал, сонгогчдын коллегийн шаардлагатай олонхийн саналын аль алинаар нь ялалт байгуулаад байгаа Ж.Байден ирэх оны 1 дүгээр сарын 20-нд тангаргаа өргөснөөр АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчийн албан үүргээ хэрэгжүүлж эхэлнэ. Одоогоор түүний тэргүүлэх танхим болон ҮАБЗ-д орж ажиллах хүмүүсийн нэрсээс тодорхой болсон ганц нэр бол дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон К.Харрис байна. Бусад сайд, агентлагийн дарга нарын нэрс эцсийн байдлаар тодрох хүртэл багагүй хугацаа байна. Ерөнхийлөгч тангаргаа өргөсний дараа ч тэдгээр албан тушаалд нэр дэвшигчдийг АНУ-ын Конгрессийн Сенат байнгын хороод болон нэгдсэн чуулганаараа нэг бүрчлэн хэлэлцэж батлах тул энэ талаар бодитой мэдээлэл одоогоор гарахад эртдэх юм. Учир нь, Сенатын бүрэлдэхүүн хараахан эцэслэн бүрэн болоогүй, хоёр суудал нээлттэй хэвээр байгаа ба тус танхим дахь олонх БНН, АН-ын алинд ч шилжих боломжтой байгаа. Ж.Байден ч өөрөө энэ талаар ямар нэгэн мэдэгдлийг албан болон албан бус байдлаар хийгээгүй байгааг дурдах хэрэгтэй. Хэдий тийм боловч америкийн улс төрийн либерал жигүүрийн үзэл санааг дэмжигч хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим сайтууд (New York Post, Politico.com зэрэг) дараачийн засаг захиргаанд танхимын гишүүн-нарийн бичгийн дарга (сайд) болон түүнтэй адилтгах зэрэглэл бүхий албан тушаалд томилогдож болзошгүй эрхмүүдийн талаар таамаглал дэвшүүлж эхлээд байна. Эдгээрээс гадаад аюулгүй байдлын салбарын голлох яам, агентлаг удирдаж магадгүй хэмээн нэр нь дурдагдаж байгаа зарим хүмүүсийн талаар түүвэрлэн танилцуулж байна. Үүнд дотоод аюулгүй байдлын асуудал хариуцдаг яам, агентлагийн удирдлагыг оруулаагүй болно. Эдгээр албан тушаал нь мөн ерөнхийлөгчийн тэргүүлдэг өөр нэгэн бүтэц болох ҮАБЗ-ийн жинхэнэ болон зөвлөх гишүүний үүргийг хавсардаг юм.
Төрийн нарийн бичгийн дарга
Сюзан Райс. Доктор С.Райс бол Б.Клинтоны засаг захиргааны үеэс эхлэн АН-ын доторх гадаад бодлогын нөлөө бүхий мэргэжилтнүүдийн тоонд орж ирсэн хүн юм. Тэрээр Б.Обамагийн эхний бүрэн эрхийн хугацаанд (2008-2012) АНУ-аас НҮБ-д суух элчин сайд-байнгын төлөөлөгч, хоёрдахь бүрэн эрхийн хуцгацаанд (2012-2016) ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллаж байв. Нэгэн үе Б.Обама түүнийг Х.Клинтоны оронд Төрийн нарийн бичгийн даргаар томилох асуудал яригдаж байсан ч Ливийн Бенгазид 2012 онд гарсан террорист халдлагыг урьдчилан таслан зогсоож чадаагүй хэмээн буруутгагдсанаар нэрээ татсан байдаг. Энэ онд Ж.Байден түүнийг дэд ерөнхийлөгчид хамтран нэр дэвшигчээрээ сонгохоор судалж байсан ч эцэстээ сонголтоо К.Харрис дээр буулгасан. Сенатад АН олонх болсон тохиолдолд төрийн нарийн бичгийн даргаар батлагдах өндөр магадлалтай ч БНН олонхоо хадгалж чадвал ширүүн эсэргүүцэлтэй тулгарна.
Антони Блинкен. А.Блинкен нь мөн л Б.Клинотны үеэс ҮАБЗ-ийн ажлын албанд ажиллаж эхлэн Б.Обамагийн засаг захиргааны гадаад бодлогын багт дэвшин орж үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн орлогч, төрийн нарийн бичгийн даргын орлогчийн алба хашиж байсан. Хэдийгээр С.Райстай харьцуулахад арай доогуур байр суурь эзэлж байсан ч тэрээр тухайн үед дэд ерөнхийлөгч байсан Ж.Байдены багт илүү ойр ажилласан. Бүр Сенатын гишүүн, гадаад бодлогын байнгын хорооны дарга байх үеэс нь Ж.Байденд гадаад бодлогын асуудлаар зөвлөдөг ахлах референт нь байв. Ж.Байдентай илүү дотно тул түүнийг төрийн нарийн бичгийн дарга гэхээсээ илүү ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн албанд томилогдоно гэж үзэх нь ч байна.
Крист Мөрфи. Сенатын гишүүн, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн К.Мөрфи бол С.Райс, А.Блинкен нар шиг АН-ын төв либерал жигүүрийн бус, зүүний “дэвшилтэт” гэгддэг жигүүрийн төлөөлөгч. Д.Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараахан зүүн жигүүрийн гадаад бодлогын альтернатив үзэл баримтлалыг бие даан боловсруулж олон нийтэд танилцуулж байсан. Хэдий үзэл бодлын хувьд АН-ын хамгийн зүүн жигүүрт байдаг ч төвийн жигүүрийнхээс илүүтэйгээр Сенат дахь БНН-ын төлөөлөлтэй зарим хууль тогтоомжийг санаачлан батлуулах дээр идэвхтэй ажилласан нэгэн. Тухайлбал, Йемен дахь Саудын Араб тэргүүтэй эвсэлд үзүүлэх дэмжлэгийг зогсоох, ОХУ, БНХАУ-ын зүгээс явуулж буй “мэдээллийн дайн”-тай тэмцэхэд нэмэлт хүч, хэрэгсэл хуваарилах зэрэг тогтоолын төслийг өрсөлдөгч намынхантайгаа хамтран боловсруулж Д.Трампын ордонд шахалт үзүүлж чадсан. Тиймээс Ж.Байден нэг талаас намынхаа зүүн жигүүрийн талыг алдахгүй байх, нөгөө талаас БНН Сенатад олонх болж чадвал саадгүй томилуулах давхар ашигтай нүүдэл нь К.Мөрфи байж болох юм.
Крис Күүнс. Мөн Сенатын гишүүн (Ж.Байдены тойрог болох Делавэр муж улсыг төлөөлөн сонгогдсон), гадаад бодлогын байнгын хорооны гишүүн. АН-ын төв либерал жигүүрийн төлөөлөгчдийн нэг, ажлын бүтээмж үлэмж өндөртэй хууль тогтоогч гэгддэг. Тэрээр мөн л гадаад болон аюулгүй байдлын бодлогын асуудлаар Конгрессийн хоёр танхим дахь хоёр намын бүлгийн хамтын ажиллагааг илүү чухалчилдаг, тухайлбал, халуун цэгүүдэд хүчирхийлэл дагуулсан экстремизмтэй тэмцэх чиглэлээр нэг тэрбум гаруй ам.долларын санхүүжилт төсөвлөхөд голлох үүрэг гүйцэтгэжээ. Сенатч К.Күүнс бол Д.Трампыг хатуу шүүмжлэгчдийн нэг бөгөөд “хэвийн бус үйлдэлтэй ерөнхийлөгч” хэмээн тодорхойлж байсан удаатай.
Бусад. Дээр дурдсан эрхмүүдээс гадна 2012-2016 онд НҮБ-д суух элчин сайд-байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан доктор Саманта Пауэр; Сенатын гишүүн Митт Ромни (БНН-ын гишүүн, 2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд Б.Обаматай өрсөлдөж байсан); мөн төрийн нарийн бичгийн даргын орлогч асан, мэргэжлийн дипломатч, өдгөө Олон улсын энх тайвны төлөө Карнеги сангийн ерөнхийлөгч Уильям Бөрнс нарын нэр ч зарим хүрээлэлд яригдаж байна.
Батлан хамгаалахын сайд
Мишель Флүрной. Өмнө нь 2015 онд Б.Обама түүнд энэ албан тушаалыг санал болгож байсан ч бүрэн эрхийн хугацаа дуусахад бага хугацаа үлдсэн байсан тул татгалзсан. АНУ-ын түүхэн дэх анхны эмэгтэй батлан хамгаалахын сайд болж үлдэх боломжоо ийнхүү орхисон ч энэ удаад магадлал өндөрт тооцогдож байна. М.Флүрной нь мөн л 1990-ээд оноос хойш АН-ын засаг захиргаа бүрт БХЯ-ны улс төрийн (иргэний) өндөр албан тушаалд дэвшин томилогдож ирсэн, тухайлбал, Б.Клинтоны үед батлан хамгаалахын туслах дэд сайд, Б.Обамагийн үед бодлого хариуцсан орлогч сайдын албыг хашиж байсан. ХАЧА-ийн шинэчлэлийг сөргүүлэн АНУ-ын зэвсэгт хүчнийг илүү бэхжүүлэх, ялангуяа нэн шинэ үеийн технологид суурилсан зэвсэглэл, техникийн боловсруулалтад хөрөнгө хаях ёстой гэдэг үзлийг тууштай баримталдаг. АН-ын лидерүүдээс Х.Клинтонтой үзэл бодол ойр гэгддэг. 2016 оноос WestExec Advisors хэмээх стратегийн зөвлөх үйлчилгээний компани үүсгэн байгуулж ажиллаж байгаа. Нам доторх зүүнтнүүдээсээ дэмжлэг хүлээхгүй байх магадлалтай.
Тамми Дакуорт. Сенатын гишүүн, мөн л батлан хамгаалахын анхны эмэгтэй сайд болох магадалтай “битүү морьд”-ын нэг гэгддэг. АНУ-ын хуурай замын цэргийн бэлтгэл дэд хурандаа, нисдэг тэрэгний нисгэгч асан тэрээр Иракийн дайнд оролцон, шархдаж хоёр хөлгүй болсон ахмад дайчин юм. Түүнийг мөн л Ж.Байден дэд ерөнхийлөгчид хамтран нэрийг нь дэвшүүлж магадгүй гэсэн яриа энэ онд гарч байсан. Т.Дакуорт мөн л Д.Трампын бодлогыг эрс хатуу шүүмжилдэг нэгэн бөгөөд энэ зун шуугисан “ОХУ Америкийн цэргүүдийг хороохыг талибуудад мөнгө төлж захиалсан” гэх хуурамч мэдээллийг ихээхэн дэврээхэд оролцсон юм.
Жэй Жонсон. Б.Обамагийн засаг захиргаанд ахлах зөвлөх, хожим нь дотоодыг хамгаалахын сайдын албыг хашиж байхдаа АНУ-ын нутаг дэвсгэр доторх терроризмтой тэмцэх чиглэлийн гол бодлогыг нь зангидаж байсан. Пентагоны гол гэрээлэгч Lockheed Martin-ы ТУЗ-ийн гишүүн. Энэ утгаараа БХЯ-ыг тэргүүлэхэд шаардагдах ажлын туршлага байгаа гэж үзэж болох ч, нөгөө талаас, том корпорациудын нөлөөг саармагжуулах эрмэлзэлтэй “дэвшилтэт” жигүүрийнхэнд таалагдахгүй байх магадлалтай. Хэрэв томилогдвол Ж.Жонсон нь АНУ-ын түүхэн дэх анхны хар арьстай батлан хамгаалахын сайд болно.
Үндэсний тагнуулын захирал (Тагнуулын нийгэмлэгийн тэргүүн)
Роберт Кардильо. Мэргэжлийн тагнуулч тэрээр АНУ-ын тагнуулын байгууллагуудад нийтдээ 35 жил алба хаасан. Батлан хамгаалахын тагнуулын агентлаг (цэргийн тагнуул)-ийн орлогч дарга, хамгийн сүүлд 2014-2019 онд Үндэсний гео-орон зайн тагнуулын агентлагийн даргаар ажиллаж байв. Улс төрийн үзэл санааны хувьд БНН-ын угшилтай бөгөөд Д.Трампын засаг захиргаанд өндөр албан тушаал хашиж байгаад бэлтгэлээр халагдсан 780 хүн Ж.Байденыг ерөнхийлөгчид нэрийг нь дэвшүүлэхийг дэмжиж гарын үсэг зурсны нэг нь юм. Өөрөөр хэлбэл, төв консерватив үзэлтэй хүчний байгууллагын олон зуун өндөр албан тушаалтан Д.Трампын бодлого, үйл хөдлөл, хувийн зан чанарт дургүйцсэний улмаас АН-ынхантай эвсэх болсны нэгэн том төлөөлөл гэж хэлж болно.
Сю Гордон. АНУ-ын Тагнуулын төв газар (ТТГ)-т 40 шахам жил үүрэг гүйцэтгэсэн мэргэжлийн тагнуулч, АН, БНН-ынханд адилхан өндрөөр үнэлэгддэг гадаад тагнуулын ажилтан юм. С.Гордон мөн Д.Трампын засаг захиргааны эхэн үед Үндэсний тагнуулын захирлын орлогчоор томилогдон ажиллаж байгаад Дан Коутсыг огцорсны дараа АНУ-ын тагнуулын нийгэмлэгийн түүхэн дэх анхны эмэгтэй захирал болно хэмээн яригдаж байсан ч Д.Трамп түүнийг томилоогүй тул 2019 оны 7 дугаар сард огцрох өргөдлөө өгсөн. Өргөдөлдөө “ерөнхийлөгч өөрийн багтай ажиллах ёстой тул ийм боломжийг олгохын хүссэн” хэмээн дурджээ. Түүнийг мөн л Д.Трамптай үзэл бодол, арга барил нийлээгүй аядуу консерватив үзэлтэй хүчнийхний нэг гэж хэлж болно.
Лиза Монако. 1990-ээд онд Ж.Байден Сенатын хууль зүйн байнгын хорооны дарга байхад нь референтээр нь ажиллаж байсан, дараа нь 15 жилийн турш Хууль зүйн яамны системд холбооны прокурор, мөн Холбооны мөрдөх товчоо (ХМТ)-ны даргын зөвлөх бөгөөд тамгын газрын даргаар ажилласан. Б.Обамагийн засаг захиргаанд эхлээд террорзмтой тэмцэх албаны дарга, дотоод аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх, дараа нь 2011-2013 онд АНУ-ын ерөнхий прокурор бөгөөд хууль зүйн сайдын үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн орлогчийн албыг хашсан нь мөн энэ албанд томилогдсон анхны эмэгтэй байв.
Тагнуулын төв газрын дарга
Томас Донилон. AН-ын угшилтай гадаад бодлого, аюулгүй байдлын салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийн дотроос хамгийн арвин туршлагатай нь гэж хэлж болно. Тэрээр бүр 1977 онд ерөнхийлөгч Ж.Картерийн үед Цагаан ордноос ажлынхаа гарааг эхэлсэн бөгөөд үргэлжлүүлэн Б.Клинтон, Б.Обамагийн засаг захиргаанд, нийтдээ гурван ерөнхийлөгчтэй ойр шадарлаж ажилласан. Т.Донилон нь ерөнхийлөгчөөр сонгогдсон Ж.Байдентай олон жил ойр харилцаатай байсан төдийгүй эхнэр Катерин Рассел нь Ж.Байденыг дэд ерөнхийлөгч байх үед хатагтай Жилл Байдены ажлын албаны даргаар ажиллаж байсан, гэр бүлийн нөхөрлөлөөр холбогдсон байдаг.
Аврил Хэйнс. АНУ-ын ТТГ-ын түүхэн дэх анхны эмэгтэй дэд дарга (ТТГ-ын одоогийн дарга Жина Хаспелийг дэд дарга болохоос ч өмнө уг албыг хашиж байсан), 2012-2016 онд Б.Обамагийн үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн орлогчоор ажилласан. А.Хэйнс нь 2020 оны 6 дугаар сараас эхлэн Ж.Байдены кампанид гадаад бодлого, аюулгүй байдлын салбарын мөрийн хөтөлбөрийг нь боловсруулах ажилд татагдан орсон байна.
Майкл Морелл. Мэргэжлийн гадаад тагнуулч тэрээр 2013 онд богино хугацаанд ТТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилласан. ТТГ-ын дарга, генерал Дэвид Петрэйас дуулиантайгаар огцорсны дараа ерөнхийлөгч Б.Обама нэгэн үе М.Мореллыг томилох талаар бодож байсан ч сонголтоо Жорж Бреннан дээр буулгаж байсан түүхтэй. Түүнийг ТТГ дахь хамгийн чадалтай дүн шинжээчдийн нэг гэж үздэг. М.Морелл нууц даалгавар биелүүлэх гүйцэтгэх ажиллагаанд дрон ашиглах талаарх Б.Обамагийн засаг захиргааны бодлогыг хамгаалж байсан, мөн ТТГ-аас террорист сэжигтэн, яллагдагчиийг мөрдөн байцаах ажилд эрүүдэн шүүх арга хэрэглэж буйг буруушаасан Сенатын дүгнэлттэй санал нийлэлгүй, шүүмжлэлтэй хандаж байсан зэрэг нь АН дотор зүүн жигүүрийнхний дургүйцлийг хүргэсэн тул дээд танхимд АН олонх болсон тохиолдолд дэмжигдэхгүй байх магадлалтай.
Бодлогын чиг хандлага
Таамаглалд нэр нь орж буй хүмүүсийн товч танилцуулга, намтрын хэсгээс өнгөц дүгнэхэд АНУ-ын улс төр дэх либерал жигүүрийн доторх фракц, бүлэглэлүүдийн хооронд тэнцвэр олох түвэгтэй шийдэл Ж.Байденыг хүлээж байгаа нь харагдаж байна. Ж.Байден АН-ын дотоод сунгаанд ялж, ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвших эрх олж авахын тулд АН-ын сонгогчдийн уламжлалт суурь болсон зүүн-төвийн (либерал) жигүүрийн бүх бүлэглэл, фракцын, түүний дотор зүүний “дэвшилтэт” (бараг социалист ч гэгддэг) үзэлтнүүдээс төв либералуудыг хүртэл өргөн спектрын дэмжлэгийг авсан төдийгүй сонгуулийн кампанит ажлын явцад Д.Трампад ямар нэгэн шалтгаанаар дургүйцсэн консерваторууд (БНН-ынхан)-ыг ч талдаа татах шаардлагатай болсон. Иймээс танхимын гол гол албан тушаалуудад томилгоо хийхдээ энэ бүх жигүүрийн төлөөллийн тэнцвэрийг хангахыг оролдох бололтой. Мөн АН-ын сонгогчдын хамгийн идэвхтэй хэсэг болох эмэгтэйчүүд, хар арьстан (аюулгүй байдлын салбарт одоогоор таамагт ороогүй ч бусад салбарын сайдад бэлгийн цөөнхийн төлөөлөл ч яригдаж буй)-ы төлөөллийг хамгийн өргөнөөр оруулах нь тодорхой байна.
АНУ-ын улс төр дэх либерал жигүүрийн доторх фракц, бүлэглэлүүдийн хооронд тэнцвэр олох түвэгтэй шийдэл Ж.Байденыг хүлээж байгаа нь харагдаж байна.
Гол сонголт нь ирэх оны 1 дүгээр сар гэхэд Сенатын нөхөн сонгуулийн дүн эцэслэн гарч дээд танхимын 100 гишүүн бүрэн бүрэлдэхүүнтэй болох үед тодорно. АНУ-ын ерөнхийлөгч сайд нарын нэрийг дэвшүүлдэг ч Сенатаар заавал дэмжигдэх болзолтой. 11 дүгээр сарын 3-ны сонгуулийн дүнгээр Сенатын суудлын 1/3 нь дахин сонгогдож, одоогоор БНН-ын 50, АН-ын 48 гишүүнтэй болсон ба 1 дүгээр сарын 3-нд Жоржиа мужид хоёр сенатчийн суудлын төлөө нөхөн сонгууль болно. БНН нэг суудал авахад олонх болох бол АН-ын хувьд заавал хоёуланг нь авч байж олонх болох боломж бүрдэнэ. Учир нь, Сенатын гишүүдийн тоо 50:50-аар тэнцсэн тохиолдолд АНУ-ын дэд ерөнхийлөгч Сенатын даргын хувьд хайн хагалах санал өгөхөөр үндсэн хуулиар зохицуулсан байдаг тул ийм нөхцөлд АН К.Харрисын саналыг оролцуулж олонх болох юм. Тиймээс аль нам олонх болохоос хамааран тааварт орж буй хүмүүсийн улс төрийн үзэл баримтлал, намтар түүхийг харгалзаж байж аль болох эсэргүүцэл багатайгаар дэмжигдэх магадлалтайг нь сонгох төлөвтэй. Бодлогын шилжилтийн хувьд, Д.Трампын урьдчилан таамаглахын аргагүй хэрнээ туйлын прагматик, үзэл сурталд дөнгөлөгдөөгүй бодлого халаагаа өгч, глобалистуудын мөрийн хөтөлбөр болох ардчиллыг түгээн дэлгэрүүлэх (шаардлагатай бол төрийн эргэлт, өнгөт хувьсгалын аргаар), “дэглэм өөрчлөх” нэрээр улс оруудын дотоод хэрэгт хөндлөнгөөс илт оролцох, үүний тулд ардчиллын төлөө гэх, хэрэг дээрээ тусгай албадын нөлөөллийн хэрэгсэл болох сан, хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг эрс идэвхжүүлэх, эдгээрийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, үндэстэн дамнасан корпорациудын ашиг сонирхлыг ил цагаан хамгаалах зэрэг сонгодог либерал бодлого сэргэх нь жижиг орнуудын хувьд тодорхой хэмжээний эрсдэл дагуулна.
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Мэдэээлэлийн дайн ба саармаг буюу хосолмол аюулДараах нийтлэл
Кибер орон зайн “Том Дөрөв”Сүүлд нэмэгдсэн
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02