Бээжин далайд хүчирхэгжихийг эрмэлзэж байна

2019-08-16

https://niss.gov.mn/wp-content/uploads/2019/08/1200x674.jpg

ЗХУ-ын уналтаас хойш АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин өнөөг хүртэл далайд байр суурийг нь булаацалдах бодит өрсөлдөгчгүй байсан бол өнөөдөр хятадын тэнгисийн флотын цар хүрээ, хөгжлийн хэтийн төлөв тэднийг болгоомжлох хэмжээнд хүрч, 1990-ээд оноос давуу байдалтай зарим тоон үзүүлэлтээ алдахад хүргэж байна. Сүүлийн арван жилд хятадын ХАЧА (хятадын ардын чөлөөлөх арми) дэлхийн ихэнх улс орнуудын усан онгоцноос илүү усан онгоц барьсны дотор тэнгисийн цэргийн хүч нь 100 гаруй тооны шумбагч болон байлдааны хөлөг онгоц үйлдвэрлэж зэвсэглэлдээ авчээ. Цаашид Хятад нь стратегийн олон зориулалттай нисэх онгоц тээвэрлэгчтэй болж, тэнгисийн флотынхоо чадвар, бололцоог дээшлүүлэхэд анхаарч байна.

Хятадын тэнгисийн хүчнээ бэхжүүлэх сонирхол

“ХЯТАДЫН мөрөөдөл” нь улс орныг бүхэлд нь хөгжүүлэх Хятадын стратегийн үзэл баримтлал юм. Үүнийг 2012 оны 11 дүгээр сард Хятадын коммунист намын тэргүүн, өнөөгийн Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин “Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандал” хэмээн томьёолж, гол хоёр хязгаарыг зааж өгсөн нь 2021 онд ХКН-ын 100 жилийн ой гэхэд “дундаж чинээлэг нийгэм”-ийг байгуулах, 2049 онд БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан “хүчирхэг, ардчилсан, соён гэгээрсэн, эв найртай орчин үеийн социалист улс”-ыг байгуулах явдал гэж үзжээ. Энэхүү стратегийн бодлогод нэн тэргүүнд “хүчирхэг улс”, “хүчирхэг арми”, “хүчирхэг спортын гүрэн”, “хүчирхэг сансар судлал”, “хүчирхэг флот буюу нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцтой болох явдал” гэсэн таван зорилтыг дэвшүүлсэн. Эндээс нисэх онгоц тээвэрлэгч хөлөг хөгжүүлэх бодлого бол зөвхөн ХАЧА-ийн тэнгисийн цэргийн байлдааны чадварыг өсгөөд зогсохгүй “Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандал”-ыг хэрэгжүүлэх “хятадын мөрөөдөл”-д хүрэх гол зорилгын түлхүүр гэж тооцож байна.

XIX зууны дунд үеэс эхэлсэн “Хар тамхины дайн”-аас улбаалаад 1949 онд БНХАУ байгуулагдах хүртэл үеийг хятадууд “зуун жилийн шившиг” хэмээн ихэд эмзэглэдэг. Энэ үед Хятадын аюулгүй байдалд дийлэнхдээ далайгаас заналхийлж байсан тул эх газраар хиллэсэн 18 мянган км түүнд харьяалагдах 3 сая кв.км далайн талбайг хамгаалах хүчирхэг флотыг бий болгох, тэр тусмаа нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоц үйлдвэрлэх нь зайлшгүй гэж хятадын стратегичид тооцоолдог. Гэхдээ ХАЧА-ийн тэнгисийн цэргийн хүчийг нисэх онгоц тээвэрлэгчээр хангах нь АНУ болон бусад тэнгисийн гүрнүүдтэй өрсөлдөх явдал биш харин Тайваний арлыг БНХАУ-ын мэдэлд оруулах, Өмнөд Хятадын тэнгисийн арлын маргааныг Хятадын талд ашигтайгаар шийдэх, Хятадын ашиг сонирхлыг эх газраас цааш хэмжээнд хамгаалах, цэрэг-улс төрийн нөлөөллийг өсгөх ба Хятадын нөлөөг дэлхийд харуулах явдал хэмээн тайлбарлаж байна.

Нисэх онгоц тээвэрлэгч үйлдвэрлэх үе шат

2012 ОНЫ 9 сарын 25-нд нисэх онгоц тээвэрлэгч “Ляонин”-ыг ашиглалтад оруулж, албан ёсоор хүлээлгэн өгсөн нь ХАЧА-ийн тэнгисийн цэргийн хүчинд шинэ хуудас нээсэн. Харин 2017 оны 4-р сарын 26-нд Далян хотод  ХАЧА-ийн тэнгисийн цэргийн хувьд хоёр дахь нисэх онгоц тээвэрлэгчийг 001А төслөөр бүтээсэн нь БНХАУ-ын усан онгоц барих шинжлэх ухаан техникийн өсөлт дэвшлийг харуулаад зогсохгүй улс орны иж бүрэн чадварыг бэхжүүлсний нотолгоо болсон.

2018 оны 10 сард хятадын асуудлыг хэлэлцдэг дэлхийн хэмжээний “Синь Лан” (шинэ долгион) хэмээх сайт дээр “хятадын тээвэрлэгч хөлөг онгоцны флотын “дөрвөн алхмын” бодлогын талаар дурдаж энэ хөтөлбөрийн туйлын зорилго нь цөмийн хөдөлгүүр болон цахилгаан соронзон харвагч төхөөрөмжтэй тээвэрлэгчийг бүтээх явдал гэж үзсэн байна. Үүнд:

Эхний шат нь 1998 онд Украин улсаас худалдаж авсан 60 мянган тонн усны багтаамжтай цөмийн бус хөдөлгүүртэй дутуу баригдсан нисэх онгоц тээвэрлэгч “Варяг” хөлөг онгоцыг 2005 онд Хятадын Далянь хотын хөлөг онгоцны үйлдвэрт авчирч, долоон жилийн турш бүрэн өөрчилж, ХАЧА-ийн тэнгисийн цэргийн хүчний нисэх онгоц тээвэрлэгч “Ляонин” болгож хувиргасан. “Ляонин”-ы шинэчилсэн хувилбар  001 төсөлд хамрагдана.

Хоёр дахь шат нь “Варяг”-ийн үндсэн технологи дээр тулгуурлан 2013 оны 11 сард Далянь хотын хөлөг онгоцны үйлдвэр дээр цөмийн бус хөдөлгүүртэй хоёр дахь нисэх онгоц тээвэрлэгч баригдсан. Энэ нь 001А төслөөр бүрэн хятадын үйлдвэрлэлээр бүтээгдсэн.

Гурав дахь шат нь зөвлөлтийн технологийг хуулбарлан 60 мянган тонны хоёр тээвэрлэгчийг барьсан туршлага дээрээс үндэслэн Шанхай хотын дүүрэгт 002 төслөөр цөмийн бус эрчим хүчээр ажилладаг тээвэрлэгчийг бүтээх ажил явагдаж байгаа нь ХАЧА-ийн тэнгисийн цэргийн хүчний гурав дахь, хятадын бие даан үйлдвэрлэсэн хоёрдахь онгоц болох юм.

Дөрөв дэх шат нь 002 төслийн хүрээнд хэрэгжүүлэх нисэх онгоц тээвэрлэгч нь ойролцоогоор 70 мянган тооны багтаамжтай, нисэх тавцан илүү том хэмжээтэй бөгөөд нисэх онгоцыг богино зайд хөөргөх орчин үеийн харвагч төхөөрөмжөөр тоноглоно гэж төлөвлөсөн. Энэхүү харвагч суурилуулах асуудал одоогоор шийдэгдээгүй бөгөөд хятадын зэвсэглэлийн хөгжлийн боломжоос шалтгаалж “бүх зүйл найдвартай байхын тулд” “бага бага алхмаар хол явна” гэсэн зарчмыг баримтлан цахилгаан соронзон харвагчийг боловсруулах хурд өнөөдөр хангалтгүй учир 002 төслийн тээвэрлэгч дээр уурын харвагч суурилуулах магадлал өндөртэй байна.

Нөөц бололцоо, хүндрэл бэрхшээл

НИСЭХ онгоц тээвэрлэгчийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэхийн тулд Шанхай хотоос баруун хойно Янцзы мөрний эхэд орших Чансин хөлөг онгоцны үйлдвэрийг 2005-2007 оны хооронд байгуулж,  хятадын бие даасан хоёр дахь хөлөг онгоцны үйлдвэр болгож хөгжүүлэв. Энэ үйлдвэрийг тулгуурлан зөвлөлтийн болон оросын цөмийн бус эрчим хүчний төхөөрөмжтэй тээвэрлэгчийг хуулбарлах туршлагыг хуримтлуулан 003 төслийн хүрээнд цөмийн эрчим хүчээр ажилладаг нисэх онгоц тээвэрлэгчийг бүтээх ажил өрнөж байна. Энэ тээвэрлэгч нь америкийн сүүлийн үеийн тээвэрлэгчтэй эн зэрэгцэх бөгөөд цөмийн эрчимт төхөөрөмжийг ашигласнаар холын зайг өндөр хурдтай туулах боломжийг олох юм. Түүнчлэн цахилгаан соронзон харвагч  суурилуулах бөгөөд шинэ үеийн сөнөөгч онгоц, зэвсэглэлийн шинэчилсэн систем, нисгэх тавцан ч гэсэн шинэчлэгдэнэ гэж үзэж байна. Нисэх онгоц тээвэрлэгч нь хятадын цэргийн хүчийг илэрхийлэхээс гадна хилийн чанад дахь хятад иргэдийн аюулгүй байдлыг хангаж, нүүлгэн шилжүүлэлт хийх, аврах арга хэмжээг зохион байгуулах бололцоог дээшлүүлэх юм.

Гэвч 2019 оны 10 сарын 1-нд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан ХАЧА-ийн тэнгисийн цэргийн хүчинд 002 төслийн тээвэрлэгчийг хүлээлгэн өгөх асуудал АНУ болон БНХАУ-ын хоорондын “худалдааны дайнаас” улбаалж, санхүү-эдийн засгийн хязгаарлалт болон өөр бусад шалтгаануудаас амжихгүй болоод байгааг 2018 оны 12 сарын 2-ны хятадын албан ёсны “Шуурхай мэдээ” сайт дээр “Хятадын гурав дахь нисэх онгоц тээвэрлэгчийн бүтээхэд хүндрэл учирлаа” хэмээн мэдээлсэн байна.

Дүгнэлт

БНХАУ тэнгисийн цэргийн хүчнээ нисэх онгоц тээвэрлэгчээр хангах нь АНУ болон бусад тэнгисийн гүрнүүдтэй өрсөлдөх явдал биш харин Тайваний арлыг БНХАУ-ын мэдэлд оруулах, Өмнөд Хятадын тэнгисийн арлын маргааныг Хятадын талд ашигтайгаар шийдэх, Хятадын ашиг сонирхлыг эх газраас цааш хэмжээнд хамгаалах, цэрэг-улс төрийн нөлөөллийг өсгөх ба Хятадын нөлөөг дэлхийд харуулах явдал хэмээн тайлбарлаж байна. БНХАУ нь нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцны флотын хөгжлийг дөрвөн үе шаттайгаар төлөвлөж байгаа бөгөөд хөтөлбөрийн туйлын зорилго нь цөмийн хөдөлгүүр болон цахилгаан соронзон харвагч төхөөрөмжтэй америкийн тэнгисийн цэргийн хүчтэй эн тэнцүү өрсөлдөх тээвэрлэгчийг бүтээх явдал гэж үзэж байна. Гэвч ХАЧА-ийн тэнгисийн цэргийн хүчинд 002 төслийн хүрээнд баригдах тээвэрлэгчийг хүлээлгэн өгөх асуудал АНУ, БНХАУ-ын хоорондын “худалдааны дайнаас” болж саатах төлөвтэй байна.


Ангилал: Долоо хоногийн тойм