САЛАА ЗАМЫН УУЛЗВАР ДЭЭРХ СУДАН: Дэглэмийн өөрчлөлтийн дараах хувилбар, эрсдэл
2019-04-16
ГУЧИН жил тасралтгүй төрийн эрх барьсан Суданы ерөнхийлөгч Омар аль-Баширыг түлхэн унагаснаар тус улсын төдийгүй Хойд Африкийн тогтвортой байдалд тодорхойгүй, эрсдэлтэй байж болзошгүй нөхцөл байдал үүсгэв. Засгийн эрхийг авсан дэслэгч генерал Абдель Фаттах аль-Бурханы захиргаа цаашид үймээн самуун үргэлжлэхээс сэргийлж чадах эсэх, олон улсын хамтын нийгэмлэгийн оролцоо, бусад улсын байр суурь ямар байхаас хамаарч энэ улсын байдал тогтворжих, эсвэл дахин задралд хүргэх салаа замын уулзвар дээр ирлээ. Эдийн засгийн хувьд олон улсын хориг арга хэмжээнээс гарч, гадаадын зээл, тусламж, хөрөнгө оруулалт татах боломж нээгдэж болох ч дотоодын хямрал, ялангуяа үндэстэн хоорондын зөрчил, тухайлбал, Дарфурын салан тусгаарлах хөдөлгөөний идэвхжил нэмэгдэх магадлалтай. Ямар ч тохиолдолд НҮБ-ын үүрэг, оролцоо нэмэгдэх нь бараг ойлгомжтой бөгөөд Судан, түүнээс өмнө нь тусгаарласан Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны мандатыг ахиулах, бие бүрэлдэхүүнийг нэмэх зэрэг шийдвэр гаргаж болзошгүй. Энэ нь НҮБ-д цэрэг илгээгч улсуудын дотор тодорхой байр суурь эзэлдэг манай улсын хувьд оролцоогоо нэмэгдүүлэх санал хүлээж авахад хүргэж болзошгүй гэж үзнэ.
“Өнгөт хувьсгал”-ын оролдлого үр хөврөлдөө дарагдсан нь
ЭНЭ оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Суданд болсон үйл явдлыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “цэргийн эргэлт” хэмээн томъёолж байгаа ч сонгодог хэлбэрээр өрнөсөн эргэлт хараахан биш байв. Өнгөрсөн таван сарын үйл явдлуудаас харахад цэргийн эрхтнүүд урьдчилан төлөвлөж засгийн эрхийг авах зохион байгуулалттай арга хэмжээ аваагүй дүр зурагтай байна. 2018 оны 11 дүгээр сараас хойш нийслэл Хартум, бусад томоохон хотуудад өрнөсөн мөнгөний ханшны уналт, амьжиргааны түвшний доройтол, авлига, хээл хахуулийг эсэргүүцсэн иргэдийн тайван замын жагсаалыг намжаах зорилгоор ерөнхийлөгч аль-Башир сөрөг хүчний нэр нөлөө бүхий удирдагч Садык аль-Махдид дэд ерөнхийлөгчийн суудлыг санал болгох замаар саармагжуулахыг оролдсон. Энэ бол аль-Баширын өмнө нь хоёронтаа туршсан тактик байв. Тэрээр 1990-ээд оны сүүлч – 2000-аад оны эхээр өдгөө тусгаар тогтноод буй Өмнөд Суданы удирдагчид, 2002–2004 оны иргэний дайны үеэр Дарфурын салан тусгаарлагчдын удирдагчдад дэд ерөнхийлөгчийн суудлаар найр тавьж наймаалцахыг оролдож байсан түүхтэй. Одоо энэ аргаа дахин хэрэглэх боломжгүй болсон нь тодорхой тул эсэргүүцлийн жагсаал ерөнхийдөө хяналтаас гарч эхэлсэн ба энэ үед засгийн эрх мэдлийг тус улсын БХЯ, цэргийн дээд командлал гартаа авсан.
Ингэснээр уг үйл явдал нь “сөрөг эргэлт”, “сөрөг хувьсгал”-ын хэв загварт илүү ойртож очиж байна. 4 дүгээр сарын 11-ний өдөр засгийн эрхийг батлан хамгаалахын сайд Авад ибн-Оуф авсан ч нэг хоногийн дараа шилжилтийн засаг захиргааны тэргүүний суудлаас бууж байгаагаа мэдэгдэв. Түүнтэй хамт түр засаг захиргааны дэд тэргүүн бөгөөд Жанжин штабын дарга Камель Абдельмаруф аль-Махи мөн албан тушаалаа орхиж, засгийн бүх эрх мэдэл Зэвсэгт хүчний ерөнхий хянан шалгагч дэслэгч генерал Абдель Фаттах аль-Бурхан Абдеррахманд шилжлээ.
Эрх мэдэл шилжүүлсэн хоёр генералын хэн нь хэн бэ?
АСАР богино хугацаанд болсон энэхүү хоёрдахь шилжилтийн учир шалтгааныг янз бүрээр тайлбарлаж байна. Хартумын гудамжинд цугласан жагсагчид “хоёрдахь нь бас уналаа” хэмээн баярлан хүлээж авсныг генерал ибн-Оуф нь өмнөх ерөнхийлөгч аль-Баширын хүн, тиймээс эсэргүүцлийн хөдөлгөөн үр дүнд хүрсэн бус, нэг дэглэмийн хоёр удирдах албан тушаалтны хооронд албан тушаалаа сэлгэсэн төдий үйл явдал гэж тухайн үед “Reuters” дүгнэж байв. Ибн-Оуф нь аль-Баширын баруун гар төдийгүй ялангуяа баруун Суданы Дарфур мужид гарсан иргэний дайны гол өдөөгч, бараг л “цэргийн гэмт хэрэгтэн” гэж “AP” дүгнэсэн. Тэрээр сүүлийн 12 жилийн турш АНУ-ын хоригт багтаж байсан юм. Тиймээс засгийн эрх аль-Башираас шилжсэн ч дорвитой өөрчлөлт гарахгүй гэсэн эргэлзээ байсаар байв. Мөн эрх мэдэл авсан даруйдаа иргэний эрх чөлөөг сэргээхэд чиглэсэн бус, харин гурван сарын турш онц байдал тогтоох, оройны 10 цагаас хойш хөл хорих зэрэг арга хэмжээ авахаа зарласан байдаг. Тиймээс ч иргэдийн эсэргүүцлийн жагсаалыг удирдагчдын нэг, хүний эрхийн төлөө тэмцэгч Алаа Салах гэх эмэгтэй ибн-Оуфын захиргааг хүлээн зөвшөөрөхгүй, иргэний түр засаг захиргааг эмхлэн байгуулах хүртэл эсэргүүцлээ үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдээд байв.
Харин эргэлтийн маргааш нь засгийн эрхийг авсан аль-Бурханы хувьд мөн л өмнөх дэглэмийн үед цэргийн дээд командлалын бүрэлдэхүүнд орж байсан, Суданы зэвсэгт хүчний удирдлагад дээрээсээ гуравдугаарт жагсах албан тушаалыг 2019 оны нэгдүгээр сараас хойш хашиж байсан хэдий ч өөрчлөлтийг эхлүүлж чадах хүн гэх итгэлийг олон улсад болон ард иргэдэд төрүүлж байгаа бололтой. Аль-Бурхан Суданы хойд нутгийн Кундато тосгоны уугуул. Мөн л өмнөд Судан болон Дарфурт болсон зэвсэгт мөргөлдөөнд оролцож байсан. 1990-ээд оноос хойш Дарфур муж дахь хилийн тагнуулын албаны дарга, хилийн цэргийн бүсийн командлагч зэрэг алба хашиж байв. Сүүлийн жилүүдэд БНХАУ-д цэргийн атташегаар томилогдон ажиллаж байгаад хуурай замын цэргийн командлагч, улмаар гурван сарын өмнө Зэвсэгт хүчний ерөнхий хянан шалгагчийн албан тушаалд орсон байна. Хэдийгээр өмнөх дэглэмийн үед томоохон албан тушаал хашсаар ирсэн ч улс төрийн аль нэг бүлэглэлд багтаж байгаагүй, “төвийг сахигч”, “ясны цэргийн дарга”, “жирийн иргэд, цэргүүдтэй ойр хүн” гэж үнэлэгддэг тухай Эмиратын “Gulf News” сонин мэдээлж байна. Тэрээр засгийн эрх мэдлийг авсан даруйдаа иргэний эрхийг хэсэгчлэн сэргээх, улс төрийн шинжтэй зарим хязгаарлалтыг цуцлах, хоёр жилийн шилжилтийн хугацааны дараа сонгууль явуулж иргэний засаг захиргаанд төрийн эрхийг шилжүүлэхээ зарлах, цэргийн захиргааны дэргэд улс төрийн зөвлөлдөх зөвлөл байгуулах зэрэг болгоомжтой алхмуудыг хийж эхлээд байна.
Цагийн байдлын өөрчлөлт: Гадаад, дотоод хүчин зүйлс
ХЭДИЙ тийм боловч тус улсын дотоод улс төрийн амьдрал, ялангуяа эдийн засгийн хямралд нааштай өөрчлөлт гарна гэх баталгаагүй, ядуурал, ажилгүйдэл, үндэстэн угсаатан хоорондын харилцаан дахь зөрчил зэрэг олон жилийн турш хуримтлагдсан асуудлууд ойрын хугацаанд шийдэгдэхгүй нь ойлгомжтой. Тиймээс ч эсэргүүцлийн арга хэмжээ ердөө дөрөв хоног түр намжаад 4 дүгээр сарын 16-наас эхлэн дахин идэвхжээд буй. Аль-Бурхан харьцангуй эерэг имижтэй хэдий ч цэргийн захиргааг бүрмөсөн татан буулгаж, улс төрийн сонгуулийг нэн даруй явуулж 100 хувь иргэний засгийн газар байгуулахыг шаардаж байгаа сөрөг хүчнийг АНУ, ЕХ дэмжиж турхирах магадлалтай. Мөн түүний өмнөд Судан, Дарфурын мөргөлдөөний үеэр гүйцэтгэж байсан үүрэгтэй нь холбоотойгоор өдгөө тусгаар тогтноод буй Өмнөд Судан улстай харилцаа эрс хүйтрэх, ялангуяа Дарфурын салан тусгаарлагчид идэвхжих зэрэг эрсдэлтэй тулгарах магадлал өндөр байна.
Дотооддоо эдийн засгийн хямрал ойрын жилүүдэд хэвээр үргэлжлэх, нөхцөл байдал зарим талаар бүр дордох ч магадлалтай. Үүнээс шалтгаалан улс төрийн нөхцөл байдал амархан ч тогтворжино гэсэн найдвар бараг үгүй. Гэхдээ цэргийн гэмт хэрэгтний жагсаалтад орсон аль-Баширыг зайлуулснаар тус улс олон улсын хориг арга хэмжээнээс гарч, цаашид гадаадын хөрөнгө оруулалтыг татаж эхлэх нөхцөл бүрдэх ба улмаар хөрш улсуудаасаа төдийгүй барууны орнуудаас зээл, тусламж авах боломжтой болно гэж ОХУ-ын ШУА-ийн Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн шинжээч Н.Сурков өгүүлж байна.
“Цаашид тулгарч болох асуудлын дунд Өмнөд Судан улстай харилцаа эрс хүйтрэх, ялангуяа Дарфурын салан тусгаарлагчид идэвхжих зэрэг эрсдэлтэй тулгарах магадлал өндөр байна.”
Харин гадаад харилцаан дахь гол түнш болох магадлалтай улсуудын хооронд амаргүй сонголт хийх томоохон сорилттой Суданы шинэ удирдлага тулгарах магадлалтай. Өнөөг хүртэл олон улсын хориг арга хэмжээн дор, бусад улстай хязгаарлалттай харилцаж ирсэн тус улс Ойрхи Дорнод дахь өрсөлдөгч хоёр томоохон бүлэглэлүүдийн хооронд манёвр хийж ирсэн байдаг. Судан нэг талаас Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират хоёр, нөгөө талаас Турк, Катар хоёрын хоорондын зөрчил дээр тоглох оролдлого хийсээр, аль алинаас нь тодорхой хэмжээний дэмжлэг авсаар ирсэн юм. Өнөөдрийн байдлаар дээрх хоёр бүлэглэлийн эхнийх нь АНУ-тай илүү ойр, сүүлийнх нь ОХУ-тай ойртож байгааг харгалзан үзвэл Хартум ч Вашингтон, Москва хоёрын ашиг сонирхлын зөрчлийг өөрт таатайгаар ашиглах боломж бүрдэж байна. Гэхдээ одоо бол манёвр хийхээсээ илүү эдийн засгийн хямралаас гарч, дотоодын нөхцөл байдлаа тогтворжуулахын тулд аль нэг талтай илүү ойр харилцаж, аль болох түргэн хугацаанд дорвитой зээл, тусламж авах шаардлага тулгарах тул сонголт хийх, шийдвэр гаргах цаг хугацаа давчуу байна.
Орос, Хятадын сонирхлын огтлолцол ба зөрчил
СУДАН дахь үйл явдлыг ОХУ анхааралтай ажиглаж байгаа ч хатуу тогтсон байр суурь илэрхийлээгүй байна. Өнгөрсөн жилүүдэд ерөнхийлөгч аль-Башир ОХУ-тай ойр харилцахыг эрмэлзэж ирсэн байдаг. Тухайлбал, Улаан тэнгист Оросын цэргийн бааз байгуулахыг санал болгож байсан, “Су-30”, “Су-35” сөнөөгч онгоц, зенит-пуужингийн цогцолбор авах сонирхолтойгоо илэрхийлж байсан, тус улсын газрын тосны орд газарт “Роснефть”, “ЛУКойл”, “Татнефть” компаниудыг урьж байсан, төмөр замын шинэчлэлийн чиглэлээр “Оросын төмөр зам” ХНХ-тэй, атомын цахилгаан станц барих төсөл дээр “Росатом”-той хамтран ажиллах санал тавьж байсан зэргийг дурдаж болно. Мэдээж ОХУ-ын хувьд нэг талаас олон улсын хориг арга хэмжээг харгалзан үзэх зайлшгүй шаардлага байсан, нөгөө талаас Суданд өөрийн талаас оруулах хөрөнгө байхгүйтэй холбоотой стратегийн тэргүүн зэргийн ач холбогдолтой гэж хэлэхээргүй улсад буцалтгүй тусламжийн хэлбэрээр ийм их хэмжээний хөрөнгө оруулах сонирхол байгаагүй юм. Гэхдээ цэрэг-техникийн хамтын ажиллагааг нисдэг тэрэг, хуягт техник, буудлагын зэвсэг худалдах, өмнө нийлүүлсэн зэвсэг, техникийг сэргээн сайжруулах хүрээнд явуулж ирсэн. Иймээс Судан зэвсгийн импортын хувьд БНХАУ-тай илүү харилцаж, арай хямд үнээр зэвсэг, техник худалдаж авч байсан ба энэ ажлыг одоогийн түр засгийн газрын тэргүүн аль-Бурхан Бээжинд цэргийн атташегаар ажиллах хугацаандаа гардан гүйцэтгэж байсан нь ойлгомжтой.
“Африк дахь Хятадын геостратеги, гео-эдийн засгийн бодлогын том түшиц газар хэвээр байх бөгөөд өнөөг хүртэл оролцоогоо хязгаарлаж ирсэн Орос ч сонирхлоо нэмэгдүүлэх болно.”
Эдийн засгийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааны хувьд Судан улс цаашид Орос, Хятадын аль алинаас дэмжлэг хүлээх эрмэлзэлтэй, харин худалдан авалт хийх санхүүжилтийг хийж дэмжигч нь (хэрэг дээрээ ивээн тэтгэгч нь) өмнө өгүүлсэн Ойрхи Дорнод дахь хоёр бүлэглэлд хуваагдсан дөрвөн улс байх магадлал ихтэй. Түүнчлэн өнгөт металл, бусад ашигт малтмалын баялаг ихтэй тус улстай эрдэс баялгийн салбарт хамтран ажиллахыг сонирхогч үндэстэн дамнасан корпорацууд ч олон улсын хориг арга хэмжээг цуцлах, дотоод улс төрийн байдал тогтворжихыг хүлээж байгаа. Үндсэндээ Судан улс нь Африк тив дэх Хятадын геостратеги, гео-эдийн засгийн бодлогын том түшиц газар хэвээр байх бөгөөд өнөөг хүртэл оролцоогоо хязгаарлаж ирсэн Орос сонирхлоо нэмэгдүүлэх болно.
Өрнөлтийн хувилбарууд: Алжир, Египет ба Ливийн сценари
СУДАНД гарсан төрийн эргэлтийн анхдагч эх сурвалж нь “өнгөт хувьсгал”-ын сценари байсан талаар өмнө өгүүлсэн. “Арабын хавар”-ын арга технологи Суданд давтагдах шинжтэй байсан ба цаг үеийн хувьд Алжирт ерөнхийлөгч Абдельазиз Бутефлтика огцорсон, Ливид фельдмаршал Халифа Белькасим Хафтарын удирдсан арми засгийн эрхийг авахад ойртсонтой давхацсан онцлогийг ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуулийн профессор Г.Лукьянов дурдаж байна. Мөн өдрүүдэд Египетийн ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар 2030 он хүртэл засгийн эрхэнд байх нөхцөлөө бүрдүүлж байгаа юм. Хойд Африкийн араб хэлт, ислам шашинт улсууд (үүнд Судан мөн багтана)-ад гарсан улс төрийн өөрчлөлтийн үр дүн харилцан адилгүй, Алжирын, Египетийн, Ливийн гэсэн гурван хэв загвар бүхий өрнөлтийн хувилбар байгаа юм.
Ерөөс уг бүс нутагт өрнөдийнхний шаарддаг улс төрийн либералчлал бүрэн утгаараа хэрэгжих боломжгүй, исламист хүчний засаглал, авторитар хэлбэрийн тогтвортой засаглал, “ардчилсан” гэх далбаан дор төвлөрсөн засаглалгүй анархи тогтолцоо үүсэх гэсэн сонголтууд байдгийг ч хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм. Үүний хоёрдахь буюу хамгийн үр дүнтэй засаглалыг цэргийнхэн тогтоодог ба гадны шууд оролцооноос сэргийлж чаддаг. Алжирын хувьд одоогоор засгийн эрхийг цэргийнхэн аваад байгаа ч цаашдын өрнөлт тодорхойгүй хэвээр. Ливид гуравдахь хувилбарын дагуу “ардчилсан” засаглал тогтоох оролдлогыг хийсэн ч үр дүнд нь иргэний дайн нүүрлээд буй. Харин Египетэд ерөнхийлөгч Хосни Мубаракийг түлхэн унагасан “Тахрирын хувьсгал”-ын дараа “Мусульман ахан дүүс” бүлэглэл чөлөөт сонгуулиар засгийн эрхийг авч, тус улсыг исламист дэглэмд оруулахад нэн ойр болсон ч генерал ас-Сиси тэргүүтэй цэргийнхэн сөрөг эргэлт хийснээр хоёрдахь загвар буюу тогтвортой авторитар засаглал бүрдэж байна. Суданы ирээдүй ч энэ гурван хувилбарын салаа замын уулзвар дээр байна. Хамгийн муу хувилбар болох Ливийн загвараар үйл явдал өрнөсөн тохиолдолд тус улсын нэгдмэл байдал алдагдаж, задралын дараагийн давлагаа Дарфур мужаас эхлэхийг ч үгүйсгэж болохгүй.
Эргэлтийн үр дагавар, аюулгүй байдлын эрсдэл
ТУС улсад засгийн эрх мэдлийн төлөөх ил, далд тэмцэл цаашид ч үргэлжилнэ. Гол нь Ливид болсон шиг өөр зуураа зөрчил тэмцэлд идэгдсэн сөрөг хүчний бүлэглэлүүд биш, илүү зохион байгуулалттай хүчин болох цэргийнхэн засгийн эрх мэдлийг авсан нь шилжилтийн үеийн нөхцөл байдлыг арай илүү тогтвортой байлгах бололтой. Хэдий тийм боловч аль-Баширын дэглэмийн үед хөрш Египет, Өмнөд Судан, Этиоп, Эритрей улсуудтай бүгдтэй нь маргаан, ил итгэлцэлтэй болоод амжсан, Дарфурт хүмүүнлэгийн хямрал үргэлжилсээр байгаа, эдийн засгийн байдал хүнд хэвээр, улс төрийн сөрөг хүчний тавьж буй шаардлага бүрэн хангагдаагүй, Өрнөдийн орнуудын зүгээс “ардчилал экспортлох” санаархал хэвээр байгаа нөхцөлд тус улсын аюулгүй байдлын гадаад, дотоод орчин эрсдэл дагуулсан хэвээр байна.
“НҮБ-ын энхийг сахиулах хүчнийг нэмэгдүүлэх шаардлагын үүднээс НҮБ-ын зүгээс цэрэг илгээгч улсууд, түүний дотор Монгол Улсад холбогдох саналыг тавих магадлалтай.”
Үүний дээр гадна талын тоглогчдын, тухайлбал нэг талаас АНУ, ЕХ-ны, нөгөө талаас ОХУ, БНХАУ-ын, тэдгээрийн “өмнөөс” Суданы ирээдүйн талаарх тоглолтод оролцох сонирхол бүхий Ойрхи Дорнодын “дөрвөл” (Саудын Араб, АНЭУ, Турк, Катар)-ийн, түүгээр зогсохгүй Орос-Хятадын ч хоорондын ашиг сонирхлын огтлолцол ба зөрчлөөс үйл явцын өрнөлт ихээхэн хамаарна. Эдийн засгийн хувьд олон улсын хориг арга хэмжээнээс гарч, гадаадын зээл, тусламж, хөрөнгө оруулалт татах боломж нээгдэж болох ч дотоодын хямрал, ялангуяа үндэстэн хоорондын зөрчил, тухайлбал, Дарфурын салан тусгаарлах хөдөлгөөний идэвхжил нэмэгдэх магадлалтай. Ийм нөхцөлд НҮБ болон олон улсын бусад байгууллага (тухайлбал, Африкийн Холбоо)-ын зүгээс тогтвортой байдлыг хангах зорилгоор тус улс дахь энхийг дэмжих ажиллагааны мандатыг ахиулах, үүрэг гүйцэтгэх бие бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх шийдвэрт хүрч болзошгүй, Суданы түр засгийн газрын зүгээс ч ийм хүсэлт гаргахыг үгүйсгэхгүй юм. Өмнөд Судан улс ч хөрш Судан дахь цагийн байдлын өөрчлөлтөөс үүдэн өөрийн аюулгүй байдлыг хангах шаардлагын дагуу НҮБ-ын хүчнийг нэмэгдүүлэх сонирхлоо илэрхийлэх магадлалтай. Энэ байдал нь НҮБ-ын зүгээс цэрэг илгээгч улсууд, түүний дотор Монгол Улсад холбогдох саналыг тавьж болзошгүйг анхааралдаа авах нь зүйтэй.
Ангилал: Долоо хоногийн тойм
Өмнөх нийтлэл
“Москва-Бээжин-Вашингтон” гурвалжин доторх зөрчилСүүлд нэмэгдсэн
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02