Евразийн интеграцчилал ба Казахстаны хүчин зүйл

2019-04-09

https://niss.gov.mn/wp-content/uploads/2019/04/e9384548cbb0c-1.jpg

Н.НАЗАРБАЕВЫН 1991 оноос хойш 28 жилийн турш төр барих хугацаанд бий болсон улс төрийн тогтвортой байдал Казахстан улсад шинэчлэлт өөрчлөлтийн нэн таатай орчинг бүрдүүлж, тус улсын хөгжил, аюулгүй байдал баталгаажсан. Дэлхийд хүчний хуваарилалт явагдаж буй өнөө үед Төв Азид нөлөөллөө бэхжүүлэх гэсэн их гүрнүүдийн өрсөлдөөн Казахстан улсын геополитикийн ач холбогдлыг  нэмэгдүүлэв. Гадаад орчны хурдацтай өөрчлөлт тус улсын хөрш залгаа орнуудтай хөгжүүлж ирсэн харилцаа, стратегийн түншлэлд шинэ сорилт авчрах төлөвтэй байна. ОХУ, БНХАУ хоёр эдийн засгийн хөгжил, аюулгүй байдлын нэгдмэл орон зайг Евразид бий болгохын зэрэгцээ эдгээр орны нөлөөлөл, тэлэлтийг саармагжуулах, тогтоон барих АНУ тэргүүтэй барууны орнуудын бодлого явж байна. Н.Назарбаевын засгийн эрхээ шилжүүлэн өгөх процесс Төв Азийн хөгжлийн хэтийн төлөв, тогтвортой байдалд шууд нөлөөлнө.

Орос, Казахстаны хамтын ажиллагаа

ЕВРАЗИЙН өргөн уудам орон зай нь байгалийн асар их баялагтай, тэнгисийн худалдаагүйгээр цэцэглэн хөгжих боломжтой болохыг Казахстаны эдийн засгийн хөгжил харуулдаг. Казахстан бүс нутагтаа ОХУ-ын санаачилсан Евразийн эдийн засгийн холбоо, БНХАУ-ын “Бүс, зам” төсөл зэрэг томоохон эрх ашгийн гол тулгуур цэг болж байна. Казахстаны 2050 он хүртэлх хөгжлийн загвар нь үндсэн хоёр үе шаттай бөгөөд энэ хоёр төсөлтэй холбосон стратеги юм. БНКазУ-тай харьцаж буй худалдааны түншүүдийн дунд ОХУ нь тэргүүлэх байр сууриа хадгалж, хамтын ажиллагааны хүрээнд 19.8 тэрбум долларын өртөгтэй 62 төслийг 2017-2020 оны хугацаанд хэрэгжүүлэх “Аж үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг боловсруулсан байна. Төв Азийн орнуудын аюулгүй байдлыг хангахад ОХУ ба БНКазУ-ын оролцоо чухал багана болж хуучин ЗХУ-ын нутаг дэвсгэрт байсан орон зайд бусад оронд нөлөө үзүүлэх үр дүнтэй загвар болж хувирав. Казахстан, Орос нь олон улсын терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэг, хар тамхи, мансуурах бодис, хүний наймаа, шашин, эктремизм болон салан тусгаарлах чиглэлд хоёр болон олон талт хэлбэрээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэх чиг шугамыг баримталсаар байна.

Казахстан нь Төв Азийн орнуудын адил их гүрнүүдийн тоглоомын талбар болох сонирхолгүй байна.

Түлш-эрчим хүчний салбар нь хоёр орны хамтын ажиллагаанд цар хүрээ, байр сууриараа чухал талбар болсон. Казахстаны хувьд оросын нутаг нь хилийн чанад дахь зах зээл рүү гарах газрын тосны тээвэрлэлтийн чухал гарц юм. Цэргийн хүчин чадлаар тэргүүлэх ОХУ-ын хувьд Евразийн өмнөд хилийн аюулгүй байдлыг хангахад Казахстан нь түшиц газар болж энэ чиглэлд дэгдэж буй асуудлуудыг оросын хил орчмын нутгаас зайлуулах, газрын тос болон байгалийн хий, эрдэс бодисын тээвэрлэлтийг хангах, Төв Азийн орнуудын хооронд интеграцыг дэмжих үүрэг хүлээдэг. Гэвч Казахстан нь Төв Азийн орнуудын адил их гүрнүүдийн тоглоомын талбар болох сонирхолгүй байна. Уг зорилгоор Герман, Голланд, Япон, Өмнөд Солонгос, Турк, Энэтхэг, Иран, Пакистан зэрэг орнуудтай түншлэлээ зузаатгаж байна. Казахстан сүүлийн үед Москвагийн таалалд төдийлөн нийцэхгүй гэмээр мэдэгдэл хийх, байр сууриа илэрхийлэх болсон нь анхаарал татдаг. 2025 он гэхэд казах хэлийг латин цагаан толгойд шилжүүлж дуусгахыг зарласан. Казахстаны хүн амын дийлэнх нь оросын олон нийтийн хэвлэл мэдээллийн тодорхой хэмжээний нөлөөн дор байдаг тул энэ алхмыг оросын соёлын төдийгүй улс төрийн нөлөөг бууруулах зорилготой хэмээн ажиглагчид үзэж байна. Нөгөө талаар латинд шилжиж байгаа нь Казахстаныг түрэг хэлтэй орнууд (Киргизээс бусад нь латин цагаан толгойд шилжихээр болж байгаа)-тай ойртуулахад тус дөхөм болох юм.

Бүс нутаг дахь Хятадын ашиг сонирхол

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт, улс төрийн нөлөө, цэргийн хүчин чадал Вашингтоныг түгшээсэн хэвээр байна. XXI зуунд Ази-Номхон далайн бүс нутаг нь америкийн тэргүүлэх чиглэл тул энэхүү нөхцөлд хятадын хувьд стратегийн ард талаа найдвартай хамгаалж, Орос, Пакистан болон Төв Азийн орнуудтай сайн харилцаа тогтоохыг зорьдог. Бүс нутгийн орнууд дотроос Казахстан улс Хятадын анхаарлыг татсан гол түнш болдог. Төв Азиар дамжин Орос, Хятадын харилцаа улам нягтарч байгааг АНУ зүгээр харж суух сонирхолгүй тул Казахстан улсыг өөрсдийн холбоотон болгох эрмэлзэлтэй байна. Иймээс Төв Азийн зонхилох гүрэн Казахстан дахь өөрчлөлтийг анхааралтай ажиглах болсон. Wikileaks сайтад нийтлэгдсэн материалд Казахстаны нефтийн салбарын нэгэн том түшмэл АНУ-ын элчин сайдад: “Хэрэв Казахстаны нефтийн ба байгалийн хийн орд газрыг хөгжүүлэх өрнөдийн консорциумуудын оролдлого нуран унавал  орос, хятадууд тэр дор нь байрыг эзлэх болно” гэж дурдсан.

Бүс нутгийн орнууд дотроос Казахстан улс Хятадын анхаарлыг татсан гол түнш болдог.

БНХАУ болон Төв Азийн орнуудын хувьд маргаантай аливаа хилийн асуудал байхгүй, уйгурын салан тусгаарлагч нарыг дэмжих бодлогоос татгалзсан, хятадын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүлээн зөвшөөрсөн зэрэг таатай нөхцөл байдалтай байна. Хятадын хувьд өнөөдөр Төв Азийн орнуудад тогтвортой байдлыг хадгалж, аль нэг улс тэр тусмаа Оросыг оролцуулан давамгай эрх олгохгүйн төлөө тэмцэж байна. Нур-Султан (Астана) нь тэдний Төв Ази руу нэвтрэх хаалга төдийгүй БНХАУ-ыг бүс нутгийн орнуудтай тээвэр, эрчим хүчний коридороор холбох түшиц газар болдог. Энэ бүс нутагт дэлхийн газрын тосны нөөцийн 3 хувь, байгалийн хийн 6.1 хувь ноогдохын зэрэгцээ далайн тээвэрлэлтийн замаас хол байдаг нь давуу тал юм. Хятадын хөрөнгө оруулагчид Төв Азийн газрын тосны гол нийлүүлэгч гэж Казахстаныг үздэг (одоогоор тогтоосон газрын тосны нөөцийн 96 хувь нь Казахстанд ногддог аж). Нөгөөтэйгүүр Туркменистанаас байгалийн хий тээвэрлэхэд Казахстан нь аюулгүй бүс юм.  Нур-Султаны эдийн засгийн ээлжит чуулга уулзалтад, Ази, Европыг холбосон “Торгоны зам” төслийг хэрэгжүүлж, улс гүрнүүдийн хооронд ложистик болон дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх асуудлыг шийдэж чадвал, дэлхийн эдийн засгийн өсөлт одоогийнхоос хэд дахин нэмэгдэх боломжтойг, мөн дэлхийн нэг ч орон ирж байгаа эрин үеийн сорилтыг ганц нэгээрээ гэтлэн давж чадахгүйг оролцогчид онцолсон байдаг. Тийм ч учраас энд Н.Назарбаев G-Global хэмээн нэрлэсэн шинэ цар хэмжээний яриа хэлэлцээг санал болгосон.

Н.Назарбаевын эрх мэдлээ шилжүүлэх процесс, болзошгүй эрсдэл

КАЗАХСТАН бол төр нь хүчтэй бөгөөд үнэмлэхүй ерөнхийлөгчийн засаглалтай улс. Бусад төрийн байгууллагууд ерөнхийлөгчийн институтийн хажууд харьцангуй нөлөө багатай гэж үзэж болно. Сингапур, Өмнөд Солонгос, Тайвань зэрэг улсуудын жишээн дээрээс бүтээн байгуулалтын шатанд ийм замнал нийтлэг ажиглагддаг. Тус улсын төрийн тэргүүний албан тушаал улс төрийн элдэв донсолгоогүйгээр төрийн нэр хүндтэй зүтгэлтэнд шилжиж байгаа, нөгөөтэйгүүр Елбасы (үндэсний удирдагч) хэмээх үндсэн хуулийн албан  ёсны статустай Н.Назарбаев ҮАБЗ-ийн тэргүүн, эрх баригч Нур-Отан намын даргын хувьд шийдвэр гаргах процессод нөлөөгөө хадгалж үлдэх нь тодорхой хэдий ч ирээдүйд (бүр тодруулбал, Н.Назарбаеваас хойш) уг тогтолцоонд болон улс төрийн тогтвортой байдалд эрсдэл учрах эсэх талаар олон таамаглал байгааг ч анхаарах ёстой. Улс төрд нөлөө бүхий зургаан бүлэглэл Казахстанд байгаа бөгөөд тэдгээр нь үзэл суртлын ч бус, удам угсааны ч бус, харин эдийн засгийн ашиг сонирхлыг удирдлага болгож, жигүүр жигүүрт хуваагдан тэмцэхэд бэлэн хүлээж байгаа талаарх үг яриа оросын цахим мэдээллийн хэрэгслээр цацагдаж байна. Тухайлбал, гадныхантай байгуулсан ашигтай гэрээ, хэлцэл бүр ямар нэг хэмжээгээр Н.Назарбаев, түүний ойр тойрныхонтой холбоотой бөгөөд эднийг эргэж харах эсэх нь тодорхойгүй байна. Нөгөөтэйгүүр, Казахстанд исламын хэт даврагсад олон бус, бас идэвхтэй бус, “номхон” гэж хэлж болохуйц хэдий ч  Сирийн дайнд оролцсон 5 мянган “легионер” Казахстанд буцаж ирсэн гэх мэдээлэл бий. Улс төрийн нөхцөл байдал ганхвал тэд боломж гарлаа гэж тооцож, улс орны тогтвортой байдалд нөлөөлж болзошгүй. Засгийн эрх мэдэл шилжих процессын эмзэг тал нь энэ юм. Үүнийг Төв Азийн голлох тоглогчид хүсэхгүй байна.

Казахстаны улс төр дэх нөлөө бүхий зургаан бүлэглэл нь үзэл суртал, удам угсааны бус харин эдийн засгийн ашиг сонирхлыг удирдлага болгон жигүүр жигүүрт хуваагдан тэмцэхэд бэлэн.

Тус улсын төрийн тэргүүний албан тушаал үндсэн хууль ёсоор парламентын дээд танхим буюу Сенатын дарга Касым-Жомарт Токаевт шилжсэн. Бүс нутгийн дүр зургийг өөрчилж болзошгүй улс төрийн тухайн томоохон үйл явдлын өрнөл дэлхийн нийтийн анхаарлыг татах нь зүйн хэрэг. К.Токаев 4 дүгээр сарын 3-ны өдөр анхны ажлын айлчлалаа В.Путины урилгаар стратегийн түнш, холбоотон ОХУ-аас эхэлж: “Хятадын “Бүс, зам” санаачилгыг ЕАЭЗХ-ны хөтөлбөрүүдтэй нэгтгэх нь Евразийн орон зай даяар эдийн засгийн хөгжилд шинэ түлхэц өгөх” сонирхолтойгоо илэрхийлсэн. Харин түүнийг нисэх буудалд ОХУ-ын ГЯЯ-ны орлогч сайдын хэмжээнд угтаж авсан нь протоколын алдаа гэхээсээ илүүтэй шинэ ерөнхийлөгчийн статусыг “дорд үзэж буй байдал” гэх эгдүүцэл казахстанчуудын дунд гарсан. “Олон улсын чанартай томоохон гэрээ, хэлэлцээрийг урагшлуулахын тулд ерөнхийлөгчид ард түмнээсээ сонгогдсон статус хэрэгтэй” гэсэн санааг тус улсын сонин, хэвлэлүүд, цахим мэдээллийн хэрэгслээр ихээхэн тархсан төдийгүй олон нийтийн сүлжээнд ч социологийн асуулгууд, улс төрчдийн дүгнэлт, хамгийн оновчтой нэр дэвшигч нар гээд сонгуулийн талаар идэвхтэй хэлэлцэж байна. К.Токаев өөрөө ч сонгуульд бэлэн гэсэн дохиог өгч эхэлсэн ба засгийн газрын зүгээс төсвийн ажилтнуудын цалинг нэг сарын өмнө нэмэхээс гадна хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэх, бага орлоготой гэр бүлийг дэмжих хууль батлах зэргээр сонгуулиар хэрэгтэй  бүх зүйлээ хийн зүгээр ч нэг энгийн улс төрч биш гэдгээ харуулахыг зорьж байна.

К.Токаев сонгуульд бэлэн дохиогоо өгч эхэлсэн ба сонгуулиар хэрэгтэй бүх зүйлээ хийн зүгээр ч нэг энгийн улс төрч биш гэдгээ харуулахыг зорьж байна.

Ийнхүү энэ оны 6 дугаар сарын 9-ний өдөр буюу товлосон хугацаанаас (Н.Назарбаевын бүрэн эрх дуусах байсан 2020 оноос) жилийн өмнө ерөнхийлөгчийн сонгууль явуулах товыг зарлав. Ерөнхийдөө Казахстан нь хүчтэй удирдагч бүхий системээс ардчилсан тогтолцоо руу алгуур болгоомжтой, аажмаар чиглэх бөгөөд улс оронд болж байгаа үйл явдлыг ард түмэн өөрснөө хариуцаж, шийдвэрийг хамтдаа гаргана, ингэхдээ хэт либералчлалыг хүлээж авахгүй гэсэн үг.

Ийнхүү төрийн тэргүүний үүргийг багаар бодоход дараачийн таван жилд  тасралтгүй гүйцэтгэх хамгийн их боломжтой хүн бол К.Токаев гэж тооцож болно. Эхний ээлжинд түүнд өөрийн дэмжлэгийг Н.Назарбаев үзүүлнэ. Хоёрдугаарт, албан ёсны социологийн судалгааны дүн гарсан бөгөөд К.Токаевт итгэл үзүүлж буй иргэдийн тоо эсэргүүцэгчдийнхээсээ даруй ес дахин илүү байна. Гуравдугаарт, К.Токаев дотоодоо шинэчлэл хийнэ. Казахстаны эдийн засаг Төв Азид тэргүүлж, тогтвортой өсөлттэй, аж үйлдвэр, дэд бүтцийн бүтээн байгуулалт сайтай байгаа. Гэтэл тэрээр анхны илтгэлдээ эдийн засгийн реформ хийхээ илэрхийсэн явдал нь тус улсын дундаж, доод давхаргын иргэдийнх нь худалдан авах чадвар, хэрэглээ буурч, үйлчилгээ, хэрэглээний эдийн засаг нь сүүлийн жилүүдэд агшиж байгаатай холбоотой аж. Төв банкаас нь ч үндэсний валютаа хүчээр тогтвортой байлгах зохицуулалт хийж байгаа. Казахстан улс ийн төрөөс ихээхэн хамааралтай эдийн засгийн тогтолцооноосоо гарч чадахгүй байгаа нөхцөл байдлаа өөрчлөхөөр эдийн засгийн реформ хийх магадлалтай байна.

Эдийн засгийг аажмаар либералчлах К.Токаевын үзэл санаа Н.Назарбаевын сонголтын гол шалтгаан болсон гэлтэй.
Харин аливаа реформ нийгмийн тодорхой давхаргад ямагт хүндээр тусдаг. Тиймдээ ч сонгууль хурдан явагдах тусам К.Токаевт боломж илүү гарна, харин анх товлосон ёсоор жилийн дараа явагдах аваас эсэргүүцэгчдийн тоо нэмэгдэж, сөрөг хүчин идэвхжин, улмаар энэ хөрсөн дээр гадны турхиралттай эмх замбараагүй байдлын сценари ч хэрэгжиж болзошгүй гэх болгоомжлол бас бий. Улс төрийн тогтвортой байдалтай эхний жилүүд шинэ ерөнхийлөгчид чухал, нөгөө талаас түүнийг “түр орлон гүйцэтгэгч”, “2020 онд Дарига Назарбаевад ерөнхийлөгчийн сэнтийг хүлээлгэн өгөх үүрэгтэй” гэх цуурхлыг дарж, гадаадын хөрөнгө оруулагчид, ОХУ, БНХАУ, Өрнөдийн орнууд гэх гадаад бодлогын гурван тулгуур болсон хүчний төвүүдэд тогтвортой байдлын итгэлийг бий болгож байна.

Эдийн засгийн реформ нь нийгмийн зарим давхаргад хүндээр тусдаг ба К.Токаевийн байр суурийг ганхуулж мэдэх тул сонгуулийг товлосон хугацаанаас жилийн өмнө явуулахаар тов зарласны нэг шалтгаан энэ байсан бололтой.

ЕВРАЗИЙН интеграцчлал, хөгжлийн хэтийн төлөвт Н.Назарбаевын засгийн эрх мэдлээ шилжүүлэх процесс шууд нөлөөтэй. Орос, Хятад болон Америк тэргүүтэй барууны орнууд Казахстаны тогтвортой байдлыг хадгалах нэгдсэн сонирхолтой боловч энэ бүс нутагт бие биендээ давуу байдал олгохгүйг эрмэлзэнэ. Казахстаны ерөнхийлөгчийн сонгуулийн тов өөрчлөгдөж, наашилсан нь бүс нутгийн тогтвортой байдалд эерэгээр нөлөөлнө.


Ангилал: Долоо хоногийн тойм