Олон улсын терроризмын нөхцөл байдал, цаашдын чиг хандлага

2018-07-27

https://niss.gov.mn/wp-content/uploads/2018/07/isis1200x674.jpg

Олон улсын терроризмын аюул хувьсан улс бүс нутгийн түвшингээс дэлхийн хэмжээнд тогтвортой байдал хангах асуудал болон хувирсан. Сири, Иракийн нутаг дэвсгэрт байлдсан “Исламын улс»(ИУ) террорист бүлэглэлийн гадаад террорист дайчид (foreign terrorist fighters – FTF) нутаг буцаж байгаа нь манай улсын аюулгүй байдалд  сорилт болж болзошгүй. Технологийн хурдацтай хөгжил, исламын шашны хэт даврах үзлийн гуравдагч орныг чиглэсэн ажиллагаа, уг үзэлд автаж болзошгүй оюутан залуучуудын тоо, ажилгүйдэл ядуурал зэрэг нь терроризмын эрсдэлийг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болж байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын илтгэлд дурдсанаар ядуурал, нийгмийн тэгш бус харилцаа нь терроризм, хүчирхийлэл дагуулсан экстремист үзэлд хүргэдэг. Террорист бүлэглэл маргаантай бүс нутгаас засаглал-хөгжлийн доройтолтой улс орноор хүрээгээ тэлж, интернет орчин, нийгмийн сүлжээ нь экстремизмын суртал ухуулгыг түгээх, гишүүн элсүүлэх, мөнгө олох гол хэрэгсэл нь болж байгаа аж.

2011-2018 онд дэлхийн 140 орчим улсын 50 мянга гаруй иргэн эх орноо орхин ИУ-д нэгдсэн судалгаа байдаг. ИУ нь айдас, харгислал дээр тогтсон дэг журам, Шариатын (Sharia) хатуу хууль цаазаараа бусад террорист байгууллагуудаас ялгардаг. Тэд Халифатын засаглалыг 2014 онд тунхагласнаас хойш дэлхийн 30 орчим улсад 150 удаагийн террорист халдлага үйлдсэн байна.

2011-2018 онд дэлхийн 140 орчим улсын 50 мянга гаруй хүн эх орноо орхин ИУ-д нэгдсэн

Террорист бүлэглэлд элсэгчдийн дийлэнх олонх нь Facebook, Twitter, LinkedIn, Youtube, Blog, ВКонтакте зэрэг интернет орчны нийгмийн сүлжээгээр явуулж буй суртал ухуулгад автсан бөгөөд нийт гадаад террорист дайчдын 90 хувийг 18-27 насныхан эзэлж байжээ.

Тэд эх орноо орхихдоо аялал жуулчлалын зорилгоор явж буй мэтээр үйлдлээ халхавчилж, улмаар гуравдагч улс орноор, дийлэнхдээ БНТурк Улс, Хойд Африк, Төв Азийн орнуудаар дамжин өнгөрдөг байв. Нутгаа орхих болсон гол шалтгаанд ажилгүйдэл ядуурал, түүнээс улбаатай эд мөнгөний ашиг сонирхол, мэдлэг боловсролын түвшин, насны онцлогоос болж үзэл суртал, суртал ухуулгад амархан автдаг зэргийг дурдаж болно.

2018 оны 5 сарын байдлаар нийт 8200 орчим гадаадын террорист дайчид 41 улс руу буцсан

“Исламын улс”-ын амжилтын нууцад иргэд, тодорхой улс орнуудын тусгай албадын дэмжлэг, олон эх үүсвэрээс (газрын тос, хар тамхи, зэвсгийн наймаа г.м.) санхүүжилт авдаг, армийн хэмжээний зэвсэглэл, гадаадын тусгай албадын түвшний зохион байгуулалт бүтэц, цахим орчин дахь өргөн хэмжээний суртал ухуулга, элсүүлэлтийн ажиллагаа явуулсан зэрэгт оршиж байв.

ОХУ-ын Сири дэх цэргийн ажиллагааны үр дүнд “Исламын улс” террорист бүлэглэлийн 27000 гадаад террорист дайчид устсан мэдээ байдаг бол үлдсэн нь аажмаар шахагдан 2018 оны 5 сарын байдлаар нийт 8200 орчим дайчид 41 улс руу буцсан байна. Эхний ээлжийнхэн нутагтаа ирмэгцээ террорист халдлага зохион байгуулан шинэ гишүүн эгнээндээ элсүүлээд эхэлсэн тул тусгай албад тэднийг хараа хяналтдаа байлган хумиж эхлээд буй.

Хилээр нэвтрэхдээ баривчлагдсан этгээдийг Сирид байлдсан нь тогтоогдсон тохиолдолд иргэншлийг нь түдгэлзүүлэх, 20 хүртэл жилээр хорих эрүүгийн шийтгэл ногдуулах болсноор тэд гуравдагч орон руу илүүтэй зорьж байна. Террорист дайчид Европ, ОХУ, Зүүн Өмнөд Ази гэсэн үндсэн 3 чиглэлд зугтаж буйгийн ОХУ, Төв Азиас гаралтай нь нутаг буцах, гуравдагч улс орнуудад нэвтрэн террорист халдлага үйлдэх аюултай юм. 1979-1989 оны Афганы дайны дараагаар терроризм, хүчирхийллийн тоо эрс нэмэгдсэн талаар Лондонгийн их сургуулийн доктор Муса Абубакарын хийсэн судалгаа байдаг нь ийм чиг хандлага, төлөв ОХУ-ын Сирийн ажиллагааны дараа ч ажиглагдаж болзошгүйг үгүйсгэх аргагүй юм.

Хэдийгээр “Халифатын засаглал”-ын эзэлсэн бүс нутгийн хэмжээ хумигдаж байгаа ч ИУ хилийн чанад дахь гар хөл бологчид, буцаж буй дайчдынхаа дэмжлэгээр уриагаа хадгалах, цаашид үйл ажиллагаагаа цахим орчинд тэлэх магадлалтай байна. Хар тамхи, мансууруулах бодисын эсрэг тэмцдэг цагдаагийн шинжээчдийн case болгон иш татдаг the balloon effect буюу бөмбөлөгний нөлөөгөөр терроризмын эсрэг хатуу, үр дүнтэй тэмцэл явуулж буй улс оронд терроризмын гэмт хэргийн тоо буурах хэрээр манай улс шиг цахим орчны хяналтгүй улсад эсрэгээрээ нэмэгдэх магадлалтай юм. Тиймээс олон улсын терроризмын нөхцөл байдал, цаашдын чиг хандлагыг зөв тодорхойлон, гаднаас чиглэсэн хувьсан өөрчлөгдөж буй терроризмын аюул заналын нөлөөллөөс хамгаалах оновчтой бодлогыг боловсруулж, үр дүнтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь чухал.

Нийт гадаад террорист дайчдын 90 хувийг 18-27 насныхан эзэлж байжээ

“Исламын улс” террорист байгууллагын тусгай алба

Дэлхий дахинд исламын террористуудыг боловсролгүй, агуйд амьдардаг дээрэмчид хэмээн төсөөлж байсан бол 2001 оны 9 дүгээр сарын 11нд АНУ-д болсон террорист халдлага дэлхий дахиныг цочирдуулсан. Өнөөдөр ИУ, барууны орнууд болон Ойрх Дорнодын тусгай албадын хоорондын тэмцэл цус урсгасан, хамгийн харгис мөн чанартай террорист халдлагад тооцогдож байгаа юм.

“Исламын улс” террорист бүлэглэлийн тусгай албад барууны орнуудын тусгай албадын жишгээр зохион байгуулагдсан талаар анх францын MediaPart (Révélations sur les services secrets de l’Etat islamique)-д мэдээлсэн. Францын сэтгүүлчид тэдгээрийн талаар судлан 20 гаруй шүүхийн хавтаст хэрэг, мөрдөгчдийн ажлын тайлан, тусгай албадын нууц болон ил материалууд, олон зуун утасны хяналтын мэдээнд дүн шинжилгээ хийснээс гадна тусгай ажилтан, шүүгч, өмгөөлөгч, шинжээч, барьцаалагдсан жихадуудтай уулзан ярилцлага авч ИУ-ын тусгай албадын дүр зургийг гаргахыг оролджээ.

«Исламын улс» хилийн чанд дахь гар хөл бологчид, буцаж буй дайчдынхаа дэмжлэгээр цаашид үйл ажиллагаагаа цахим орчинд тэлэх магадлалтай

“Халифатын засаглал” анх үүссэн цаг ялангуяа тэдний эсрэг олон улсын эвслийн тэмцэл эхлэх үеэс ИУ нь аюулгүй байдлаа хангах, эзэлсэн газар нутгаа хамгаалах, хянах зорилгоор тусгай алба байгуулсан түүхтэй аж. “Амният” (аюулгүй байдал) хэмээх тусгай алба энэхүү бүтцийн нэг юм. Тухайн алба оршин тогтнож, бэхжиж байх нь ИУ-ын стратегийн зорилт болов. “Амният” нь хүмүүсийг барьцаалан авч цаазлах, шариатын хуулийн дагуу хүмүүст ял оноох, тагнуул туршуулуудтай тэмцэх хэлбэрээр ажилладаг.

Үүнээс гадна Дотоод явдлын яам (Амн альДахили) нь хот болгонд хууль, хэв журмыг сахиулах үүрэгтэй. Мөн Цэргийн тагнуулын яам (Амн альДавда), Сөрөх тагнуулын алба (Амн аль-Давла), Гадаад тагнуулын алба (Амн альХарж) бий. Сөрөх ба гадаад тагнуулын алба нь сонгодог загвараар үйл ажиллагаагаа явуулдаг. Энэхүү тусгай албадын бүтцийг АНУ-ын ТТГ, ХМТ, английн Mi5, Mi6, францын DGSI, DGSE, израилийн Шин Бет, Моссадын загвараар зохион байгуулжээ.

Шашны цагдаа (альХисбей) нь шариатын хуулийг гудамж, талбайд сахиулах үүрэгтэй. ИУ-ын ихэнх байгууллага тусгай албадын адилаар төвлөрсөн удирдлагагүй, чөлөөтэй хэлбэрээр ажилладгаараа онцлог аж. Spiegel сэтгүүлд ИУ-д Иракийн цэргийн уламжлалт дэглэм, ялангуяа улс төрийн нөлөө хүчтэй нөлөөлсөн гэж бичиж байсан ч уг уламжлал замхарч, лалын шашны нөлөө давамгайлах болов.

ИУ-ын тусгай алба үүссэн цагаасаа эхлэн өөрсдийн онцлогтой сөрөх тагнуулын бүтцийг бий болгож чадсан, ажилтнууд нь барууны аргаар суралцаж өндөр мэргэжлийн түвшинд хүрсэн гэж францын зарим хэвлэлд бичжээ. Жихадын сөрөх тагнуулын үндсийг Калифорнийн Форт-Брэтт хотод “эцэг” хочтой Али Мохаммед тавьсан гэж үздэг байна. Тэрбээр Жон Кеннедийн нэрэмжит тусгай цэргийн сургуулиас сөрөх тагнуулын сурах бичгүүдийг хулгайлан авч хэрэглэсэн гэж ярьдаг.

«Исламын улс»-ын тусгай алба өөрсдийн онцлогтой сөрөх тагнуулын бүтцийг бий болгож, ажилтнууд нь барууны аргаар суралцаж өндөр мэргэжлийн түвшинд хүрсэн

Лавлагаа. ИУ-ын сөрөх тагнуулыг үүсгэн байгуулагч эцэг гэгч Али Мохаммед нь 1952 онд төрсөн. Египетийн зэвсэгт хүчинд алба хааж байсан, хошууч цолтой. Тухайн үедээ дипломатуудыг хамгаалах, тусгай ажиллагаа явуулах үүрэгтэй байжээ. Түүнийг Аймана аз-Завахиритай холбоотой байсан гэдэг бөгөөд Egypt Air компанид терроризмтой тэмцэх шинжээчээр ажиллаж байхад Завахира түүнд АНУын тусгай албадад нэвтрэх ажиллагааг хариуцуулж байжээ. Али Мохаммед нь Усам бен Ладен болон алан хядагчдыг сургах, бэлтгэх ажлыг хариуцаж байсан аж. “Дарангуйлагчдын эсрэг жихадад суурилсан цэргийн сургалт” хэмээх сурах бичиг зохиосон нь исламын террористуудын библи болсон гэгддэг.

“Исламын улс”-д элсүүлэх арга ажиллагаа

Интернетээр сонирхогчдыг татан, радикал үзэл санааг дэлгэрүүлэх, элсүүлэх ажиллагааг явуулахдаа нийгмийн сүлжээг идэвхтэй ашигладаг нь ИУ-ын аргын онцлог юм. Тэдний интернетийг ашигласан байдлаас дүгнэлт хийхэд тэд нийгмийн сүлжээг ашиглан 140 орчим улс орны иргэдийг урхидаж чадсан ба цаашид ч энэ ажиллагаагаа идэвхтэй үргэлжлүүлж байна. ИУ-ын нь PR-технологийг Европт ашигласан байдлаас дараах зураглал гарчээ. Үүнд:

  1. Интернетээр залуучуудын 85 хувь нь террорист байгууллагад элссэн.
  2. Террористуудын онлайнд байршуулсан материалыг (видео бичлэг, текст, зураг г.м) тэдгээрийн 47 хувь нь үзсэн.
  3. Интернетэд ИУ террорист бүлэглэлд үнэнч болохоо 40 хувь нь илэрхийлсэн.
  4. Террорист халдлагын 20 хувийг онлайнаар дамжуулсан заавар зөвлөмж (гар хийцийн тэсрэх төхөөрөмж болон бөмбөг хийх г.м.)-ийг ашиглан үйлдсэн байна.

Интернетээр залуучуудын 85 хувь нь террорист байгууллагад элссэн, террорист бүлэглэлд үнэнч болохоо 40 хувь нь илэрхийлсэн

ИУ-ын элсүүлэлтийн зарим аргаар барилаас дурдвал:

  1. Террорист дайчдын амьдралыг сайн сайхан байдлаар харуулсан дүрс бичлэгийг элсүүлэгчид мэргэжлийн түвшинд бэлтгэж тараадаг. Зорилго нь сонирхогчдыг анхаарлыг асуулт-хариултын форматад татах зорилготой.
  2. Сонгосон объектоо ойр дотны найз нөхдөөс нь салган ганцаардуулж, түүнийг элсүүлэхэд саад хийх хуучин харилцаа холбооноос нь тасалдаг. Ийнхүү боловсруулалт хийсний эцэст тэдэнд оюун санааны ах эгч нарыг тавьж өгөн тархийг нь угааж, шашны шахид, жихад зэрэг ойлголтыг тайлбарлан гүн ухамсарт нь шингээдэг. Толгой нь эргэн үйлдлээ хянах чадваргүй болсон залуус элсүүлэгчдийн заавар зөвлөгөөг сохроор дагадаг.
  3. Жихадистын сургаал, дуу хөгжим (нашид)-ийг дэлгэрүүлэх зорилгоор тусгай сан байгуулан ИУ-ын сайт болон нийгмийн сүлжээгээр голдуу тараадаг. “Айнад” сангаас гаргасан нашид, дүрс материал нь өргөн дэлгэр ашиглагдаж, тус байгууллагын бараг албан ёсны сүлд дуулал нь болжээ. Оюун санаанд ноцтой хохирол учруулах дээрх материалуудаа дэлхийн олон орны хэлээр хэвлэн тараадаг байна.
  4. ИУ буу шийдэм агссан дайчдынхаа сэльфиг Instagram-аар харуулан тэдгээрийн байлдааны ажиллагааг Twitter -ээр дамжуулдаг. Мөн үүрэн холбооны AppStore, PlayStore платформ, гадаадын тусгай албадын хяналтаас гадуур (жишээ нь ОХУ-ын хувьд Telegram) мессенжерийг өргөнөөр ашигладаг.
  5. Элсүүлэгчид сонирхогчийг өөртөө илүү татан итгэлийг нь олох, түүнийг ойлгох нөхөр, дотны зөвлөгч гэдгээ харуулах замаар зорилгодоо ашигладаг байна.

“Исламын улс»-ын тусгай албадын арга ажиллагаа нарийсан нийгмийн сүлжээнд оюутан залуусыг чиглэх болсон

Дүгнэлт

Нэг талаар ОХУ-ын Сирийн ажиллагааны үр дүнд “Исламын улс” террорист байгууллага их хэмжээний хохирол амсаж, “Халифатын засаглал”-ын нөлөөллөө тогтоосон газар нутгийн хэмжээ хумигдаж байгаа бол нөгөөтээгүүр тухайн бүлэглэлийн тусгай албадын арга ажиллагаа улам нарийсан интернет орчинд шилжиж, нийгмийн сүлжээг идэвхтэй ашигладаг, гүйцэд төлөвшөөгүй оюутан залуус руу чиглэх болсон нь ихээхэн анхаарал татаж байна.

Ирээдүйн террорист этгээдийн дүр зураг (портрет), террорист халдлагын арга хэлбэр хувьсан өөрчлөгдөж байгаа нь дэлхийн дахинд төдийгүй манай улсад томоохон сорилт болж болзошгүй юм. Тиймээс уг аюулын эрсдэлийн үнэлгээг бодитоор гарган, үндэсний хэмжээнд терроризмтой тэмцэх стратеги боловсруулах шаардлага урган гарч байна.

Аажмаар бүрэлдэж буй уг далд аюул заналын эсрэг үр дүнтэй тэмцэх хууль эрх зүйн орчин, техник технологи, боловсон хүчний шинэчлэлт, ахисан түвшиний тусгай албад хоорондын түншлэлийг, бүхэлдээ нягт уялдаа, өндөр бүтээмжтэй тогтолцоог цаг үе биднээс өнөөдөр шаардаж байна.

Мэдээллийн эх сурвалж: http://nctc.gov.mn/

 


Ангилал: Долоо хоногийн тойм