Австрали, Хятадын худалдааны зөрчил

2020-12-11

https://niss.gov.mn/wp-content/uploads/2020/12/хятад-авст.jpg

Сүүлийн жилүүдээс эхэлсэн Хятад, Австралийн сөргөлдөөн хурцадсаар хоёр улсын харилцаа түүхэндээ хамгийн муу үедээ ирээд байна. Австрали, Хятад хоёрын дунд 2009 оны Рио Тинто компанитай холбоотой дэгдсэн маргаан, технологийн өрсөлдөөн зэрэг цөөн бус маргаан байдаг ч энэ удаагийнх шиг ширүүсэж байгаагүй аж. 2020 оны турш Австралийн талаас Өмнөд Хятадын тэнгисийн арлын асуудал, Хонконгийн асуудал, Хуавэй 5 жи технологи, хүний эрх, ковид-19 зэрэг асуудлаар Хятадтай зөрчилдсөн бол Хятадын талаас худалдааны татвар ногдуулах, Авсрталийн тоймч сэтгүүлч нарыг тагнуулын хэргээр баривчлах зэрэг олон асуудлаар шөргөөцөлдсөөр байна. Талуудын нэг нэгэндээ авч буй арга хэмжээг тодруулж харах замаар худалдааны зөрчлийн нөхцөл байдлыг авч үзье.

Австралийн талын байр суурь, арга хэмжээ

Уханиас цар тахал дэгдсэнтэй холбоотой Австралийн засгийн газар энэ оны 4 сард олон улсын хамтын нийгэмлэг корона вирусын гарал үүслийг тогтоохоор бие даасан шалгалт явуулах ёстой гэж шаардав (ДЭМБ-ыг оролцуулахгүйгээр, учир нь тэнд Хятадын нөлөө их гэдэг шалтгаанаар).

Австралийн Сенатаас 6 сарын 28-нд “Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт”, “Гадаад улсын нөлөөг ил тод болгох тухай хууль” гэх хоёр хуулийг баталсныг Хятад руу голлон чиглэсэн гэж хэвлэлүүд дүгнэв.

Австрали 7 сарын 23-ны өдөр НҮБ дээр Хятад улсыг 1982 оны “НҮБ-ын далайн эрхийн хэлэлцээр”-ийг зөрчиж байна гэж буруутган мэдэгдэл гаргав. Австрали улс Өмнөд Хятадын тэнгисийн арлын маргаантай асуудлаар Хятадыг олон удаа шүүмжилдэг.

Түүнчлэн Австралийн засгийн газар мэдээллийн аюулгүй байдлыг үүднээс 5 жи сүлжээ байгуулахдаа гадны технологийг ашиглахгүй гэснээр Хуавэй ZTE компаниудад үндсэндээ хориг тавьжээ.

Үүнээс гадна Австралийн улс төрчид удаа дараа Хонконг, Тайвань, Төвөд, Шинжааны асуудлаар Бээжинг буруутгасан байр суурь илэрхийлэх болов.

Хятадын талын байр суурь, арга хэмжээ

Хятад улс энэ оны 3 сард хятад гаралтай Австралийн иргэн тоймч Ян Хэнжунийг тагнуулын хэрэг үйлдсэн хэмээн баривчилж хэрэг үүсгэв. Үүний хариуд Австралийн ГХЯ эсэргүүцэл илэрхийлсэн байна. Харин Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан Хятадын хууль шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй байхыг Австралийн талд сануулав.

Хятадын ГХЯ хятадын жуулчдыг ковидтой холбоотой ялгаварлан гадуурхах нь ихэссэн тул Австрали руу зорчихгүй, хятад оюутнуудыг аль болох тийш очиж суралцахгүй байхыг уриалжээ.

Мөн 9 сарын 1-нд CGTN-нд ажилладаг Австрали гаралтай нэвтрүүлэгч, 9 сарын 8-нд Австралийн хоёр сэтгүүлчийг Хятадын тал саатуулав. Ингэснээр Австралиас эх газрын Хятадад суугаа нэг ч сэтгүүлчгүй анхны тохиолдол болж байна.  

Эдгээр арга хэмжээнээс гадна Хятадын талаас голлон авч буй арга хэмжээ бол худалдааны татвар ногдуулах явдал юм.  

Австрали, Хятадын худалдааны зөрчил

Хятадын талаас Австралийн бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах хориг тавих арга хэмжээг шат дараатай авч байна.

5 сарын 19-ний өдрөөс эхлэн Австралийн улаан буудайнд 5 жилийн хугацаатай 6.9 хувийн татвар ногдуулав.[i]  

8 сарын 23-нд Хятадын Гаалийн ерөнхий газар Австралийн импортын үхрийн махны чанарын аюулгүй байдал хангалтгүй шалтгаанаар зогсоосон юм.[ii] Хятад улсын импортын үхрийн махны 60 гаруй хувийг Австралиас нийлүүлдэг ажээ.

11 сарын 27-ны өдөр Хятадын Худалдааны яам Австралийн виноны импортод демпингийн эсрэг арга хэмжээ авч,[iii] австралийн вино оруулж ирэх аж ахуйн нэгж 107.1%-212.1%-ийн барьцаа тавих ёстой гэж шаардав.[iv] Үүнийгээ дотоодын дарс үйлдвэрлэгчдээ хамгаалахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ гэж тайлбарлажээ.

Үүнээс гадна одоогоор албан ёсоор шийдэгдээгүй боловч хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хятад улс цаашид Австралийн нүүрс (Хятадын нүүрсний компаниуд татвар ногдуулахаар засгийн газартаа лобби хийж буй аж), мод модон эдлэл, сам хорхой гэх мэт бараанд татвар ногдуулах талаар бичиж буй.

Харин Австралийн талаас Хятадын импортын зэс турбаны импортод демпингийн эсрэг татвар ногдуулах тухай шалгалтын ажиллах хэсэг ажиллаж буй.

Хэдийгээр Австрали, Хятадын худалдааны зөрчил ийнхүү нэмэгдэж буй боловч АНУ Хятадын худалдааны дайных шиг хэмжээнд очих боломжгүй. Учир нь энэ хоёр орны худалдааны хэмжээ тэнцвэргүй, Австралийн экспортын 38 хувийг Хятад эзэлдэг бол Хятадын экспортын 3 хувь л Австралид ногддог байна. [v] Энэ талаар цааш дэлгэрүүлж авч үзье.

Хятад, Австралийн худалдааны хэмжээ, бүтэц

Хятад улс Австралийн хамгийн том худалдааны түнш буюу хамгийн том экспортлогч, бас импортлогч улс нь юм. /Зураг 1/


Худалдааны хэмжээ: Австралийн нийт экспортын 38 хувь, нийт импортын 25 эргэм хувь нь Хятадад ногддог. Дэлгэрэнгүй статистикийг харвал 2019 онд Хятад, Австралийн худалдааны нийт хэмжээ 158.97 тэрбум ам.доллар, үүнээс Австралиас Хятад руу гаргасан экспортын хэмжээ 103.9 тэрбум ам.доллар болсон нь Австралийн нийт экспортын 38.2 хувь ажээ. Хятадаас авсан импорт нь 55 тэрбум ам.доллар болсон нь Австралийн нийт импортын 25.8 хувийг эзэлж байна. Австрали 2019 онд Хятадтай хийдэг худалдаанаас 48.83 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь 51.1 хувиар өссөн үзүүлэлт аж.[i]

Худалдааны бүтэц: Австралиас Хятад руу гаргасан нийт экспортын 68.7 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна. Нийт 71.39 тэрбум ам.долларын уул уурхайн бүтээгдэхүүнийг Хятад руу гаргасан (үүнээс төмрийн хүдэр 55 тэрбум ам.доллар, нүүрс 9.5 тэрбум ам.доллар болно). Хоёр дахь гол экспорт нь амьтны гаралтай бүтээгдэхүүн ба 4.18 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн гаргасан нь Хятад руу хийсэн экспортынх нь 4 хувийг эзэлж байна. Нэхмэл сүлжмэл эдлэл, түүний түүхий эд болох 2.5 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнийг гаргасан нь Хятад руу хийсэн экспортын 2.4 хувийг эзэлж байна.

Харин импортын тухайд 2019 онд Австрали Хятадаас 33.7 тэрбум ам.долларын цахилгаан бараа, оёмол бүтээгдэхүүн, гэрийн тавилга, хүүхдийн тоглоом гэх мэт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн авсан ба энэ нь Хятадаас авсан импортынх нь 61.2 хувь юм. Хоёр дахь гол импортын бүтээгдэхүүн нь хуванцар эд, химийн бүтээгдэхүүн бөгөөд 5 орчим хувийг эзэлдэг. Ерөнхийдөө Австралийн Хятадаас авдаг импортын хэмжээ аажим буурч байгаагаас үүдэн хоёр улсын худалдааны тэнцвэргүй байдал улам нэмэгдэх хандлагатай байгаа ажээ.[ii]

RCEP нөлөөлөх үү?

Хятад, Австралийн худалдааны зөрчлийн ид үеэр буюу 2020 оны 11 сарын 15-ны өдөр Хятад, Япон, Өмнөд Солонгос, Австрали, Шинэ Зеланд, АСЕАН-ы орнуудын Бүс нутгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр (RCEP) байгуулагдав. Нийт 2.1 тэрбум хүн ам, дэлхийн үндсэний нийт бүтээгдэхүүний 30 хувийг хамарсан энэхүү хэлэлцээрийн гол зорилго нь өөр хоорондоо гаалийн татварыг бууруулах замаар худалдаа хөрөнгө оруулалтаа чөлөөтэй урсгаж, бүс нутгийн үйлдвэрлэлийн гинжин хэлхээг дэмжихэд оршиж буй. RCEP байгуулагдсанаар Хятад Австралийн худалдааны зөрчил саарах уу? Нэгд, тус хэлэлцээр нь худалдааны зөрчлийг шийддэг механизм биш, хоёрт 2021 оноос улс орнуудын тус бүртээ батламжилснаар сая хэрэгжиж эхлэх учраас ойрын хугацаанд нөлөө үзүүлж чадахгүй гэж үзэж байна.[iii] Үүнээс гадна Хятад, Австрали хоёрын дунд 2015 онд байгуулсан Чөлөөт худалдааны хэлэлцээр одоо үйлчилдэгийг бас санах хэрэгтэй болно. (Тус ЧХХ-ийн талаар АБСХ-ийн 2018.04.13 дугаараас дэлгэрүүлэн уншина уу https://niss.gov.mn/archives/253  )

Худалдааны зөрчлийн дам нөлөөлөл

1949 онд БНХАУ байгуулагдсан ч тухайн үеийн олон улсын харилцааны нөхцөл байдлаас шалтгаалан Австрали улс Хятадыг хүлээн зөвшөөрөлгүй явсаар 1972 оны 12 сарын 21-нд тус хоёр улс дипломат харилцаа тогтоожээ. Энэ нь 1972 оны 3 сард Их Британи БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны дараахан гэсэн үг.

Тэгвэл өнөө цагт ч хоёр талын харилцаа сайдах муудах нь их гүрнүүдийн хүчин зүйлээс шалтгаалсаар байгааг энэ удаагийн худалдааны зөрчлөөс харж болно. Д.Трампын засаг захиргаа “Энэтхэг Номхон далайн стратеги” дэвшүүлж, АНУ тэргүүтэй Энэтхэг, Япон, Австрали дөрвөл болон бусад холбоотон болон түнш орнуудын хамтаар Хятадыг тогтоон барихад чиглэсэн бодлого эрчимтэй явуулж эхэлсэн юм. Энэ стратегийн хүрээнд дээрх орнуудын аюулгүй байдлын яриа хэлэлцээ өргөжиж, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа гүнзгийрэв. Энэ жил хурцадсан Хятад, Энэтхэгийн мөргөлдөөн, Хятад, Австралийн харилцааны түүхэн доод уналт зэрэг нь энэхүү стратеги эрчимжсэний дам нөлөө, тусгал нь гэж хятадын эрдэмтэд дүгнэжээ.[iv] Цаашид Ж.Байданы засаг захиргааны Хятадад явуулах бодлого хэрхэхээс талуудын харилцааны том дэвсгэр тодрон гарах болно.

Дүгнэлт

Хятад Автралийн харилцаа түүхэн доод үедээ орж, 2020 оны турш бие биеийн эсрэг арга хэмжээ авсаар ирлээ. Эдгээрээс олон улсад хамгийн их анхаарал татаж буй нь худалдааны зөрчил байв. Гэхдээ энэ зөрчил одоогоор аль аль талд ноцтой нөлөөлөхүйц биш байна. Австралийн талаас татвар ногдууллаа ч Хятадын талд нөлөөлөх боломжгүй бага хэмжээ эзэлдэг. Харин Хятадын талаас татвар ногдуулбал нөлөө үзүүлж болох ч гэлээ одоогоор татвар ногдуулаад байгаа барааны төрлийг харахад цохилт өгөх хэмжээний биш, сануулга төдий гэж үзэж болохоор байна. Учир нь дарс, улаан буудай, үхрийн мах гээд татвар ногдуулсан бараа нь тус бүрдээ Австралиас Хятад руу гардаг экспортод 1 хувь л эзэлдэг бүтээгдэхүүнүүд юм. Хэрвээ зөрчил даамжирч цаашид Хятад руу гаргадаг экспортын 53 хувийг эзэлдэг төмрийн хүдэр, 10 хувийг эзэлдэг нүүрс зэрэгт хятадууд татвар ногдуулж эхэлбэл жинхэнэ шахалт үзүүлж байна гэж үзэж болно. Гэхдээ ялангуяа төмрийн хүдэр нь Хятадын хувьд чухал бүтээгдэхүүн учраас татвар ногдуулах магадлал бага юм. Үүнээс гадна эдийн засаг худалдааны зөрчил улам даамжирах эсэхийг улс төр геополитикийн түвшинд АНУ-ын шинэ засаг захиргааны Хятадад явуулах бодлогын ерөнхий хандлагаас цаашид ажиглаж болох юм.


[i] 2019 年度澳大利亚进出口情况报告http://commerce.sz.gov.cn/attachment/0/513/513469/7269261.pdf

[ii] 2019年中澳双边贸易概况

http://brisbane.mofcom.gov.cn/article/ztdy/202003/20200302947881.shtml

[iii]专家:RCEP难以消弭澳中两国之间的摩擦 https://www.dw.com/zh/专家rcep难以消弭澳中两国之间的摩擦/a-55624657

[iv] 胡志勇:美国“印太”战略扩大化的地缘影响 http://www.uscnpm.com/model_item.html?action=view&table=article&id=23250

[i]商务部公告2020年第15号 关于原产于澳大利亚的进口大麦反补贴调查最终裁定的公告http://www.mofcom.gov.cn/article/b/c/202005/20200502965863.shtml

[ii]澳大利亚一牛肉企业产品检出禁用药物氯霉素 被暂停对华出口 https://cn.reuters.com/article/australian-beef-china-0828-fri-idCNKBS25O03G

[iii]商务部公告2020年第59号 关于对原产于澳大利亚的进口相关葡萄酒反倾销调查初步裁定的公告 http://www.mofcom.gov.cn/article/b/e/202011/20201103018689.shtml

[iv]各公司保证金比率列表http://images.mofcom.gov.cn/trb/202011/20201127082729153.pdf

[v]中国的“惩罚”和澳洲亚太政策的选择 https://www.bbc.com/zhongwen/simp/world-53170148


Ангилал:


Өмнөх нийтлэл

Дараах нийтлэл