Оросын “арван хоёр тагнуулч” ба Д.Трампын эсрэг ажиллагаа

2018-07-19

https://niss.gov.mn/wp-content/uploads/2018/07/qJhhxHCf8oBe.jpg

Уулзалтын өмнө “тэсэлсэн бөмбөг”

Финландын нийслэл Хельсинки хотноо 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ОХУ, АНУ-ын ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт болохын өмнөхөн АНУ-ын ерөнхий прокурорын орлогч (хууль зүйн дэд сайд) Р.Розенстейн хэвлэлийн бага хурал хийж, 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх зорилгоор хийсэн цахим халдлагыг Оросын тусгай алба, тухайлбал, цэргийн тагнуулын газарт хамаарал бүхий 12 хүн гардан гүйцэтгэсэн хэмээн нэрлэж, тэдгээрт эрүүгийн хэрэг үүсгэсэн тухайгаа мэдээлсэн. Энэхүү мэдээллийг Оросын тусгай албаны зүгээс АНУ-ын эсрэг явуулсан тагнуулын ажиллагааг шалгах тусгай төлөөлөгч Р.Мюллер (2001-2013 онд Холбооны мөрдөх товчооны дарга асан)-ийн толгойлсон комиссын дүгнэлт дээр үндэслэн хийснээ тэрээр мөн мэдэгдэв.

Д.Трампын зөрчилтэй мэдэгдлүүд

ОХУ-ын зүгээс АНУ-ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд нөлөөлөх, гадаад бодлогын хувьд өөрийн ашиг сонирхолд илүү нийцнэ гэж үзсэн нэр дэвшигчийг ялалтад хүргэхэд таатай нөхцөл бүрдүүлэх зорилгоор тус улсын эсрэг тагнуулын арга хэмжээ хэрэгжүүлсэн байж болзошгүй тухай хардлага, сэрдлэг америкийн хэвлэл, мэдээллийн хэрэгслийн хүрээнээс нэгэнт хальж, 2017 оны зунаас эхлэн Сенатын Тагнуулын тусгай хорооны хуралдаанаар нэр бүхий албан тушаалтны сонсголыг хэлэлцэх хэмжээнд хүрээд байсан боловч сая улам идэвхжив.

Үүнд хоёр орны тэрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын үеэр Д.Трампын биеэ авч явсан байдал, хэвлэлийн бага хурлын үеэр болон түүнээс хойш хийсэн зөрүүтэй, зөрчилтэй мэдэгдлүүд төдийгүй ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин хэвлэлийн бага хурал дээр болон америкийн телевизийн Fox News сувагт өгсөн ярилцлага зэрэг олон хүчин зүйл өдөөх шалтаг болж байна.

Тухайлбал, 7 дугаар сарын 16-нд хэвлэлийн бага хурлын үеэр Д.Трамп: “… ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцох шалтгаан Орост байсан гаж би харахгүй байна” гэж мэдэгдсэн төдийгүй “Та өөрийнхөө тусгай албад, В.Путин хоёрын хэнд нь илүү итгэж байна?” гэсэн сурвалжлагчийн асуултад илт бөөрөнхийлсөн хариулт өгсөн бол маргааш нь энэ байр сууринаасаа буцаж, “… сонгуульд нөлөөлөх шалтгаан Орост яагаад байж болохгүйг би олж харахгүй байна гэсэн үгийг маань буруу тайлбарласан” гэж залруулсан. Харин үүнээсээ хоёр хоногийн дараа “… уулзалтын үеэр би В.Путинд ийм юм байж болохгүй, бид үүнийг тэвчихгүй гэдгийг анхааруулсан” хэмээн мэдэгдлээ.

Одоо Конгрессын зарим гишүүд ганцаарчилсан уулзалтын дэлгэрэнгүй тэмдэглэлийг шаардаж эхэлсэн ч Д.Трамп аливаа уулзалтын үеэр тэмдэглэл хөтлөхийг зөвшөөрдөггүй байж магадгүй тул орчуулагчийг дуудан мэдүүлэг авах дээрээ тулаад байна.

Дээрх байдлаас үүдэн Р.Розенстейний мэдэгдэлд дурдсанчлан, сонгуульд нөлөөлөх оролдлого үнэхээр гарч, сонгуулийн үр дүн ч ОХУ-ын талд ямар нэг байдлаар ашигтай гарсан гэх хардлагад итгэх америк иргэдийн тоо улам бүр нэмэгдсээр байна.

Оросын «12 тагнуулч» гэж хэн, хэн бэ?

Р.Розенстейний дэлгэсэн мэдээлэлд, “Оросын цэргийн тагнуулын газарт харьяалал бүхий, Москва хот болон Москва орчимд байрлах 26165, 76455 дугаартай цэргийн нэр бүхий алба хаагчид, тухайлбал, 26165 дугаар ангийн ангийн захирагч В.Нетышко, албаны дарга Б.Антонов, 76455 дугаар ангийн захирагч А.Осадчук, мөн ангийн офицер С.Моргачёв, А.Лукашёв, Н.Козачек, А.Малышев, Д.Бадин, И.Ермаков, П.Ершов, А.Потёмкин, А.Ковалёв нар” гэсэн нэрс гарч байна.

Тэгвэл Оросын “Взгляд” сонины цахим нийтлэлд эдгээр ангийн дугаар, зарим нэрсийг үнэн зөв болохыг баталж, тухайлбал, 26155 дугаартай анги нь ОХУ-ын цэргийн тагнуулын Криптографи, дээд математик, компьютерын технологийн судалгааны хүрээлэн буюу “85-р төв”, түүний захирагчаар ажиллаж байсан хурандаа В.Нетышко энэ оны 1 дүгээр сард өөр албан тушаалд шилжин томилогдож, оронд нь хурандаа Д.Михайлов томилогдсон талаар бичсэн байна. Мөн 74455 дугаартай анги нь Москва мужийн Химки хотод байрлах, Стратегийн зориулалттай пуужингийн цэргийн командлалын харьяа Эрдэм шинжилгээний 4 дүгээр хүрээлэн мөн болохыг баталжээ.

Харин Р.Розенбергийн мэдээлэлд бодитой оршин байгаа судалгааны хүрээлэнгүүд, тэдгээрийн ангийн дугаар, захирагч болон бусад албан тушаалтны нэр гарч байгаа нь үнэхээр нотлох баримт байгаа гэсэн үг биш, “олж авч болох ил мэдээлэл байсан” гэсэн тайлбарыг тус сонин хийж байна.

В.Путин ч Хельсинкид америкийн Fox News сувагт өгсөн ярилцлагадаа “… [Танай] Ардчилсан намын дотор нэг нэр дэвшигчдээ давуу байдал олгох гэж үүсгэсэн будлианыг хэдэн хакер ил гаргасан, тэнд нь худал, зохиомол баримт байгаагүй, үнэн бодитой л баримт байсан биз дээ?” гэж асуултад асуултаар хариулсан байдал, үгийн сонголт зэрэг нь америкчуудын дунд дээрх хардлагыг улам гүнзгийрүүлэхэд нөлөөлж байна.

… Цахим шуудангийн 52 сүлжээнд агуулагдаж байсан 110 захидал тухайн үедээ төрийн нууц (secret) болон албаны нууц (confidential) зэрэглэлд хамаарч байсан … 
Ж.Коми АНУ-ын Холбооны мөрдөх товчооны дарга асан

Алдагдсан мэдээлэл нууц байсан уу?

2016 оны 11 дүгээр сард болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Ардчилсан намаас нэр дэвшигч, тухайн үед ялах магадлал илүү гэж олон улсын ажиглагчид таамаглаж байсан Х.Клинтоны сонгуулийн штабыг удирдаж байсан Ж.Подеста болон нэр дэвшигчийн өөрийнх нь цахим шуудангийн харилцааны 60 мянга гаруй нэгж мэдээлэл WikiLeaks сүлжээгээр дамжуулан цацагдсан. Эдгээрийн дунд намын дотоод сунгааг өөрийн талд ашигтай эргүүлэх зорилгоор явуулж байсан ажиллагаа нь ил болсон ч төрийн нууцын зэрэглэлд хамаарах мэдээлэл байсан эсэх нь маргаан дагуулсаар байгаа. Ж.Подеста болон Х.Клинтоны сонгуулийн штабын олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн менежер Ж.Палмиери эхэндээ үүнийг үгүйсгэж, “нууцад хамаарах мэдээлэл задраагүй” гэж байсан бол ХМТ-ны дарга асан Ж.Коми няцаалт өгсөн. Тэрээр өнгөрсөн оны 7 дугаар сард болсон хэвлэлийн бага хурал дээр “… цахим шуудангийн 52 сүлжээнд агуулагдаж байсан 110 захидал тухайн үедээ төрийн нууц (secret) болон албаны нууц (confidential) зэрэглэлд хамаарч байсан …” гэж мэдэгдсэн.

Х.Клинтон 2009-2013 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байхдаа хувийн цахим шуудангаар албаны нууцад хамаарах мэдээлэл илгээж байсан нь сонгуулийн кампанит ажлын үеийн кибер халдлагатай холбоогүй, тусдаа асуудал боловч нууц хариуцагч бөгөөд тээгчийн хувьд улс төрийн энэ туршлагатай зүтгэлтний хувийн хариуцлага хангалтгүй түвшинд байгааг нотлон харуулсан. Энэ сул тал түүний сонгуулийн штабын арга ажиллагаанд ч нөлөөлж хоёр он дамнасан энэхүү хардалт, сэрдэлтийн үүдийг нээсэн байна. Алдагдсан цахим захидлууд АН доторх сунгааны үеийн болон нэр дэвшигч эцэслэн тодорсон үед хамаарах, намын дотоод ажлын шинжтэй мэдээллүүд тул нууц гэж үзэх үндэсгүй. Хэдий тийм боловч, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч намынхаа их хурлаар зарлдагдсан цагаас эхлэн тагнуулын байгууллагуудын нууц мэдээлэлтэй танилцаж эхэлдэг учир нэр дэвшигчийн ажиллаж буй мэдээллийн орчин өөрөө шууд нууцын горимд шилждэг тул бусад улсын тогтолцоонд “төрийн нууц” гэж томьёолдогдох зэрэглэл бүхий мэдээллийн урсгал задарсан үр дагаварт хүргэсэн бололтой.

Кибер ажиллагааг хэн, хэрхэн үйлдэв?

Сонгуулийн штабын мэдээллийн дэд бүтцэд халдахдаа хамгаалагдсан сүлжээнд нэвтрэн мэдээлэл хулгайлах буюу “хакер”, түүнийгээ зориудаар эвдэх, өөрчлөх, эсвэл задруулах буюу “кракер” гэсэн хоёр үйлдлийн аль алиныг ашигласан бололтой. Үүгээр өндөр хөгжилтэй улсын мэдээлэл нууцлах тогтолцоо өөрөө сул талтай, техникийн эмзэг байдалд өртөмтгий байх магадлал төдий хэмжээгээр нэмэгддэгийг ч харуулж байна.

Уг үйлдлийг 2016 оны сүүлчээс эхлэн ХМТ мөрдөн шалгаж байгаа ба 2017 оны зургадугаар сараас хойш Сенатын тусгай хороогоор мэдүүлэг, сонсгол авч эхэлсэн. Эдгээрийн дүгнэлт эцэслэн гараагүй, мөн бүрэн хэмжээнд танилцах бололцоогүй хэвээр байгаа. Харин үйлдлийн шинж чанар, халдлагын хэлбэрийн талаар мэдээллийн технологийн судалгаа эрхэлдэг бие даасан байгууллагуудын урьдчилсан дүгнэлт гарч эхэлсэн.

Тэдгээрийн нэг болох Жоржиа мужийн Атланта хотод төвтэй SecureWorks компанийн хийсэн судалгаагаар, уг үйлдэл нь Fancy Bear (мөн APT28, Pawn Storm, Sofacy Group, Sednit, Strontium гэх хэд хэдэн нэртэй) хэмээх хакер компанийн гүйцэтгэсэн ажил гэж тогтоосон байна. Fancy Bear нь ОХУ-ын ЗХЖШ-ын Ерөнхий газар (цэргийн тагнуул)-тай холбоотой буюу тэндээс санхүүждэг байх магадлал 50 хувьтай гэж америкийн тал үзэж байна. SecureWorks компаниас гадна кибер аюулгүй байдлын чиглэлээр зөвлөх үйлчилгээ болон кибер хамгаалалтын үйлчилгээ гүйцэтгэдэг CrowdStrike, ThreatConnect, Fireeye’s Mandiant зэрэг байгууллагууд мөн адил ингэж үзэж байгаа аж.

…мэдээллийн дэд бүтцэд халдахдаа хамгаалагдсан сүлжээнд нэвтрэн мэдээлэл хулгайлах буюу “хакер”, түүнийгээ зориудаар эвдэх, өөрчлөх, эсвэл задруулах буюу “кракер” гэсэн хоёр үйлдлийн аль алиныг ашигласан бололтой.

Дээрх байгууллагуудын дүгнэж байгаагаар, халдлага үйлдсэн арга ажиллагааны үндсэн хэлбэр нь spear phishing буюу сүлжээнд нэвтрэн өгөгдөл хулгайлах (data theft) ажиллагааг цахим харилцааны явцад өөр нэр хаягаас өгөөш тавих аргаар хэрэгжүүлсэн бололтой байна. Харин халдлага зөвхөн хакер буюу сүлжээнд нэвтрэх, мэдээлэл олж авахаар хязгаарлагдаагүй, WikiLeaks-ээр дамжуулан цацаж улс төрийн ашиг гаргах зорилготой байсан нь кракер ажиллагаа гэж тэд дүгнэж байна. Цэвэр хакер ажиллагаа байсан бол дотоодын эх сурвалжтай, 1972 оны “Уотэргейтийн хэрэг”-тэй төстэйгөөр өрсөлдөгч нэр дэвшигч, түүний штабын зүгээс сонгуулийн тактикийн нууцад нэвтрэх зорилго агуулсан гэж дүгнэж болох ч ийм тохиолдолд нууц задруулах замаар тус улсын үндэсний аюулгүй байдалд хохирол учруулахуйц үр дагаварт хүргэх шаардлага байхгүй. Тиймээс гадаад эх сурвалжтай, сонгуулийн дүнд нөлөөлөх зорилго бүхий тагнуулын арга хэмжээ гэж америкийн тал үзэж байна.

Вашингтонд «Кремлийн туршуул» бий юу?

Нэр дэвшигч Д.Трампын сонгуулийн багийн нөлөө бүхий зүтгэлтнүүдтэй албан харилцаа тогтоох, гүнзгийрүүлэх замаар АНУын шинэ засаг захиргаанд шийдвэр гаргах түвшинд ойр албан тушаалтнуудын дунд нөлөөлөх боломж бий болгох оролдлогыг ОХУ-ын тусгай албадын зүгээс хийсэн байж болох тухай мэдээлэл мөн хэвлэл, мэдээллийн хэрэгслийн хүрээнээс нэгэнт хальж, хууль тогтоох байгууллагын түвшинд шалгагдаж эхэлсээр бүтэн жилийн нүүр үзлээ. Д.Трампын үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөхөөр томилогдоод удалгүй Оросын талтай илүү ойр харилцан ажиллаж байсан, ОХУ-д уригдан лекц уншсаны шагналд багагүй хэмжээний мөнгөн урамшуулал авсан гэх үндэслэлээр огцорсон бэлтгэл дэслэгч генерал М.Флинн (Батлан хамгаалахын тагнуулын агентлагийн дарга асан)-ий нэрийг хамгийн их дурдаж байгаа ч ОХУ-тай бизнесийн хувьд түншлэгч (ExxonMobil-ийн ерөнхийлөгч байсан), Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Тиллерсон, өөр хэд хэдэн албан тушаалтны тухай яригдаж байгаа аж.

2017 онд АНУ-ын Сенатын Тагнуулын тусгай хорооны хуралдаанд ХМТ-ны дарга асан Ж.Коми, Тагнуулын төв газрын дарга асан Ж.Брэннан, Үндэсний тагнуулын нийгэмлэгийн дарга асан Ж.Клаппэр, мөн М.Флинн нар дуудагдсан.

“… ОросАмерикийн харилцааг АНУын дотоод улс төрийн тэмцлийн барьцаанд авах шаардлагагүй.”
В.Путин ОХУ-ын ерөнхийлөгч

Эдгээр хүмүүсийн дуудагдсан шалтгаан ялгаатай. М.Флинний хувьд, ОХУ-ын тусгай албадтай холбоотой эсэхэд сэжиглэгдэж байгаагийн хувьд мэдүүлэг өгөх үүрэгтэй бол, бусад нь уг асуудлыг шалгах ажлыг эрчимжүүлэх байр суурьтай байсан ч Д.Трампын засаг захиргаанд үргэлжлүүлэн албаа хаших боломжгүй болж албан тушаалаасаа өөрчлөгдсөн (хамгийн сүүлд Ж.Коми) хүмүүс юм. Хардлагыг илүү үнэмшилтэй болгож байгаа нь М.Флинн Үндсэн хуулийн Тавдугаар нэмэлтээр олгогдсон эрхээ эдлэх үндэслэлээр (өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх) мэдүүлэг өгөхөөс татгалзсан явдал байв.

Тэгвэл Ж.Брэннан 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сенатын тусгай хороонд мэдүүлэг өгөхдөө “… [Д.Трампын багийн зарим гишүүд] оросуудтай харилцаж байсан байдал нь тэднийг нууцаар хамтран ажиллаж байгаа биш биз гэсэн эргэлзээ төрүүлсэн …” гээд эцэслэн тогтоох ёстой тул мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Тагнуулын хамтын нийгэмлэгийн бусад удирдах албан тушаалтан ч ийм байр сууриа хууль тогтоогчдын өмнө хамгаалсаар байна.

Сэрдлэг дуусахгүй ч, эцэслэгдэхгүй

Б.Обамагийн засаг захиргааны үед ОХУ-АНУ-ын харилцаа “Хүйтэн дайн” дууссанаас хойш байгаагүй доод түвшинд хүрч хүйтэрсэн, Оросын эсрэг хориг арга хэмжээ авах, ОХУ-ыг “ганцаардуулах” оролдлогыг хамгийн тууштай дэмжигч нь нэр дэвшигч Х.Клинтон байсан, харин нэр дэвшигч Д.Трампын сонгуулийн өмнөх амлалт, байр сууринд ОХУ-д харьцангуй тааламжтай, Оросын ашиг сонирхолтой зарим талаар огтлолцохуйц өнгө аяс цухалзаж байсан ба түүний баг дотор Оростой бизнесийн болон бусад хэлхээ холбоотой хүмүүс байсан зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан Оросын удирдлага Д.Трампыг ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад таатай хүлээн авсан нь тодорхой. Үүнийг ч В.Путин Хельсинкид хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр илэн далангүй мэдэгдсэн. Гэхдээ энэ бүхэн Цагаан ордны дотор ОХУ-ын талд ажилладаг нөлөө бүхий албан тушаалтан байгаа гэж дүгнэх үндэслэл хараахан биш юм.

Сонгуульд цахим халдлагын аргаар зориуд нөлөөлсөн гэж үзэх нь ч нэн өрөөсгөл. АНУ-ын ерөнхийлөгчийн 2016 оны сонгуульд гаднын хүчин зүйл гэхээс илүү сонгогчдын харьцангуй олонход үүсээд байсан сэтгэл зүйн нөхцөл байдал, тухайлбал, гадаад худалдааны алдагдлын улмаас америкийн аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбар хохирол амсаж байсан, Ардчилсан намын засаг захиргааны үед цагаач, дүрвэгсдийн урсгалд тавих хяналтаа сулруулснаар дотоод аюулгүй байдал эмзэг болсон зэрэг хүчин зүйлс, мөн тус улсын ерөнхийлөгчийг сонгох сонгогчдын коллегийн санал цуглуулах тактикийг Д.Трампын штаб оновчтой тодорхойлсон явдал эн тэргүүнд нөлөөлсөн. Харин Д.Трампыг ялуулах сонирхол Орост байсан тул дэмжлэг үзүүлэх ямар нэгэн оролдлого огт хийгээгүй гэж хэлэхэд эрт байна. Цаашид ч В.Путины хэлснээр, “Орос-Америкийн харилцааг АНУ-ын дотоод улс төрийн тэмцлийн барьцаанд авах” байдлаар Д.Трампын бүрэн эрхийн эхний хугацаа дуусч, дараагийн сонгууль дөхөх тусам энэ шуугиан тасрахгүй, дахин шинэ шинэ баримт дэлгэгдсээр байх нь ойлгомжтой. Иймээс Орос-Америкийн харилцааны “шинэ эхлэл”, “дулаарал” хэмээн яаравчлан нэрлээд буй өрнөлтөд энэ хардлага, сэрдлэг ямагт саад болж, итгэлцлийг холдуулсаар байх төлөвтэй.

 


Ангилал: Долоо хоногийн тойм