БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (БХАТИХ) болон Бүх Хятадын Улс Төрөөр Зөвлөлдөх Их Хурал (БХУТЗИХ) буюу “Хоёр хурал” уламжлал ёсоор 2025 оны 3-р сарын 4-5-ны өдрүүдэд Бээжин хотноо хуралдав. “Хоёр хурал”-ын үйл явц, үр дүнг дараах байдлаар багцалж, онцлох хэсгийг танилцуулж байна. Үүнд:
“Хоёр хурал”-ын урьдач нөхцөл байдал:
- Хятадын дотоод нөхцөл байдал, тэр дундаа “Ковид-19”, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал, иргэдийн хэрэглээ огцом буурч, үйлдвэрлэлийн илүүдэл тасралтгүй нэмэгдэж буйгаас улбаалсан эдийн засгийн ноцтой үр дагавар;
- АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас Хятадтай хийх “Худалдааны дайн”-ыг үргэлжлүүлж, өндөр технологийн хоригийг өргөжүүлэн, гаалийн тарифийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж байна. Түүнчлэн Орос-Украины дайныг зогсоох хэлэлцээнд хятадын талын оролцоо буурах, дайны дараах нөхцөл байдал Хятадад ашиггүйгээр эргэх зэрэг томоохон сорилтууд тулгарч байна.
Дээр дурдсан нөхцөл байдлыг хэрхэн тодорхойлж, ямар шийдвэр гаргах нь Хятадын хувьд тулгамдсан асуудал юм. Эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр Хятадын эрх баригчид урт хугацааны бонд гаргах, дотоод хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг зарим арга хэмжээг хэдийнэ авч эхлээд буй бол АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн олон улсад хэрэгжүүлж буй бодлого, ялангуяа Орос-Украины дайныг зогсоох, АНУ-ын стратегийн ашиг сонирхлыг Энэтхэг, Номхон далайн бүс нутагт төлвлөрүүлэх зэрэг нь Хятадын байр суурийг тодорхойгүй байдалд оруулж байна. Гэвч эцсийн дүндээ энэ нь Хятадыг ганцаардуулах, “буланд шахах”-ад чиглэж буйг судлаачид онцолж байна.[1]
“Хоёр хурал”-ын анхаарал татах үйл явц, үр дүн:
“Хоёр хурал” үндсэндээ эдийн засагт тулгарч буй сорилтуудыг хэрхэн шийдвэрлэхэд голлон анхаарчээ. Харин гадаад бодлогын хувьд олон улсын “ээдрээ төвөгтэй нөхцөл байдал”-ыг Ерөнхий сайд Ли Цяны илтгэлд[2] онцлохын зэрэгцээ Гадаад хэргийн сайд Ван И хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдийн асуултанд хариулсан байдлаас харвал, Хятадын байр суурь энэхүү ээдрээ төвөгтэй цаг үед “одоохондоо” тодорхойгүй байгаа нь ажиглагдлаа. Ван И-н хэвлэлийн бага хурал дараах 3 асуудалд төвлөрснийг товч дурдвал,[3]
- АНУ-тай хэрхэн харилцах талаар: Ван И, “хэрэв америкийн тал хамтран ажиллахыг хүсвэл харилцан ашиг хүртэнэ, дарамт шахалт үзүүлэхийг оролдвол Хятад улс тууштай эсэргүүцнэ” гэсэн нь хэд хоногийн өмнө Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгчийн “ямар ч хэлбэрийн дайнд бэлэн”[4] гэх хатуухан мэдэгдлийг зөөллөсөн өнгө аястай буюу хоёр талын хооронд яриа хэлэлцээ явуулах, тохиролцоонд хүрч болох орон зайг үлдээснийг харж болохоор байна;
- ОХУ, Орос-Украины дайн: “Орос, Украины дайныг зогсоох яриа хэлэлцээнд Хятад улсын оролцоо хумигдсан, дайны дараах нөхцөл байдал, ялангуяа АНУ-ын зүгээс ОХУ-тай “түншилж” Хятадын эсрэг анхаарал хандуулна” гэх таамаглал судлаачдын дунд газар авч байна. Харин Хятадын Гадаад хэргийн сайдын мэдэгдэлд, Орос, Украины дайны талаар “энхтайвныг чухалчилсан” өмнөх байр сууриа давтсан буюу ямар нэгэн шинэлэг, зарчмын шинжтэй агуулга ажиглагдсангүй;
- Тайвань: Ван И “Тайвань асуудалд орвол Япон ч бас асуудалд орно” гэх Японы Ерөнхий сайд агсан Шинзо Абэ-н мэдэгдлийг иш татаад, [5] “Тайваниар шалтаглан асуудал үүсгэх нь Япон өөртөө асуудал авчирахын цондон” хэмээн хатуухан мэдэгдэл хийв. Түүнчлэн тэрээр НҮБ-ын 1971 оны 2758 тоот шийдвэрийг дурдаж, “Ерөнхий Ассемблейн гишүүдийн дийлэнх олонхийн саналаар БНХАУ-ын хууль ёсны эрхийг сэргээж, Тайванийн эрх баригчдын төлөөллийг НҮБ болон түүний салбар байгууллагуудаас шахан гаргасан” гэдгийг онцлов.[6] Харин Тайванийн Гадаад хэргийн сайд хариу тайлбар өгөхдөө, “НҮБ-ын 2758 тоот шийдвэрт Тайванийн асуудлыг ямар нэгэн байдлаар дурдаагүй. Үүнийг АНУ-ын Төрийн зөвлөл, Европарламент болон ардчилсан бусад улс орон хамтарсан мэдэгдэлдээ тодорхой дурдсан. Хятад улс 2758 тоот шийдвэрийг мушгин гуйвуулахыг оролдож байна”[7] гэжээ. Үргэлжлүүлэн тэрээр хятадын тал эрх зүйн дайнд ач холбогдол өгч буйг дурдсан нь ирээдүйд тайванийн тал НҮБ-д гишүүнлэлээ сэргээхийг оролдох, цаашид талуудын маргаан олон улсын хэмжээнд өргөжих магадлалтайг харуулж байна.
2025 оны 3-р сарын 5-ны өдөр Хятадын Ерөнхий сайд Ли Цяны Засгийн газраас 2024 онд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг илтгэж, 2025 оны нийгэм, эдийн засгийн гол зорилтуудыг танилцуулав. Эндээс онцлох нь:[8]
- 2024 онд Хятадын ДНБ 5 орчим хувиар өссөн бол 2025 онд мөн 5 хувьд барих зорилтыг дэвшүүлжээ;
- 2025 онд ХАЧА (Хятадын Ардын Чөлөөлөх Арми)-ийн төсөв 245 тэрбум ам.доллар буюу өнгөрсөн оны мөн үеэс 7.2 хувиар нэмэгдэв;
- Гадаадын хөрөнгө оруулалтын цар хүрээг нэмэгдүүлж, бүрэн дэмжинэ;
- Хиймэл оюун ухаан (AI+)-д суурилсан шинжлэх ухаан, технологийн хөгжил, түүнийг эдийн засгийн өсөлт, зах зээлийн тэлэлтийг дэмжихэд ашиглахаа зарлав. Энэ нь тус улс дахь барууны технологийн хараат байдлыг бууруулах юм.
Дүгнэлт:
Хятадын гадаад бодлого, тэр дундаа АНУ-тай цаашид хэрхэн харилцах, “Худалдааны дайн”-д ямар тактик баримтлах, Орос-Украины дайны яриа хэлэлцээнд ямар үүрэгтэй оролцох, мөнхүү нөхцөл байдлаас үүдэн Хятад-Оросын харилцаанд ямар өөрчлөлт орох зэрэг нь одоогоор тодорхойгүй байна. Гэвч энэ бүхэн Хятадын хувьд томоохон сорилтыг авчирна. Тайванийн асуудлаар хятадын тал уламжлалт байр сууриа хурцаар илэрхийлсэн бөгөөд тэр нь тайванийн талд гэхээс илүүтэй АНУ, Япон зэрэг барууны улс орнуудад хандсан өнцөг хэмээн тайлах нь илүү зохистой юм.
Ерөнхий сайд Ли Цяны 10 мянга гаруй үг бүхий илтгэлийг зарим судлаач “тогтвортой, өргөтгөсөн, шинэ, зохицуулалт хийсэн болон урьдчилан сэргийлсэн” гэсэн 5 гол агуулгаар тодорхойлж буй бөгөөд тэдгээр нь бүхэлдээ эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэж байна. Эрх баригчдын зүгээс цахилгаан автомашин, литийн батерей, нарны хавтан болон өндөр технологийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, үүгээр дамжуулан эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлого барьж буй ч одоогоор хүссэн үр дүндээ хүрч чадаагүй байна.
Хятадын эдийн засагт тулгамдаж буй хамгийн гол асуудал нь дотоодын хэрэглээ хангалтгүй, үйлдвэрлэлийн илүүдэл ноцтой түвшинд хүрснийг 2024 онд экспортлосон 6.4 сая автомашинтай харьцуулахад импортын автомашины тоо хэмжээ 710 мянга буюу зөрүү нь 5.7 сая байгаагаас харж болно.[9] Түүнчлэн 2024 онд нийт улсын хэмжээнд үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн 1/3 нь алдагдалд орсон нь үүний тод жишээ юм. Дотоодын хэрэглээ буурахын зэрэгцээ иргэдээс Засгийн газрын эдийн засгийн бодлого, арга хэмжээний үр дүнд үл итгэх байдал нэмэгдэж, ирээдүйд үүсэж болзошгүй тодорхойгүй нөхцөл байдалд зарцуулах зорилгоор хадгаламжаа нэмэгдүүлж, хэмнэлтийн горимд шилжиж буй нь томоохон асуудал дагуулж байна. Энэ нь инфляцийг тасралтгүй нэмэгдүүлэх гол хүчин зүйл болов. Харин Засгийн газраас иргэдийн гар дээрх мөнгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг дэмжихийг хичээж байна. Тухайлбал, хөдөө орон нутгийн иргэд хотод үл хөдлөх хөрөнгө худалдан авбал оршин суурьших эрх олгох зэрэг хэлбэрээр дэмжих бодлого хэрэгжүүлж буй ч 2024 онд шинээр баригдсан орон сууцны худалдан авалт өнгөрсөн оны мөн үеэс 17.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.[10]
Эрх баригчдаас эдийн засгаа “аврах” чиглэлээр бүх талын арга хэмжээг авч буйн дотор төвийн болон орон нутгийн засгийн газруудын бондыг дурдаж болно. Гэвч энэ нь яваандаа хяналтаас гарч, ноцтой үр дагаварт хүрч болох эрсдэлтэйг судлаачид анхааруулж байна. Ерөнхийдөө Хятадын эдийн засагт ойрын хугацаанд эерэг өөрчлөлт гарах магадлал маш бага гэдгийг мэргэжилтнүүд дүгнэж байна.
Ашигласан эх сурвалж:
[1] 川普對中國的新一輪打壓才剛剛開始, 川普對中國的新一輪打壓才剛剛開始 – 紐約時報中文網
[2] 最全!50個動態場景看2025《政府工作報告》全文, 最全!50個動態場景看2025《政府工作報告》全文__中國政府網
[3] 中共中央政治局委员、外交部长王毅就中国外交政策和对外关系回答中外记者提问, 中共中央政治局委员、外交部长王毅就中国外交政策和对外关系回答中外记者提问
[4] 陸駐美大使館發文警告:任何類型戰爭 「奉陪到底」, 陸駐美大使館發文警告:任何類型戰爭 「奉陪到底」 | 兩岸要聞 | 兩岸 | 聯合新聞網
[5] 安倍晉三對台視訊演講全文:台灣有事 等同日本有事 等同日美同盟有事, 安倍晉三對台視訊演講全文:台灣有事 等同日本有事 等同日美同盟有事
[6] 王毅:台湾回归中国是二战后国际秩序的重要组成部分, 王毅:台湾回归中国是二战后国际秩序的重要组成部分_中华人民共和国外交部
[7] 王毅扭曲2758號決議喊「中國台灣省」 林佳龍:中國緊張了打法律戰, 王毅扭曲2758號決議喊「中國台灣省」 林佳龍:中國緊張了打法律戰 – 政治 – 自由時報電子報
[8] Highlights of China’s two sessions in 2025: economic growth to maintain about 5%, bond issuance to stimulate domestic consumption, and promotion of artificial intelligence, China’s Two Sessions 2025 Highlights: Economic growth sustains 5%, bonds spur domestic consumption, promotes artificial intelligence – BBC News Chinese
[9] 2024年中国进出口“成绩单”:万亿美元顺差的喜与忧 | 钛媒体独家, 2024年中国进出口“成绩单”:万亿美元顺差的喜与忧 | 钛媒体独家_腾讯新闻
[10] 穩中求進 逐新而上——解讀2024年國民經濟和社會發展統計公報, 穩中求進 逐新而上——解讀2024年國民經濟和社會發展統計公報_政策解讀_中國政府網
Ангилал: Долоо хоногийн тойм
Өмнөх нийтлэл
Гринланд дахь геополитикДараах нийтлэл
Сүүлд нэмэгдсэн
Хятадын “Хоёр хурал”
2025-03-10
Гринланд дахь геополитик
2025-02-24
ТРАМП 2.0-ын бодлого (II)
2025-02-17
ТРАМП 2.0-ын бодлого (I)
2025-02-10
“Brics Pay” олон улсын төлбөр тооцооны шинэ систем
2025-02-03
Монгол улсыг тойрсон стратегийн орчны өөрчлөлт – цөмийн зэвсэг (II)
2025-01-27
Монгол улсыг тойрсон стратегийн орчны өөрчлөлт – цөмийн зэвсэг (I)
2025-01-20
ОХУ-ын Цөмийн номлолын өөрчлөлт
2025-01-10
Цөөн нийлүүлэгчтэй ураны салбар
2024-10-25
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18