Монгол улсыг тойрсон стратегийн орчны өөрчлөлт – цөмийн зэвсэг (II)
2025-01-27
Эхлэл хэсэг өмнөх дугаарт
АНУ-ын хуурай замын цөмийн хүчин Minuteman-III системээ (нийт 400ш) 2030 он гэхэд LGM-35A Sentinel систем болгоход $141 тэрбум, цэнэгт хошууны шинэчлэлд (W87-1) $16 тэрбум зарцуулна. Агаарын цөмийн хүчин B-52H, B-2 онгоцнуудыг B-21 (100ш) онгоцоор солиход $70 тэрбум, LRSM далавчит пуужин (1000ш) авахад $11 тэрбум, цөмийн хошуу ба цөмийн бөмбөг (B61-12, B61-13, W80-4 нийт 500ш+) шинэчлэхэд $22 тэрбум зарцуулна. Тэнгисийн цөмийн хүч нь Columbia ангиллын цөмийн шумбагч хөлөг барих зардал (12ш) $142 тэрбум, баллистик пуужингийн зардал (Trident II D5LE2 нийт 230ш) $33.7 тэрбум, шинэ үеийн цөмийн цэнэгт хошууны зардал (W93 нийт 2000ш) $25 тэрбум тус тус зарцуулна. Мөн түүнчлэн цөмийн цэнэгт хошуу шинэчлэх төсөл, плутони үйлдвэрлэл нэмэгдүүлэх, бусад материал техникийн зардалд $30~ тэрбум зарцуулах урьдчилсан тооцоог АНУ-ын NNSA (National Nuclear Security Administration) гаргасан байна.
АНУ, ОХУ аль аль нь харилцан хяналтын механизмаа зогсоосон ч 2026 он хүртэл стратегийн цөмийн хүчин чадлын тооны хязгаарлалтаа тогтвортой барьж байгаа. Үүний зэрэгцээ талууд аль аль нь стратегийн цөмийн хүчний системийн шинэчлэлээ эрчимтэй өрнүүлж цаашлаад тактикийн цөмийн технологио өрсөлдөн сайжруулж байна. Гол асуудал бол 2026 оноос цааш үргэлжлэх стратегийн зэвсэглэлийн хяналтын яриа хэлэлцээг хэрхэн өрнүүлэх ямар ч драфтын төсөл танилцуулагдаагүй, харилцан санал солилцох формат үүсээгүй, талуудын сонирхол, зорилт, алсын хараа ямар байгаа нь тодорхойгүй байгаа нь байдлыг нэн хүндрүүлж байна. АНУ-ын талаас дараагийн стратегийн зэвсэглэлийн хяналтын яриа хэлэлцээнд ОХУ-ын тактикийн цөмийн зэвсгийн асуудлыг заавал оруулах, мөн БНХАУ-ын цөмийн хүчин чадлын өсөлтийг харгалзан тооцон үзэх тухай бодлого боловсруулах түвшний зөвлөмжийн баримт бичгүүд[1] ээлж дараалан гарсаар байгаа бол ОХУ-ын талаас өгч буй стратегийн сигналууд Украины асуудал шийдэгдэж дуустал энэ чиглэлд ахиц гарахгүй гэсэн хатуу байр сууриа хадгалсаар байна.
Цөмийн 3 их гүрэн бүхий олон туйлт стратегийн орчин
Цөмийн тэнцвэрийн асуудал удтал 2 супер их гүрний асуудал байсан бол 2030 оноос цааш 3 супер их гүрний дундын асуудал болж хувирах нь гарцаагүй бодит байдал болов. Тухайлбал 1960 аад оноос эхлэн цөмийн тогтоон барих зорилготой бага хэмжээний цөмийн хүчээ тоог нь хөдөлгөөнгүй барьж ирсэн БНХАУ 2015 оноос бодлогын эрс эргэлт хийлээ. Юуны өмнө Артиллерийн 2-р корпус хэмээх даруухан нэртэй цөмийн хүчээ ХАЧА-ийн бие даасан төрөл цэрэг буюу Пуужинт цэргийн хүч болгов. Хятадын Батлан Хамгаалах Цагаан ном-2015, 2019 оны хувилбарууд аль аль нь уламжлалт түрүүлж цөмийн зэвсэг хэрэглэхгүй no-first-use номлолоо давтсан хэдий ч 2018 оноос эхлэн цөмийн дэд бүтцүүдээ шинэчлэх, ойрын ба дунд тусгалын, тив алгасагч баллистик пуужингийн шинэ системүүд зэвсэглэлд авч эхлэв. SIPRI институтийн цөмийн зэвсгийн илтгэл болон Пентагоны Хятадын цэргийн хүчний илтгэлд дурдсанаар: БНХАУ нь цөмийн зэвсгийн тоогоо 2018-2024 оны хугацаанд 280 аас 600 болтол нэмэгдүүлсэн бөгөөд цаашид 2030 – 2035 оны орчимд байнгын байлдааны жижүүрлэлттэй 1000-1500 цөмийн цэнэгт хошуутай болж ОХУ, АНУ-тай цөмийн хүч тэнцэх төлөвтэй байна. Судалгааны институтүүд Хятадын цөмийн хүчний /Хуурай зам, Тэнгис, Агаар/ бүтцийн тухайд өөр өөр таамаг дэвшүүлж буй ч үндсэн хүч нь хуурай замын баллистик пуужингийн системүүд байх тухайд санал нэгдэж байна.
Хүснэгт-1. ХАЧА хуурай замын цөмийн хүчний баллистик пуужингийн төрлүүдийн үзүүлэлт, мэдээлэл. CSIS China Power – 2024[2]
БНХАУ-ын цөмийн хүчний эрс өргөжилтийн зорилгыг Пентагоны илтгэлд дүгнэхдээ[3]:
- АНУ-аас хол дутуу байгаа стратегийн цөмийн хүчин чадлаа нөхөж төрөл, тоо ба чанарын хувьд хүч тэнцэх;
- Хятад – Америкийн стратегийн өрсөлдөөнд цөмийн тогтоон барих хангалттай хүч (АНУ-ын эх газар, хотуудыг онилох тусгалтай) бүрдүүлэх
- БНХАУ-ын хяналт тогтоохоор эрмэлзэж буй бүс нутагт Америкийн цэргийн интервенц хийгдсэн тохиолдолд мөргөлдөөн шатлан өргөжих үе шат болгонд шаардлагатай ердийн зэвсгийн ба цөмийн зэвсгийн (цөмийн тогтоон барих чадамжтай, хариу цохилтын чадамжтай) хангалттай хүчтэй байх.
- Шинэ технологи хөгжүүлэх, технологийн давуу талтай болох; Тухайлбал: 2021 оны 7-р сард БНХАУ нь DF-41 баллистик пуужинд гиперсоник тээгч (Hypersonic Glide Vehicle – HGV) угсарч 40,000 км зайд FOB стратегийн маневр (Fractional Orbital Bombardment – FOB) хийж туршсан.
БНХАУ-ын зүгээс зэвсэгт хүчний шинэчлэлээ 2035 онд гүйцээх, цаашлаад 2049 онд дэлхийд тэргүүлэх технологижсон, мэдээлэлжсэн хүч болгох зорилт зарласан боловч цөмийн хүчний өргөжилт шинэчлэлийн сэдвээр ямар нэг тайлбар, байр суурь илэрхийлэхгүй байна. Стратегийн цөмийн зэвсгийн хяналтын асуудлаар АНУ-тай 2 талт яриа хэлэлцээ өрнүүлэх сонирхолгүй байгаагаа Бээжин ойлгуулсан. Одоогоор энэ чиглэлд 2 талт харилцаанд гарсан ахиц нь 2024 оны 11-р сард АНУ – БНХАУ-ын ЗХЖШ хоорондын шууд холбооны суваг сэргэсэн явдал, мөн APEC-ийн уулзалтын үед Байден-Ши нар цөмийн зэвсгийн удирдлагыг хиймэл оюуны систем хийх ёсгүй, зөвхөн хүн-оператор удирдана гэдэг зарчмын байр суурь дээр санал нэгдсэн явдал болно[4].
2030 оноос цааш АНУ-ОХУ гэсэн 2 туйлт орчин байхаа больж АНУ-ОХУ-БНХАУ гэсэн 3 супер туйлт стратегийн цөмийн хүчний архитектур үүсэх нь тодорхой болж байна[5]. Цөмийн супер гүрнүүд бие биесээ харилцан тогтоон барьж дэлхийг хамарсан том мөргөлдөөн гарах эрсдэл багасах боловч дунд ба жижиг цөмийн гүрнүүдийн /БНАСАУ, Пакистан, Израиль г.м/ бүс нутгийн чанартай амбиц, эрмэлзэл, тооцоолол тааварлахад хэцүү юм. Мөн цөмийн амбиц бүхий улсуудын дундаас Ираны цөмийн зэвсэг бүтээх чадамж 1-2 долоо хоног болж багассан тухай судлаачид мэдээлж эхэлсэн нь анхаарал татна[6].
Монгол Улсыг тойрсон стратегийн орчны өөрчлөлт
Газарзүйн байршлаасаа шалтгаалан Монгол Улс маш онцгой, өөрийн гэсэн давуу болон сул талууд бүхий геостратегийн орчны өгөгдөлтэй билээ. Хойд ба Урд талдаа дэлхийн 2 их гүрэнтэй (2030 оноос цааш 2 хөрш аль аль нь цөмийн супер их гүрэн болно) шууд хиллэдэг. Монгол Улс баруун талдаа Төв Азийн цөмийн зэвсэггүй бүстэй боловч ХАБГБ-ийн хүрээнд хэрвээ дайны байдал үүсвэл тус байгууллагад гишүүнчлэлтэй улсуудыг хамгаалах зорилгоор ОХУ цөмийн хүч хэрэглэж болох эрх зүйн цоорхой бий.
Монгол Улсын зүүн талд Зүүн ба Зүүн хойд-Азийн бүс нутагт БНАСАУ цөмийн зэвсэгтэй болсон бөгөөд тус улс 2022 онд Цөмийн номлол гаргаж 2023 онд Үндсэн Хуулиндаа тусгасан нь бүс нутгийн нөхцөл байдлыг туйлын төвөгтэй болгоод байна. БНАСАУ-ын цөмийн хүчин чадлын эсрэг БНСУ хэрхэн өөрийгөө хамгаалах вэ? хэрхэн тогтоон барих вэ? гэдэг сэдэв АНУ – БНСУ-ын 2 талт харилцаанд хөндөгдөж байна. Одоохондоо АНУ цөмийн шүхэр дороо БНСУ-ыг хамгаалах (2023 оны Вашингтоны тунхаг[7]) бодлогын арга хэмжээ авч байгаа ч Сөүл цаашид Америкийн хамгаалалтад байнга найдаж болохгүй бөгөөд өөрийн гэсэн цөмийн тогтоон барих хүчтэй болох ёстой тухай яриа хэлэлцүүлэг ид өрнөж байна. Вашингтоны зүгээс бүх сувгаар (Track 1, 1.5, 2, 3) БНСУ-ыг Америкийн цөмийн хамгаалалтад найдаж болохыг ухуулж байгаа бол Сөүл талаас мөн бүх сувгаар яагаад тус улс өөрийн цөмийн хүчтэй болох ёстойг хариу тайлбарлаж байна[8]. Хэрвээ БНХАУ цөмийн супер их гүрэн болж БНАСАУ, БНСУ цөмийн зэвсэгтэй улсууд болж хувирвал Японы байр суурь цаашид хэрхэх нь том асуулт болно. Япон улс 5000 – 6000 цөмийн бөмбөг бүтээх хэмжээний плутоний нөөц өөрийн болон бусдын нутаг дээр хадгалж буй (44 тонн)[9] бөгөөд шаардлага гарвал өөрийн нутаг дээр 6 сарын дотор цөмийн зэвсэг бүтээх чадалтай гэдэг нь бодит факт юм[10].
Зүүн өмнөд Ази, Өмнөд Ази, Зүүн Ази, Зүүн хойд Ази, Энэтхэг-Номхон далайгаас эхлээд Умард Туйлын бүс хүртэлх уудам орон зай дахь аливаа сөргөлдөөний явцад цөмийн супер их гүрэн АНУ заавал оролцох ба шаардлагатай бол цэргийн интервенц хийх магадлалтай. Өрнөдийн Холбоотны эвслийн хүрээнд Их Британи, Франц улсууд эдгээр бүс нутагт мөн аливаа сөргөлдөөнд шууд болон шууд бусаар татагдан орох магадлалтайг тооцвол НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн байнгын 5 гишүүн (P5) болох цөмийн гүрнүүд Монгол Улсыг тойрсон геостратегийн орчинд бүгд тоглогч болон байршиж байгааг харж болно.
Тоймлон авч үзвэл Монгол Улсыг тойрсон бүс нутгууд зөвхөн энгийн цэрэг, зэвсгийн төвлөрөл өндөртэйгөөс гадна цөмийн зэвсэг агссан супер их гүрнүүд, цөмийн дундаж гүрнүүдийн эрх ашиг тулгарсан халуун бүс нутаг болсон байна. Цөмийн зэвсэгт тулгуурласан стратегийн тэнцвэрт архитектур хэрхэн яаж тогтох тухайд олон улсын судлаачдын дунд “Бие биесээ цөмийн хүчээрээ харилцан тогтоон барьсан Хүйтэн Дайн 2.0” үүснэ гэдэг ерөнхий хувилбар байгаа ч яг Монгол Улсын тухайд бодлогын ямар чиглэл барих, энэ шинэ орчинд хэрхэн маневрлах, бодлогын ямар арга хэрэглүүр томьёолж хэрэгжүүлэх вэ зэрэг асуултууд хариулт нэхэж байна. Уламжлалт Гадаад бодлогын үзэл баримтлал, Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлал, Цэргийн номлол зэргээ 2030 оноос цааш хэрхэн томьёолох вэ гэдгээ эргэцүүлж бэлтгэх, гадаад орчны өөрчлөлтөд угтуулсан бодлого авч хэрэгжүүлэх зэрэг олон даалгавар Монголын стратеги төлөвлөгчдийн өмнө тавигдаж байна.
ОХУ-ын Украины дайнд хэрэглэж буй “тактикийн цөмийн сүрдүүлэг” цаашид олон улсын харилцаанд нийтлэг практик, энгийн норм болох уу? 2030 оноос цааш цөмийн супер их гүрэн БНХАУ-ын зан авир, гадаад бодлогын практик хэрхэн хувирч өөрчлөгдөх бол? Хятад-Америкийн цөмийн хүч тэнцэх үед, эсвэл хүч ойролцоо үед хүчний ерөнхий харьцааг өөрчлөгч нь ОХУ болох уу? Украины дайны үр дүнд ОХУ-ын ерөнхий хүч нөлөө, чадамж суларвал Монгол Улсын гадаад орчинд хэрхэн нөлөөлөх вэ? БНАСАУ өөрийгөө цөмийн гүрэн гэж хүлээн зөвшөөрүүлж чадах уу? Цөмийн өөр нэг их гүрэн Энэтхэг улсын байр суурь, нөлөө олон улсад хэрхэн жин дарж өргөжих болон түүний Монгол Улсын гадаад бодлогод эзлэх байр суурь ямар байх таамаг? Хэрвээ БНХАУ цөмийн супер их гүрэн болж байгаа бол Энэтхэг улс хүчний баланс барихаар мөн цөмийн хүчээ үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх хувилбар магадлалтай эсэх? зэрэг болон өөр олон асуултад монголын судлаачид, бодлого төлөвлөгч, стратеги төлөвлөгчид хариулт өгөх ёстой.
Монгол Улс олон талт харилцааны талбарт өөрийнхөө Цөмийн зэвсэггүй статусыг бэхжүүлэх чиглэлд цаашид ямар алхам хийж болох боломжуудаа тодорхойлж оролдлого хийхээ зогсоохгүй байх нь чухал. Мөн түүнчлэн цөмийн супер их гүрнүүдийн тэмцлийн дундын талбар (Саарал бүсийн гибрид талбар) болохгүй байх эрх зүйн болон бусад хэлбэрийн хамгаалалтын арга хэмжээ авах ёстой болно. Цөмийн материалтай холбогдох өөрийн хууль-эрх зүйгээ сайжруулах, энэ чиглэлд олон улсын гэрээ эрх зүйн хамрах хүрээгээ өргөтгөх, цөмийн зэвсгээс ангид статусаа зөвхөн НҮБ төдийгүй бусад форматын хүрээнд танилцуулж сурталчлах, баталгаажуулах зэрэг нь үр дүнтэй арга хэрэглүүр гэдгийг бодлого тодорхойлогчид анхаарах нь зүйтэй.
Зураг-4. 2035 оноос цааш үүсэх Монгол Улсыг тойрсон цөмийн их гүрнүүд бүхий стратегийн орчны зураглал /Энэтхэг улсыг ирээдүйд стратегийн тэнцвэр барих нэгэн тулгуур гэж авч үзсэн хувилбар/
Ашигласан эх сурвалж:
[1] Report to the Senate on the Status of Tactical (Nonstrategic) Nuclear Weapons Negotiations Pursuant to Subparagraph (a)(12)(B) of the Senate Resolution of Advice and Consent to Ratification of the New START Treaty | U.S Department of State. April 16, 2024 https://www.state.gov/report-on-the-status-of-tactical-nonstrategic-nuclear-weapons-negotiations/
[2] How is China Modernizing its Nuclear Forces? | CSIS China Power. March 2024 https://chinapower.csis.org/china-nuclear-weapons/
[3] 2024 China Military Power Report: Nuclear Capabilities | U.S. Department of Defense. December 18, 2024 https://www.defense.gov/Spotlights/2024-China-Military-Power-Report/
[4] Biden, Xi agree that humans, not AI, should control nuclear arms | Reuters. November 17, 2024 https://www.reuters.com/world/biden-xi-agreed-that-humans-not-ai-should-control-nuclear-weapons-white-house-2024-11-16/
[5] Role of nuclear weapons grows as geopolitical relations deteriorate – SIPRI Yearbook | SIPRI. 17 June 2024 https://www.sipri.org/media/press-release/2024/role-nuclear-weapons-grows-geopolitical-relations-deteriorate-new-sipri-yearbook-out-now
[6] Iran’s Nuclear Timetable: The Weapon Potential | Iran Watch. December 18, 2024 https://www.iranwatch.org/our-publications/articles-reports/irans-nuclear-timetable-weapon-potential
[7] Washington Declaration | The White House. April 26, 2023 https://www.whitehouse.gov/briefing-room/statements-releases/2023/04/26/washington-declaration-2/
[8] Why South Korea Should Go Nuclear | Foreign Affairs. December 30, 2024 https://www.foreignaffairs.com/north-korea/why-south-korea-should-go-nuclear-kelly-kim
[9] The Status Report of Plutonium Management in Japan – 2023 | Cabinet Office. July, 16, 2024 https://www.aec.go.jp/bunya/04/plutonium/20240716_e.pdf
[10] Japan’s Nuclear Latency. A dual-use diplomatic lever? | IRSEM. May 2022 https://www.irsem.fr/media/etude-irsem-93-albessard-japan-en-v2.pdf
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Дараах нийтлэл
Сүүлд нэмэгдсэн
Монгол улсыг тойрсон стратегийн орчны өөрчлөлт – цөмийн зэвсэг (II)
2025-01-27
Монгол улсыг тойрсон стратегийн орчны өөрчлөлт – цөмийн зэвсэг (I)
2025-01-20
ОХУ-ын Цөмийн номлолын өөрчлөлт
2025-01-10
Цөөн нийлүүлэгчтэй ураны салбар
2024-10-25
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18