Монгол улсыг тойрсон стратегийн орчны өөрчлөлт – цөмийн зэвсэг (I)

2025-01-20

https://niss.gov.mn/wp-content/uploads/2025/01/big_bombs-scaled-1.jpg

Дэлхийн II дайны төгсгөлд АНУ бусдаас үнэмлэхүй давуу зэвсгийн технологи эзэмшиж эхэлснээ ойлгуулж дайтагч милитарист Японы хоёр хот дээр цөмийн цохилт хийснээс хойш 80 эргэм жил өнгөрч байна. Олон улсын харилцаанд хүчний тэнцвэр тогтох үйл явц хүний түүхийн туршид юуны түрүүнд эдийн засаг ба хүний нөөц, түүн дээр суурилсан цэргийн тоо, бэлтгэлжилт, логистик, байлдааны хөлөг онгоцны тооноос хамаарч ирсэн түүхтэй. Харин 1945 оноос хойш цөмийн зэвсэг хэмээх “Хар Хунгийн” нөлөөллөөр оператив-тактикийн түвшинд эсрэг талын масс хүчийг тогтоон барих болон хөнөөл ихтэй цохилт өгөх, стратегийн түвшинд тэнцвэр барих, цаашлаад стратегийн үнэмлэхүй давуу талтай болох шинэ ертөнцөд (Atomic Age) хүн төрөлхтөн хөл тавьсан.

1945 оноос эхэлсэн Цөмийн анхдугаар эрин буюу (1st Atomic Age) Хүйтэн Дайны үед 2 супер их гүрэн дэлхийг 2 туйлд таллан хувааж үүний нэг талд нь Монгол улс харьяалагдаж нутаг дэвсгэр дээр нь ЗХУ-ын цөмийн зэвсэг байршиж АНУ-ын цөмийн цохилтын бай болох эрсдэлтэй явсан түүх монголчуудад том сургамж, хичээл болсон. Цөмийн 2-р эринийг (2nd Atomic Age) судлаачид цөмийн 2 их гүрэн цөмийн технологийн эрс давуу байдлаа алдаж 2 оос дээш тооны улс орон цөмийн зэвсэгтэй болж эхэлсэн үе гэж үздэг. Франц, Британи, БНХАУ, Энэтхэг улсууд тус тусын цөмийн хүчин чадалтай болж дэлхийд цөмийн олон туйл үүсэх эхлэл тавигдсан (1950 – 1980 оны үе) цаг үеэс Цөмийн 2-р эрин эхэлсэн. 1991 онд ЗХУ задрахад цөмийн зэвсэг эзэмших улсын тоог нэмж олшруулахгүйн тулд ТУХН-ийн орнуудаас, тухайлбал Украиныг цөмийн зэвсэггүйжүүлэх ажиллагааг АНУ, ОХУ хамтран гүйцэтгэсэн. Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх хөдөлгөөн, Цөмийн туршилтыг бүрмөсөн хориглох санаачилга, Цөмийн зэвсэггүй бүс үүсгэх улс орнуудын хамтын ажиллагаа зэрэг олон санаачилга өрнөсөн ч Цөмийн 2-р эринд улс орнуудын төрт улс бүтээх, улс төрийн дэглэмээ бэхжүүлэх state-building арга хэрэгсэлд цөмийн зэвсэг нэн эрэлт хэрэгцээтэй болж хувирав. Ирак, Иран, Израиль, Пакистан, Энэтхэг, БНАСАУ, Франц, БНХАУ-ын хувьд цөмийн зэвсэг нь улсын бие даасан бүрэн эрхт чадамж, тусгаар тогтнолын баталгаа гэж үзэж цөмийн технологийн төлөө шаргуу хөөцөлдөж байв.

Хүйтэн Дайны дараа АНУ – ОХУ-ын стратегийн тэнцвэр барих яриа хэлэлцээ үргэлжилж эрх зүйн үйлчлэл бүхий тодорхой хязгаарлалтын хүрээнд хоорондын балансаа зохицуулахын зэрэгцээ цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх үйл явцыг хянаж тэнцвэржүүлж ирсэн. Гэвч Хүйтэн Дайны дараа Европт өрнөсөн NATO-гийн далайцтай тэлэлтийн хариуд ОХУ сөрөх бодлого явуулж Гүрж, Украин, Молдавт ээлж дараалсан хямралууд өрнөж стратегийн цөмийн зэвсгийн хяналт, хязгаарлалт, хорогдуулах яриа хэлэлцээний ерөнхий архитектур ээлж дараалан нуран унаж байна. 2006 оноос Солонгосын хойг дээр цөмийн зэвсэг бүхий улс бий болж, 2015 оноос БНХАУ цөмийн хүчээ шинээр зохион байгуулж хүчин чадлыг нь эрс нэмэгдүүлж эхэллээ. Энэ хурдаар 2035 оны орчимд АНУ – ОХУ – БНХАУ гэсэн стратегийн цөмийн хүч тэнцүү гурван туйл үүсэх ба ийм шинэ орчинд Монгол улсын угтуулсан стратеги, баримтлах бодлогын тухай асуудал босож ирлээ.

Стратегийн 2 туйлт тэнцвэрийн тогтолцооны өнөөгийн байдал

Зөвлөлт – Америкийн цөмийн сөргөлдөөний оргил үед талууд нийлээд 60 мянга гаруй цөмийн цэнэгт хошуутай болж онолын хувьд хэн түрүүлж цохилт өгсөн талын анхны цохилтыг нөгөө тал нь тэсвэрлэн гараад хариу цохилт өгч бие биесээ харилцан устгах (MAD – Mutually assured destruction), үр дагаварт нь дэлхий дээрх амьдрал устах харилцан тооцооны үндсэн дээр стратегийн тэнцвэр тогтож ирсэн.

Зураг-1. АНУ – ЗХУ/ОХУ-ын цөмийн цэнэгт хошууны тоо, стратегийн зэвсэг хорогдуулах, хязгаарлах гэрээ, хэлэлцээрийн үр дүнд буурсан түвшин 1950 – 2023   /Statista[1]/

Цөмийн зэвсэгт тулгуурласан стратегийн тэнцвэрт орчин бол Тоглоомын Онолын Нэшийн тэнцвэрээр тайлбарлагдах комплекс асуудал бөгөөд цөмийн их гүрнүүдийн хооронд шууд зэвсэгт тулгаралт үүсэх, цаашлаад дэлхийн дайн болж өргөжихөөс сэргийлж буй суурь архитектур юм. Хүйтэн Дайны үед Зөвлөлт-Америкийн цөмийн өрсөлдөөн харилцан өөрсдийгөө төдийгүй дэлхийг сөнөөх хязгаараас давж аль алинд нь ашиггүй нөхцөл байдал болж хувирсан тул стратегийн тэнцвэрт байдал үүсгэснээр зэвсэглэлийг харилцан хорогдуулах, хянах яриа хэлэлцээнд талууд шилжин орсон байдаг.

Стратегийн тогтвортой байдлын 2 талт (АНУ-ЗХУ/ОХУ) яриа хэлэлцээний ерөнхий дараалал, агуулга, тоймыг харвал:

  • 1970 он. Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээ – The Treaty on the Non-Proliferation of Nuclear Weapons (NPT);
  • 1972 он. Стратегийн зэвсэглэл хязгаарлах тухай хэлэлцээ (I) – Strategic Arms Limitation Talks-I (SALT-1); Үүний гол хэсэг нь:
  • “Баллистик пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийн тоог хязгаарлах гэрээ” – Treaty on the Limitation of Anti-Ballistic Missile System (ABM);
  • “Стратегийн давшилтын зэвсэглэлийг хязгаарлах тухай түр хэлэлцээр ба протокол” – Interim Agreement and Protocol on Limitation of Strategic Offensive Weapons;
  • 1979 он. Стратегийн зэвсэглэл хязгаарлах тухай хэлэлцээ (II) – Strategic Arms Limitation Talks-II (SALT-2);
  • 1988 он. Ойрын ба дунд тусгалын цөмийн зэвсгийг устгах тухай гэрээ –Intermediate-Range Nuclear Forces Treaty (INF); 2019 онд АНУ түрүүлж INF ээс гарснаар тус гэрээ хүчингүй болж ойрын ба дунд тусгалын зэвсэг хөгжүүлэх, байршуулах, тактикийн цөмийн зэвсэг угсрах чиглэлд үйлчлэх ямар нэг хязгаарлалтгүй болсон. 2024 оны 11-р сард Украины фронтод ОХУ-ын туршсан Орешник дунд тусгалын гиперсоник пуужинг INF гэрээ дууссаны дараа хөгжүүлсэн гэж Оросын тал баталж буй.
  • 1990 он. Европ тивд (Стратегийн бус) Хуурай замын зэвсэгт хүчний тооны харьцааг тэнцвэртэй байлгах НАТО–Варшавын гэрээний байгууллагын гэрээ –  Treaty on Conventional Armed Forces in Europe (CFE); 2023 оны 11-р сард ОХУ тус гэрээнээс албан ёсоор гарснаас хойш Уралын нуруунаас Атлантын далай хүртэл Европ тивийн орон зайд ердийн зэвсгийн хязгаарлалтгүй болсон;
  • 1991 он. Стратегийн зэвсэглэл хорогдуулах хэлэлцээ (I) – Strategic Arms Reduction Talks-I (START-1);
  • 1995 он. Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээ хүчин төгөлдөр болсны 25 жилийн ой дээр тус гэрээнд нэгдэгч талууд гэрээг цааш хугацаагүй сунгасан – The Treaty on the Non-Proliferation of Nuclear Weapons (NPT);
  • 2003 он. Стратегийн давшилтын зэвсэглэлийг бууруулах тухай АНУ–ОХУ-ын гэрээ – Treaty Between the United States of America and the Russian Federation On Strategic Offensive Reductions (START-3);
  • 2011 он. Стратегийн давшилтын зэвсэглэлийн тоог хязгаарлах, бууруулах тухай АНУ–ОХУ-ын гэрээ – The Treaty between the United States of America and the Russian Federation on Measures for the Further Reduction and Limitation of Strategic Offensive Arms (New START Treaty); Гэрээ 2021 он хүртэл 10 жилийн хугацаатай ба цааш 5 жилээр 2026 он хүртэл сунгахаар талууд тохиролцсон. Гэвч ОХУ-Украины дайны байдалтай холбогдуулан үүссэн шинэ нөхцөл байдал гэдэг шалтгаанаар 2023 оны 2-р сараас эхлэн ОХУ-ын талаас тус гэрээний заалтуудаар хүлээсэн үүргээ биелүүлэхээс түдгэлзээд байна;

Хүйтэн Дайны үеэс бий болгосон стратегийн тэнцвэрт архитектур ЗХУ-ын задралын дараа тун удалгүй дахин идэвхэжсэн НATO – ОХУ-ын сөргөлдөөний улмаас нөхцөл байдал алхам алхмаар дордсоор байна. Талуудын авч буй арга хэмжээ нэг нь нөгөө талдаа стратегийн харилцан баланс үүсгэх орон зай, нөхцөлийг бодолцохгүй байгааг судлаачид цохон тэмдэглэдэг. Ялангуяа 1991 оноос хойш АНУ дангаараа болон НATO-гийн хүрээнд нөлөөллийн бүсээ тэлэх, гишүүнчлэлээ өргөтгөх, стратегийн дэд бүтцүүдээ дэлхийн чухал цэгүүдэд урагшлуулан байршуулах алхмуудыг ээлж дараалан хийхдээ ОХУ-тай урьдчилан зөвлөлдөхгүй, дараагийн үр дагаврыг дутуу үнэлсэн нь харагддаг. ОХУ-ын талаас энэ хугацаанд ихэвчлэн хамгаалалтын стратеги баримталж дипломат эсэргүүцэл, зарим тохиолдолд холбогдох гэрээ, хэлэлцээрээс түдгэлзэх зэргээс хэтрээгүй нь дотоодын үймээнээс сэхэл аваагүй, иргэний дайнтай, эдийн засгийн архаг хямралын улмаас хариу арга хэмжээ авах ерөнхий чадамж хомс байсантай холбоотой.

1991 оноос хойш АНУ-ын талын авч хэрэгжүүлсэн глобал түвшинд стратегийн тогтоон барих бие даасан архитектур байгуулах “тэлэлтийн” арга хэмжээнүүдээс дурдвал:

  • 2002 онд АНУ дангаараа ABM-ийн гэрээг орхин гарч дэлхийд тогтсон стратегийн цөмийн тэнцвэрт орчныг эвдэв. Ингээд өөрийн бие даасан Баллистик Пуужингаас Эсэргүүцэн Хамгаалах Систем (Ballistic Missile Defense System – BMDS) байгуулахаа зарлаж энэ хүрээнд Аляска (Fort Greely), Калифорнид (Vandenberg SFB) тус тус GMD систем (Ground-based Midcourse Defense – GMD) байгуулж эхэлсэн. Үүгээр зогсохгүй Чехийн нутагт 5000 км радиуст хянах чадамжтай радарын цогцолбор, Польшийн нутагт баллистик пуужин амдан сөнөөх цогцолбор (10ш) тус тус байгуулах тухайгаа зарлав. Шалтгаан нь АНУ-ыг Иран, БНАСАУ-ын баллистик пуужингаас хамгаалах явдал гэж Вашингтон мэдэгдсэн бол ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Азербайжан дахь Оросын радарын систем, Армавир дахь радарын системийг АНУ-тай хамтран ашиглахыг санал болгосон. Гэвч Вашингтон тус саналаас татгалзсан нь анхнаасаа зорилго нь Иран, БНАСАУ-ын аюул биш харин ОХУ-ын эсрэг чиглэсэн алхам байсныг нотолсон.
  • 2010 онд АНУ өөрийн NMD хөтөлбөрийг (National Missile Defense – NMD) НATO-гийн Европын холбоотнуудтайгаа хамтарсан EPAA (European Phased Adaptive Approach – EPAA) хөтөлбөр болгон өргөжүүлэв. Энэ хүрээнд Чех, Польшид төлөвлөсөн өмнөх GMD дэд бүтцийг цуцалж Испанийн Рота боомтод Aegis system бүхий АНУ-ын тэнгисийн эскадриль (4 ширхэг хөнгөн хөлөг), Германд команд-удирдлагын төв (Ramstein), Туркт (Kurecik) THAAD цогцолборын радарын систем, Румын улсад (Deveselu) Aegis-ashore цогцолбор, Польш улсад (Redzikowo) Aegis-ashore цогцолбор тус тус байгуулсан.
  • Мөн АНУ нь Гуамд THAAD цогцолбор, БНСУ-д THAAD цогцолбор тус тус байршуулсан, Япон улсад хөлөг онгоцны Aegis цогцолбор нийлүүлсэн (нийт 8-12 хөлөг) гээд зөвхөн Европ бус мөн Энэтхэг-Номхон далай, дэлхий даяар, цаашлаад сансарт радарын цогцолбор байгуулж сүүлийн 20 жилд стратегийн тэнцвэрийн хувьд бусад өрсөлдөгчдөөс (ОХУ, БНХАУ болон БНАСАУ, Иран) хол давуу дэд бүтэц, чадамжтай болж хувираад байна.

Зураг-2. АНУ-ын баллистик пуужингаас эсэргүүцэн хамгаалах глобал архитектур /Army Global Missile Defense Operations 2023[2]/

ОХУ-ын зүгээс Украин дахь дайнд цөмийн сүрдүүлэг тогтмол давтамжтай хэрэглэхийн зэрэгцээ 2023 онд New START гэрээний харилцан хяналтын механизмыг биелүүлэх үүргээсээ түдгэлзэж түүнийг цаашид залгах ёстой дараагийн яриа хэлэлцээг эхлүүлэхэд Өрнөдийн явуулж буй илт дайсагнасан бодлого саад болж байна хэмээн удаа дараа мэдэгдсэн. ОХУ 2023 онд CFE гэрээнээс гарсан нь тус улсын тактикийн цөмийн цохилтын чадамжийг хэлбэрийн төдий боловч хязгаарлаж байсан эрх зүйн таазыг үгүй болгосон юм. Улмаар 2024 онд ОХУ Цөмийн номлолоо шинэчилснээр цөмийн зэвсэг хэрэглэх босго нь улам намссан ба үүнийгээ харуулж Орешник гиперсоник пуужин байлдааны талбарт туршиж харуулсан. Мөн түүнчлэн Өрнөдийн орнууд ОХУ-ыг сансарт цөмийн зэвсэг байршуулах нууц хөтөлбөр хэрэгжүүлж байна хэмээн буруутгасаар буй. ОХУ-ын гиперсоник ангиллын оператив-тактикийн болон стратегийн зэвсэглэл (Авангард, Кинжал, Орешник, Сармат, Циркон г.м) хөгжүүлэлт улам сайжирч байгаа ба тэдгээрийг амдан сөнөөх систем дайсагнагч эвсэл блокт нь одоогоор байхгүй хэмээн Оросын эрх баригчид үзэж байгаа.

АНУ ABM гэрээ, INF гэрээнээс тус тус гарч стратегийн баланс болсон суурь архитектурыг нураасны дээр 2002 оноос эхлэн баллистик пуужингаас эсэргүүцэн хамгаалах глобал систем байгуулж эхэлсэн. Цаашид АНУ болон НATO-гийн түвшинд агаараас эсэргүүцэн хамгаалах систем, баллистик пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийг нэгтгэсэн (сансрын систем, хиймэл оюун, лазерын зэвсэг хослуулсан) Integrated Air-and-Missile Defense system (IAMD) болгон хувиргаж байна. АНУ цөмийн хүчээ иж бүрэн шинэчлэх, дараа үеийн системд шилжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ба 2025-2049 он хүртэлх 25 жилийн нийт (урсгал ба шинэчлэлийн зардал) зардал нь $716 тэрбумд хүрэх тооцоотой байна.

Зураг-3. АНУ-ын цөмийн хүчний шинэчлэлийн хөтөлбөрийн 25 жилийн нийт зардал  /NNSA[3]/

Үргэлжлэл дараагийн дугаарт

Ашигласан эх сурвалж:

[1] How U.S. and Russian Nuclear Arsenals Have Evolved   |   Statista.  2023 https://www.statista.com/chart/16305/stockpiled-nuclear-warhead-count/

[2] Army Global Missile Defense Operations – 2023   |   U.S. Army.   2023 https://armypubs.army.mil/ProductMaps/PubForm/Details_Printer.aspx?PUB_ID=1027431

[3] U.S. Nuclear Modernization Programs   |   Arms Control Association. August 2024 https://www.armscontrol.org/factsheets/us-modernization-2024-update


Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА