Өмнөд хятадын тэнгис тойрсон маргаан

2018-01-19

https://niss.gov.mn/wp-content/uploads/2018/01/south-china-sea-dispute-1200x674-2-2.jpg

Өмнөд хятадын тэнгист Зүүн өмнөд Азийн улсууд болох Бруней, БНХАУ, Малайз, Индонез, Филлипин, Вьетнам зэрэг улс оршдог, арал, олтриг (далай тэнгис дэх бүлэг арал) болон усан хилийн маргаан олон жилийн турш тэдгээрийн хооронд үргэлжилж, заримдаа илт сөргөлдөөнд хүрч байна.

Геополитикийн онолын дагуу энэ бол эх газрын гүрэн, далайн гүрний сонирхол өрсөлдөж байдаг нутаг – өнөө үед, БНХАУ, АНУ-ын ашиг сонирхлын давхцсан, зөрчилдсөн бүс нутаг юм. Тиймээс энэ бүс нутагт өрнөж буй үйл явдлаас БНХАУ, АНУ-ын хоорондох хүчний тэнцвэр, түүний өөрчлөлт, цаашдын төлөвийг тодорхойлох боломжтой.

Эдийн засгийн хувьд ч энэ бүс нутаг асар ач холбогдолтой. Өмнөд хятадын тэнгисээр дэлхийн нийт худалдааны 25 хувь буюу 5 их наяд долларын тээвэр дамжин өнгөрдөг гэж Дэлхийн худалдааны байгууллагын мэдээлэлд дурджээ.

Түүнчлэн, Вьетнамын эрэг орчимд шууд олборлох боломжтой 10 орчим тэрбум тонн газрын тос, нэг их наяд шоо метр байгалийн хийн нөөц байгааг тогтоожээ. Мөн 213 тэрбум баррель газрын тосны нөөц бий гэж хятадын тал илүү өөдрөгөөр таамаглаж байна.

Далайн тээвэр, байгалийн баялгаас гадна энэ тэнгис загасны аж ахуйн чухал түшиц газар бөгөөд Зүүн Азийн бүс нутгийн хүн амыг  бараг бүхэлд нь далайн гаралтай бүтээгдэхүүнээр хангаж байна.

Усан хилийг тогтоох амаргүй байдгаас энэ тэнгист оршин буй улсуудын хооронд газар нутгийн маргаан ямагт гарсаар ирсэн. Загасчид, худалдаачдын хөдөлгөөний тогтсон маршрутаас үүдэлтэйгээр улсын усан хилээс гадна “тухайн улсын эдийн засгийн бүс” гэх өөр ойлголт мөн гарсан байна.

1982 оны Далайн эрх зүйн конвенцийн дагуу эх газраасаа 320 км доторх зайг тухайн улсын эдийн засгийн бүс гэж заасан байдаг.

Маргааны сурвалж

Аль арал, аль олтригийг манай нутаг дэвсгэр гэж үзэх вэ гэдгээс шалтгаалан усан хилийн шугам хол хол татагддагаас газар нутгийн маргаан үүддэг.

Өмнөд хятадын тэнгисийн төв хэсэгт байрлах Парасел, Спратли, Скарбору зэрэг олтригийг нутаг дэвсгэрийнхээ нэг хэсэг хэмээн БНХАУ сүүлийн үед зарласнаас болж тэнгис бараг бүхэлдээ Бээжингийн газар нутаг болж хувирах шинжтэй болов. Үүнийг тус улсын “дангаар ноёрхох дээрэнгүй бодлого” хэмээн үзэж Вьетнам, Филлипин, Бруней зэрэг энэ тэнгисийн бусад улс хүчтэй эсэргүүцсэн.

Энэ тэнгисийн улс бүр энэ асуудлаар өөр өөрийн нотлох баримт, үндэслэл гаргаж тавьдаг. 1947 оны буюу Дундад Иргэн Улсын (өнөөгийн орчуулгаар Бүгд Найрамдах Хятад Улс гэдэг) үед гаргасан газрын зурагт дээрх хэдэн олтригийг оруулан хилийнхээ шугамыг зурсан байдаг бөгөөд үүнийг тэдгээр олтригийг эзэмших эрхзүйн баталгаа мөн гэж Бээжин үзэж байна. Гэтэл тэдгээр бүлэг арлыг XVII  зуунаас хойш идэвхтэй эзэмшиж байсныг батлах түүхэн баримт бичиг Вьетнамд бас байна.

Хятадын эргээс 500 км, харин Филиппинийхээс 160 км, бараг “хаяанд нь байдаг” Скарборугийн олтригт Бээжин санаархаж байгааг ч Манила хүлээн зөвшөөрч чадахгүй байна.

Маргааныг дэвэргэсэн нь

Маргааныг шийдэх бус, харин улам хурцатгах алхамыг БНХАУ 2015 онд хийсэн. Санаархлаа бататгах зорилгоор Бээжин хиймэл долоон арал бариад зогсохгүй тэндээ цэргийн байгууламж байрлуулахаар шийдсэн явдал газар нутгийн маргааныг олон улсын асуудал болгон дэвэргэв. Энэ үйлдлийг АНУ буруушааж, шахалт үзүүлэх зорилгоор байлдааны усан онгоцуудаа илгээж Өмнөд хятадын тэнгисийн ойролцоо байрлуулав. Вашингтоны энэ алхамыг Бээжин ч мөн буруушааж, олон мэдэгдэл хийсэн.

Үүний зэрэгцээ, Филиппин улс 2016 онд Хятадын эсрэг олон улсын шүүхэд гомдол гаргав. Бээжингийн үйлдлийг хууль бус хэмээн Олон улсын далайн эрхзүйн конвенцийг үндэслэн олон улсын арбитрын шүүх шийдвэр гаргажээ.

Энэ шийдвэрийг БНХАУ хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн явдал олон улсын тавцанд туйлын шуугиан тарьсан юм.

Шинээр тодорч буй их гүрэн – Хятад олон улсын эрхзүйн хэм хэмжээг үгүйсгэж байгаа нь цаашдаа “хэр зэрэг” хариуцлагатай их гүрэн байх вэ гэдэг эргэлзээ төрүүлж байлаа.

Энэ бүхний эцэст, Бээжингийн байр суурь аажмаар зөөлөрсөн. Энэ нь Өмнөд хятадын тэнгисээс олох ашгийг АНУ-тай бус, харин хөрш орнуудтайгаа зохицож хуваах нь илүү үр ашигтай гэж үзсэнтэй холбоотой байх магадлалтай.

Нөгөө талаар, энэ маргааны улмаас бүс нутгийн орнууд Вашингтоноос дэмжлэг хүсэх болсон ба Хятад өөрийнхөө эсрэг улстөрийн хүчтэй эвсэл бүрэлдэхээс өмнө асуудлыг намжаахгүй бол нэгэнт бүрдсэн эвсэл амархан задрахгүй, улмаар бүс нутагт явуулах Хятадын бодлогод тээг болохоор байв.

Вашингтоны «эргэлт»

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Зүүн өмнөд Азийн бүс нутгийн харилцааг төдийлөн ойшоохгүй, анхаарал хандуулахгүй байна. Угтаа маргаантай байгаа үед нь “овсгоотой”  ажилласнаар Хятадаас “үргэсэн” улсуудыг “өмгөөлж”, Өмнөд хятадын тэнгист нөлөөгөө бэхжүүлэх боломж Вашингтонд бий, байсаар ч байна.

Ямартай ч, энэ үйл явдлын өрнөл АНУ болон  Хятадтай харилцаагаа хөгжүүлэхэд хөшүүрэг болно гэдгийг Вьетнам, Филиппин зэрэг улсад нотлон харуулсан.

Гэвч “Номхон далай дамнасан түншлэл”-ийг Д.Трамп цуцалсанаар байдал Хятадын талд ашигтай эргэлээ. БНХАУ нь Өмнөд хятадын тэнгисийн асуудлыг ч өөртөө ашигтай шийдэх өөр арга барилаар ажиллах боллоо. Хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хөрөнгө оруулалт хэлбэрээр их хэмжээний мөнгө тухайн улсад цутгаж, олон улс болон бүс нутгийн асуудлаар өөрт ашигтай шийдвэрийг гаргуулахад шахалт үзүүлж байна.

Байнга нэмэгдэж буй Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны “торонд”  орвол эрх ашгаа баттай хамгаалж чадахгүй болно гэсэн эмзэглэл энэ бүс нутгийн орнуудад бий.  Зүүн өмнөд Азийн улс орнуудын эдийн засгийнх нь өсөлт Хятадын эдийн засгаас шууд хамаардаг. Аажимдаа Хятадаас хэт хараат болбол, жишээ нь Өмнөд хятадын тэнгисийн асуудлаар байр сууриа хамгаалах боломж хязгаарлагдах магадлалтай.

Үүний жишээ ч эхнээсээ харагдаж байна. Хятадын “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкаар дамжуулж шууд хөрөнгө оруулалт их хэмжээгээр авч буй Камбож, Лаос зэрэг эх газрын улс бүс нутгийн хэмжээний уулзалтын үеэр Өмнөд хятадын тэнгис дэх БНХАУ-ын хилийг хүлээн зөвшөөрсөн.

Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутертэ энэ хандлагын тухай хэлэхдээ: “Хятадын хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хирээр Зүүн өмнөд Азийн улс гүрнүүдийн хатуу байр суурь зөөлөрч байна” гэжээ.

Зарим улс бүс нутгийн асуудлаар Хятадыг АСЕАН-тай зөвшилцөх шаардлагатай гэж үздэг бол Хятадын талаас үүнийг үгүйсгэж, хоёр талын харилцааг чухалчилж байна. Чухам хоёр талын харилцаанд Бээжин ямагт давуу байр суурьтай байх учир олон талт харилцаанаас илүү ач холбогдол хоёр талт харилцаанд өгч байгаа нь ойлгомжтой билээ.

Холоос урхидах «хариуцлагатай» гүрэн

Зүүн өмнөд Азийн бүс нутагт Хятадын нөлөө улам бүр нэмэгдэж, тэнцвэржүүлэх хүч хомс байна. Нэг талаасаа АНУ-ын гадаад бодлого тодорхойгүй, нөгөө талаасаа “нэг бүс, нэг зам” стратеги эрчээ авч бүс нутгийн орнууд улам бүр Хятадын нөлөөнд автсаар байна.

Энэ бүс нутагт Хятадын тэлэлтийг зогсоох хөшүүрэг нь АСЕАН байж болно. Тиймээс бүс нутгийн 10 улсыг хамарсан хамтын ажиллагааны энэ механизм ба тухайн бүс нутагт Хятадын тэлэлтийг хязгаарлах, бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж чадах эсэхийг цаашид судлах хэрэгтэй юм.

Түүнчлэн, Хятад “улайм цайм” хүчирхийлэл үйлдэх, асуудал “ноцтой” эргэхээс зайлсхийж, олон улсын харилцааны хариуцлагатай оролцогч байхыг эрмэлзэж байна.

Нэгд, Бээжин олон улсын эрхзүйг дагаж мөрдөх нь өөртөө зориулж өөрчилснөөс илүү ашигтай гэсэн тооцоо хийж байгааг, Хоёрт, Зүүн өмнөд азид гаргаж буй “түрэмгий” авир нь  АНУ, Европын болон Африкийн орнуудаас Бээжинтэй харьцах харилцаанд хохирол учруулна гэдгийг энэ үйл явдлаас харж болно.

 


Ангилал: Долоо хоногийн тойм