АНУ, Хятадын худалдааны дайн түр зуурын намжмал байдлаасаа гарахгүй, шийдвэрт хүрэхгүй байгаа мэт боловч үнэн хэрэгтээ олон улсын санхүүгийн мэргэжилтнүүд бүрэн хэмжээний валютын дайнд шилжиж байна гэж хөндлөнгөөс шүүмжлээд байна.
Худалдааны асуудлаар Вашингтон Бээжинг зөвшилцөлд хүрсэн гэрээний зарим заалтыг одоо хүртэл биелүүлэхгүй байна гэж буруутгаж байгаа билээ. Онцлог нь талууд бие биедээ тийм ч хурдан буулт хийхгүй юм.
Тэгвэл үүнтэй зэрэгцэн Зүүн Азийн гол эдийн засгууд болох Япон, Өмнөд Солонгосын хооронд хүртэл худалдааны дайн үүсээд байгаа.
Энэ мэтчилэн худалдааны дайны субьектүүд нэмэгдэж байгаатай холбогдуулан зарим улс орон төв банк гадаад валютын нөөцөө валютаар бус алтаар баталгаажуулж эхэллээ. 2018 оны 3 сар буюу худалдааны дайн албан ёсоор эхэлсэн цагаас хойш санхүүгийн зах зээл дээр алтны худалдаа нэмэгдэж, ханш нь хурдтай өссөөр байна.
Алтны ханш өсөх нь санхүүгийн хямралыг илэрхийлж байгаа дохио гэж үздэг. ОУВС, АХБ болон бусад томоохон санхүүгийн шинжилгээний байгууллагууд ойрын жилүүдэд дэлхийн эдийн засгийн хямрал болох магадлал байгаа талаар дурдсан. Санхүүгийн хямрал болох эсэх талаар Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн нэг дүгээр сард гарсан “Дэлхийн эдийн засгийн сорилтын жил-2019” нэртэй долоо хоногийн тоймд дурдсан.
Долоо хоногийн тоймдоо Худалдааны дайны нөлөөгөөр улс орнууд валютын дайнд шилжсэн эсэх талаар судалж, учир шалтгааны зангилааг гаргах юм. Хэрэв валютын дайн өрнөж байгаа бол санхүүгийн зах зээлд хэрхэн нөлөөлөх, мөн төв банкууд үндэсний валютаа хамгаалах зорилготойгоор авч хэрэгжүүлэх цаашдын алхам, дэлхийн эдийн засгийн цаашдын хандлага хэрхэх талаар авч үзлээ.
Худалдааны дайны ба Япон, Өмнөд Солонгосын сөргөлдөөн
7 дугаар сарын сүүлээр болсон АНУ, Хятадын хэлэлцээний 12-р үе шат тодорхой үр дүнд хүрч чадалгүй дууссан. Вашингтон АНУ-ын томоохон үйлдвэрлэгч нарыг Хятадаас гарахыг ил, далд уриалж бас шахалт үзүүлсэн. Д.Трамп өөрсдийн үндэстэн дамнасан Apple тэргүүтэй бусад компанийг үйлдвэрээ Хятадаас нүүлгэ хэмээн эрчимтэй шахаж буй. Энэ шахалт үр дүнгээ өгч Хятад улс маш богино хугацаанд 2 сая орчим ажлын байраа алдаж, зөвхөн 7 сард гэхэд 2 тэрбум ам.долларын гадаад худалдааны алдагдал амссан байна.
Мөн Хятадын иргэдийн худалдан авах индексийн гол үзүүлэлтүүдийн нэг болох тээврийн хэрэгслийн борлуулалт 7 сард 4.3 хувиар буурсан байна. Уг үзүүлэлт 13 сар дараалан буурч буй нь энэ юм. Харин тус улсын цахилгаан хөдөлгүүрт авто машины борлуулалт сүүлийн хоёр жилийн хугацаанд анх удаа буурчээ. Ингэж Хятадын эдийн засаг худалдааны дайнаас хойш бодитоор хохирч эхлээд байгаа юм.
Тус улсын эдийн засгийн өсөлт энэ оны хагас жилийн байдлаар 6.2 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 0.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Хэдийгээр эдийн засгийн өсөлт буурсан ч биет үйлдвэрлэл өссөн үр дүнтэй байна. Жишээ нь: Энэ оны эхний долоон сарын байдлаар аж үйлдвэрүүдийн нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүний хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 5.8 хувиар өсчээ. Мөн энэ оны 7 дугаар сард бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ өмнөх сараас 1.5 хувиар буурсан хэдий ч өнгөрсөн оны 7 дугаар сарынхаас 4.8 хувиар өссөн байна. Хятадын өндөр технологийн нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл өнгөрсөн жилийнхээс 6.6 хувиар өссөн нь бусад аж үйлдвэрүүдийн салбараас 1.8 хувиар илүү байна. Худалдааны дайнаас болж Хятадын эдийн засагт хохирол мэдрэгдсэн байгаа ч тус улсын эрх баригчид дотоодын үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлж эдийн засагтаа амь тариа хийж байна.
Хятадын эдийн засгийн бүтцийн тал эргэм хувийг иргэдийн худалдан авалт болон үйлчилгээнд суурилсан эдийн засаг бүрдүүлдэг болсон. Хятадын эрх баригчид “new normal” хөгжлийн бодлого танилцуулах үедээ хэрэглээ ба үйлчилгээнд суурилсан эдийн засгийн шинэ бүтцийг гаргаж ирсэн. Үүнтэй зэрэгцэж Үндэсний хөгжил шинтгэлийн хорооноос импортлогч улс болохоо зарлаж байсан удаатай. Худалдааны дайнаас болж энэ хоёр том бодлогод нь саад тулгарч эхэлсэн нь дээрх статистик тоон үзүүлэлтээс тод харагдаж байна. Тиймээс тус улс аж үйлдвэрийн салбартаа тулгуурлан бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, экспортыг дэмжиж ирсэн өмнөх бодлогоо үргэлжлүүлэх арга хэмжээ авсан байхыг үгүйсгэхгүй юм.
Харин АНУ-ын хувьд худалдааны дайнаас хойш төсвийн алдагдал нь 2012 оноос хойших хамгийн дээд үзүүлэлтэд хүрсэн байна. 2019 оны санхүүгийн жил гарснаас хойш тус улсын төсвийн алдагдал 866.8 тэрбум ам.долларыг давж өнгөрсөн оны мөн үеэс 27 хувиар өссөн байна. АНУ-ын эдийн засгийг тодорхойлдог гол үзүүлэлтийн нэг болох хөдөлмөрийн зах зээлийн талаарх статистик мэдээ худалдааны дайн эхэлснээс хойш тийм ч сайнгүй байгаа. Чикагод төвтэй “Challenger Gray & Christmas” судалгааны байгууллага: “Худалдааны асуудлаас болж АНУ-д 8 сард 10 мянга гаруй хүн ажлын байраа алдсан” гэв. Энэ судалгаанаас харахад АНУ-ын компаниуд гадаад худалдаанд тулгарсан сорилтын нөлөөгөөр дахиад ч ажлын байрны цомхтгол хийх нь тодорхой байгаа юм. Өөрөөр хэлбэл Дональд Трампын Хятадтай хийж буй “Худалдааны дайн” АНУ-ын компаниудад сөргөөр нөлөөлж байгаа бодит жишээ юм. Цаашид ч Хятадын хөрөнгө оруулагчид АНУ дахь хөрөнгөө эргүүлэн татсаар байвал ажлын байр цомхтголын тоо өсөх юм.
Хэдийгээр АНУ-ын эдийн засаг өнгөрсөн жил 3.1 хувиар өссөн таатай үзүүлэлтэй байсан ч хагас жилийн байдлаар 2.3 хувь болж 0.8 хувиар буурсан байна. АНУ-ын ДНБ-ий 70 орчим хувийг хэрэглээ ба үйлчилгээнд суурилсан эдийн засаг бүрдүүлдэг билээ. Д.Трампын засаг захиргаа худалдааны алдагдлыг бууруулж, дотоодын үйлдвэрлэлийг сэргээх зорилгоор татварын бодлогодоо өөрчлөлт оруулж, эдийн засгаа сэргээх гэсэн томоохон алхмуудыг хэрэгжүүлж байгаа. Гэвч эдгээр бодлого нь тус улсын эдийн засагт түр зуур л үр дүнгээ өгсөн. 8 дугаар сард гарсан статистик мэдээгээр АНУ-ын үйлдвэрлэлийн салбарын индекс 2016 оноос хойш анх удаагаа 49.1 нэгж болж буурсан байна. 50 нэгжээс доогуур байх нь үйлдвэрлэлийн салбар агшиж байгаагийн илрэл юм. Мөн тус улсын үйлдвэрлэлийн салбарын хэмжээнд шинэ захиалгын тоо сүүлийн долоон жилийн доод түвшинд хүрсэн таагүй үзүүлэлттэй байна. Үүгээр зогсохгүй АНУ-ын 10 жилийн хугацаатай бондын өгөөж болон ам.долларын ханш буурсаар байна.
Худалдааны дайн талуудын эдийн засагт бодитоор нөлөөлж эхэлсэн. Тэгвэл АНУ, Хятадын худалдааны дайн дуусаагүй байхад Зүүн Азид худалдааны шинэ сөргөлдөөн үүсэж эхлээд байгаа билээ.
Лавлагаа: Япон, Өмнөд Солонгосын худалдааны сөргөлдөөний талаар Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 8 сард гаргасан долоо хоногийн тоймд өгүүлсэн.
Зүүн хойд Азийн тэргүүлэх эдийн засаг болох Япон, Өмнөд Солонгосын хооронд худалдааны дайн үүсэв. Үүнээс болж Samsung, LG Electronics зэрэг Өмнөд Солонгосын томоохон компаниудын хувьцаа огцом унасан. Энэ уналтын дараагаар Өмнөд Солонгосын эрх баригчид эдийн засгийн өсөлтийн таамгаа 0.3 хувиар бууруулсан юм. Энэ жил Өмнөд Солонгосын эдийн засаг 2.5 хувиар өснө гэсэн таамаглалтай байсан билээ. Гэвч таамгаа өөрчилж 2.2 хувь болголоо. Тус улсын эрх баригчдын гаргаж ирсэн таамаглалтай зэрэгцэж Солонгосын төв банк 2016 оноос өнөөдрийг хүртэл буулгаагүй байсан бодлогын хүүгээ 1.5 хувь хүртэл буулгасан юм.
Японы үйлдэлд дургуйцсэн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин: “Япон улс Өмнөд Солонгос шиг томоохон импортлогчоо алдаж байгаа нь тус улсын эдийн засагт сөрөг нөлөөтэй. Япон улсын экспортын хязгаарлалт нь Өмнөд Солонгосын өндөр технологийн бүтээгдэхүүнд шаардлагатай материалын үйлдвэрлэлийн салбарыг онилж байна” гэв. Тус мэдэгдлийн дараагаар Солонгосын эрх баригчид болон хөрөнгө оруулагч нар Японоос импортоор авдаг бараа бүтээгдэхүүнээ дотоодоо үйлдвэрлэх дунд хугацааны хөтөлбөрийг зарласан юм.
Дээрх нөхцөл байдлаас үзэхэд худалдааны сөргөлдөөн үүсэж эхэлснээс хойш талууд дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, импортоос татгалзах, бодлогын хүүгээ бууруулах, валютын ханшаа унагаах зэрэг алхмуудыг хийж байна. Энэ алхмууд нь далдуур валютын дайн руу шилжиж байгаа тод илрэл болж байна.
Валютын дайн гэж юу вэ? Худалдааны дайнаас валютын дайнд шилжсэн үү?
Улс орнууд үндэсний мөнгөн тэмдэгтээ бусад валютын эсрэг ханшийг нь албаар унагахыг валютын дайн гэдэг. Өөр томъёоллоор бол улс орнуудын төв банк бодлогын хүүгээ тэг рүү дөхүүлэх эсвэл хасах хүүгийн бодлого баримтлах нь валютын дайныг дипломат аргаар өдөөж байгаа хэлбэр ч гэж ойлгож болно. Төв банкны бодлогын хүү буурснаар зах зээлд их хэмжээний мөнгөний нийлүүлэлт хийгдэж, иргэдийн мөнгөний хэрэглээг дэмжих, дотоодын худалдан авалтыг нэмэгдүүлдэг. Ингэснээр тухайн үндэсний валют бусад валютын эсрэг суларч, гадаад, дотоод урсгал эрчимжих юм. Мөн олон улсын зах зээлд тухайн улсын экспорт өсөх, хөрөнгө оруулалт нэмэгдэх таатай нөхцөл бүрдэх юм.
Худалдааны дайнтай холбоотойгоор АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп “Холбооны нөөцийн санг бодлогын хүүгээ бууруулж зах зээлээ дэмжих ёстой. Одоогийн удирдах зөвлөл ажлаа хийхгүй байна” гэж хэд хэдэн удаа шүүмжлсэн. Энэ нь далд утгаар зах зээлийг тэлэх, иргэдийн дотоодын худалдан авалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах гэсэн санаа юм. Д.Трампын мэдэгдлийн дараагаар ХНС бодлогын хүүгээ энэ оны 6 сард 2.5-аас 2.25 болгож 0.25 хувиар бууруулсан юм.
Дээрх шийдвэр гарахаас өмнө ХНС бодлогын хүүгээ аажим өсгөх замаар ам.долларыг хамгаалах стратеги баримталж байсан. Энэ стратегийг 2008 оны эдийн засгийн хямралаас хойш буюу 11 жил тогтвортой хэрэгжүүлж байсан ч тухайн үеэс хойш анх удаагаа бодлогын хүүгээ бууруулаад байгаа юм. Гэвч худалдааны дайнаас болж хөрөнгө оруулагч нар АНУ-ын эдийн засаг болон ам.долларт итгэх итгэл суларч алт худалдан авах сонирхол өссөн. Ингэснээр ам.долларын индекс буурч, алтны үнэ өссөж байна. АНУ-ын эрх баригчид эдийн засгаа сэргээж, хөрөнгө оруулалт татахын тулд валютын дайнд дипломат аргаар орсон юм. Саяхан ерөнхийлөгч Д.Трамп өөрийн жиргээндээ “Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ 0 болгож бууруулах хэрэгтэй. Ингэснээр хүүгийн зардал буурч, эдийн засгийг дэмжинэ” гэв. Энэхүү мэдэгдлээрээ валютын дайныг улам өдөөж өгч байна. Жиргээний дараа юанийн ханш чангарч ам.долларын ханш улам суларсан юм.
Хятадын Ардын банк юанийн ханшийг урьд нь хүчээр барьж ирсэн. Валютын ханш гадаад худалдаанд шууд нөлөөлдөг. Ам.долларын эсрэг юанийн ханш чангарах нь Хятадаас АНУ руу чиглэх экспорт буурна гэсэн үг. Ардын банкнаас валютын дайнд дипломатаар нэгдэн орж, 6 сард бодлогын хүүгээ 0.06 хувиар бууруулсан юм. Тус банкнаас бодлогын хүүгээ бууруулахаас өмнө юанийн ам.доллартай харьцах ханшийг энэ оны 4 сараас хойш сулруулах алхам хэрэгжүүлж, валютын дайныг улам өдөөж өгсөн юм. Тус улсын валют ам.доллартай харьцах ханш сүүлийн 4 сарын дотор 7.6 хувиар суларсан. Тэр дундаа Ардын банк 8 сард юанийн ханшийг 2 удаа зах зээлийн хуулиар бус хүчээр сулруулж санхүүгийн зах зээлд савлагаа үүсгэсэн юм.
Сitigroup-ийн тооцоолсноор унц алтны үнэ ирэх хоёр жилд 2000 ам.доллар давж, дээд амжилт тогтоох таамагтай байна. Үүнд нөлөөлөх гол хүчин зүйл нь дэлхийн эдийн засгийн болзошгүй хямрал.
Санхүүгийн шинжээч нар Хятадын эрх баригчид валютын энэ дайныг улам өдөөж байна хэмээн тайлбарлаж байгаа билээ. Ардын банкнаас юанийн ханшаа сулруулах шийдвэр гаргасан шалтгаан нь инфляцад нөлөөлөх, импортоо хязгаарлах, экспортоо нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах, үйлдвэрлэлийн салбарыг сэргээх зэрэг дотоодын эдийн засагт үр дүнтэй юм. Юанийн ханшийг сулруулах нь худалдааны дайнаас үүдсэн Хятадын дотоодын эдийн засаг дахь сөрөг савлагааг богино хугацаанд сэргээх, хөрөнгө оруулагч нарыг улам татаж, суугуул хөрөнгө оруулагч нарыг үлдээхэд хэрэгтэй алхам юм. Тус улсын албаны хүмүүсийн тайлбараар юанийн ханшийг бууруулсан нь үндэсний валютаа зах зээлийн үнэлгээтэй ойр байлгах зорилго гэв. Хятадын эдийн засаг худалдаанаас илүү хамааралтай. Тиймээс худалдаагаа бууруулахгүй байхад илүү их анхаарах нь тодорхой юм.
Тэргүүлэх эдийн засагтай хоёр улсын хувьд валютын дайнд дээрх дурдсан алхмыг хэрэгжүүлж байгаа бол бусад улс орнуудын төв банк бодлогын хүүгээ бууруулах, хасах хүүгийн бодлогыг хэрэгжүүлж байна. Үүнд: Япон, Швейцарын төв банкууд хасах хүүгийн бодлого хэрэгжүүлж байгаа. Мөн Европын холбоо, Англи, Шинэ Зеланд, Канадын төв банк мөнгөний зөөлөн бодлого буюу 0-1 орчим хувийн хүүгийн бодлого баримталж байгаа юм. Мөнгөний зөөлөн бодлого нь улс орнуудад өөрсдийн үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, импортлох худалдааны бодлогоос ухарч экспортыг нэмэгдүүлэхэд чиглэх юм. Уламжлалт худалдааны бодлогоос улс орнууд зайлсхийж, тэргүүлэх эдийн засагтай орнууд худалдаа болон валютын зах зээлд бүгд өрсөлдөгч болж байна.
Япон, Өмнөд Солонгосын худалдааны дайн ч мөн валютын дайн руу шилжиж байна. Зөвхөн юанийн ханш ам.долларын эсрэг сулраагүй бөгөөд Өмнөд Солонгосын воны ханш хүртэл ам.долларын эсрэг суларсаар л байна. Японы иен ханш ч гэсэн ам.долларын эсрэг сулрав.
Худалдааны дайны нөлөөнөөс болж тэргүүлэх эдийн засагтай орнууд өөрсдийгөө хамгаалах зорилгоор уламжлалт худалдааны бодлогоос зайлс хийж, валютын дайнд нэгдсэн орсон байна. Цаашид энэ байдлаар удаан үргэлжлэх юм бол санхүүгийн зах зээлд валютын дайнаас үүдэлтэй дэлхийн эдийн засгийн хямрал болох магадлалтай байна. Учир нь АНУ-ын Холбооны нөөцийн сан ойрын хугацаанд дахин бодлогын хүүгээ бууруулах хандлагатай байгаа бол Хятадын Ардын банк юанийн албан ханшийг хүчээр барилгүй зах зээлийн үнэлгээтэй нь ойр байлгах магадлалтай байна. Дээрх хоёр шалтгаан биелэх юм бол 2019 оныг дуустал алтны ханш өсөх нь тодорхой байна. Валютын дайн удаан үргэлжлэх аваас төв банкууд гадаад валютын нөөцөө ам.доллараар бус алтаар баталгаажуулах магадлал өндөр байна.
Ангилал: Долоо хоногийн тойм
Сүүлд нэмэгдсэн
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02