Мэндчилгээ

Манай вэбсайтаар зочлон ирсэн Таны энэ өдрийн амгаланг айлтгаж, маргаашийн амгаланг ерөөе!

Маргаашийг бүтээхийн тулд өнөөдөр хичээх ёстой тухай Ирээдүйн дайн, Терминатор, Нөгөөдөр гэх мэт цөөнгүй кинонд өгүүлдэг. Ирээдүйгээс тусгай томилгоот хүчнийг өнөөдөр рүү илгээх, өнөөдрөөс цэрэг дайчилж ирээдүйг аврах зэрэг өөр өөр үйл явдал өрнөдөг боловч ирээдүйд гарсан нэгэн дайн хүн төрөлхтнийг сөнөөж магадгүйд хүрсэн тул өнөөдрөөс эхэлж сэргийлэх ёстой тухай ганц л утгыг өгүүлдэг. Халдварт өвчний гамшгийн тухай заримыг нь ковид-19 цар тахлыг зөгнөсөн, бүр “муу ёрлосон” гэх нь ч бий.

Аюулгүй байдал судлалын үндсэн зорилгыг эдгээр кино уран сайхны аргаар жаахан дэгсдүүлж харуулдаг. Өнгөрснөөс суралцаж өнөөдрийн мөргөлдөөний учрыг тайлж ирээдүйд учирч болзошгүй аюулаас сэргийлэх явдал өдөр тутам бидний хийдэг ажил юм. Бид Холливудын кинонд гардаг шиг шинэ техник зохион бүтээдэггүй, эцэс төгсгөлгүй буудалцдаггүй. Бид харин хамгийн уйтгартай ажлыг хийж өдөр болгоныг ном уншиж, цаас эргүүлж, үг холбож, өгүүлбэр хэлхэж өнгөрөөдөг.

Хүйтэн дайны дараа тогтсон дэлхийн дэг журам өөрчлөгдөж, дараагийн жанжлагч (hegemony) аль нь болох вэ хэмээн их гүрнүүд тэмцэлдэж байна. Тэмцлийн арга хэлбэр өөрчлөгдөж өнгөт хувьсгал, холимог дайны хэлбэрийг Ази, Африк, Латин Америкийн бага буурай орнуудад бүү хэл их гүрнүүд бие биеийнхээ эсрэг ашиглаж, дайн энхийн ялгаа бүдгэрч, байнгын бухимдал, түгшүүр, эрсдэл, хэрүүл, тэмцэл дунд живж явсаар зарим газар мухардалд оронгуут шууд дайтахдаа хүрч байгааг Украин, Ойрх Дорнодын жишээнээс харж байна.

Энэ тэмцэл дунд Монгол хэрхэн Монголоороо үлдэх вэ гэдэг өнөө бидний сэтгэлийг зовоосон асуудал юм. Дайтаж байгаа юм шиг энх, энх байгаа юм шиг дайн хоёрын завсраар зайчилж гараад, өвлүүлж хамгаалсан газар нутаг, уламжилж үлдээсэн хэл соёл, хэвшиж дадсан зан заншил, сонгож авсан ардчилал, бүтээн байгуулж буй эдийн засаг, энэ бүхнээ бид хадгалахыг нь хадгалж, хөгжүүлэхийг нь хөгжүүлж чадвал бэрх цагийн сорилтыг дахин нэгэнтээ давж “ялагч” болон үлдэх болно.

Аюулгүй байдал судлалын хүрээлэн байгуулагдсан цагаасаа хойш зорилгынхоо төлөө хичээн ажиллаж байна. “Хөрш орон, бүс нутаг” жил тутмын тойм маань энэ чиглэлээр тогтмол гардаг Монголын цор ганц товхимол юм. Долоо хоног тутам бид вэбсайт дээрээ мэдээлэл, судалгааны нийтлэл гаргадаг болсон маань судлаач, шинжээч төдийгүй шийдвэр гаргагчдын хувьд ч байнгын эрэлттэй бүтээгдэхүүн болжээ. Судалгааны төслийн хүрээнд олон уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлж, төсөл бүртээ сэдвийг нь судалсан их сургуулийн профессор багш, асуудлыг нь хариуцсан төрийн түшмэл, болж өгвөл иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөллийг багтааж, дүгнэлт, санал, зөвлөмж маань төрийн бодлогод нөлөөтэй, практик үр дүнтэй байх чиглэлд анхаарч ирлээ.

Манай зорилгыг дэмжин ажиллаж, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн гадаад дотоодын түнш байгууллагууддаа талархал илэрхийлье!

“Өнөөгийн сэрэмж, маргаашийн амгалан (Safeguarding Society for Safer Tomorrow)” гэдэг. Төр төвшин, түмэн амгалан байх болтугай!

Захирал О.Машбат