Мэдээллийн дайн ба түүний бүрэлдэхүүн хэсэг

2019-07-08

https://niss.gov.mn/wp-content/uploads/2019/07/1200x674.jpg

МАНАЙ хүрээлэнгийн зүгээс сэтгэлзүйн түрэмгийлэл буюу мэдээллийн дайн тэр дундаа зөөлөн хүчний зэвсгийг хэрэглэх арга, технологийн талаар өмнөх дугааруудаар хүргэж байсан. Энэ удаад мэдээллийн дайны бүрэлдэхүүн хэсэг болох космополитизм, авангардизм, сионизм, алкоголизм, секс хувьсгалын талаар ОХУ-ын зарим эрдэмтэн, судлаачдын байр суурийг товч хүргэхийг зорилоо.

Космополитизм

КОСМОПОЛИТИЗМИЙГ үндэсний тусгаар тогтнол, үндэсний соёл урлаг, уламжлал, ёс заншлыг үгүйсгэх, үгүй хийх зорилгоор гаргаж ирсэн гэж үздэг. Мэдээллийн дайн ба космополитизм хоорондоо тасралтгүй холбоотой. Дэлхийд шинэ дэглэм тогтоох үзэл суртлын тэмцэл явагдаж буй өнөө үед улс орнуудыг задлан бутаргах, өөрсдийн ноёрхлыг тогтооход космополитизм, абстрактионизм зэрэг барууны урсгал хүчтэй зэвсэг болж байна гэж судлаачид үздэг.

“Космополитизм бол урлагийн салбарт хүчтэй нөлөөлдөг хэлбэр юм”

“Барууны харгис үзэл суртлын энэхүү урсгал нь “дэлхийн улс гүрэн”, “дэлхийн иргэншил” гэх уриан дор аливаа улс орны тусгаар тогтнол, үндэсний уламжлал, соёл, эх оронч үзэл зэргийг үгүйсгэж байна” гэж толь бичигт онцолжээ.

ЗХУ-ын алдарт зохиолч Чингиз Аймтатов энэ урсгалд зориулж бүхэл бүтэн тууж бичсэн бөгөөд космополитизмаар өвчилсөн хүмүүсийг “манкуртууд” гэж нэрлэсэн.

Барууныхан космополитизмыг ашиглан үндэсний уламжлал, соёл урлаг, боловсрол, шашин зэргийг үгүйсгэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслийг түлхүү ашигласан байдаг. Мэдээллийн дайн болон космополитизм хоорондоо нягт холбоотой.

Өнөө үед улс орнуудыг задлан бутаргах, өөрсдийн ноёрхлоо тогтооход космополитизм абстракционизм зэрэг барууны урсгал хүчтэй зэвсэг болж байна. Аливаа улс оронд сөрөг үзэл суртал, соёл, ухуулга сурталчилгаа, садар самуун чиглэлийн гаж урсгал ихээр гарч ирэх тохиолдолд мэдээллийн дайн дэгдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Космополитизмийн соёлыг амьдруулахад мэдээллийн халдлага, хүчирхийлэл, идэвхтэй үзэл суртал үндэс нь болж байдаг аж.

Күнз: “Ард түмэн ямар дуу дуулж байгааг надад үзүүл би ард түмний ёс суртахууны мөн чанарыг хэлж өгье”

Аливаа ард түмэн уламжлалт дуу хөгжмөө сонсох дуртай бөгөөд тэр нь агуулгаараа үндэсний тодотголтой байдаг. Ардын урлаг, дуу хөгжим нь “ард түмний сэтгэл” гэгддэг бөгөөд үндэсний үнэт зүйлийг бий болгож, эх оронч үзлийг төлөвшүүлдэг. Аугаа эх орны дайны үед эх оронч агуулгатай дуунууд фашизмыг ялахад зохих хувь нэмэр оруулсан гэж судлаачид онцлон тэмдэглэсэн.

Харин мэдээллийн дайны мэргэжилтнүүд космополитизмын дуу хөгжмөөр үндэсний зан заншил, уламжлалыг үгүйсгэх, уламжлалд үл итгэх зүйлсийг сурталчилдаг байна. Тэд “хөгжимчид бүхнээс илүү боломжтой байдаг ба тэд дэлхийг ч удирдах чадвартай” хэмээдэг. Тухайлбал, рок хөгжмийн зарим урсгалууд бол хувьсгал хийх эх булаг юм. Бидний амьдралын хэв маягт өөрийн гэсэн ноорхой уранхай хувцастай, хар тамхитай, бүхнийг татагч рок хөгжимтэй байгаа нь хувьсгал хийх гол хүч юм гэжээ. Мэдээллийн дайны мэргэжилтнүүд өнөөг хүртэл хөгжмийн террор, хөгжмийн мансууруулалтыг явуулсан, явуулсан хэвээр байна.

Үндэсний урлаг, дуу хөгжмийг ард түмний оюун санаа, тархинд суулгаж өгөхийн тулд бүх шатны сургуулиуд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр чанартай хөгжмийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж эрдэмтэн судлаачид цохон тэмдэглэдэг. Тухайлбал, ЗХУ-ын ардын жүжигчин А.Ведерников 1989 онд хөгжмийн боловсрол олгоход хэвлэл мэдээллийн хэрэгсэл чухал үүрэгтэйг онцолж байв.

Космополитизмын дуу хөгжмийн гаж нөлөөг дэлхий дахинд ойлгон хүчтэй тэмцэж байгаа. Англи, Норвеги, Канад зэрэг улс орнуудад (лалын улс орнуудад хориотой) космополитизмыг хязгаарласан хууль, эрх зүйн акттай болсныг барууныг дэмжигчид нуун дарагдуулж байгаа аж.

Авангардизм

ДЭЛХИЙН шинэ дэглэм тогтоох үзэл сурталчид уламжлалт уран зургийг үгүйсгэхийн тулд авангард, абстракт урсгалыг гаргасан ба уламжлалт уран зургийн цаад үзэл санаа, эх оронч сэтгэлгээ, урлагийн агуулга, ойлголтыг өөрчлөхөд чиглэгдсэн гэж судлаачид үздэг.

Энэхүү урсгал нь үндэсний уламжлалыг доромжлон гутаах, урлагаас ёс зүйг салгах, хайр сэтгэл аугаа үзэл санааг үгүйсгэн, эрэгтэй эмэгтэй хүний харилцааг амьтны харилцаатай төстэй мэтээр дүрслэх болсон.

Иймээс тэд уламжлалт уран зурагт дургүйцлээ илэрхийлэн “социалист реализм” хэмээн нэрлэжээ.

Оросын уран зураачид мэдээллийн бүслэлтэд орж, шүүмжлэлийн бай болж эхэлснээр авангард урсгалын харгис мөн чанарыг түрүүлж олж харсан гэдэг.

Оросын уран зургийн академич Ю.Кугач соёлын эсрэг авангард урсгалын мөн чанарыг доорх байдлаар тайлбарласан. Үүнд: “Өөрчлөн байгуулалт гээчийн жилүүдэд манай уран зургийн салбар, уран зургийн галерейд аюул нүүрлээд байгаа юм. Орос орон үүд хаалгаа нээсэн энэ үеүдэд барууны хөгжилтэй орнуудаас бидэн рүү хамгийн муу муухай суртал ухуулгын урсгал хүчтэй орж ирлээ. Бид хар санаат их гүрний атганд орж байна. Энэ их гүрэн нь өөрийн гэсэн эрээ цээргүй, шуугиантай, космополитизм хэлбэртэй урлагийг бүхий л салбарт нэвтрүүлж, үндэсний гэх агуулгатай бүх зүйлийг устгаж байна”.

Уран зурагт космополитизм нь обьектив хандлагыг улам хүчтэй болгон “би” гэсэн тодотголыг дэвэргэж байна. Тухайлбал “би тэгэхийг хүснэ” “би ингэж харж байна”, “би юу ч зурсан, хийсэн энэ нь урлаг болно” гэх үзэл газар авчээ. Ийм чиглэл нь авангард гэсэн утга санааг илэрхийлж, амьдралын үнэт зүйлсийг гуйвуулж, ёс зүйгүй шог зураг мэтээр дүрсэлж байгаа юм” гэжээ.

Барууныг баримтлагчид авангард уран зураачдын бүтээлийг дэмжин өндрөөр үнэлж байсан тухай авангардист зураач М.Шамякин 1993 онд “Комсомольская правда” сонины сурвалжлагчид: “…Москвад зохион байгуулсан “Хар чоно”, “Сотби” аукционууд өдөөн хатгах шинжтэй байсан. Зөвхөн авангард зураач нарын бүтээлд өндөр ханш өгч байсан…” хэмээжээ.

 Барууныхны зорилго нь уламжлалт урсгалын оронд шинэ урсгал ирж байгааг сурталчлан ард иргэдийн тархийг угаах зорилготой. Мэдээллийн дайны мэргэжилтнүүд тухайн улс орны дүр төрхийг өөрчлөн харуулах зорилгоор уран зураач, барималчдын бүтээлийг абстракционизм үзэл сурталтай холбон ашигладаг. Авангардизмын мөн чанар үзэл суртлын агуулгатайг барууныхан нуухыг хичээдэггүй байна. Тэдний зорилго тухайн орны дүр төрхийг бүдгэрүүлэх, үндэсний уламжлалыг үгүй хийхэд чиглэгддэг ажээ.

Сионизм

ЗӨВЛӨЛТИЙН үеийн тайлбар толь бичигт “Сионизм бол хүн төрөлхтний хамгийн аюултай дайсан”, “Сионизм бол харгис шовинист үзэл суртал юм” хэмээн тайлбарласан байдаг.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1975 оны 30 дугаар чуулганаас гаргасан тогтоолд “Сионизмийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл” гэж тодорхойлсон.  Гэхдээ судлаачдын үзэж байгаагаар сионизмын нууцлаг үйл ажиллагааг дүгнэж үзэхэд ардчилал, социализм сионизмын гол дайсан нь байгаагүй гэдэг. Сионист байгууллагуудыг томоохон еврей банкирууд толгойлж байсан бөгөөд тэд дэлхийн капитал, дэлхийд ноёрхлоо тогтоох зорилготой байсан гэж үзжээ.

Сионистуудын хувьд тухайн орон дахь улс төрийн засаглал ямар байх нь хамаагүй гол зорилго нь засгийн эрхийг авах, өөрсдийн ноёрхлыг тогтооход чиглэгддэг аж. Үүний жишээ нь сионизм масоны уялдаа холбоо юм. Масоны холбоо сионизмоос ялгаатай нь үндэсний гэх харьяалалгүй, улс төржсөн нууц байгууллагагүй, засгийн эрхийг барих зорилгогүй байсантай холбоотой аж.  Гэхдээ масон, сионизмын хувьд шашны үндсээр холбоотой гэдэг.

Масоны зан заншил, үйл ажиллагаа нь нууцлаг явж ирсэн хэдий ч дайн, төрийн эргэлт, улс төрийн захиалгат аллага, хувьсгалаар илрэн ул мөрөө үлдээсэн байдаг. Голдуу Англи, АНУ, Швед, Франц, Итали, Испани, Орос зэрэг оронд дэлгэрч байж. Америкийн улс төрчид Оросын эсрэг масоны үзэл суртлыг дэлхийд ноёрхлоо тогтооход  ашиглаж байсан. Сионизм, масоны хамгийн аюултай хор уршиг Орост өрнөсөн гэж ярьцгаадаг. Өнөөдөр сионизм, масоны гол зорилго нь хэвлэл мэдээллийн хэрэгслийг ялангуяа телевизийг гартаа оруулахыг зорьж байна. Ельциний үед Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслийг сионистууд эзлэн авсан гэж үздэг.

Харин антисемитизм сионизмын гол зэвсэг, мэдээллийн хүчирхэг хэрэгсэл болжээ. Өнөөдөр телевизээр антисемитизмийн талаар яриа гарах, хэвлэл мэдээллээр бичихэд “еврейчүүдийн талаар бус төрт засаг, эх орончид, үндэсний уламжлалын эсрэг явагдаж буй” хэмээн ойлгох ёстой гэж Оросын судлаачид бичиж байгаа юм. Сионизм үгүй бол мэдээллийн дайнд давшилт гарахгүй юм. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэдний мэдэлд байгаа цагт энэ дайн үргэлжилсэн хэвээр байх ажээ.

(Сионизм буюу сионист үзэл суртал нь еврей үндэстний онцгой дээд заяагдмал эрх гэгчийг тунхагладаг, Палестины газар нутагm еврей үндэстний улсыг байгуулах зорилгоор XIX зууны сүүлчээр анх үүссэн хөдөлгөөн юм. Орчин үеийн сионизм капиталист эзэрхэг гүрнүүдийн мөнгө капиталын ноёрхолтой нягт холбоотой асар баян еврейчүүдийн далд сонирхол, эрх ашгийг илэрхийлдэг улстөрийн бодлого ба түүнийг нь зүтгүүлж байдаг байгууллагуудын бүхэл бүтэн сүлжээ бүхий үзэл суртал аж. Орчин үеийн сионист үзэл суртлын үндсэн агуулга нь бусад улс үндэстнүүдийн өөрийн замаар амьдрах эрхийг үл тэвчих, тэднийг шашин шүтлэг арьс өнгөөр ялгаварлах, хүнийг дарлан мөлжих эсрэг үзлийн эсрэг, эрх тэгш шударга аж байдлын эсрэг үзэл суртал бөгөөд эцэст нь энэ бол жүүдийн шашны үзэл суртлын улстөрийн зохион байгуулалтын нэг хэлбэр юм)

Алкоголизм

СОГТУУ ард түмнийг удирдахад хялбар” гэж Оросын нэгэн эрх баригч хэлж байжээ.

Барууныг баримтлагчдад алкоголизмыг дэлгэрүүлэхэд хоёр шалтгаан байдаг байна. 

· архичин ард түмэнд ирээдүй үеийн асуудал болон улс орон ямар замаар явах нь огт хамаагүй.

· согтууруулах ундааг төрөөс зохицуулалт хийж, хяналт тогтоож чадахгүй байгаагийн улмаас сүүдрийн эдийн засгийн халаасанд их хэмжээний мөнгө орж байдаг.

Сүүдрийн эдийн засагчид нь барууныг баримтлагчдыг тэтгэж, засгийн эрх барихад нь туслах зэвсэг болдог. Тэдэнд үйлчилж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь ард иргэдийг хордуулж байгаа архи дарсны талаар бараг ярихгүй төдийгүй түүний хор уршиг, аюул заналыг ч дурдахгүй байна. Эрдэмтдийн гаргасан дүгнэлтээр “Алкоголизм бол хорт алуурчин юм” гээд архинд донтсон иргэдийн 95 хувьд, архинаас болж нас барагсдын 85 хувьд тархины гажиг илэрсэн байдаг. Ялангуяа насанд хүрэгчдийн тархи, мэдрэлд хүчтэй нөлөө үзүүлдэг. Дунд сургуулийн сурагчдын дунд явуулсан асуулгад эрэгтэй хүүхдүүдийн 99 хувь, охидын 87 хувь нь согтууруулах ундаа хэрэглэж үзсэн судалгаа гарч байжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр архи согтууруулах ундааг сурталчлах явдал түгээмэл болсон. Түүнээс илүүтэй барууны амьдралын хэв маягийг харуулахыг оролдож байна.

Садар самууны хувьсгал

“СЕКС”, “Хувьсгал” гэсэн үг хоорондоо холбоотой байна. Дайн хувьсгалын үед ёс суртахууны хэв маяг алдагдаж, хоёр хүйсийн харилцааг хялбаршуулах, хүчиндэх хэрэг нэмэгдэж, эмх замбараагүй байдал ноёрхоно. Ялалт байгуулагчид эрх чөлөөг хүсдэг ба юуны өмнө садар самууны эрх чөлөөг эрмэлздэг ажээ.

Орчин үед садар самууны хувьсгал хийх уриаг дэлхийн шинэ дэглэм тогтоогчид өөрсдийн гол зэвсэг болгож байгаа. Өнөөдөр “Садар самууны хувьсгал” хэмээх үзэл санаа нийгэмд гүнзгий нэвтэрчээ.

Мэдээллийн зэвсэг нь төрийн нийгмийн байгууламжийг нурааж, ёс суртахууныг үгүй хийж, улс оронд тулгамдаж байгаа асуудлаас хөндийрүүлэхэд чиглэгдсэн. Барууныг баримтлагчид хэвлэл мэдээллээр нийгэмд “чөлөөт хайр дурлал” гэгчийг түлхүү сурталчлан, ялангуяа залуу үеийг хүчтэй татаж, нөлөөлж байна. Улмаар телевиз, кино, сонин хэвлэл, сэтгүүлд сексийн талаар бичиж, сексийн гаж буруу хэлбэрийн зураг, видеог их дэлгэрүүлсэн.

Барууныхан мэдээллийн дайны бодлогыг хэрэгжүүлэхдээ тухайн хүнийг боол болгохын тулд эхлээд сэтгэл санаа, физиологийг нь эзэмдсэний дараа бусад зүйлээ хийхийг гол зорилгоо болгож байгаа. Тэд өнөөдөр залуучуудад хайрын “секс” гэгчийг үгүйсгэж байгаа төдийгүй бүх аргаар тэднийг ардын, сонгомол үзэл бодлоос нь ангижруулахын төлөө чармайж байгаа.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тухайн оронд порно бизнес хөгжүүлэхэд анхаарах болсон. Сонин хэвлэлээр нэрт хүмүүсийн сексийн амьдралыг харуулахыг хичээдэг. Жишээ нь нэрт эрдэмтэн Софья Ковалевскаягийн нүцгэн зураг, Петр Чайковскийн гэр бүлийн “сексийн харьцаа”-г сурталчилсан мэдээлэл гэх мэт. Тухайн оронд хүчингийн гэмт хэрэг өсөх, насанд хүрээгүй хүүхдүүдийг секс бизнест татан оруулах, ДОХ-ын халдвар газар авах зэргийг барууныг баримтлагчид тоохгүй байдаг.

Дүгнэлт

ХҮЙТЭН дайны үед сөргөлдөгч талууд ашиглаж байсан мэдээлэл, сэтгэлзүйн дайны арга технологи болон хүний зургаа дахь мэдрэхүй буюу далд ухамсар-сэтгэцэд (үүнд улс орны төрийн бүтэц, улс төр, нийгмийн сэтгэл зүй, бие хүн, хүн амд нөлөөлөх зорилготой зайнаас үйлчлэх параписихлоги, психотроникийн зэвсэг) нөлөөлөх тусгай арга ажиллагааны талаар Оросын эрдэмтэн судлаачид сүүлийн үед дахин өгүүлэх болсон.

Нийгмийн сэтгэлзүйд нөлөөлж, ард иргэдийн оюун санаа, ёс зүйн орон зай хийгээд үндэсний урлаг, уламжлалт үзэлд харш, ертөнцийг үзэх гаж буруу үзэл төлөвшүүлэх үйл ажиллагаа одоо хэр сөргөлдөгч (улс орнуудын хоорондох ашиг сонирхлын зөрчил, эдийн засгийн хориг гэх мэт) талуудын хооронд ашиглагдаж байгааг анхаарах шаардлагатай гэж үзэхээр байна.


Ангилал: Долоо хоногийн тойм