БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)

2024-08-23

https://niss.gov.mn/wp-content/uploads/2024/09/Schermata-2016-06-21-alle-12.28.37.png

БНХАУ-ын эрх баригчид 2024 оны 4-р сарын 19-нд Хятадын Ардын Чөлөөлөх Армийн /ХАЧА/ Стратегийн дэмжих хүчийг задалж суурин дээр нь шинээр гурван өөр төрлийн дэмжих хүч байгуулсан тухай шийдвэр зарлав.[1] Цэргийн Төв Зөвлөлийн шууд удирдлага дор шинээр үүсгэсэн гурван дэмжих хүч нь өмнө байсан “Ар тал, хангалт дэмжих нэгдсэн хүч”-ний хамтаар ХАЧА-ийн 5 бүсийн ажиллагааг дэмжих үүрэгтэй нийт 4 дэмжих хүч болон өргөжив.

  1. Ар тал, хангалт дэмжих нэгдсэн хүч
  2. Мэдээллийн дэмжих хүч (Шинээр үүссэн); ХАЧА “Мэдээлэлжсэн” Зэвсэгт Хүчин болох зорилтыг хангах үүрэгтэй.
  3. Агаар-Сансрын хүч (Шинээр үүссэн); Сансрын хүчний үүрэгтэй.
  4. Кибер орон зайн хүч (Шинээр үүссэн); Кибер Хамгаалалт ба Давшилтын үүрэгтэй.

Хавсралт-1. 2024 оны бүтцийн шинэчлэлийн дараа үүссэн ХАЧА-ийн тогтолцоо. Төрөл цэрэг (4) ба Дэмжих хүч (4), тэдгээр нь Бүс нутгийн командлалтай (5) хэрхэн уялдаж ажиллах тойм зураглал. Цэргийн Төв Зөвлөл 2018 оноос Ардын Зэвсэгт Цагдааг Төрийн Зөвлөлөөс салгаж өөрийн мэдэлдээ (буцаан) авсан.

ХАЧА-ийн шинэчлэл, сэлгээ, томилгоо тойрсон асуудлууд

2024 онд татан буулгасан “Стратегийн дэмжих хүч” нь 2012 онд Ши Жиньпин тэргүүтэй БНХАУ-ын шинэ удирдлага гарч ирсний дараа 2015 онд ХАЧА-д хийсэн өргөн хэмжээний шинэчлэлийн шууд үр дүн болон үүссэн том нэгж байв. Хятадын төрд цэргийн дээд эрх мэдлийг барьдаг Цэргийн Төв Зөвлөлийн /ЦТЗ/ бүтцийг шинэчлэх замаар удирдлагын тогтолцоог сайжруулах, төрөл цэрэг болон дэмжих хүч хоорондын ажиллагааны уялдаа холбоог бүсийн командлалын шууд удирдлагаар хангахын сацуу шинэ үеийн “Мэдээлэлжсэн дайн”-д бэлэн зэвсэгт хүчинтэй болох шинэчлэлийн үйл явцыг гүйцэлдүүлэх нь 2015 оны ХАЧА-ийн шинэчлэлийн үндсэн зорилго байсан. Энэ хүрээнд өмнөх тогтолцооны цэргийн 7 тойргийг бүсийн 5 командлал болгон шинэчилсэн (2016), хуурай замын цэргийнхний уламжлалт давуу ноёрхлыг тэнцвэржүүлж бусад төрөл цэргийн удирдлагыг зэвсэгт хүчний бодлого, төлөвлөлтийн түвшинд гаргаж ирсэн нь (2017-2022) Ши Жиньпиний улс төрийн эрх мэдлээ бэхжүүлэх ээлжит алхам байв.

2022 оны ХКН-ын XX их хурлаар ЦТЗ-ийн бүрэлдэхүүнийг дахин томилохдоо Ши Жиньпин хуурай замын цэргийнхнийг буцаагаад олонх болгов. Ингэхдээ хоёр орлогч нь (генерал Хө Вэйдун, генерал Жан Юйшяа) хуурай замын цэргийн мэргэжлийн кадрууд бөгөөд Хятад-Энэтхэгийн мөргөлдөөн, Хятад-Вьетнамын дайнд оролцсон туршлагатай, Дорнод ба Өрнөд бүсийн командлалуудыг захирч явсан дээд тушаалын офицерууд болов. ЦТЗ-ийн гишүүн бөгөөд Нэгдсэн Штабын газрын дарга болсон генерал Лю Жөнли нь мөн Хятад-Вьетнамын дайнд оролцсон, хуурай замын цэргийн мэргэжлийн жинхэнэ кадр юм.

Хавсралт-2. Цэргийн Төв Зөвлөлийн бүтэц дэх ХАЧА-ийн төрөл цэргээс орж ирсэн төлөөллүүдийн харьцаа. Агаарын цэрэг, Хуурай Замын цэрэг, Тэнгисийн хүч, Пуужинт цэрэг. XX их хурлаар томилогдсон бүтцээс 2023 оны 12-р сард Пуужинт цэргийн төлөөлөл генерал Ли Шанфу хасагдаж Тэнгисийн хүчний адмирал нэмэгдсэн. (CSIS. China Power)

Пуужинт цэргээс дэвшин ЦТЗ-д орж ирсэн генерал Жан Шэнмин, Тэнгисийн цэргээс орж ирсэн адмирал Мяо Хуа нар нь зэвсэгт хүчний хүрээнд улс төрийн комиссарын ажил эрхэлж дэвшсэн тул яг мэргэжлийн цэргийн кадрт тооцогдохгүй. Судлаачдын үзэж буйгаар тэдний үүрэг нь ХАЧА-ийн хэмжээнд, офицер-удирдах бүрэлдэхүүний хүрээнд сахилга бат тогтоох, намын ба үзэл суртлын асуудлыг хариуцах зорилготой бололтой.[2]

2023 оны 3-р сараас БХ сайд бөгөөд ЦТЗ-ийн гишүүн болсон Ли Шанфу нь цэргийн зэвсэглэл, технологи хөгжүүлэлтийн том мэргэжилтэн бөгөөд өмнө нь ЦТЗ-ийн зэвсэглэл хөгжүүлэлтийн газрыг удирдаж байсан ч 2023 оноо дуусгаж амжилгүй тодорхойгүй шалтгаанаар (авлигын хэргээр?) албан тушаалаасаа буусан.

2023 оны 7-р сард ХАЧА-ийн Пуужинт цэргийн командлагч ба орлогчийг нь (авлигын хэргээр?) баривчилж шинэ удирдлагаар Тэнгисийн хүчний дэд адмирал асан Ван Хубин, Агаарын цэргийн хүчний улс төрийн комиссар асан Шү Шишэн нарыг томилов.[3]

2023 оны 12-р сард БХ сайд, ЦТЗ-ийн гишүүн генерал Ли Шанфуг албан тушаалаас чөлөөлж Тэнгисийн хүчний командлагч флотын адмирал Дун Жунг дэвшүүлж БХ сайдаар томилж ЦТЗ гишүүн болгов. Дун Жуны оронд Ху Жунминд флотын адмирал цол олгож Тэнгисийн хүчний командлагч болгов.[4] Ху Жунмин нь байлдааны шумбагч хөлгийн ахмадаас эхлээд цөмийн шумбагч хөлгийн баазын дарга, Умард бүсийн командлалын тэнгисийн ажиллагаа хариуцсан дэд командлагч байсан. Дун Жун нь тэнгисийн (усан мандлын) байлдааны бүлгийн командлагч, Умард тэнгисийн флот болон Дорнод тэнгисийн флотын дэд адмирал, Өмнөд бүсийн командлалын тэнгисийн ажиллагаа хариуцсан дэд командлагчаар тус тус ажилласан. Ийнхүү ХАЧА-ийн цэргийн командлалын дээд түвшинд дэвшүүлсэн тэнгисийн цэргийн мэргэжлийн, туршлагатай кадруудын томилгоо нь Ши Жиньпиний тэнгист тэлэх амбицыг гардан хэрэгжүүлэх зорилготой гэж судлаачид үзэж байна.

ХАЧА тойрсон албан тушаал, авлигын хэргүүдийг Ши Жиньпиний үед ээлжлэн задалж ЦТЗ болон төрөл цэрэг, бүсийн командлалуудаас өндөр тушаалын офицеруудыг сүр дуулиантай баривчилж шүүх болсон нь нэг талаас үе үеийн удирдагчид хөндөхөөс түдгэлзэж ирсэн цэргийнхний бат бэх нөлөөний хүрээг эвдэж нөгөө талаас ХКН доторх бүлэг, фракцуудын хүрээнд хүчний харьцааг өөрийн талд эргүүлэх зорилго агуулсан улс төрийн тэмцлийн илрэл болно. ХАЧА-ийн халаа, сэлгээ, томилгоо нь дотооддоо улс төрийн агуулгатай дохио болдог, харин гадагш чиглэсэн хэлбэр нь БНХАУ-ын геополитикийн амбиц, зорилго, илэрхийллийн дохио болж байна.

БНХАУ-ын Цэргийн номлол, стратегийн зарим асуудал

1990-ээд оны эхэн хүртэл БНХАУ-ын цэргийн номлолын үндэс нь Ардын Дайн /People’s War/ буюу масс хүчний төвлөрөл, нийтийн дайчилгааны хүчээр түрэмгийллийг сөрөн зогсож ялалт байгуулах гэсэн ойлгомжтой агуулгатай явж ирсэн. Гэвч 1991 оны Персийн булангийн дайнд Иракийн зэвсэгт хүчнийг АНУ ба Холбоотны цэрэг хэрхэн бут ниргэж буйг харсан Хятадын стратегчид 1993 оноос “Өндөр технологийн нөхцөлд өрнөх хязгаарлагдмал дайн” гэсэн шинэ номлол дэвшүүлж нэвтрүүлж эхэлсэн. Үүнээс 10 жилийн дараа 2003 онд Афганистан, Ирак дахь дайны ажиллагааны үйл явцаас дүгнэлт хийж “Мэдээлэлжсэн нөхцөл дэх хязгаарлагдмал дайн” гэсэн дараагийн номлолоо гаргаж иржээ.

Ши Жиньпин төрийн эрхэнд гарсны дараа 2014 оноос “Мэдээлэлжсэн хязгаарлагдмал дайн” гэсэн дараагийн номлол гарч улмаар үүнд тохирсон мэдээлэлжсэн зэвсэгт хүчин бий болгох шинэчлэлт өөрчлөлтийг ХАЧА-ийн бүх хүрээнд авч хэрэгжүүлж эхэлсэн.[5] “Мэдээлэлжсэн Зэвсэг Хүчин” болохын тулд олон өөр зориулалт чиглэлийн нэгжүүдийг нэгтгэн шинээр “Стратегийн дэмжих хүч” гэж 2015 онд байгуулсан нь 2024 онд татан буугдаж шинэ 3 хүч болон задарсан нь анхны тавьсан зорилго биелээгүй, эс бөгөөс дараагийн үзэл баримтлал болон зарлагдахаар боловсруулж буй “Ухаалагжсан дайнд зориулсан Ухаалагжсан ХАЧА” болох зорилт руу шилжихтэй холбоотой. Ухаалагжсан дайны тухай концепт 2019 онд БНХАУ-ын Батлан хамгаалах Цагаан номд орж ирсэн ба “Ирээдүйн дайны хэлбэр агуулга Мэдээлэлжсэн хэлбэрээс Ухаалагжсан хэлбэрт шилжинэ.” гэж тодорхой дурдсан юм.[6], [7]

Хавсралт-3. БНХАУ-ын цэргийн номлол, стратегийн өөрчлөлт, хувьсал. Дараагийн номлол нь “Ухаалагжсан дайн хийх чадамжтай Ухаалагжсан зэвсэгт хүчин”. (NIDS Japan – 2022)

БНХАУ-ын ирээдүйн Цэргийн номлол, Ухаалагжсан дайны тухай онол ба үзэл баримтлал нь боловсруулах шатандаа явж байгаа тухай ажиглагч судлаачид дурдаж байна. Японы судлаач Масааки Яцузука Хятадын Ухаалагжсан дайны номлол биежих, хэлбэр дүрсээ олох хугацааг 3 үе шатанд тавьж таамаглал дэвшүүлсэн. Үүнд:

  1. 2020-2030 он. Эхний үе шат: зэвсэгт хүчинд хиймэл оюун нэвтрүүлж эхлэх, өндөр цэцтэй ухаалаг зэвсэг, байлдааны системд шилжиж эхлэх; Хүний оролцоог ажиллагааны гүйцэтгэл ба төлөвлөлт, шийдвэр гаргалтын түвшинд бууруулах;
  2. 2030 оноос. Дунд үе шат: Зэвсэгт хүчинд системийн автоматжуулалт, өөрөө явагч систем нэвтрүүлэх; Батлан хамгаалах салбарт бүх талбарт хиймэл оюун, систем, хүн хамтарсан хэлбэрт шилжих; Хиймэл оюун нэвтэрсэн Ухаалагжсан арми болох;
  3. 2045 он. Сүүлийн үе шат: Улс орны ба Засгийн газрын нөөцийг ухаалагжсан нэгдсэн систем болгон хувиргасан байх; Стратеги, тактикийн түвшинд, мөн ажиллагааны бүх орон зайд ухаалагжсан нэгдсэн систем ажиллах;

Яцузука энэ 3 үе шатыг хэрэгжүүлэхэд шаардлагатай 3 тулгуур бодлогын арга хэмжээг мөн тодорхойлсон нь: а) Цэрэг-иргэний хос бодлогыг идэвхжүүлэх  б) Ухаалаг зэвсэгт хүчнийг бий болгох  в) Технологийн судалгаа-хөгжүүлэлт болно. (PLA’s Intelligentized Warfare: The Politics on China’s Military Strategy – Yatsuzuka Masaaki. NIDS. Security & Strategy, Jan-2022).

2024 оны 5-р сарын 5. NATO-ийн Холбоотны хүчний дээд ерөнхий командлагч асан адмирал Ж.Ставридисын хэвлэлд (CNN) өгсөн мэдээлэл сонирхол татаж байна[8]:

“АНУ, БНХАУ хооронд хиймэл оюуны хөгжүүлэлтийн гол өрсөлдөөн явж байна. АНУ жилээр түрүүлж яваа боловч Хятадын тал энэ хоцрогдлоо улам бүр багасгаж байна. Дроны хөгжүүлэлт, ухаалаг системүүд, хиймэл оюуны хөгжил энэ зууны өрсөлдөөнд хэн ялахыг тодорхойлох болно. Украины дайнд хэрэглэж туршиж буй технологиуд, дронууд улам сайжирч 10 жилийн дараа 2035 оны орчимд Америкийн нисэх онгоц тээгч хөлгүүд хялбар бай болж цаашид хэрэгцээгүй болно. Технологи, хиймэл оюуны давамгайлал энэ зууны дунд үе (2054 он?) гэхэд геополитикийн тэмцлийн ялагчийг тодруулах болно.”

Хиймэл оюуны хөгжүүлэлт, түүнийг өөрийн зэвсэглэл, байлдааны системд хэрхэн нэвтрүүлэх асуудал ХАЧА-ийн “Ухаалагжсан дайнд бэлэн зэвсэгт хүчин болох” гол түлхүүр болох тухай судлаач, мэргэжилтнүүд санал нэгтэй байна. АНУ-БНХАУ-ын хиймэл оюуны хөгжлийн стратегийн өрсөлдөөн ид явагдаж буй бөгөөд аль нэг нь үнэмлэхүй давуу тал үүсгэх эсвэл түвшин ойролцоо байх, магадгүй хүч тэнцэх 3 хувилбарын аль нь бий болохыг бид ойрын 10-30 жилд олж харах бололтой.

Үргэлжлэл дараагийн дугаарт

Ашигласан эх сурвалж:

[1] Xi presents flag to PLA’s information support force   |   Ministry of National Defense of the PRC. 2024-04-19 http://eng.mod.gov.cn/xb/CMCDEPARTMENTS/News_213079/16304125.html

[2] How Did the 20th Party Congress Impact China’s Military?   |   CSIS. China Power. 2022 https://chinapower.csis.org/20th-party-congress-china-military-pla-cmc/

[3] China Replaces Top Rocket Force Commanders   |   Foreign Policy. August 1, 2023 https://foreignpolicy.com/2023/08/01/china-pla-rocket-force-purge-corruption-generals-xi/

[4] China’s New Military Commanders Reflect Xi Jinping’s Naval Ambitions   |   Fairbank Center for Chinese Studies. Harvard. February 26, 2024 https://fairbank.fas.harvard.edu/research/blog/chinas-new-military-commanders/

[5] The PLA’s Pursuit of Enhanced Joint Operations Capabilities https://www.nids.mod.go.jp/publication/chinareport/pdf/china_report_EN_web_2022_A02.pdf

[6] PLA’s Intelligentized Warfare: The Politics on China’s Military Strategy   |   NIDS. 2022 https://www.nids.mod.go.jp/english/publication/security/pdf/2022/01/05.pdf

[7] PRC Defense White Papers | Ministry of National Defense. PRC http://eng.mod.gov.cn/xb/Publications/WhitePapers/index.html

[8] On GPS: How AI will transform the battlefield   |   CNN. https://edition.cnn.com/videos/world/2024/05/05/gps-0505-ai-in-the-military.cnn


Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА