Сири дэх Туркийн цэргийн ажиллагаа: тогтворжуулах уу, даамжруулах уу?

2018-01-25

https://niss.gov.mn/wp-content/uploads/2018/01/5b1r6g5n1d.jpg

“Чидуны мөчир” ажиллагаа

2018 оны 1 дүгээр сарын 20-ны 17.00 цагт Туркийн агаарын цэргийн хүчний байлдааны нисэх онгоцууд Сирийн агаарын хилийг нэвтрэн курд үндэстэн бөөнөөр оршин суудаг хил дагуух Африн районыг агаараас бөмбөгдөж эхэлсэн. Маргааш нь залгуулан  Туркийн хуурай замын цэргийн хүчин нэвтрэн орсноор “Чидуны мөчир” ажиллагааг  эхлүүлэв. Уг ажиллагаа нь дурдсан районоос курдын зэвсэгт бүлэглэлийг шахан гаргах зорилготой гэж Туркийн зэвсэгт хүчний жанжин штабаас албан ёсоор мэдэгдээд байна. Мэдэгдэлд, энэ ажиллагаанаас үүдэн Турк улсаас АНУ, ОХУ болон Сирийн хууль ёсны засгийн газартай тогтоосон харилцаанд сэв суулгахыг хүсэхгүй байгаа ч үндэсний аюулгүй байдлаа хангахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авах тухай дурдав.

Ажиллагаа эхлэхийн өмнөхөн тус улсын ерөнхий сайд Бинали Йылдырым Сирийн засгийн газартай  ОХУ-аар зуучлуулан холбоо барьж, “террорист бүлэглэлийг устгах зорилго агуулж байгаа ба Сирийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдахгүй” гэсэн баталгаа өгсөн тухай Туркийн засгийн газар мэдээлсэн. Гэсэн ч Сирийн тал уг ажиллагааг зэвсэгт түрэмгийлэл хэмээн  буруушааж, урьдчилан холбоо барьсан гэх мэдээллийг үгүйсгэв.

Хөндөгдсөн эрх ашиг, жанжлах санаархал

Сирийн курдуудын улс төрийн байгууллага – “Ардчилсан холбоо”-ны цэрэгжсэн жигүүр болох “Ардыг хамгаалах бүлэг” (Yekîneyên Parastina Gel, YPK)-ийг Турк улс террорист бүлэглэл хэмээн үздэг. Энэхүү байр сууриа Туркийн курдуудын улс төрийн байгууллага болох Курдистаны ажилчны нам (Partiya Karkerên Kurdistanê, PKK)-тай шууд холбоотой, тэдний удирдлагаар ажилладаг гэх үндэслэлээр тайлбарладаг аж.

Үүний зэрэгцээ АНУ 2014 оноос хойш “Исламын улс” бүлэглэлийн эсрэг ажиллагаандаа “Ардыг хамгаалах бүлэг”-ийг ашиглан, зэвсэг, техникээр хангаж ирсэн нь туркийн эрх ашгийг ноцтой хөндөж байна.

Турк улс хэдийгээр АНУ-ын холбоотон боловч Вашингтон Анкаратай урьдчилан огт тохирохгүйгээр курдын зэвсэгт бүлэглэлийг зэвсэглэж, тухайлан агаарын-довтолгооноос-хамгаалах зөөврийн систем нийлүүлжээ. Үүнийг “Чидуны мөчир” ажиллагааг эхлүүлэх далд шалтгаан гэж үзэж болно.

Туркийн дотоод улс төрийн байдал ч энэ ажиллагааг эхлүүлэх урьдчилсан нөхцөл болсон байх магадлалтай. 2016 оны 7 дугаар сард гарсан төрийн эргэлт хийх оролдлогыг нухчин дарсан, улмаар 2017 оны 4 дүгээр сард үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай ард нийтийн санал асуулгын дүнгээр ерөнхийлөгчийн засаглалд шилжсэн зэрэг үйл явдал ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны эрх мэдэл, түүний удирдсан Шударга ёс, хөгжлийн намын байр суурийг үлэмж зузаатгасан.

Гэвч үүнээс шалтгаалан гадаад ертөнц дэх харилцаа, холбоонд нь сэв суух хандлага үүсээд байна. Ялангуяа БНТУ-ын гадаад бодлогын уламжлалт тэргүүлэх чиглэл болсон Евро-Атлантын бүс нутгийн голлох орнууд, түүн дотор Европын холбооны гишүүн улсуудтай харилцаа хүйтэрч, тус холбоонд гишүүнээр элсэх үйл явц илт гацаад байна.

Цагаач, дүрвэгсдийн дүрээр Европ руу гарч буй террористуудыг дамжин өнгөрүүлэхэд нутаг дэвсгэрээ ашиглуулсан гэх шүүмжлэл ч байнга гарч байгаа. Эдгээрээс улбаалан терроризмын эсрэг тэмцэлд бодит хувь нэмэр оруулах далбаан дор өөрийн аюулгүй байдалд заналхийлж буй  тулгамдсан асуудлаасаа ангижрах эрмэлзэл агуулагдаж байгаа. Мөн Баруун Азийн бүс нутагт жанжлал тогтоох, гол тоглогчийн хувьд тоглоомын дүрмээ  тулгадаг болох стратегийнх нь нэг хэсэг гэж үзэж болно.

Сонирхлын огтлолцол, зөрчил

Сирийн цагийн байдлыг өөр өөрийнхөө геополитикийн сонирхолд нийцүүлэх эргүүлэх гэж ОХУ, АНУ, Турк гурван улс тус тусдаа хичээх боловч сонирхолууд нь заримдаа нийлж, заримдаа зөрчилдөж, ээдэрч гүйцээд байна.

АНУ-ын хувьд гол зорилго нь Башар аль-Асадыг түлхэн унагаж, “дэглэмийг өөрчлөх (regime change)”-д орших бөгөөд тогтсон аргачлалаараа ажиллаж, үүнээсээ хэзээ ч ухрахгүй нь дамжиггүй. Гагцхүү ОХУ-ын агаар-сансрын хүчний явуулсан байлдааны ажиллагаа 2017 оны 12 дугаар сард амжилттай дуусч, “Исламын улс”  бүлэглэлийн гол хүчийг устгаснаар Сирийн засгийн газрын байр суурь бэхжсэн нь АНУ-ын төлөвлөгөөгөөг нурааж, Вашингтон асуудлыг арга буюу хойш тавихад хүрээд байна. Тиймээс “Сирийн чөлөөт арми”  болон курдын босогчдыг зэвсэглэхээ түр царцааж, Сирийн хойд хэсэгт хүчирхэгжсэн “Ардын хамгаалах бүлэг”-ийн нөлөөллийг НҮБ-ын ивээл дор явагдаж буй Женевийн яриа хэлэлцээний үр дүнг нааштай гаргахад ашиглахыг эрмэлзэх болсон. Харин “Сирийн чөлөөт арми” болон курдууд адилхан америкийн дэмжлэгт дулдуйддагаас үл хамааран хоорондоо дайсагнадаг, үүнийг нь Турк өөрийн сонирхолд нийцүүлэн дэвэргэж, сирийн сөрөг хүчнийг курдуудын эсрэг турхирч байгаа нь АНУ-ын бодлогод эдрээ үүсгэж, гацаанд оруулж байна.

1 дүгээр сарын 22-ны байдлаар, сирийн сөрөг хүчин Анкарагийн турхиралтаар курдуудын эсрэг байлдааны ажиллагаа эхлүүлээд байгаа юм. Энэ нь Б.Асадыг ч мөн ойлгомжгүй байдалд оруулаад байна. Дэглэмийнх нь эсрэг тэмцэж буй сөрөг хүчний нэг бүлэглэлийг (курдууд) дарж байгаа ч нөгөөг нь (“Чөлөөт арми”) өөгшүүлж, мөргөлдөөнд татан оролцуулж байгаа тул Туркийн цэргийн ажиллагааг түрэмгийлэл хэмээн үзэж байгаа юм.

ОХУ, Турк, Иран гурван улс Сирид улс төрийн тогтвортой байдал авчрах шийдлийг хэлэлцэхээр “Сирийн үндэсний яриа хэлэлцээ”-г энэ оны 1 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Сочи хотод зохион байгуулахаар төлөвлөөд байна. Яриа хэлэлцээний зорилго нь Сирийн үндсэн хуульд багавтар өөрчлөлт оруулах замаар улс төрийн сөргөлдөгч хүчнүүдийн оролцоог нэмэгдүүлэх ч эцэстээ Б.Асадын засаглалыг хэвээр авч үлдэхэд оршиж байна.

Ингэснээр Ойрх Дорнодын бүс нутагт Оросын нөлөө бэхжих ба дээрх яриа хэлэлцээ НҮБ-ын ивээл дор явагдаж буй Женевийн яриа хэлэлцээг орлоно гэсэн айдас барууны ертөнцөд үүсээд байна. Сочид зохион байгуулагдах уулзалт хэд хэдэн удаа хойшилсон шалтгаан нь оросын тал Сири дэх курдын улс төрийн байгууллага болон түүний цэргийн жигүүр болох “Ардыг хамгаалах бүлэг”-ийг урьсныг туркийн тал удаа дараа эсэргүүцсэнтэй холбоотой.

АНУ, Их Британи, Франц зэрэг улс Туркийн цэргийн ажиллагааг буруушааж байгаа хэдий ч илт эсэргүүцэж, зогсоож чадахгүй байна. Сири дэх байлдааны ажиллагаа шувтарч, бүс нутагт Оросын нөлөө бодитой бэхжих хандлагатай болов –  үүнийг тогтоон барих гол хүч, холбоотон гэж Өрнөдийн орнууд Туркийг үздэг тул харилцаандаа сэв суулгахаас эмээж байгаа нь илт. Тиймдээ ч НАТО 1 дүгээр сарын 21-нд “эвслийн гишүүн аль ч улс аюулгүй байдлаа хаамгаалах арга хэмжээ авах эрхтэй” гэсэн утгатай мэдэгдэл гаргасан нь хэрэг дээрээ Туркийг дэмжсэн явдал болов. Нэг талаас холбоотноо түлхэх бус, татах бодлого барьж байгаа нь илт, нөгөө талаас, НАТО иймэрхүү чухал асуудлаар мэдэгдэл гаргахдаа америкийн талын байр суурийг харгалзахгүй байх боломжгүй тул барууны орнууд мухардалд орж, санаачлагыг туркийн талд алдсаныг харууллаа.

Хямралыг хааш нь чиглүүлэх вэ?

“Чидуны мөчир” ажиллагааны өрнөл, хүрэх цэг, болзошгүй үр дүн, үр дагаврыг урьдчилан төсөөлөхөд арай эрт, явц дунд үүсэж болох гэнэтийн өөрчлөлтүүдийг ч тооцох хугацаа хараахан болоогүй байна.

Гэвч зарим зураглал одооноос ажиглагдаж эхэлж байгааг дурдах нь зүйтэй. Юуны түрүүнд, үйл явдлын өрнөлөөс ажиглахад Орос, Турк хоёр улс тохиролцоонд хүрсэн байх магадлал өндөр байна. Учир нь туркийн тал агаарын довтолгоо  эхлүүлэхээс өмнө Сири дэх оросын нисэх хүчин гал нээхгүй байх баталгааг гаргуулсан гэх мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Мөн оросын тал Сочигийн уулзалтад курдын төлөөлөгчдийг оролцуулахаар эцэслэн шийдсэн ба үүнд туркийн тал дахин татгалзсан эсэх талаар ямар нэгэн байр суурь илэрхийлсэнгүй. Ингэснээр туркийн тал Оросын санал болгож буй энх тайвны яриа хэлэлцээг дэмжиж, оролцох бол хариуд нь оросын тал Сирийн хил дагуу курдуудын хүчийг сулруулахад БНТУ-д дэмжлэг үзүүлэх тохиролцоонд хүрсэн байж магадгүй байна.

Цаашлаад Орос, Турк, Ираны гурвалсан механизм бэхжиж, бүс нутгийн аливаа асуудлаарх яриа хэлэлцээний формат болж тогтоход Турк улс илүү эрчимтэй нөлөөлж эхлэх гарцыг олж харлаа гэж үзэж болох юм. Чингэхдээ БНТУ нь НАТО-ийн гишүүн, АНУ болон Баруун Европын орнуудын цэрэг-улс төрийн холбоотны статусаа чадамгай ашиглаж, Оростой ойртон буй стратегийн сонирхол дээр тогтсон харилцааг эвслийн холбоотнуудаа шахаанд оруулах, наймаалцах, буулт хийлгэх хэрэгсэл болгох санаархалдаа юутай ч богино хугацааны амжилт олоод байна. ОХУ ч энэ өрнөлөөс геополитикийн хожоо гаргаж байгаа төдийгүй дотоод улс төрийн амьдралд нөлөөлөх оноо цуглуулах арга хэрэгсэл болгох магадлалтай. Тухайлбал, Сирид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны мандат авч, өөрийн тэргүүлсэн олон улсын хүчнийг оруулах шийдвэр гаргах асуудлыг ерөнхийлөгчийн сонгууль угтуулан сөхөж тавих төлөвтэй.

Харин Б.Асадыг түлхэн унагах зорилгоосоо АНУ хэзээ ч ухрахгүй тул үүнээс үүдсэн саад, бэрхшээл туркийн ч, оросын ч төлөвлөгөөнд хөндөлсөх магадлал өндөр. ОХУ, АНУ, Турк гэсэн гурван тоглогчийн огтлолцсон, харилцан зөрчилдсөн ашиг сонирхлын тэнцвэр хэврэг байх бөгөөд нөхцөл байдал Туркийн төсөөлж, төлөвлөснөөс өөрөөр эргэхийг үгүйсгэж болохгүй. Тиймээс “Чидуны мөчир” ажиллагаа Сири дэх улс төрийн ужиграсан хямралыг тогтворжуулах, эс бөгөөс улам даамжруулах үр дагаврын алинд ч хүргэж болохуйц юм.

 

 


Ангилал: Долоо хоногийн тойм