Геополитикийн “дахин хуваарилалт”: ШХАБ, БРИКС эгнээгээ Туркээр тэлэх үү?

2018-08-06

https://niss.gov.mn/wp-content/uploads/2018/08/1200x674.jpg

ДЭЛХИЙ дахинаа геополитикийн “дахин хуваарилалт” явагдаж эхлэх шинж тэмдгүүд ажиглагдах болсон талаар тус Хүрээлэнгийн 17 дугаартай мэдээлэлд өгүүлсэн. Үүний илрэл нь сүүлийн жилүүдэд уламжлалт цэрэг-улс төрийн холбоотны харилцаа “ойлгомжгүй” болж эхэлж буй явдал юм.

Тухайлбал, НАТО-ийн гишүүд олон улсын аюулгүй байдлын зарим асуудлаар АНУ-тай санал зөрөх, өөр байр суурь баримтлах хандлага ажиглагдах болов. Сүүлийн үед, ялангуяа Сири дэх хямрал болон Ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудлаар Франц, Турк улсын байр суурь үүнийг харуулж байна. Казахстан, Беларусь зэрэг ОХУ-ын уламжлалт ойрын түнш улсууд ч зарим үед Москвагийн таалалд төдийлөн нийцэхгүй мэдэгдэл хийх, байр сууриа илэрхийлэх зэргээр холбоотны харилцаа хэврэгшиж буйг нотлох мэт байна. Европын интеграцын хямрал, хөгжиж буй орнуудаар зогсохгүй өндөр хөгжилтэй орнуудад хүртэл улам газар авч буй салан тусгаарлах хөдөлгөөнүүд (Испанийн Каталони, хойд Итали зэрэг), АНУ өөрөө оройлж эхлээд буй худалдааны протекционизм, Европын орнуудад идэвхжиж буй соёлын протекционизм зэрэг үзэгдэл зүй тогтлын хэмжээнд хүрэв.

Үүнтэй зэрэгцэн нэг талд НАТО, ЕХ-ны дорно зүгт тэлэх бодлого мухардалд орж, харин АНУ болон Европ дахь цэрэг-улс төрийн холбоотнуудын хооронд ан цав гарч эхэлсэн ба нөгөө талд ОХУ, БНХАУ-ын идэвх, санаачилгаар байгуулагдсан ШХАБ, БРИКС гэх хоёр бүтэц эгнээгээ тэлэх хандлага нэмэгдэж байна. Гэхдээ сонгодог “Хүйтэн дайн”-ы үеэс эрс ялгаатай нь “Өрнөдийн” НАТО, ЕХ ба “Дорнодын” ШХАБ, БРИКС-ийн хооронд хатуу тогтоосон гишүүнчлэлийн зааг ялгаа үүсэлгүй, нөлөө бүхий зарим улс аль аль бүтцэд хамаарал бүхий тоглогч байх эрмэлзэлтэй байгаа нь энэ цаг үеийн шинэ хандлага болж байна.

Үүний тод жишээ нь Турк улс бөгөөд гадаад бодлогодоо Евро-Атлантын, Ойрх Дорнодын болон Еврази-Энэтхэг-Номхон далайн гэсэн гурван чиглэлд тэнцвэртэй хандлага барих сонирхолтой байна.

Турк ба БРИКС

2018 ОНЫ 7 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд ӨАБНУ-ын Йоханнесбург хотод болсон БРИКС-ийн арав дахь удаагийн дээд хэмжээний уулзалт болов. Дээд хэмжээний уулзалтад гишүүн орнуудаас гадна Аргентин, Турк, Индонез, Египет, Ямайк, Замби зэрэг улс орны төрийн тэргүүн нар хүрэлцэн ирсэн. Энэ удаагийн уулзалтыг өргөтгөсөн хүрээнд зохион байгуулсан ба гол онцлог нь шинээр гишүүн орнуудын тоог нэмэгдүүлэх боломжтой эсэх асуудлыг хэлэлцсэн юм. БРИКС-ийн бүлэгт өмнө нь Турк улс элсэх сонирхолтой байгаа гэдгээ тус улсын Эдийн засгийн яамны дэд сайд Мехмет Шимшек мэдэгдэж байсан удаатай.

… Бид БРИКС-т өөрийн байр сууриа эзлэхийг хүснэ …

/Р.Т.Эрдоан/

Харин энэ уулзалтад Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан: “… Манай улсыг нэгтгэснээр тус нэгдэл БРИКСТ гэж нэрлэгдэх болно. Бид эдгээр таван улстай “20-ийн бүлэг”-т багтдаг билээ. Манайхыг бүрэлдэхүүндээ хүлээн авахын тулд шаардлагатай алхмуудыг авч хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Бид БРИКС-т өөрийн байр сууриа эзлэхийг хүснэ …” гэж онцолж мэдэгдсэн юм.

Турк ба ШХАБ

ТУРК улс НАТО-ийн гишүүн боловч 2012 онд БНХАУ-ын Бээжин хотод болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр яриа хэлэлцээний түнш болсон. Тус уулзалтын үеэр тухайн үед Туркийн ерөнхий сайд байсан Р.Т.Эрдоан: “… Манай улс ШХАБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсэхийн тулд ЕХ-нд элсэх боломжоос татгалзаж ч болно …” гэж дурдаж байсан.

… Манай улс ШХАБ-д элсэхийн тулд ЕХ-нд элсэх боломжоосоо татгалзаж ч болно …

/Р.Т.Эрдоан/

Европын парламент Турк улсыг Европын холбоонд элсүүлэх тухай яриа хэлэлцээг түр зогсоох тухай санал нэгдсэн шийдвэрээ 2016 оны 11 дүгээр сарын 21-нд гаргасан. Үүний дараа 2016 оны 11 дүгээр сарын 23-нд Турк улс ШХАБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсэх гэсэн сонирхолтой байгаа байр сууриа дахин баталж ШХАБ-ын Эрчим хүчний клубийг 2017 оны турш даргалахаар болсон.  Энэ нь ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн бус орон тус байгууллагын клубийг даргалсан анхны тохиолдол юм.

Турк улсын хувьд ЕХ-оос татгалзаж, ШХАБ-ын аюулгүй байдал, эдийн засгийн холбоонд идэвхтэй оролцоотой байх сонирхолтой байгаа. Энэхүү эрмэлзлийг нь ОХУ, БНХАУ, Казахстан зэрэг гишүүн орнууд дэмжиж байна.

Анкарагийн гадаад бодлого

ТУРКИЙН гадаад бодлогод сүүлийн жилүүдэд ажиглагдаж байгаа нэг онцлог бол ОХУ, БНХАУ-ын гишүүн болсон хамтын ажиллагааны байгууллагуудад элсэх сонирхолтойгоо илэрхийлж байгаагаас үзэхэд тус хоёр улстай улам дотно харилцааг бий болгох сонирхолтой гэж үзэж байна.

Турк улс Дэлхийн II дайны дараа ЗХУ тэргүүтэй социалист лагерийн орнуудыг сөрсөн өрнөдийн бодлогод захирагдаж, АНУ тэргүүтэй цэрэг-улс төрийн холбоотнуудын тогтолцоонд эдийн засаг, улс төрийн давуу байдал эдлэн аюулгүй байдлаа баталгаажуулж ирсэн юм. Улмаар НАТО-ийн өмнөд жигүүр, блок дотроо хоёрдугаарт жагсдаг зэвсэгт хүчинтэй өрдөнийн тулгуур улс болон хувирсан.

Харин ЗХУ-ын задрал, түрэг угсааны шинэ тулгар улсууд бий болсон явдал, Ойрх Дорнод, Балканд гарсан зэвсэгт мөргөлдөөнүүд, ЕХ-ны дотоод хямрал, “Арабын хавар” хэмээх өнгөт хувьсгалууд, цагаач, дүрвэгсдийн урсгалаас үүдэлтэй хүмүүнлэгийн хямрал, ЕХ-ны улсууд, ялангуяа Франц, Германтай үүссэн соёл иргэншил, үнэт зүйлийн зөрчил, тус улсыг ЕХ-ны гишүүнээр элсүүлэхээс татгалзсаар байгаа явдал, ОХУ, БНХАУ-ын олон улсын тавцан дахь байр суурийн бэхжилт зэрэг олон хүчин зүйлсээс үүдэн Турк улс дотоод, гадаад бодлогодоо зарчмын өөрчлөлт оруулахад хүргэжээ.

Уг өөрчлөлт гадаад харилцааны сайд асан Ахмет Давутоглугийн дэвшүүлсэн хөршүүдтэйгээ асуудалгүй байх “гүний стратеги”-ийн үзэл баримтлалын хэрэгжилтээр биеллээ олсон бөгөөд үр дүнд нь Анкара гадаад бодлогын чиг баримжаагаа идэвхтэй бүрдүүлэн, өргөн хүрээний асуудлаар өөрийн ашиг сонирхлоо тодорхойлон, Османы эзэнт гүрнээс хойш хийгээгүйгээр байр сууриа хамгаалах болсноор Туркийг бүс нутгийн төдийгүй дэлхийн хэмжээнд нөлөө бүхий тоглогч болсныг их гүрнүүд хүлээн зөвшөөрөх болов.

ОХУ-ын хүчин зүйл

ОХУ, БНТУ-ын харилцаа өнөөгийн байдлаар хэцүү үеэ давж туулан, өмнөх түүхээ өнгөрсөнд нь үлдээсэн гэж талууд дүгнэдэг. Шинэ түүхэн дэх хоёр улсын харилцааны үндэс суурь 1992 онд тавигдаж, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин 2004 онд буюу 30 жилийн дараа Турк улсад анхны албан айлчлалаа хийсэн. 2014 он хүртэл хоёр талын харилцаа бүх талаар эрчимтэй хөгжиж ирсэн ч Украйны хямрал, өрнөдийнхний эдийн засгийн хоригийн нөхцөлд 2015 оны 11 сард Туркийн агаарын нисэх хүчин Оросын “Су-24” онгоцыг буудан унагаснаар харилцаа эрс муудан, ОХУ Туркийн экспортын гол нэр төрлийн бараанд хориг тавьж, 38 тэрбум ам.долларт хүрч байсан гадаад худалдааны эргэлтийг хоёр дахин буурахад хүргэсэн. Туркийн тал албан ёсны уучлалт гуйсны дараа харилцаа аажмаар сэргэж, 2016 оны төрийн эргэлт хийх оролдлогын дараагаар эргэн сайжирсан юм. 2017 онд хоёр талын бараа эргэлт 37 хувиар нэмэгдэн 21.6 тэрбум долларт хүрсэн. Энэ тухайд В.В.Путин Орос-Туркийн харилцаа бараг бүрэн сэргэсэн гэсэн бол Р.Т.Эрдоан хоёр орны харилцаа “маш өөр үе шат”-руу орж байгааг онцлов.

Өнгөрсөн жилд гэхэд л Р.Т.Эрдоан ОХУ-д 3 удаа, В.В.Путин Турк улсад 2 удаа тус тус албан айлчлал хийсэн байх бөгөөд Хятадын “Бүс, Зам” чуулга уулзалт, “20-ийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалт зэрэг олон улсын арга хэмжээний үеэр “Аккую” цөмийн эрчим хүчний станц, “Туркийн урсгал” хийн хоолой, “С-400” зенитийн пуужингийн цогцолборыг Анкарад нийлүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэн хоёр талын харилцаанд ахиц гараад байгаа билээ. Астанагийн хэлэлцээгээр Иран, Турк, ОХУ гурван улс Сирийн хямралыг энхийн, улс төрийн замаар шийдвэрлэх тохиролцоонд хүрсэн.

АНУ тэргүүтэй бүс нутгийг тоглогчдын эсрэг Турк, ОХУ, Иран гурван улсын ашиг сонирхол хэрхэн огтлолцохоос Турк, Оросын харилцаа ихээхэн шалтгаална

Бүс нутагт АНУ-ын дарамт шахалт, оролцоо байгаа цагт ОХУ, Туркийн өнөөгийн харилцаанд өөрчлөлт гарахгүй. АНУ нь Гүрж, Армян болон Азербайджан зэрэг улсад байр сууриа бэхжүүлж байгаа нь цаашид Турк, Оросын Кавказын чиглэл дэх хамтын ажиллагааг идэвхижүүлж болзошгүй юм. АНУ тэргүүтэй бүс нутгийн тоглогчдын эсрэг Турк, ОХУ, Иран гурван улсын ашиг сонирхол хэрхэн огтлолцохоос Турк, Оросын харилцаа ихээхэн шалтгаалах юм.

 БНХАУ-ын хүчин зүйл

ХЯТАД, Турк хоёр улс “20-ийн бүлэг”, ШХАБ, Азид итгэлцлийг бэхжүүлэх бага хурал, Ази тивийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээ, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон талт хамтын ажиллагааны механизмын хүрээнд хамтарч ажилладаг. Цаашид БРИКС-т мөн хамтарч ажиллах хандлагатай байгаа.

Хятадын “Бүс, Зам” стратегид Турк улс чухал байр суурь эзэлдэг. Эдийн засгийн зургаан коридорын Хятад-Төв Ази-Баруун Азийн маршрутад багтаж буй Турктэй “Бүс, Зам” байгуулах санамж бичиг байгуулсан юм. “Бүс, Зам”-ын хүрээнд Турк улсад хурдны галт тэрэг барих төслийг хэлэлцэж буй. Турк улс ч өндөр ач холбогдол өгдөг учраас 2017 оны 5 сард Бээжинд болсон “Бүс, Зам” олон улсын анхдугаар форумд Р.Т.Эрдоан ирж оролцсон. Тэрээр форумд оролцсон 29 улсын төрийн дээд хэмжээний төлөөлөгчийн нэг болсон юм (нийт 130 улсын төлөөлөгч оролцсон). Хятадын дарга Ши Жиньпин 2015 онд “20-ийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Турк улсад айлчилж байсан.

Турк улс Хятадтай хийдэг худалдаанаас алдагдал хүлээдэг. Турк Хятадаас голдуу цахилгаан бараа, нэхмэл сүлжмэл, металл бүтээгдэхүүн авдаг бол Хятад улс Туркээс авдаг импортын 60 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Туркийн нийт экспортын 2 хүрэхгүй хувийг Хятад эзэлдэг бол импортынхоо 12 хувийг Хятадаас оруулдаг худалдааны энэ алдагдал цаашид хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны нэг гол бэрхшээл болж буй юм.

АНУ-ын хүчин зүйл

АНУ-ын гадаад бодлогод Турк гол чухал байр суурьтай улс. АНУ НАТО-ийн цэргийн хүч, бэлэн байдлыг дордуулахгүйн тулд, тус эвслийн хоёр дахь том зэвсэгт хүчин бүхий Турк улстай харилцаагаа хэвийн байлгах сонирхолтой.

Мөн АНУ нь Ойрх Дорнод, Газар дундын тэнгис дэх нөлөөллөө алдахгүйн тулд Турктэй харилцах харилцаагаа бататгахыг эрмэлзэх нь тодорхой. Иймээс ойрын хугацаанд БНТУ-д ашигтай санал тавих магадлалтай юм. Үүгээрээ АНУ Туркийн Орос, Хятад руу анхаарсан гадаад бодлогыг өөрчлөхийг оролдох төлөвтэй.

Дүгнэлт

ОЛОН улсын стратегийн түвшинд нэг талаас Турк, нөгөө талаас ОХУ, БНХАУ-ын ашиг сонирхол нэгдмэл байдгийг энд дурдсан олон талт хамтын ажиллагаанаас харж болно. Ялангуяа Турк улс барууны орнуудаас (эн тэргүүнд Европын орнуудаас, гэхдээ АНУ-аас биш) “зай барьж”, өөрийнхөө оршин буй бүс нутгаас барууны нөлөөг шахах замаар өөрөө бүс нутгийн давамгайлах гүрэн болохыг эрмэлзэж буй алхмууд нь Орос, Хятадын стратегитай нийцэж, цаашид стратегийн түвшинд илүү нягтрах магадлалтай байна.

Туркийн хувьд АНУ, ОХУ, БНХАУ зэрэг их гүрнүүдтэй тэнцвэртэй, идэвхтэй гадаад бодлого явуулах, зарим тохиолдолд тэдгээрийн зөрчил дээр “тоглох” замаар өөртөө ашигтай үр дүнд хүрч чадаж байна. Үүний зэрэгцээ Ойрх Дорнодод нөлөөллөө бэхжүүлж, курдын босогчдыг тогтоон барьж, Сири дэх цэргийн оролцоогоо нэмэгдүүлж, Саудын Арабтай таатай харилцаа үүсгэж бүс нутагтаа нөлөөллөө бэхжүүлэхэд чиглэсэн алхмуудыг хийж байна.

Турк улс НАТО-ийн идэвхтэй, чухал гишүүн хэвээр байна, ЕХ-нд элсэж чадахгүй, харин БРИКС-д нэгдэж, ШХАБ-ын ажиглагчийн статустай болох өндөр магадлалтай.

 

 

 


Ангилал: Долоо хоногийн тойм