Газрын тосны үнэ өсөх таатай нөхцөл бүрдсэн үү?

2018-06-05

https://niss.gov.mn/wp-content/uploads/2018/06/1200x764-2.jpg

Газрын тосны үнэ өсөх таатай нөхцөл бүрдсэн үү?

ОПЕК+ гишүүн бус орнууд хэрэгжүүлж байгаа газрын тосны үнийг өсгөх бодлого үр дүнгээ өгч байна.

Газрын тосны үнэ 2014 онд 115 ам.доллар байснаа дөрвөн жилийн дотор 30 ам.доллар хүртэл унасан. Ингэж унасны дараа ОПЕК-ийн гишүүн орнууд 2016 оны эцсээр газрын тосны үйлдвэрлэлээ өдрийн 1.8 сая торхоор танах хэлэлцээр хийв. Хэлэлцээрийн хүрээнд Саудын Араб өдөрт гаргах газрын тоогоо 486 мянган торх, харин Орос 300 мянган торхоор багасгасан. Энэ хэлэлцээр 2019 он хүртэл үргэлжилнэ. Энэ нь зах зээл дээр нийлүүлэлтийг бууруулах зорилготой юм. Нийлүүлэлт буурвал эрэлт өсч, тэдгээр орны хүссэн хэмжээнд үнэ өсөх ёстой билээ.

Харин ОХУ, Иран, Ирак зэрэг эдийн засаг нь газрын тосны үнээс шууд хамаардаг ОПЕК-ийн гишүүн орнуудын эсрэг АНУ газрын тосны үнийг бага байлгахыг оролдож байна. Тиймээс түүхий газрын тосыг орлох бүтээгдэхүүн, түүний дотор занар боловсруулж шатахуун үйлдвэрлэх технологийг Вашингтон дэмжиж эхэлсэн. Үүний улмаас газрын тосны үнэ унасан бөгөөд үүнийг 40 ам.доллароос өсгөхгүй байхыг тус улс эрмэлзэж байна. Харамсалтай нь энэ зорилгодоо хүрч чадсангүй.

Геополитикийн өрсөлдөөнөөс эхтэй улстөрийн эрсдэл газрын тосны үүнийг дэвэргэж байна.

Хөрөнгө оруулалтын “Saxo” банк жил болгон эрсдэлийн индексийн тайлан гаргадаг. Энэ тайланд дэлхийн геополитикийн эрсдэлийн индекс сүүлийн 15 жилийн дээд түвшиндээ хүрсэн талаар дурдсан нь алт, газрын тос болон үнэт металын зах зээлийн үнийг шууд өсгөв. Солонгосын хойгийн байдал хэдийгээр өнөөдөр яриа хэлэлцээ хийж, дулаарсан боловч 2018 оны эхээр хурцдаж магадгүй хэмээн үнэлэгдэж байв. Сирийн дайн, АНУ-ын ЭСЯ Иерусалимд шилжсэн, Трамп Ирантай хийсэн яриа хэлэлцээрээсээ гарсан зэрэг үйл явц Ойрх Дорнодын байдлыг улам хурцатгалаа. Физикийн шинэ зарчим дээр тулгуурласан зэвсэгтэй болсон тухай Оросын мэдэгдэл зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ эринийг эхлүүлэв. Геополитикийн өрсөлдөөн ийнхүү хурцадсаны улмаас олон орон газрын тосныхоо нөөцийг нэмэгдүүлэх болж, улмаар зах зээл дээрх үнийг хөөрөгдөж байна.

Цахилгаан автомашины эрэлт өндөр байгаа ч газрын тосны үнэд нөлөөлөх болоогүй байна.

Цахилгаан автотэрэг үйлдвэрлэл нэмэгдэх тусам газрын тосны хэрэглээ буурна гэж шинжээчид үзэж байв. Гэвч дэлхий дээр ажиллаж байгаа нийт автотэргийн тоонд цахилгаан автотэрэг өчүүхэн хувийг эзэлж байгаа, иймээс газрын тосны үнэд нөлөөлөх хэмжээнд огт хүрээгүй байна. “Saudi Aramco”-ийн гүйцэтгэх захирал Амин Нассер энэ тухай тэмдэглэж “цахилгааны автотэргийн зах зээл тэлж байгаа хэдий ч ойрын 20 гаруй жилдээ шатахууны эрэлт өссөн хэвээр байна. Одоогоор суудлын автотэргийн 99 хувь нь дотоод шаталтын буюу хосолмол хөдөлгүүртэй байна. Тиймээс ирэх 25 жилд дэлхийн газрын тос, байгалийн хийн салбарт нийт 20 их наяд ам.долларын хөрөнгө оруулах шаардлага бий” гэжээ. Энэ таамаг бодитой байж магадгүй, ирээдүйд шатахууны үнэ өссөн хэвээр байх нь.

Түүхий газрын тос нэг торхын үнэ 2014 оны дунд үед 115 ам.долларт хүрч байсан бол 2015 онд 50 орчим ам.доллар, 2016 онд 30 орчим ам.доллар хүртлээ унасан. 2018 оны байдлаар 67.8 ам.доллар хүрч өмнөх оныхоос 40 орчим хувиар өссөн.

Үнэ өсөхөд гол нөлөөлсөн хүчин зүйлс юу байв?

Олон улсын байгууллагуудын газрын тосны үнийн таамаглал.

Олон улсын байгууллагууд газрын тосны үнэ 2018 онд тогтвортой доогуур байна гэж таамаглаж байв. Түүхий газрын тос нэг торхын үнэ 2014 оны дунд үед 115 ам.долларт хүрч байсан бол 2015 онд 50 орчим ам.доллар, 2016 онд 30 орчим ам.доллар хүртлээ унасан. 2018 оны байдлаар 67.8 ам.доллар хүрч өмнөх оныхоос 40 орчим хувиар өссөн. Дэлхийн банк газрын тосны дундаж ханшийг энэ жил 65 ам.доллар хүрэх төлөвтэй гэж, ОУВС 60 ам.доллар гэж таамаглаж байна. Түүхий эдийн зах зээлийг шинжилдэг мэргэжилтнүүд ч 65 орчим ам.доллараас илүү өсөхгүй гэж байв.

Үнэ тогтвортой байх тухай эдгээр таамгаас зөрж, газрын тосны үнэ он гарсаар эрчимтэй өсөв. Одоогоор нэг торх нь 67.8 ам.доллар хүрээд байгаа нь таамгаас аль хэдийн давчихаад байна. Үнийг энэ жил 80 ам.долларт хүргэхээр газрын тос олборлогч орнууд тохиролцсон нь биелж магадгүй ажээ.

Газрын тосны үнэд нөлөөлсөн алхам

2015 оноос газрын тосны үнэ огцом унасан шалтгааныг салбарын шинжээчид дараахь байдлаар тайлбарладаг. Турк улс, ISIS-тэй нийлж Сири дэх түүхий газрын тосны ордуудыг үйлдвэрлэлийн бус аргаар олборлосон. Олборлосон газрын тосоо хар зах дээр асар хямд өртгөөр борлуулж байсан. Үүнээс үүдэж газрын тосны зах зээл дээр нийлүүлэлт давамгайлсан юм. Харин газрын тосны худалдаанаас хамаарсан эдийн засагтай ОХУ Сири дэх ажиллагааг эрчимжүүлсний үр дүнд ISIS-ийн эзэмшилд байдаг газрын тосны ордуудын үйл ажиллагааг зогсоосон. Энэ нь хар захын худалдааг сааруулж, зах зээл дээрх нийлүүлэлт огцом хомсдолд орсноор газрын тосны үнийг өсгөж чадсан юм. Мөн ОПЕК+гишүүн бус орнууд нэгдэж газрын тосны үнийг өсгөх арга хэмжээ авсан нь аажим үр дүнгээ өгч эхэлсэн юм. Цаашид эдийн засаг нь газрын тосны салбараас хамааралтай Орос, Саудын Араб тэргүүтэй Ойрх Дорнодын орнууд хар зах дээрх хямд өртөгтэй газрын тос борлуулдаг бүлэглэлийг устгахаар хамтран ажиллаж байна. Ингэснээр газрын тосны үнийг тогтвортой байлгах, мөн газрын тосны зах зээлд эерэг өөрчлөлт үүсэх ажээ.

Газрын тосны үнэд нөлөөлсөн шийдвэр

2 долоо хоногийн өмнө АНУ Ираны цөмийн хэлэлцээрээс гарах шийдвэр гаргасан. Энэ нь газрын тосны үнэд шууд нөлөөлж эхэлсэн. Харин Европын холбоо Ираны цөмийн хэлэлцээрээс гарахгүй гэж шийдвэрлэсэн. Тус шийдвэрийг Европын эрчим хүчний асуудал хариуцсан комиссар Мигель Ариас Каньете танилцуулахдаа “Европын холбоо цөмийн хэлэлцээрийг Иран улс чанд сахин ажиллаж байгаа, цаашид ч евро бүсийн компаниуд Ирантай хамтран ажиллана. Тэр дундаа газрын тосны худалдаанд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх болно” гэв. Энэ мэдэгдэл газрын тосны үнэ өсөхөд шууд нөлөөлсөн.

Газрын тосны үнэд нөлөөлсөн мэдэгдэл

Газрын тосны үнэд геополитик, улс төрийн мэдэгдлүүд шууд болон шууд бус нөлөөлдөг. Тэгвэл үнэд нөлөөлөх мэдэгдлийг Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск хийв. Тэрбээр: “АНУ-ын таамаглашгүй байдал нь геополитикийн тулгамдсан асуудал болж байна. Улс төрд ийм төрлийн арга хэрэгслийг холбоотон орнуудын эсрэг ашиглах нь тохиромжгүй. Бидний эсрэг зогсож байгаа улс биш харин хамгийн ойр холбоотон улс маань таамаглашгүй байх нь геополитикийн хувьд тулгамдсан асуудал мөн гэж бодож байна. Энэ бол тоглоом биш.” гэв. Энэ мэдэгдэл нь уламжлалт гадаад бодлого алдагдаж,улс төрд геополитикийн эрсдэл үүссэн гэдгийг илэрхийлж байна. Мөн газрын тосны үнэд ч нөлөөлөх юм.

Газрын тосны арилжааг ам.доллараас бусад валютаар хийх боломжтой юу?

Хятад газрын тосны арилжааг юаниар хийж байгаа нь үнэ өсөхөд нөлөөлж байна.

Газрын тосны худалдааны түүхэнд цоо шинэ эрин энэ жил эхэллээ. Өмнө нь зөвхөн ам.доллараар газрын тосны үнийг тогтоодог байсан бол юаниар худалддаг болов. Энэ оны гуравдугаар сараас Шанхай хотын Олон улсын эрчим хүчний бирж юаниар газрын тосны арилжааг эхлүүлсэн байна. Арилжааны нээлтэд оролцсон Хятадын Үнэт цаасны хяналтын улсын хорооны дарга Лю Шиюй: “Газрын тосны фьючерс арилжааг Хятадын онцлогтой зах зээлд бий болгох гэсэн алхам юм. Фьючерс арилжааг юаниар хийх бэлтгэл ажлыг 17 жил хийсэн. Анхны өдрийн арилжааны явцад нэг торх газрын тосны нээлтийн ханш 440 юань буюу 69,8 ам.доллароор эхэлж, арилжаанд Хятадын болон гадаадын 400 гаруй компани оролцсон” гэж мэдэгдэв.

Хятад улс газрын тосны импортоор дэлхийд тэргүүлж, харин хэрэглээгээр /2017 онд 610 сая тн/ хоёрдугаарт ордог байна. Өнгөрсөн онд тус улс 420 сая тонн газрын тос импортолжээ. Газрын тосны импортоор тэргүүлэгч тус улсын хувьд түүхий эдийн ханшийн хяналтаа нэмэгдүүлж, ам.доллараар арилжаагаа хийдэг Брент, West Texas зэрэг АНУ, Европын жишиг индексүүдтэй өрсөлдөхийг зорьж байгаа юм. Энэ нь юань, ам.долларын өрсөлдөөний нэг томоохон хэсэг боллоо. Валютын энэ өрсөлдөөн ч газрын тосны үнэ өсөхөд нөлөөлсөн байж магадгүй байна.

Европын холбоо газрын тосны худалдаагаар еврог дэмжих гэж байна.

Европын холбоо болон Иран улс газрын тосны худалдааны асуудлаар хамтран ажиллах ажлын хэсэг байгуулахаар тохиролцжээ. Энэ тохиролцооны тухай өнгөрсөн долоо хоногт Европын холбооны эрчим хүчний асуудал эрхэлсэн комиссар Мигель Ариас Каньете мэдэгдсэн юм. Тэрбээр: “Газрын тосны худалдааны салбарт бид Иран улсыг дэмжих бодолтой байна. Худалдааны асуудлаар ажлын хэсэг байгуулна. Ажлын хэсэг Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрийн үр ашгийг тус улсын ард түмэнд хүртээхэд дэмжлэг болгоно. Газрын тосны худалдааг ам.доллараар бус еврогоор хийх талаар хүртэл хэлэлцэж, гэрээнд тусгах болно” гэж мэдэгдсэн.

Үүнээс үзэхэд, газрын тосны арилжааг еврогоор хийх талаар Европын холбоо ажиллаж байгаа ажээ. Нэгэнт БНХАУ газрын тосыг юаниар арилжиж эхэлсэн тул Европын холбоо ч энэ жишгийг дагаж, нэгдсэн мөнгөн тэмдэгтээ хамгаалж, газрын тосны нөөцөө боломжийн үнээр бүрдүүлэхээр ажиллаж байх болох юм.

Энэтхэг, Ирантай газрын тосны худалдаагаа рупигээр хийнэ.

АНУ-ын Иранд авахаар төлөвлөж буй хоригтой холбогдуулан Энэтхэг улс Ирантай газрын тосны худалдаагаа ам.доллараар бус рупигээр хийх магадлалтай гэж салбарын мэргэжилтнүүд дүгнэж байна. Учир нь ирэх 7 хоногт Ираны Гадаад хэргийн сайд Мохаммед Жавад Зариф Энэтхэг улсад айлчлах юм. Энэ айлчлалаар хоёр улс гадаад худалдааны асуудлыг голлон ярилцахаар төлөвлөж байна. Мөн банк, санхүү, үндэсний валютын своп хэлцэл, эрчим хүч, даатгал, тээвэр зэрэг асуудлаар хэлэлцээр хийх төлөвтэй байна. Хэрэв Энэтхэг Иран улсууд рупигээр газрын тосны худалдаагаа хийхээр тохиролцвол АНУ валютын зах зээл дээр байр сууриа алдаж байна гэж дүгнэж болох юм.

Геополитикийн өрсөлдөөн хурцдаж, улстөрийн эрсдэл нэмэгдэж байгаа нь газрын тосны үнийг хөөрөгдөж байна.

Газрын тосны нийлүүлэлт нэмэгдэх үү?

Газрын тосны үнийг энэ жил 80 ам.доллар хүргэнэ гэсэн зорилт олборлогч орнууд тавьсан, үүндээ хүрч магадгүй байна. Ирэх сард болох ОПЕК+гишүүн бус орнуудын уулзалтаар газрын тосны олборлолтоо цаашид хэрхэх талаар шийдвэр гаргана. 80 ам.долларт хүргэх зорилт хангалттай биелэхээр байгаа учир тэд олборлолтоо нэмэгдүүлэх замаар үнийн өсөлтийг сааруулж магадгүй юм. Гэвч их хэмжээгээр нэмэгдүүлбэл үнэ эргээд унаж бас магадгүй. Тиймээс энэ уулзалтаар гаргах шийдвэр чухал нөлөө үзүүлэх нь дамжиггүй.

АНУ нөгөө талаас газрын тосны үнийг унагахаар идэвхтэй ажиллаж байна. Ирантай хийсэн хэлэлцээрээс дангаараа гарч байгаа нь үүнтэй холбоотой байж магадгүй төдийгүй Ираны газрын тосны экспортод нэмж хориг тавих талаар төлөвлөж байна. Хэрэв хориг тавьбал өдөрт дунджаар сая гаруй торх газрын тос дэлхийн зах зээл дээр илүүдэж, үнийг унагана.

ОПЕК+гишүүн орнууд АНУ-ын шийдвэрийг нүд цавчилгүй ажиглаж байна.  Олборлогч орнууд газрын тосны нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээр шийдмэгц АНУ Иранд хориг арга хэмжээгээ авбал үнэ огцом унаж, тэдэнд аюултай болно.

Газрын тосны үнэ хэд хүрэх вэ?

Газрын тосны үнэ өсөхөд нөлөөлдөг гол хүчин зүйл.

Газрын тосны үнэ өсөхөд шууд нөлөөлдөг хоёр гол хүчин зүйл байдаг. Нэгдүгээрт дэлхийн эдийн засгийн байдал юм. Одоогийн байдлаар дэлхий эдийн засаг хямралын үеэ давж, өсөлтийн шатандаа орлоо гэж дүгнэж байна.. Дэлхийн  эдийн засаг ноднин 3 орчим хувиар өссөн, энэ жил дунджаар 3.1  хувиар өсөх таамаглалтай байна. Дэлхийн эдийн засаг өсвөл түүхий эдийн зах зээл тэлдэг. Ийм үед хөрөнгө оруулалт, мега төслүүд эрчимждэг, улмаар газрын тосны үнэ өсөх таатай нөхцөлийг бүрдүүдэг. Ирэх жил дэлхийн эдийн засаг дунджаар 2.8-3 орчим хувиар өснө гэж таамаглаж байна. Ийм эерэг таамаглалтай байгаа нь газрын тосны үнэ өсөх таатай нөхцөл бүрдсэний илэрхийлэл юм.

Хоёрдугаарт геополитикийн хүчин зүйлс, тухайлан их гүрнүүдийн улс төрийн бодлого, зэвсэглэлээр хөөцөлдөх, дайны байдал зэрэг хүчин зүйл газрын тосны үнэд нөлөөлдөг. Түүхий эдийн зах зээлийн судлаачид газрын тосны үнийг энэ онд 100 ам.долларыг давна гэж таамагласан. Энэ таамаглалд нөлөөлж буй гол зүйл геополитикийн эрсдэлийн индекс сүүлийн 15 жилийн хамгийн өндөр түвшиндээ хүрсэн талаарх мэдээлэл юм. Энэ нь газрын тосны үнэд шууд нөлөөлж байна.

Газрын тосны үнийн таамаглал.

Citigroup газрын тосны үнийг 2018 онд дунджаар 65 ам.доллар, 2019 онд 55 ам.долларт хүрнэ гэж, АНУ-ын Эрчим хүчний алба 2018 онд дунджаар 71 ам.доллар, 2019 онд 66 ам.долларт хүрнэ гэж . British Bank 2018 онд дунджаар 68-71 ам.доллар, 2019 онд дунджаар 75 ам.долларт хүрнэ гэж тус тус таамаглажээ.

Харин Эдийн засаг хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас (OECD) 2020 он гэхэд газрын тосны дундаж ханш 270 ам.долларт хүрнэ гэсэн нь ханшийг хамгийн өндрөөр таамагласан хэрэг болов. Үүнд АНУ-ын уламжлалт гадаад бодлого алдагдаж байгаа байдал, улс төрд үүсэн геополитикийн эрсдэл зэрэг голлон нөлөөлжээ.

Ямартай ч, газрын тосны үнэ ирэх хэдэн жил тасралтгүй нэмэгдэх хандлагатай байна. Яг хэдэн ам.доллар хүрэх вэ гэдэг дээр л ялгаатай болохоос олон улсын байгууллага, үндэстэн дамнасан корпорацууд газрын тосны үнэ ирэх хоёр жил өснө гэдэг дээр санал нэгтэй байна.

Дүгнэлт:

  1. Геополитикийн өрсөлдөөн хурцдаж, улстөрийн эрсдэл нэмэгдэж байгаа нь газрын тосны үнийг хөөрөгдөж байна. Их гүрнүүдийн тэмцэл Монгол Улсыг ч тойрохгүй нь мэдээж болохоор бид ч газрын тосныхоо нөөцийг нэмэгдүүлэх хэрэгтэй.
  2. Газрын тосний үнэ өсвөл манай гадаад валютын нөөцийг урсгаж одно. Нэгэнт газрын тосыг боловсруулах үйлдвэргүй учир валютынхаа нөөцөөр шатахуун худалдаж авахаас өөр замгүй. Иймээс ирэх жилүүдэд валютынхаа нөөцийг зузаатгах талаар анхаарах хэрэгтэй.
  3. Газрын тосыг ам.доллараас гадна нэгэнт юань, евро, рупи зэрэг бусад валютаар хийх хандлага эрс нэмэгдэж байгаа тул Монгол Улс ч валютынхаа нөөцийг төрөлжүүлэх нь зүйтэй юм.

 


Ангилал: Долоо хоногийн тойм