АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын стратеги – 2017

2018-01-12

https://niss.gov.mn/wp-content/uploads/2018/01/us-national-security-strategy-2017-1200x674.jpg

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа 2017 оны 12 дугаар сард “Үндэсний аюулгүй байдлын стратеги” баримт бичгийг шинэчлэн боловсруулав. Уг баримт бичиг нь Б.Обамагийн засаг захиргааны үед боловсруулан баталсан үндэсний аюулгүй байдлын хоёр ч стратегийн үзэл санааг суурь үндсээр нь өөрчилсөн, үүнээс хамгийн гол нь өмнө нь “стратегийн өрсөлдөгч” хэмээн томъёолж ирсэн ОХУ, БНХАУ-ыг “стратегийн сөргөлдөгч” гэж нэрлэн, АНУ-ын үндэсний язгуур ашигт сонирхолд сөрөг нөлөө үзүүлэх аюул заналын хүчин зүйлсийн нэгдүгээрт эрэмбэлсэн явдал юм. Мөн үүний зэрэгцээ Ази, Номхон далайн бүс нутагт хэрэгжүүлж ирсэн “дахин тэнцвэржүүлэх” бодлогоос татгалзаж буйгаа зарласан ч тус бүс нутгийн ач холбогдол, хэрэгжүүлэх бодлогын үндсэн зарчмуудыг бүрэн үгүйсгээгүй, засварлан тодотгосон онцлогтой.

Үндэсний аюулгүй байдлын стратеги, түүнд тавигдах шаардлага

1986 онд баталсан “Батлан хамгаалах салбарыг дахин зохион байгуулах тухай” Голдуотер-Николсын хуулиар Үндэсний аюулгүй байдлын стратегийг Конгресст хүргүүлэх үүргийг Ерөнхийлөгчид хүлээлгэсэн. Хуулиар уг баримт бичгийг жил бүрийн төсвийн төсөлтэй хамт өргөн барихаар заасан ч өнгөрсөн хугацаанд энэ заалт хэрэгжээгүй, ерөнхийлөгч нарын үзэмжээр, дунджаар нэг засаг захиргааны бүрэн эрхийн хугацаа тутамд боловсруулагдаж ирсэн түүхтэй. Үндэсний аюулгүй байдлын стратеги илээр болон нууцаар гаргах эрхийг мөн хуулиар баталгаажуулсан. Энэхүү баримт бичигт дараах заалтыг заавал тусгасан байхыг хуулинд заажээ:

  • АНУ-ын үндэсний язгуур ашиг сонирхолд хамаарах зорилго, зорилт, ашиг сонирхол;
  • Стратеийг хэрэгжүүлэхэд шаардагдах гадаад бодлогын арга хэрэгсэл, аюул заналхийллээс хориглон хамгаалахад шаардагдах батлан хамгаалах хүчин чадал;
  • Улстөр, эдийн засаг, батлан хамгаалах болон үндэсний хүчин чадлыг илтгэх бусад бүрэлдэхүүн хэсгийг ашиглан тавигдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, ашиг сонирхлоо хангах, хамгаалах    богино, урт хугацааны хөтөлбөр;
  • Стратегийг хэрэгжүүлэх хүчин чадлын хүрэлцээтэй байдал, тухайлбал, стратегийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилгоор үндэсний хүчин чадлыг илтгэх бүрэлдэхүүн хэсэг хоорондын тэнцвэр, түүний үнэлгээ;
  • Стратегид холбогдох бусад

America First номлол, түүний бүрэлдэхүүн хэсгүүд

2017 оны Үндэсний аюулгүй байдлын стратегид тусгасан Аmerica First буюу “Америк  эхэнд” гэх Д.Трампын сонгуулийн кампанит ажлаас уламжлагдсан номлол нь АНУ-ын гадаад болон аюулгүй байдлын бодлогын хүрээнд гарах бүхий л шийдвэрийн үндэслэл болох зорилго агуулж байна. Уг баримт бичигт АНУ-ын язгуур ашиг сонирхлыг:

  • Ард иргэдийн болон дотоод аюулгүй байдлыг хангах;
  • Хөгжил цэцэглэлтийг дэмжих;
  • Хүч ашиглан энх тайван тогтоох;
  • Америкийн нөлөөллийг бэхжүүлэх

гэсэн дөрвөн тулгуур бүхий бүрэлдэхүүнтэйгээр томъёолсон ба эдгээрийг тус улсын улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, технологийн салбар дахь хөгжлийн давуу талаа ашиглан хамгаалахаар заажээ.

Аюул занал, стратегийн сөргөлдөгчийн талаарх ойлголт

“Үндэсний аюулгүй байдлын стратеги”-д АНУ болон түүний холбоотон, түншүүдийн аюулгүй байдалд нөлөөлөх сөргөлдөгч хүчнийг (strategic adversary, үүнийг “сөргөлдөгч” буюу шууд утгаар “аюул занал” гэсэн утгаар нь  ойлгож болно):

  • Нэгд, ревизионист гүрэн – Орос, Хятад;
  • Хоёрт, “үл бүтэх улс” – Иран, Хойд Солонгос;
  • Гуравт, үндэстэн дамнасан террорист бүлэглэлүүд гэж тусгажээ.

АНУ -ын өмнөх засаг захиргааны үед батлагдсан аюулгүй байдлын стратегид аюул заналын түвшинд террорист бүлэглэлүүд болон “үл бүтэх улс” (rogue states)-уудыг заасан хэдий ч ОХУ, БНХАУ-ыг “сөргөлдөгч” (adversary) байдлаар бус, стратегийн өрсөлдөгч” (competitor) гэж томъёолж байсан. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг АНУ-ын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл хэмээн томъёолж байсныг 2017 оны стратегид огт дурдсангүй. Хамгийн гол нь стратегийн сөргөлдөгч, аюул  заналын дараалалд ОХУ, БНХАУ-ыг хамгийн эхэнд эрэмбэлсэн нь анхаарал татаж байна. Мөн энэ хоёр улсыг “ревизионист” хэмээн тодорхойлсны цаана АНУ-ын жанжлал бүхий олон улсын тогтолцоог сөрөн зогсож байгаа гэсэн санаа агуулагдаж байна.

Энэтхэг-Номхон далайн бүс нутагт чиглэсэн бодлого

Б.Обамагийн засаг захиргааны үед гадаад бодлогын үндсэн чиглэлийг Ази, Номхон далайн бүс нутагт чиглүүлж, “дахин тэнцвэржүүлэх” бодлогыг зарласан ба тус бодлогын хүрээнд “Номхон далай дамнасан түншлэл” (Trans-Pacific Partnership)-ийг байгуулсан. Д.Трамп үүнийг цуцалсан боловч АНУ-ын гадаад бодлогод тус бүс нутгийн ач холбогдол буураагүй байна. Харин бүс нутгийн нэршлийг “Энэтхэг-Номхон далайн бүс нутаг” (Indo-Pacific) болгон өөрчилжээ. Үүнийг “Энэтхэгийн болон Номхон далайн бүс нутаг” буюу “хоёр далайн бүс нутаг” гэж ойлговол зохино. Нэршлийн энэхүү өөрчлөлтийг хоёр өөр талаас тайлбарлаж болохоор байна:

  • Нэгд, АНДБН-ын ач холбогдол, бодлогын тэргүүлэх чиглэлийг өөрчлөлгүйгээр зөвхөн Б.Обамагийн засаг захиргааны бодлого, үйл ажиллагаанаас ялгаатай байдал харагдуулах зорилготой өнгөц засвар;
  • Хоёрт, сүүлийн 4-5 жилд Пентагонд хэрэглэж ирсэн “Энэтхэг-Ази-Номхон далайн бүс нутаг” (Indo-Asia-Pacific) хэмээх нэршлийг ялимгүй өөрчлөн албажуулсан гэж үзэж болно. АНУ-ын зэвсэгт хүчний Номхон далай дахь командлалын хариуцах бүст Энэтхэгийн далай багтдагийг мөн дурдууштай.

Үндэсний аюулгүй байдлын стратегид тусгаснаар Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн гол хүчнүүдтэй харилцах зарчмууд дараах байдлаар хэрэгжинэ гэж үзэж болохоор байна:

  • Д.Трамп Орос, Хятадын удирдагч Си Жиньпин, В.В.Путин нартай хувийн харилцааг хэвийн, сайн байлгахыг эрмэлзэж байгаа хэдий ч эдгээр улсыг урт хугацааны стратегийн аюул гэж тодорхойлсон;
  • Өрнөдийн орнууд ОХУ-ын эсрэг тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээг АНУ дангаар цуцлахгүй, үргэлжлүүлнэ;
  • Хятадтай хийж буй худалдаанд АНУ байнга хохирч, ажлын байр алдаж байгаа гэсэн итгэл үнэмшлийг Д.Трамп олон жил тээж яваа ба энэ байр суурь ч Үндэсний аюулгүй байдлын стратегид тусгалаа олсон;
  • Хойд Солонгост нөлөө үзүүлэх зорилгоор Хятадтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг оролдож байгаа ч ирэх жилүүдэд Өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын тэлэлтийн бодлого, ХАЧА-ийн шинэчлэл, бүс  нутагт нөлөөллийн бүсээ өргөжүүлэх оролдлого, Тайваньтай холбоотой асуудал зэрэг хоёр улсын харилцаанд сэв суулгах олон асуудал байгаа;
  • Хойд Солонгосын эсрэг цэргийн хүч хэрэглэх бэлэн байдлыг хангана; хэдий тийм боловч энэ нь хүч хэрэглэх бодлого баримтална гэсэн үг хараахан биш;
  • Бүс нутаг дахь Хятадын нөлөөллийг тогтоон барих зорилгоор Азийн ардчилсан орнууд болох Япон, Энэтхэг, Австралитай “дөрвөлсөн” хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой; хэдийгээр бодлогын залгамж чанарыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч энэ нь хэрэг дээрээ “дахин тэнцвэржүүлэх” бодлого үргэлжилж буй шинжийг агуулж байна.

Баримт бичгийн бусад онцлог шинж

Баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийн гишүүдийн өөрсдийн үнэлгээгээр уг стратеги нь “амбицлаг бус”, “бодит байдалд дөхсөн” гэж үзэж байгаа ба сүүлийн 16 жил явуулсан АНУ-ын гадаад бодлогыг “зөв  тийш нь” чиглүүлсэн гэж тайлбарласан байна. Мөн өмнө нь боловсруулагдсан баримт бичгүүдээс ялгагдах онцлог нь дотоод аюулгүй байдалд гол анхаарлаа хандуулсанд оршиж байна гэжээ. Харин стратеги батлагдсанаас хойших хугацаанд Д.Трампын хийсэн мэдэгдлүүдээс харахад тэрээр уг баримт бичгийнхээ агуулгыг бүрэн ойлгоогүй байдал ажиглагдсан талаар америкийн зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр  онцолж эхэлсэн. Үүнийг нотлох мэт  АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч “уг стратегийн төслийн үг, үсэг бүрийг  ерөнхийлөгч өөрөө биечлэн хянаагүй” болохыг мэдэгдэв. Үндэсний аюулгүй байдлын стратеги батлагдсанаар түүнийг дагалдах өөр нэгэн баримт бичиг болох Үндэсний батлан хамгаалах стратегийг энэ оны нэгдүгээр сарын 19-ний өдөр нууцын зэрэглэлтэйгээр гаргахаар төлөвлөж байгаа талаар АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жэймс  Маттис мөн мэдэгдээд байна. Уг баримт бичгийг Пентагон боловсруулж Конгресст өргөн мэдүүлэх юм.


Ангилал: Долоо хоногийн тойм


Өмнөх нийтлэл